Category: Компанийн соёл

  • Ажлын байрны уур амьсгалд яагаад анхаарах ёстой вэ?

    Ажлын байрны уур амьсгалд яагаад анхаарах ёстой вэ?

    Та өглөө ажилдаа явахдаа сэтгэл хангалуун, урам зоригтой байдаг уу? Эсвэл өдөр бүрийн эхлэл танд тухтай биш санагдаж байна уу?

    Энэ асуултын хариулт таны ажиллаж буй орчны уур амьсгалтай салшгүй холбоотой билээ. Яг л байгалийн уур амьсгал улирлаар өөрчлөгддөг шиг, ажлын орчинд ч дулаахан, ажилчдаа дэмжсэн уур амьсгалтай байж болно, эсвэл хүйтэн, дарамттай байдал ч ноёрхож болох юм.

    Ажлын уур амьсгал гэж яг юу вэ?

    Ажлын уур амьсгал гэдэг нь байгууллагын дотоод соёл, хамт олны харилцаа, удирдлагын арга барил, ажлын орчны нөхцөл зэрэг нийтлэг хүчин зүйлсийн нийлбэрийг хэлдэг. Энэ нь ажилтнуудын сэтгэл ханамж, бүтээмж, ажлын байрандаа үлдэх эсэх шийдвэрт шууд нөлөөлдөг чухал ойлголт. Товчхондоо бол таны ажиллах орчны ая тух, сэтгэл ханамж юм.

    Ажлын уур амьсгалын гол бүрдэл хэсгүүд

    1. Хамт олны харилцаа – Бие биенээ хүндэлдэг, тусалдаг хамт олон ажлыг илүү бүтээмжтэй болгодог.

    2. Удирдлагын арга барил – Удирдлагын шударга хандлага, ойлгомжтой чиглэл өгөх байдал нь итгэлцэл төрүүлдэг.

    3. Ажлын орчин, тав тух – Аюулгүй, цэвэрхэн, бүтээлч уур амьсгалтай орчин төвлөрлийг нэмэгдүүлдэг.

    4. Хөдөлмөрийн үнэлэмж – Сайн ажлыг үнэлж, урамшуулдаг тогтолцоо урам өгдөг.

    5. Хувь хүний хөгжлийн боломж – Сурч хөгжих, шат ахих боломж нь карьерын өсөлтөд чухал байдаг.

    Яагаад чухал вэ?

    Ажлын таатай уур амьсгал нь сэтгэл ханамжтай ажиллах үндэс болдог. Өдөр бүр дуртай ажлаа хийх нь амьдралынхаа хагасыг баяр баясгалантай өнгөрөөж буйтай утга нэг. Ийм орчинд багийн бүтээмж эрс нэмэгдэж, ажилтнууд тогтвортой байдалтай, сэтгэлзүйн хувьд эерэг хандлагатайгаар ажилладаг нь судалгаагаар батлагдсан юм. Сайн хамт олон, ойлгож дэмждэг удирдлага нь стрессийг бууруулж, ажилтны сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмжих эерэг нөлөөтэй.

    Ажил хайж буй хүмүүст зориулсан зөвлөмж

    Хөдөлмөрийн зах зээлд ажлын байрны уур амьсгалыг урьдчилан мэдэхэд хүндрэлтэй байдаг ч дараах аргуудаар өөрт тохирох орчинг таньж, зөв шийдвэр гаргах боломжтой:

    Ярилцлагын үеэр зоригтой асуулт асуух
    Ажил олгогчоос “Танай хамт олны уур амьсгал ямар вэ?”, “Шинэ ажилтнууд хэрхэн дасан зохицдог вэ?” зэрэг асуултыг асууснаар тухайн байгууллагын дотоод соёл, хамт олны харилцