Category: Компанийн соёл

  • Ажлаасаа хэрхэн зөв гарах вэ?

    Ажлаасаа хэрхэн зөв гарах вэ?

    Өөр ажилд орж, шинэ сорилтод хүч үзэх гэж байна уу? Эсвэл илүү өндөр цалин, ирээдүйтэй санал ирээд ажиллах орчноо солих бодол төрсөн үү? Аль н ч байсан энэ шийдвэрээ удирдлагадаа хэрхэн яаж хэлэхээ мэдэхгүй, эргэлзэж байна уу?

    Хэрэв тийм бол анхаарлаа хандуулаарай. Ажлаас гарах гэдэг нь хүний мэргэжлийн амьдрал дах чухал үе шатны нэг хэсэг. Энэ нь таныг шинэ боломж руу хөтлөх анхны алхам ч байх тохиолдол бий. Одоо ажиллаж буй байгууллага, хамт олноо хүндэтгэн хүнлэг ёс зүйтэй, зөв арга барилаар ажлаасаа гарах нь таны мэргэжлийн нэр хүнд, ирээдүйн харилцаанд чухал нөлөөтэй байдаг юм шүү. Ингээд энэ үйл явцыг хэрхэн ёс зүйтэй, зөв зохион байгуулах талаар дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.

    1. Юуны өмнө шийдвэрээ нухацтай эргэцүүлээрэй

    Ажлаас гарах шийдвэрийг түр зуурын бухимдал, мэдрэмж дээр тулгуурлан гаргах нь тохиромжгүй байдаг. Харин бодит нөхцөл байдал, зорилго, ирээдүйн төлөвлөгөөнд суурилан ухаалаг байдлаар шийдвэрээ гаргах хэрэгтэй. Иймээс шийдвэрээ гаргахаасаа өмнө өөрөөсөө дараах асуултуудыг асууж үзээрэй.

    • Би яг ямар шалтгаанаар ажлаасаа гарах гэж байна вэ?
    • Шинэ санал, шинэ ажил миний урт хугацааны зорилготой нийцэж байна уу?
    • Би энэ шийдвэрт хожим харамсахгүй байж чадах уу?

    2. Шууд удирдлагатайгаа нээлттэй, хүндэтгэлтэй ярилц

    Ажлаасаа гарахаар шийдсэн бол эхлээд шууд удирдлагатайгаа хувийн уулзалт хийж, шалтгаанаа ойлгомжтой, эелдэгээр тайлбарлах нь зүйтэй. “Илүү сайжрах боломж хайж байна”, “Өөр чиглэлд хөгжих сонирхолтой байна”, “Миний хийж туршиж үзэхийг хүсдэг ажил болохоор боломж олдсон дээр нь өөрийгөө дайчилмаар байна” гэх зэрэг эерэг хандлагаар яагаад өөр ажилд орох гэж байгаагаа хуваалцаарай.

    ☝️ Зөвлөмж: Та тухайн байгууллагаас олон зүйлийг сурсан, өөртөө итгэх итгэл, туршлагыг олсон бол энэ талаараа талархал заавал илэрхийлээрэй. Харин шүүмжлэл, гомдлыг энэ ярианд багтаахгүй байх нь зүгээр байдаг шүү. 

    3. Албан ёсны өргөдлөө бэлдээрэй

    Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтан нь ажлаас гарах бол дор хаяж 14 хоногийн өмнө бичгээр өргөдөл бичиж мэдэгдэх ёстой. Тиймээс таны гаргах өргөдөл нь хугацааны хувьд ч, найруулгын хувьд ч бүрэн, тодорхой байх шаардлагатайг анхаараарай. 

    4. Ажлаа хариуцлагатай хүлээлгэн өг

    Та ямар ч шалтгаанаар ажлаасаа гарч байсан,  ажил үүргийн тайлангаа гаргаж, зохих журмын дагуу хүлээлгэн өгөх нь чухал. Мөн таны ажлыг үргэлжлүүлэх шинэ ажилтанд шаардлагатай мэдээлэл, үүрэг хариуцлагыг ойлгомжтой, дэлгэрэнгүй байдлаар дамжуулах хэрэгтэй. Хэдий энэ нь энгийн мэт боловч, таны ажилдаа хандах хандлага, хэр хариуцлагатай, мэргэжлийн ханддагийг илтгэх чухал шалгуур болдог.

    Нэмж хэлэхэд, ирээдүйн ажил олгогч тань таны талаар өмнөх байгууллагаас лавлагаа авах магадлалтай тул мэргэжлийн харилцаагаа эерэгээр үлдээх нь чухал юмшүү.

    5. Хамт олонтойгоо үдэлтийн баяраа хийгээрэй

    Хамт олондоо сэтгэл гаргаж, эелдэгээр салах ёс хийж, ирээдүйд ч энэ нандин харилцаагаа хадгалахыг эрмэлзээрэй. Нэг үгээр хэлбэл, “bye party- гаа гоё хийгээрэй.”

    • Талархлын зурвас бичих
    • Багахан уулзалт хийж сэтгэгдлээ хуваалцах
    • LinkedIn болон имэйл хаягаараа холбогдож байхаа мэдэгдэх

    “Bye party”-г зүгээр нэг баяр биш, харин дурсамж дүүрэн мэргэжлийн салах ёс гэж хүлээж авч сэтгэлээсээ хандаарай. 

    6. Эцэст нь ирээдүйгээ төлөвлө

    Ажлаас гарах нь төгсгөл биш, харин шинэ эхлэл юм. Тиймээс санхүү, цаг хугацаа, хөгжлийн төлөвлөгөөгөө тодорхой гаргаж, дараагийн алхмаа эртнээс бэлтгээрэй. Шинэ ажил хайх, хувийн бизнес эхлүүлэх эсвэл сурч боловсроход зориулах цаг хугацааг зөв тооцоолох хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй. 

    Дүгнэж хэлэхэд:

    Ажлаас гарах нь бүхний төгсгөл биш юмшүү, харин таны амьдралын шинэ эхлэл юм. Гэхдээ нэг хаалга хаахдаа хаалганы цаадах хүмүүсийг хүндэтгэж, харилцаагаа тэнцвэртэй авч гарах нь таны мэргэжлийн нэр хүндэд үнэтэй хөрөнгө оруулалт болно. Хэрвээ та дараагийн хөгжлийн шат руу дэвшихээр төлөвлөж байгаа бол https://lambda.global/ платформоор зочлоорой. Монголын хамгийн шилдэг, ажиллахад таатай байгууллагууд таны ур чадвар, туршлагыг үнэлж, шинэ боломжийн хаалгыг нээхэд бэлэн байна.

  • Та ажил хайж байна уу? Тэгвэл өөртөө итгэхээс эхлээрэй 

    Та ажил хайж байна уу? Тэгвэл өөртөө итгэхээс эхлээрэй 

    Шинэ ажил хайж буй хэн бүхэнд зориулав. 

    Сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн зах зээлийн хөдөлгөөн эрчимжиж, ажиллах хүчний шилжилт, мэргэжлийн ур чадварт тавигдах шаардлага тасралтгүй өөрчлөгдөж байна. Үүний зэрэгцээ хүмүүс ажлын байр болон салбараа солих хандлагатай болж, шинэ боломж, илүү утга учиртай карьерын замналыг эрэлхийлэх нь нэмэгдсээр.

    Үүнд нөлөөлж буй гол хүчин зүйлүүд нь: хэт ачаалалтай ажиллах орчин, хангалтгүй цалин, карьерын зогсонги байдал, мөн байгууллагын соёл, үнэт зүйлсийн зөрчилдөөн гэх мэт болно.

    Хүн бүр эдгээр саадтай ялгаатай байдлаар тулгарч байгаа ч, нийтлэг нэг хандлага ажиглагдаж байгаа нь тухайн нөхцөл байдалд өөрийгөө шүүмжлэх, буруутгах, оновчтой шийдвэр гаргах итгэлгүй байх явдал юм.

    📌Ажил хайх, ажлаа солих үедээ өөрийгөө хайрлаж сурах нь

    Ажил хайх эсвэл тохиромжгүй ажлаа солих нь өөрийнхөө үнэ цэнийг илрүүлж, амьдралын дараагийн шатанд бэлдэх чухал үе юм. Энэ тохиолдолд заримдаа бид өөртөө хэт хатуу хандаж, сэтгэлээр унах, өөрийгөө голох мэдрэмж төрөх нь түгээмэл. Гэвч энэ үе шат бол өсөлт, өөрчлөлтийн нэг хэсэг бөгөөд та өөртөө итгэж, өөрийгөө хайрлахад суралцан, итгэлтэйгээр үргэлжлүүлэх нь амжилтын түлхүүр болдог.

    Ажлаа солих, эсвэл шинээр ажил хайх тухай шийдвэр гаргах үед “Ажил олдохгүй бол яах вэ?”, “Шинэ хамт олон намайг хүлээж авах болов уу?”, “Шинэ ажилд амжилттай ажиллаж чадах уу?” гэх мэт эргэлзээ төрж, сэтгэлийн түгшүүр бий болох нь хэвийн зүйл. Эдгээр мэдрэмж нь магадгүй одоогийн ажилдаа сэтгэл ханамжгүй байгаагийн шинж байж болох бөгөөд илүү сайхан амьдрал, карьерын өсөлтийг хүсэж байгаагийн илрэл юм. Та 5 жилийн өмнөхөөсөө эерэгээр өөрчлөгдөж, илүүг хүсэж, үнэ цэнээ ойлгож эхэлж байж ч болно.


    Ажил хайх нь өөрчлөлтийн эхлэл 

    Залуусын дунд “Ажлаасаа гарсан эсвэл сольж байгаа хүн бол бүтэлгүйтсэн хүн” гэсэн түгээмэл ойлголт олонтаа ажиглагддаг.  
    Үнэн хэрэгтээ энэ үе бол өөрийгөө эрэлхийлж, үнэ цэнээ мэдэрсэн хэн бүхний карьерийнхаа хувьд ухаалаг алхам хийж буй эерэг үйл явц юм.

    Та бүтэлгүйтээгүй, харин боломжоо хайж байна

    Сонгон шалгаруулалт амжилтгүй болсон үед “Би хангалтгүй юм байна” гэж өөрийгөө буруутгах хэрэггүй. Үүний оронд та зөв бөгөөд өөрт тохирсон боломжоо хайж байгаа гэдгээ ойлгоорой. Амжилт хүн бүрт өөр өөр цагт ирдэг бөгөөд таны амжилт ойрхон байгаа.

    Ажил солих нь айдас биш, өсөлтийн эхлэл юм

    Шинэ орчин, шинэ хамт олон, шинэ даалгавар нь эхэндээ айдас төрүүлэх мэт боловч таны дараагийн шатны өсөлтөд түлхэц өгдөг. Хэрэв одоогийн ажил таны үнэт зүйлс, эрүүл мэнд, сэтгэл зүйг золиосолж байвал өөрчлөлт хийх нь зоригтой, зөв шийдвэр юм. Харин та өөрийгөө сорьж, суралцаж, хөгжихэд бэлэн байх хэрэгтэй.

    Амжилт гэдэг зөвхөн албан тушаал биш 

    Ажлын санал хүлээж авахгүй, хүссэн ажилдаа хараахан ороогүй байх нь таны үнэ цэнийг бууруулахгүй. Та гэр бүлдээ илүү чанартай цаг гаргаж, өөрийгөө хөгжүүлж, тэвчээртэйгээр ажил хайж, олон шалгуурыг даван туулж байгаа нь ч амжилт билээ . Эдгээр өдрүүдэд өдөр бүр ажил хайж, хүсэлт илгээж буй бол таны хичээл зүтгэл, өсөлтийн илэрхийлэл гэдэгт итгээрэй.

    Өөртөө дараах үгсийг хэлж, сэтгэлзүйн дархлаагаа дэмжээрэй

    • Би хичээж байна.
    • Би үнэ цэнтэй.
    • Би боломжоо олох болно.

    Өөрийгөө хайрлаж, дэмжиж урам өгч, өдөр бүр та нэг алхам урагшилж байгаа гэдэгтээ итгээрэй.

    📝 Өөрийгөө бодитоор үнэлж CV-гээ шинэчилж илүү мэргэжлийн болго

    Мэргэшсэн туршлага, чадвараа бичихээс гадна өөрийн үнэт зүйлс, зорилгоо тусгах нь чухал.

    💻 Ажлын санал хүлээж байх хугацаандаа өөрийгөө хөгжүүл 

    Хэл сурах, онлайн курс зэрэг нь таны ирээдүйдээ хөрөнгө оруулж буй хэлбэр юм.

    Өөртөө хатуу хандахаас хэрхэн сэргийлэх вэ?

    • Бусдын амжилттай өөрийгөө бүү харьцуулаарай. Таны аялал өөрийн гэсэн хурдаар өрнөж байгаа үнэ цэнтэй түүх юм.

    • CV дээрээ “би чадна” гэдгээ нотлоорой. Өмнөх ажлын амжилт, төслүүд тань дараагийн боломжийг бий болгоно.

    • Завсарлага авсан ч сэтгэлээр бүү унаарай. Энэ хугацааг өөрийгөө хөгжүүлэх боломж болгон ашигла.

    💬 Одоогийн ажлаа солих шийдвэр гаргахдаа анхаарах зүйлс

    1. Таны үнэт зүйлс байгууллагын соёлтой таарч байгаа юу?

    2. Ур чадвараа хөгжүүлэх боломж бий юу?

    3. Санхүүгийн одоогийн нөхцөл таны амьдралд эерэг нөлөө үзүүлж байна уу?

    4. Өглөө ажилдаа урамтай очиж байна уу?

    Хэрвээ та эдгээр асуултад “Үгүй” гэж хариулж байгаа бол, магадгүй шинэ ажлын талаар бодож эхлэхэд яг тохирсон цаг.

    Таны сэтгэл зүйн тогтвортой байдал бол тохиромжтой ажил олох хамгийн хүчтэй зэвсэг юм.

    • Өөрийгөө дэмждэг орчинг бүрдүүл — найз нөхөд, ментор, мэргэжлийн хүрээлэлтэй болох
    • Юу хүсэж байгаагаа тодорхойл — санхүү, амьдралын хэв маяг, карьерын зорилго гэх мэт
    • Өнөөдрөөс эхэл — нэг анкет илгээх, нэг ярилцлагад оролцох нь ч таны урагшлах алхам юм
    • Өөрийгөө гололгүй, давуу талуудаа тодорхойлоорой

    Та CV-гээ lambda -гын AI-р шинэчилж, талентаар бүртгүүлээрэй. Дараагийн ажлаа амжилттай олоход тань бид тусална.

    💡 Энд дарж хуучин анкетаа орчин үеийн форматтай мэргэжлийн CV/Resume болгоорой. 

    Өөртөө итгэж, урагшилцгаая! 

  • Хөдөлмөрийн маргаан үүсэхээс хэрхэн сэргийлэх вэ?

    Хөдөлмөрийн маргаан үүсэхээс хэрхэн сэргийлэх вэ?

    Ажил олгогч, ажилтны итгэлцэл, бат бөх харилцаа бол аливаа байгууллагын амжилтын гол тулгуур. Гэвч энэ харилцаа ойлголцол, итгэлцэлд суурилаагүй бол хөдөлмөрийн маргаан үүсэх нь цаг хугацааны л асуудал болдог. Хөдөлмөрийн маргааныг ойлгох, түүнээс урьдчилан сэргийлэх нь зөвхөн ажил олгогчид төдийгүй залуу мэргэжилтнүүд, ажил хайгчид, шинэхэн төгсөгчдөд ч маш чухал сэдэв. Энэхүү нийтлэлээр хөдөлмөрийн харилцаа, маргаанаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө, танд хэрэг болох зөвлөмжүүдийг бэлтгэлээ.

    📊 Судалгааны тойм: Монгол улс

    Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2022 оны судалгаагаар:

    • Сүүлийн 2 жилийн дотор нийт ААН-үүдийн 42% нь  хөдөлмөрийн маргаантай тулгарч байсан.
    • Тэдгээрийн 60% нь цалин, урамшуулалтай холбоотой, 25% нь ажлын нөхцөл, 15% нь гэрээ, нийгмийн хамгааллын асуудал
    • Маргаан үүссэн тохиолдолд 10 ажилтны 7 нь буюу 70% нь тухайн байгууллагад ажиллах хүсэлгүй болдог гэсэн дүгнэлт гарсан.

    Олон улсын жишээнээс:

    • Gallup-ийн 2023 оны ажилтны оролцооны судалгаагаар ажилтнуудын 85% нь “тэднийг сонсдоггүй, үнэлдэггүй удирдлага”-тай газар ажиллахдаа сэтгэл ханамжгүй байгааг онцолсон.
    • Harvard Business Review-ийн судалгаагаар байгууллага доторх маргааныг цаг тухайд нь шийдвэрлэхгүй бол тухайн байгууллагын ашгийн хэмжээ 18%-аар буурч, ажилтны урсгал 35%-иар нэмэгддэг хандлага ажиглагдсан байна.

    ✅ Хөдөлмөрийн маргаанаас урьдчилан сэргийлэх 5 зөвлөмж

    1. Гэрээ ба дүрмийг ойлгомжтой болгох

    Хөдөлмөрийн гэрээг зүгээр нэг гарын үсэг зурж баталгаажуулах бус, ажилтанд эрх, үүргээ бүрэн ойлгоход туслах энгийн ойлгомжтой  үг хэллэгээр тайлбарлах хэрэгтэй.

    Зөвлөмж:

    • Гэрээний гол заалтуудыг товч тайлбарласан гарын авлага өгөх

    • Шинэ ажилтнуудад дотоод дүрмийн талаарх сургалт явуулах

    2. Ил тод нээлттэй харилцаа, санал солилцох боломж

    Маргааныг “урьдчилан мэдэх” хамгийн сайн арга бол ажилчдын санал гомдлыг тогтмол хүлээн авч шуурхай шийдвэрлэх юм.

    Зөвлөмж:

    • Санал, гомдлын хайрцаг (физик эсвэл цахим)
    • Удирдлагын нээлттэй уулзалт
    • Дотоод санал асуулга (цахим платформууд)

    3. Цалин урамшууллыг шударгаар үнэлэх

    Цалин хөлстэй холбоотой үл ойлголцол хөдөлмөрийн маргааны хамгийн том шалтгаан болдог.
    Gallup-ийн судалгаагаар цалингийн шударга бус байдал нь ажилтны итгэлцлийг 40% хүртэл бууруулдаг байна.

    Зөвлөмж:

    • Урамшууллын шалгуурыг нийтэд ил тод болгох
    • Гүйцэтгэлд суурилсан үнэлгээний системтэй байх

    4. Ажилтан хөгжих боломжтой орчин бүрдүүлэх

    Өөрийгөө хөгжүүлэх, шинэ мэдлэг,  ур чадварыг ажлын орчноосоо авах боломж бололцоог бүрдүүлж өгөх нь маргаанаас сэргийлэх бас нэгэн арга зам юм.

    Зөвлөмж:

    • Дотоод сургалтын систем
    • Карьер өсөлтийн шатлал, төлөвлөгөө, сургалтууд
    • Шагнал урамшуулал зөвхөн удирдлагын түвшинд бус, бүх шатны ажилтанд хамаатай байх

    5. Маргааныг шуурхай, шударгаар шийдэх бүтэцтэй байх

    Дотоод гомдол, зуучлалын тогтолцоогүй байгууллагад маргаан гадагшлах, хуулийн шатанд очих эрсдэл 4 дахин өндөр байдаг.

    Унших: Ажлын орчинд анхаарах ёстой 7 Red flag

    Зөвлөмж:

    • Дотоод маргаан шийдвэрлэх комисс байгуулах
    • Үнэнч байдлаар гомдлыг сонсох, шийдвэр гаргах дүрэмтэй байх

    Хөдөлмөрийн маргаан нь хүн хоорондын харилцаанаас үүсдэг учир урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой юм.  Судалгаанаас дүгнэвэл хөдөлмөрийн маргаанаас сэргийлэх хамгийн хүчирхэг арга бол ил тод харилцаа, шударга тогтолцоо, тогтвортой хөгжилд чиглэсэн удирдлагын хандлага юм. Танд хэрэгтэй зөвлөгөө, мэдээллийг Блог хэсэгт тогтмол нийтэлж байгаа тул цаг гарган орж уншаарай.

  • Шинэ ажилтны чиглүүлэх хөтөлбөр гэж юу вэ?

    Шинэ ажилтны чиглүүлэх хөтөлбөр гэж юу вэ?

    Унших: Шинэ ажилд ороход хамгийн түрүүнд тавих шаардлага

    “Ажлаас гарах шалтгаан нь цалин биш, ажилд орсон анхны өдрүүд байдаг” гэж та сонсож байсан уу?

    Монголын Хүний Нөөцийн Холбооны 2021 оны судалгаагаар, шинэ ажилтнуудын 40% нь анхны 90 хоногт ажлаасаа гардаг нь тогтоогджээ. Гол шалтгаан нь цалин, ажлын ачаалал бус  харин чиглэл, ойлголт, дэмжлэг дутагдсан байдал аж.

    Тэдэнд юу хийхээ мэдэхгүй, хэнтэй ярих, хаанаас эхлэхээ ойлгоогүй, удирдамжгүй орчинд орж “хаягдсан мэт” мэдрэмж төрсөн байна. Үр дүнд нь байгууллага авьяастай боловсон хүчнээ алдаж, ажилтнууд сэтгэл ханамжгүй болж, бүтээмж унаж эхэлдэг.

    Энэ асуудлыг шийдэх хамгийн энгийн атлаа хамгийн хүчтэй арга бол шинэ ажилтныг чиглүүлэх системтэй хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр нь шинэ ажилтныг байгууллагын соёл, бүтэц, үүрэг, хамт олонтой нь системтэйгээр танилцуулж, хурдан дасан зохицох орчин бүрдүүлдэг. Олон улсын нэр хүндтэй байгууллагууд үүнийг “Onboarding Program” хэмээн нэрлэж, заавал хэрэгжүүлэх менежментийн стандарт гэж үздэг.

    Судалгаанаас иш татвал:

    • Gallup (2022) судалгаагаар:

      Onboarding хөтөлбөрт сэтгэл хангалуун ажилтнуудын 70% нь 3 жилээс дээш хугацаанд байгууллагад үлддэг.

    • Glassdoor судалгаа (2023):

      Сайн онбординг хөтөлбөр хэрэгжүүлсэн байгууллагууд шинэ ажилтны бүтээмжийг 54%-иар нэмэгдүүлсэн.

    • Монголын хүний нөөцийн холбоо (2021):

                “Анхны 90 хоногт чиглэлгүй үлдсэн ажилтнуудын 40% нь ажлаа орхих хандлагатай байдаг.

    Яагаад энэ хөтөлбөр шаардлагатай вэ?

    1. Ажилтны бүтээмжийг түргэсгэнэ
      – Ажилтныг орчиндоо дасгаж, үүрэг, зорилгоо тодорхой ойлгосноор эртнээс үр дүнтэй ажиллаж эхэлдэг.

    2. Ажлаас гарах эрсдэлийг бууруулна
      – Анхны 3 сарын дотор ажилтны 30–50% нь орхих магадлалтай байдаг. Зохион байгуулалттай чиглүүлэгтэй байснаар энэ эрсдэл буурдаг.

    3. Сэтгэл ханамж, сэтгэл зүйг дэмжинэ
      – Өөрийгөө үнэлэгдэж, дэмжигдэж байна гэж мэдрэх нь ажилтны урам зоригийг нэмэгдүүлдэг.

    4. Байгууллагын соёлд хурдан уусна
      – Байгууллагын үнэт зүйлс, харилцааны хэв маягийг ойлгосноор зөрчил багасна.

    Хөтөлбөрт багтдаг ерөнхий агуулга:

    1. Нээлтийн уулзалт ба танилцуулга

    • Байгууллагын түүх, бүтэц, эрхэм зорилго, үнэт зүйлс
    • Захиргааны мэдээлэл (ажлын цаг, дүрэм журам, цалин, урамшуулал)

    2. Ажлын байрны талаар дэлгэрэнгүй мэдээлэл

    • Албан тушаалын тодорхойлолт, хүлээлт
    • Шаардлагатай систем, программ, багаж хэрэгслийн сургалт

    3. Багийн гишүүд, удирдлагуудтай уулзах

    • Хамтран ажиллах хүмүүс, хэлтэс нэгжүүдтэй танилцах
    • Ментор, зөвлөх томилох

    4. Сургалт ба системийн нэвтрүүлэг

    • Дотоод систем, хэрэгсэл, хэрэглэгдэхүүнд сургах

    5. Сорил, үнэлгээ (хэрэв байвал)

    • Сургалтын дараах шалгалт, үнэлгээ
    • Эхний 1–3 сарын ажлын гүйцэтгэлийн үнэлгээ

    6. Дүгнэлт ярилцлага

    • Хөтөлбөр нь удирдлагын дүгнэлт, ярилцлага, үнэлгээний хуудас бүрдсэний дараа дууссан гэж тооцно. Хэрэв шаардлагатай бол аль нэг талын санаачилгаар хугацааг сунгаж болно.

    Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа

    • Товч хугацаа: 1–3 өдөр (ерөнхий чиглүүлэх)
    • Сунгасан хөтөлбөр: 1–3 сар (системтэй сорил, үнэлгээтэй)

    Амжилттай хэрэгжүүлэх зөвлөмж

    • Нэг ажилтанд нэг ментор: Асуух, ойлгох, дасах орчин бүрдэнэ.
    • Алхамтай хөтөлбөртэй байх: PDF, гарын авлага, цахим сургалт ашиглах.
    • Сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх: Утгагүй даалгавар биш, ойлгомжтой зорилт өгөх.
    • Хоёр талын үнэлгээ хийх: Ажилтны зүгээс санал хүсэлт авах нь хөтөлбөрийг хөгжүүлэх түлхүүр болно.

    Шинэ ажилтныг чиглүүлэх хөтөлбөр бол байгууллагын соёл, үнэт зүйлсийг дамжуулах стратегийн хөрөнгө оруулалт бөгөөд зөв системтэй чиглэл нь ажилтны урам зориг, үнэнч байдал, бүтээмжийг нэмэгдүүлдэг. Ажилд орсон анхны өдрөөс нь ажилтнаа чухал гишүүн гэж хүндэлж чадвал тэр ч мөн байгууллагын үнэ цэнийг хамтдаа бүтээлцэнэ. Lambda.Global танд зөвхөн ажил санал болгохоос гадна, AI – Карьерээ Төлөвлөгч зэрэг ухаалаг шийдлээр ажилтны дасан зохицлыг бодитоор дэмжин хамт хөгжихийг зорьдог.

  • Шинэ үеийнхэнд итгэ — Шинээр төгсөгчдийг ажилд авах 5 шалтгаан

    Шинэ үеийнхэнд итгэ — Шинээр төгсөгчдийг ажилд авах 5 шалтгаан

    Хавар — төгсөлтийн улирал.
    Монголын их, дээд сургуулиудын гадаа инээмсэглэлтэй, диплом барьсан залуус цуглаж, амьдралын шинэ шатны босгон дээр зогсож байна.
    Энэ үе бол тэдний хувьд сургуулийн ширээнээс ажил мэргэжлийн замд шилжих үе, харин ажил олгогчдын хувьд — шинэ боловсон хүчин, шинэ хүч авчрах боломж болж байдаг.

    Гэхдээ ихэнх компанид нэг л асуулт эргэлддэг:

    “Шинэ төгсөгч үнэхээр хэрэгтэй юу? Туршлагагүй хүн багт нэмэр болох уу?”

    Хэрэв зөв өнцгөөс харвал хариулт нь: тийм, бүр маш их хэрэгтэй.

    Шинэ үеийнхэн бол зүгээр нэг “туршлагагүй” хүмүүс биш — тэд бол өөрөөр сэтгэдэг, технологи дунд өссөн, хурдан дасан зохицдог, өөрийн гэсэн үнэт зүйлтэй залуус. Хэрвээ тэдэнд боломж олговол тэд компанийн өсөлт, соёл, бүтээмж дээр тодорхой хувь нэмэр оруулж чадна.

    Шинэ төгсөгчдийн танай компанид авчирч чадах 5 үнэт зүйл

    1. Технологийн төрөлхийн хэрэглээ ба дижитал мэдрэмж

    Шинэ төгсөгчид буюу Gen Z болон Alpha үеийнхэн бол “digital native” буюу интернет, AI, productivity tools (Notion, ChatGPT, Canva гэх мэт)-тэй өөрийн мэт харьцаж өссөн анхны үеийнхэн.

    • Тэд AI, productivity tools, automation зэргийг ашиглахдаа заалгах биш, туршиж, өөрчлөх сонирхолтой байдаг.
    • Ингэснээр уламжлалт системийг хурдан шинэчилж, дотоод үйл ажиллагааг үр дүнтэй болгох санаа гаргаж чаддаг.
    • Эдгээр чадварууд нь дотоод ажлын урсгалыг автоматжуулах, илүү ухаалаг ажиллах боломжуудыг гаргаж ирдэг.
    • Тэдэнд нэмэлт сургалт багатайгаар шинийг туршиж хэрэгжүүлэх зориг байдаг.

    2. Хурдан суралцах ба дасан зохицох чадвар

    LinkedIn Workforce Report (2024)–ын судалгаагаар, 25-аас доош насны ажилтнууд шинэ ур чадварыг бусдаас 2 дахин хурдан эзэмшдэг болохыг тогтоожээ.

    • Тэд “би мэдэхгүй” гэж айдаггүй, харин “би сурж чадна” гэж ханддаг.
    • Энэ нь түргэн темптэй, өөрчлөлт ихтэй ажлын орчинд асар их давуу тал болдог.

    3. Шинэлэг өнцөг, бүтээлч санаа

    Шинэ үе бол “ингэж л хийдэг” гэх уламжлалт хандлагаас ангид байдаг. Тэд бүх зүйлд:

    • “Яагаад ингэж хийдэг юм бэ?”
    • “Өөрөөр яаж шийдэж болох вэ?”

    гэж ханддаг. Gallup-ийн судалгаагаар шинэ ажилтнуудын 56% нь байгууллагын үйл явцыг сайжруулах санаа дэвшүүлдэг бол ахмад ажилтнуудын хувьд энэ үзүүлэлт 33% байдаг байна.

    4. Компанийн соёлд шинэ энерги авчрах 

    Залуус нээлттэй харилцаа, шударга хандлага, оролцоотой соёлд дуртай. Тэднийг багтаа авч, дуу хоолойг нь хүлээж авбал:

    • Байгууллагын соёл илүү мэдрэмжтэй, хүний төвтэй болно.
    • Шинэ үеийн үнэт зүйлс компанийн нүүр царайд шингэж эхэлдэг.

    5. Урт хугацааны хамтын өсөлт

    Шинэ төгсөгчдийг зөв чиглэлээр хөгжүүлж чадвал тэд танай компанид урам зоригоороо үнэнч ажиллах, дотоод өсөлтөөр шат ахих боломжтой.

    • Шударга харилцаа, хөгжлийн дэмжлэг, итгэлцэлтэй орчин бол залуусыг урт хугацаанд тогтвортой авч үлдэх үндэс.

    Харин компаниуд шинэ төгсөгчдөд юу өгч чадах вэ?

    1. Карьерийн бодит эхлэл — Зөвхөн цалин биш, “би хөгжиж байна” гэсэн мэдрэмжийг өгөх.
    2. Суралцах орчин — Менторшип, сургалт, дотоод ротаци зэрэг хувийн өсөлтийн дэмжлэг.
    3. Оролцооны соёл — Санал бодлыг хүлээж авах, бүтээлч санааг дэмжих манлайлал.
    4. Зорилго бүхий ажлын утга — “Энэ компани миний ирээдүй” гэж итгэх сэтгэл зүй.
    5. Хөгжих карьер замнал — Дотоод шат ахих боломж, өсөлтийг дэмжих урамшуулал.

    Энэ бол хоёр талын “Өсөлтөд чиглэсэн түншлэл (growth deal)” юм.

    Компани — шинэ үе: туршлага, замнал, хөгжлийн боломж
    Шинэ үе — компани: сэтгэлгээний шинэчлэл, бүтээлч санаа, дижитал ур чадвар

    Хаврын төгсөлтөөс хэдхэн долоо хоногийн дараа — ирээдүйн шилдэг ажилтнууд одоо ажлын заруудыг үзэж, аль компанид өөрийгөө бүтээх вэ гэдгээ тунгааж суугаа.
    Тэднийг зөвхөн “туршлагагүй” гэдэг шалтгаанаар шүүж хаях уу? Эсвэл итгэж, хамт өсөх сонголт хийх үү?

    Та аль замыг сонгох вэ?

     Хэрвээ та шинэхэн боловсон хүчнүүдтэй холбогдож, компанийнхаа ирээдүйг шинэ үеийн залуусын эрч хүчээр сэлбэхийг хүсэж байвал lambda.global-д зочлоорой.
    Бид танай байгууллагад тохирсон, чадвартай, сэтгэлтэй залуусыг холбож өгнө.

  • Ажлын орчинд анхаарах ёстой 7 Red flag

    Ажлын орчинд анхаарах ёстой 7 Red flag

    Анхны өдөр гэгээлэг орчин, найрсаг инээмсэглэл дунд угтан авсан шинэ ажил тань хэдхэн долоо хоногийн дараа сэтгэл зовоосон, дарамттай санагдаж эхэлсэн бол яах вэ? Хэрэв та өөрийгөө буруу газар ирчихсэн мэт мэдэрч, саяхан ажилд орсон ч хаа нэг тийш зугтмаар санагдаж байвал — асуудлыг зөвхөн өөрөөсөө бус, харин ажлын орчноосоо нэг сайн харж дүгнэх хэрэгтэй.             

    LinkedIn-ийн 2024 оны “Workplace Trends” судалгаагаар мэргэжилтнүүдийн 63% нь “red flag” буюу анхааруулах дохио мэдрэгдэх үед шинэ ажлын байр хайж эхэлдэг гэжээ.

    Таны ажиллаж буй байгууллагад дараах 7 анхааруулах дохио ажиглагдаж байна уу?

    1.  Ажлын үүрэг тодорхойгүй, байнга өөрчлөгддөг

    Анкет илгээхэд бичсэн ажил үүргээс тэс өөр зүйл хийж байвал, эсвэл өдөр бүр шинэ даалгавар өгч, хариуцлага, чиглэл нь тодорхойгүй байвал энэ нь удирдлагын менежментийн сул тал, ажилтны эрхийг үл хүндэлж буйн хамгийн том илрэл юм.

    2. Илүү цагаар ажиллуулдаг ч нөхөн олговоргүй

    Зарим үед илүү цагаар ажиллах шаардлагатай байж болно. Гэвч энэ нь тогтмол, нөхөн төлбөргүй, зохион байгуулалтгүй бол таны ажил амьдралын тэнцвэр алдагдаж байна гэсэн үг.

    3. Хов жив, дарамт, ялгаварлал давамгайлсан орчин

    Хов жив, ялгаварлал, дарамт шахалт мэдрэгддэг бол энэ нь хортой соёл тогтсоны илрэл. Ийм орчинд бүтээлч байдал, итгэлцэл, хамтын ажиллагаа хөгждөггүй.

    4.  Хүний нөөцийн бодлого сул, ажилтнаа үл ойшоодог

    Гомдол гаргах боломжгүй, санал санаачилга сонсогддоггүй, дүрэм журам ойлгомжгүй бол байгууллага таныг хүн биш “нөөц” гэж үзэж байгаагийн дохио юм.

    5. Шүүмжлэлээр удирдаж “айдас дээр суурилсан” соёл

    Хүн бүр алдаанаасаа суралцаж, илүү сайжирдаг. Алдаанаас суралцах орчин байх ёстой атал ажилтнууд буруудах вий, алдчихвий гэж айж, илүү их стресстэй ажилладаг бол энэ нь урам зориг, бүтээмжид ноцтой сөргөөр нөлөөлдөг.

    6. Байнга шинэ хүмүүс ирж, тогтвортой ажилтан байдаггүй

    Шинэ хүн ирээд удахгүй ажлаа орхидог бол энэ нь байгууллагын соёл, удирдлагын арга барилд ноцтой асуудал байгааг илтгэнэ.

    7.  Таны үнэ цэнийг үгүйсгэж, хөгжих орон зай үгүйсгэдэг

    Хичнээн сайн ажилласан ч үнэлэгддэггүй, итгэл хүлээлгэдэггүй, өсөх боломжгүй бол энэ орчинд таны ирээдүй гэрэлтэй байх магадлал багатай.

    Хэрэв дараах шинжүүдээс 2 буюу түүнээс олон нь танд танил санагдаж байвал та асуудлыг үл тоох бус, өөрийгөө хамгаалах цаг иржээ.

    Тэгвэл одоо би юу хийх хэрэгтэй вэ? 

    • Цалин, туршлагад хууртах бус бодит нөхцөл байдлаа үнэлээрэй.

    • Найдвартай хүний нөөцийн мэргэжилтэн, эсвэл итгэлтэй нэгэнтэй нээлттэй ярилц.

    • Өөрийгөө буруутгах бус, зорилгоо санаж шийдвэр гарга.

    Таныг үнэлдэггүй, байнгын стресс, дарамт үүсгэдэг орчноос холдох зоригтой байгаарай. Та найрсаг, тогтвортой, хөгжих боломжтой орчинд ажиллах боломжтой, үнэ цэнтэй мэргэжилтэн юм шүү.

    Өөрийн үнэ цэнэ, ур чадвараа нээж, алсын хараагаа бодит болгох алхмуудыг хийхэд тань гүүр болох https://lambda.global/ платформ дээр  Монголын хамгийн шилдэг, таатай орчин нөхцөлтэй байгууллагууд таныг хайж, хүлээж байгаа шүү.

     

     

  • Ажлын анкет илгээхээс өмнө өөрөөсөө асуух чухал 10 асуулт

    Ажлын анкет илгээхээс өмнө өөрөөсөө асуух чухал 10 асуулт

    Ажлын зар харангуутаа “За, ийшээ шууд анкет илгээе” гэж боддог уу? Гэхдээ түр азнаарай… доорх чухал 10 асуултуудыг өөрөөсөө асуусны дараа анкет илгээвэл  илүү оновчтой, өөрт тохирсон урт хугацааны зөв сонголт хийж чадах болно шүү.

    1. Би энэ ажилд үнэхээр дуртай юу?

    • Та энэ ажлыг хийхдээ сэтгэл ханамжтай байж чадах уу?
    • Эсвэл зүгээр л орлогын хэрэгцээнээс үүдэн анкетаа илгээж байна уу? гэдгийг заавал өөрөөсөө асуугаарай.

    Судалгаагаар  дуртай ажлаа хийдэг хүмүүсийн бүтээмж 33%-иар өндөр, ажлын байрандаа тогтвор суурьшилтай байх нь 2 дахин илүү байдаг.

    2. Ажлын байрны шаардлага миний ур чадвар хэр нийцэж байна вэ?

    • Ажлын байранд дурдсан шаардлагуудтай та нийцэж байна уу?
    • Ур чадварынхаа түвшинг бодитоор дүгнэж чадсан уу?

              Санамж: Таарахгүй ажлын байранд анкет илгээх нь таны өөртөө итгэх итгэлд сөргөөр нөлөөлж болзошгүй байдаг.

    3. Байгууллагын эрхэм зорилго, үнэт зүйлтэй би нийцэж чадах уу?

    • Ямар байгууллагад анкетаа илгээж байгаагаа судалж үзсэн үү?
    • Тухайн байгууллагын соёл, үнэт зүйлс таатай санагдаж байна уу?

    Жишээ: Та бүтээлч, уян хатан орчинд ажиллах дуртай бол, хэт их шат дамжлага бүхий байгууллагад дасан зохицох хэцүү байж мэднэ.

    4. Энэхүү ажлын байр ирээдүйд карьерын өсөлт хийх боломжтой юу?

    “Ямар ч ажил байхад болно” гэж яарах биш, “энэ ажилд орсноор ирээдүйд карьерын хувьд өсөн дэвших боломжтой юу?” гэж өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Зүгээр л ажилтай болохоос илүү, энэ сонголт таны кареерийн замд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг тунгаах хэрэгтэй.

    5. Миний CV тухайн ажлын шаардлагад нийцэж байна уу?

    Хэт ерөнхий, эсвэл нэг загварын хэдэн жилийн турш ашиглаж байгаа CV нь HR-ийн анхаарлыг татах магадлалыг бууруулдаг. Тухайн зарын шаардлагад нийцүүлэн CV-гээ өөрчилсөн үү? ЭНД ДАРЖ тухайн ажлын байранд таны CV хэдэн хувь тохирч байгааг ганц товшилтоор мэдээрэй.

    6. Би яагаад энэ ажилд орохыг хүсэж байна вэ?

    • Яагаад энэ байгууллага?
    • Яагаад энэ албан тушаал?

    Энгийн мэт боловч энэ асуултад хариулахдаа өөртөө үнэнч хандаж, өөрийн зорилго, сонирхлыг тодорхойлж чадвал та бусдаас ялгарч чадах болно.

    7. Миний давуу ба сул тал энэ ажилд хэрхэн нөлөөлөх вэ?

    • Аль чадвараа бүрэн ашиглаж чадах вэ?
    • Ямар сул тал дээрээ анхаарах хэрэгтэй вэ?                                                                                                                                                                                                                                                                  Бие даан, бодитоор өөрийгөө дүгнэх цаг иржээ. Аль давуу талаа илүү ашиглаж, ямар сул талаа сайжруулах шаардлагатай вэ гэдгээ ойлгож байж анкет илгээх нь ажилд орох дараа дараагийн алхмуудыг илүү хөнгөвчилж өгнө.

    8. Өмнөх ажлын туршлагаасаа ямар ур чадварыг энэ ажилд ашиглаж чадах вэ?

    • Сургалт, клуб, сайн дурын ажил — бүгдийг тооцоорой.
    • Ямар чадваруудыг шууд ашиглаж болох вэ?

    Жишээ: Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан бол бичгийн болон судалгааны чадвараа тодотгох дасгал ажлуудыг хийж үзээрэй.

    9. Би энэ байгууллагад ямар хувь нэмэр оруулж чадах вэ?

    Таныг ажилд авах хамгийн том шалтгааныг өөрөөсөө асуугаарай: “Би юу хийж чадах вэ?”

    10. Анкет илгээсний дараа би юу хийх вэ?

    • Хариу хүлээгээд суух уу, эсвэл өөр ажил судлах уу ?
    • Тухайн ажлын байртай холбогдох дугаар луу залгаад өөрийгөө танилцуулж, анкет илгээснээ мэдэгдэхэд буруудах зүйл байхгүй шүү.

    Анкет бол зүгээр нэг файл биш. Энэ бол таныг танилцуулах, үнэлүүлэх, мөрөөдлийн ажилд хүрэх гүүр юм. Тиймээс анкет илгээх бүрдээ өөрөөсөө эдгээр 10 асуултыг асууж, үнэхээр таны хүсэн хүлээж буй, үнэ цэнийг тань ойлгож үнэлэх газар мөн эсэхийг шалгаарай.

    Дараагийн алхам: Та эдгээр асуултад хариулж дууссан бол, одоо CV болон анкетынхаа чанарыг ЭНД ДАРЖ сайжруулаарай.

  • Гадаадаас ирээд Монголд хэрхэн карьераа шинээр эхлүүлэх вэ?

    Гадаадаас ирээд Монголд хэрхэн карьераа шинээр эхлүүлэх вэ?

    Гадаадад олон жил ажиллаж, сурч, амьдарч байгаад Монголдоо буцаж ирэхэд олон төрлийн мэдрэмж төрдөг. Зарим зүйлс танил санагдах ч, хөдөлмөрийн зах зээл, мэргэжлийн орчин тийм ч их тодорхой, ойлгомжтой санагдахгүй байж мэднэ.

    Гадаадад хуримтлуулсан мэдлэг, туршлагаа эх орондоо хэрэгжүүлнэ гэсэн хүсэлтэй эргэн ирж буй хүмүүс олон бий. Гэвч Монголын өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд хэрхэн дахин нэвтрэх вэ гэдэг нь тодорхой бус байдаг. Хэрэв та яг одоо ийм асуудалтай тулсан байгаа бол дараах хэрэгцээт, бодит зөвлөмжүүд танд тус болно.

     1. Боловсрол, туршлагаа зөв “илэрхийлж” ойлгуулах 

    Гадаадад сурсан, ажилласан туршлагынхаа үнэ цэнийг харуулахын тулд тэдгээрийг Монголын нөхцөлд тохируулан тайлбарлах хэрэгтэй.

    🎓 Хэрэв та гадаадад сурсан бол:

    Мэргэжлээ Монголын ямар салбаруудад хэрхэн ашиглаж болохыг товч тодорхой тайлбарла. Дипломын ажил, судалгаа, төслүүдээс практик жишээ оруул. Сурсан программ, ур чадваруудаа тодорхой бичиж болно.

    💼 Хэрэв та гадаадад ажилласан бол:

    Албан тушаал, үүргээ Монголын байгууллагуудад ойлгомжтой хэлбэрээр тайлбарла. Үр дүнгээ тодорхой  илэрхийл (ж. “Хэрэглэгчийн гомдлыг 40%-ар бууруулсан”). Ажилласан аргачлал, системүүдээ (CRM, Agile, Notion гэх мэт) дурдаад, хэт их гадаад үг хэллэг ашиглахаас зайлсхийх хэрэгтэй.

    Зөвлөмж: Гадаадад байсан гэж өөрийгөө хэт үнэлэхээс илүү, ямар асуудлыг хэрхэн шийдсэнээ ойлгомжтойгоор илэрхийлж чадвал таны туршлага илүү үнэлэгдэнэ.

    2. Одоогийн хөдөлмөрийн зах зээлийг судал

    Магадгүй, та сүүлд Монголд ажилласнаас хойш олон зүйл өөрчлөгдсөн байж мэднэ. Старт-ап орчин илүү идэвхтэй хөгжиж, гадаадын компаниуд илүү олон Монгол ажилтантай болж, олон улсын жишгийг даган дижитал ур чадвар эрэлттэй болсон. Гэвч ажил олох нь одоог хүртэл танил талаараа шийдэгддэг байдал хэвээр байх магадлал өндөр гэдгийг ойлгох нь чухал.

    Зөвлөмж: Lambda Global, Zangia,Worki, LinkedIn зэрэг платформоос ажлын зар харахтай зэрэгцэн тухайн салбарт ажиллаж байгаа хүмүүстэй холбогдоорой. Найз нөхөд, хуучин хамтран ажиллагсадтайгаа холбогдох нь мөн чухал.

     3. Танилын хүрээгээ дахин босгох(networking)

    Хэрэв та олон жил гадаадад байсан бол таны хуучин танилууд өөр салбар луу орсон, эсвэл бүр холбоо тасарсан байх магадлалтай. Тэглээ гээд та санаа зовох хэрэггүй. Жаахан цаг орох ч, шинээр танилын хүрээгээ бий болгоход л болно. Арван жил, их сургуулийн ангийнхан, хамтран ажиллаж байсан хүмүүс, багш нар зэрэг ойрын хүрээллээсээ эхлээрэй. Тухайн салбарын арга хэмжээнд оролцож, сургалт, сайн дурын ажилд нэгдэх боломжуудыг ашиглаарай.

    Зөвлөмж: Танил талаараа ажил хайхыг буруугаар бодох хэрэггүй. Монгол гэлтгүй, дэлхийн хаана ч “networking”- хийнгээ ажил хайх нь хэвийн зүйл байдаг. Танилын хүрээгээ тэлж, олон нийтийн дунд байж чадвал боломж өөрөө ирэх магадлалтай.

     4. “Reserve Culture Shock” -д орох магадлалтайг санах

    Мэргэжлийн орчны Монгол соёлд дахин дасан зохицох хэрэгтэйг та сайн ойлгож байсан ч, сэтгэлзүйн хувьд хүнд сорилтуудтай тулгарч мэднэ. Удирдлагын хэв маяг, удаан шийдвэр гаргалт, эсвэл хэт илэн далангүй шүүмжлэл гэх мэт зүйлс танд бухимдал төрүүлэхээр санагдаж болох талтай. Эхэндээ танд эх орондоо эргэн ирсэн ч гадны хүн мэт мэдрэмж төрөх болно. 

    Зөвлөмж: Монголд эргэн ирэх энэ үеэ шинэ соёлд дасан зохицох үйл явц мэтээр хүлээж аваарай. Монголын бодит нөхцөл байдлыг хэт их шүүмжлэлтэй хүлээн авалгүй, өөртөө дасан зохицох хугацааг харамгүй өгөөрэй. 

    5. Гадаадын туршлагаа даруугаар ашиглах

    Та зөвхөн гадаадад эзэмшсэн боловсрол, туршлагаасаа гадна, гадаад хэлний өндөр мэдлэг, олон улсын орчинд ажиллах арга барил, асуудлыг шийдвэрлэх уян хатан байдал, ёс зүйн арай өөр ойлголтыг ч авч ирж буй юм. Энэ бол асар их давуу тал. Гэхдээ эдгээр давуу талаа зөв цагт, зөв байдлаар хуваалцах хэрэгтэй.

    Дотоодын байгууллагын хэв маягийг хэт их шүүмжилж, “гадаадад ингэдэг” гэж яривал бусдын эсэргүүцэлтэй тулгарах магадлалтай. Харин “Бид ийм асуудалтай тулгарч байхад тэгж шийдэж байсан, Монголд ингэж туршиж үзэж болох болов уу?” гэх байдлаар хандвал илүү үр дүнтэй.

    Эцэст нь:

    Эх орондоо эргэн ирж байгааг “бүхнийг тэгээс эхэлж байна” гэж хэт хүндээр хүлээн авах хэрэггүй. Та амьдралынхаа нэлээд том бэрхшээл, дамжлагыг туулж, өөрийгөө хөгжүүлээд ирж байгаа. Хамгийн чухал нь энэхүү туршлагаа Монголын нөхцөлд ухаалгаар, уян хатан байдлаар хэрэгжүүлэх явдал юм.

    Lambda Global таныг дэмжихэд бэлэн байна. Бид гадаадад амьдарч, ажиллаж байгаад эх орондоо ирсэн олон залуустай хамтарч ажилладаг. Хэрвээ та одоо энэ замыг туулж яваа бол ганцаараа биш гэдгээ санаарай. Монголд таны туршлага, таны дуу хоолой, таны хувь нэмэр хамгийн их хэрэгтэй.

  • Ажилтай ч, ажилдаа сэтгэл хангалуун биш байна яах вэ?

    Ажилтай ч, ажилдаа сэтгэл хангалуун биш байна яах вэ?

    Өглөө бүр өнөөх л нэгэн хэвийн уйтгартай, залхсан янзаар ажилдаа арай гэж очиж, өдрийг ямар ч үр бүтээмжгүй өнгөрүүлж байгаа юм биш биз? Бүтэн цагийн ажилтай, орлоготой ч нэг л зүйл болж өгөхгүй, цаанаасаа л ядраад, урам зориг үгүйлэгдээд сэтгэл дундуур байна уу?  

    Хэрвээ та энэ мэдрэмжтэй өдөр бүр нүүр тулж байгаа бол дараах нийтлэлийг анхааралтай уншаарай. Танд хэрэгтэй үнэт зөвлөгөөнүүд энд байна.

    Gallup-ийн 2023 оны олон улсын судалгаагаар дэлхийн хэмжээнд ажилтнуудын зөвхөн 23% нь ажлын байрандаа бүрэн сэтгэл хангалуун байдаг гэж хариулжээ. Харин үлдсэн 77% нь “зүгээр л цалингаа аваад ажиллаж байна” эсвэл бүр “сөрөг сэтгэлтэй ажиллаж байна” гэжээ. 

    ❓ Яагаад ажилдаа сэтгэл ханамжгүй болдог вэ?

    1. Өсөлтгүй орчин

    Нэгэн хэвийн, давтагддаг ажил нь таны бүтээлч сэтгэлгээг бууруулж, улмаар өсөн дэвших боломжгүй мэт мэдрэмж төрүүлдэг.

    2. Удирдлагын арга барил

    Таны гаргасан шинэ санаа, шийдлийг байнга үгүйсгэх, хийж бүтээж байгаа ажлыг тань үнэлдэггүй удирдлагатай бол сэтгэл ханамж буурдаг байна.

    3. Ажлын ачаалал ба цалин

    Хэт их үүрэг хариуцлагатай, олон цаг ажиллаж байгаа ч цалингийн үнэлгээ бага бол сэтгэл ханамжийг үгүй хийдэг.

    4. Зорилгын зөрүү

    Та өөрийн хүсэл, үнэт зүйл, чадварт нийцэхгүй ажил хийж яваа бол ажилдаа ямар ч сэтгэл ханамжгүй, гацсан мэдрэмжтэй, эрч хүчгүй болдог.

    Энэ байдлаас хэрхэн гарах вэ?

    1.  Өөрөөсөө асуу

    • Энэ ажлын юу нь надад таалагддаггүй вэ?
    • Юуг өөрчилбөл илүү сэтгэл ханамжтай байж чадах вэ?

    2. Ажлын орчноо анхааралтай ажигла

    Асуудал ганц танд биш байж мэднэ. Багийн уур амьсгал, удирдлагын хандлага, ажлын зохион байгуулалтыг нэг сайн ажигла.

    3.  Бага багаар өөрчлөлт хий

    Шинэ ур чадвар эзэмших, өөр салбарт судалгаа хийх, эсвэл дотоод шилжилтэд оролцох зэрэг алхамууд таны урам зоригийг сэргээж чадна.

    4. Мэргэжлийн зөвлөгөө аваарай

    Карьер коуч эсвэл HR мэргэжилтэнтэй ярилц. Тэд танд шинэ өнцөг, гарц харуулж чадна.

    5. Гарах шийдвэрийг айдсаар биш, зорилгоор удирдуулах

    Заримдаа ажил солих нь таны эрүүл мэнд, урам зориг, цаашдын амьдралын чанарт хамгийн зөв шийдвэр байх тохиолдол бий.

    Ажилдаа сэтгэл хангалуун байх гэдэг нь цалин, албан тушаалын тухай биш. Энэ нь:

    • Хувь хүний хөгжил
    • Үнэлэмж
    • Харилцаа
    • Орчин
    • Зорилготой ажиллах мэдрэмж гэсэн олон хүчин зүйлтэй гүн холбоотой.

    Хэрэв та  ажилдаа сэтгэл хангалуун бус байвал энэ бол таны сул тал биш харин өөрчлөлтийн цаг ирснийг илтгэх дохио байж мэднэ. Ирээдүйнхээ төлөө хийж чадах хамгийн чухал хөрөнгө оруулалт болох өөрийгөө нээж, өөрчлөлт хийх чухал аяллаа  lambda.global-тай хамт эхлүүлээрэй.

  • Шинэ ажилд ороход хамгийн түрүүнд тавих шаардлага: Байгууллагын соёл

    Шинэ ажилд ороход хамгийн түрүүнд тавих шаардлага: Байгууллагын соёл

    Бид ажил дээрээ хоногийн 24 цагийнхаа дор хаяж 8 цаг, хамгийн ихдээ 12 цагийг зарцуулдаг. Ийм ч учраас хэнтэй ажиллаж байгаа, удирдагч нь ямар хүн болох гээд эдгээр зүйлсүүд хамгийн их ажил сонголтод нөлөөлдөг. Таны шинэ ажил сонгохдоо хамгийн түрүүнд тавьдаг шаардлага юу вэ?
    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2022 оны судалгаагаар, ажилтнуудын 64% нь ажлын байраа солих шийдвэр гаргахдаа цалингаас илүүгээр удирдлагын харилцаабайгууллагын соёл зэрэг орчны хүчин зүйлсийг илүү чухалчилдаг хандлага илэрсэн байна.

    Соёлтой байгууллага ямар байдаг вэ?

    • Итгэлцэлтэй удирдлага: Асуулт асуухад дарамт биш, боломж мэт хүлээж авдаг
    • Урам өгдөг хамт олон: Алдааг шүүмжлэх биш, сурч хөгжих боломж болгодог
    • Зорилгоо хамтдаа ойлгодог баг: “Чиний үүрэг” биш, “Бидний зорилго” гэсэн хандлагатай

    Харин эсрэгээрээ:

    • Хэт захиран тушаах удирдлага
    • Өрсөлдөөнт, эрс шүүмжлэлтэй орчин
    • Харилцаа дутмаг, багийн дэмжлэггүй орчин

    Эдгээр нь ажилтны бие сэтгэлд стресс үүсгэж, ажлын үр дүн буурахад болон цаашлаад ажлаас халшрах хам шинжид хүрэхэд нөлөөлдөг

    Ажил сонгохдоо өөрөөсөө асуух 3 асуулт:

    1. Энэ орчинд би санаа зовохгүйгээр өөрийгөө илэрхийлж чадах уу?
    2. Би зөвхөн ажлаа гүйцэтгэгч биш, багийн нэгэн гишүүн мэт мэдрэмж авах уу?
    3. Энд би зөвхөн ажиллах биш, хөгжих боломжтой юу?

    Одоо харин дээрх асуултууд таны компаний хараа зорилго, хувь хүний үнэ цэнтэй таарч байна уу шалгаад үзэцгээе.

    Байгууллагын соёлоо хэрхэн сайжруулах вэ?

    1. Үнэ цэн, зорилгоо тодорхой болго
    “Манай байгууллага юуны төлөө оршдог вэ?” гэдэг асуултанд ажилтан бүр нэг ижил хариулт өгч чадах уу?

    • Компанийн үнэт зүйл, эрхэм зорилго ханан дээр биш өдөр тутмын шийдвэрт тусгагдсан байх хэрэгтэй.
    • Үнэт зүйлсийг ажилтан бүртэй хуваалцдаг 15–30 минутын шинэ ажилтныг чиглүүлэх хөтөлбөр (onboiarding) хийх.

    2. Удирдлагын харилцаа соёлыг тодорхойлдог
    Удирдлагын ганц удаагийн “сайн ажиллалаа” гэдэг үг бүх багийн уур амьсгалыг өөрчилдөг.

    • Ажилтнуудын ажилд хэт хяналт тавихгүйгээр (micromanage) итгэл үзүүлэх
    • Шүүмжлэхээсээ өмнө сонсдог байдалыг тогтоох.

    3. Сонсоод өнгөрөх бус — сонсоод хэрэгжүүлдэг байх
    Ажилтнуудын саналын хайрцагтай ч хэн ч уншдаггүй бол соёлд сөрөг нөлөө үзүүлдэг.

    • Ажилтны санал асуулгын хариу арга хэмжээг нийтэд ил тод хуваалцах
    • “Саналын дагуу хийсэн өөрчлөлтүүд” гэх булан бий болгох

    4. Зөв хүн — Зөв орчин
    Соёл гэдэг бол зөв хүнээс эхэлдэг. Чадвараас гадна зан төлөв, багт тохирох байдал маш чухал.

    • Шинэ ажилтны сонгон шалгаруулалтанд зөөлөн чадвар-т (soft skill) суурилсан зан төлөвт суурилсан ярилцлага нэмэх. Энэ нь ажилтны өмнөх туршлагуудлыг таньж мэдэх болон танай байгууллагын соёлд хэр нийцтэйг шалгах зорилготой.

    5. Баяр хөөртэй амьд уур амьсгал
    Соёл гэдэг бол зөвхөн дүрэм, процесс биш. Хүмүүсийн баяр баясал, хоорондын холбоо юм.

    • Тэмдэглэлт өдрүүдийг албан ёсны байдлаар биш, багаар тэмдэглэх боломж олго
    • Ажилтныг таньж хүлээн зөвшөөрдөг дотоод “талархлын соёл” бий болго

    Эцэст нь..
    Байгууллагын соёл бол бичигдсэн уриа биш, өдөр бүр ажилтнуудын мэдэрдэг орчин юм. Итгэлцэл, харилцаа, дэмжлэгтэй уур амьсгал нь хүмүүсийг үлдээж, хөгжүүлдэг. Харин захиран тушаах, үл ойшоох хандлага нь байгууллагын үнэ цэнийг бууруулдаг.
    Соёлыг сайжруулахын тулд том өөрчлөлт биш — жижиг бөгөөд бодит алхмууд тогтмол шаардлагатай.

    Lambda.Global бол зөв хүн, зөв орчин, зөв соёлыг холбох гүүр юм.

    Зөв орчин — илүү бүтээмж — илүү тогтвортой хамт олон бий болдог.

    .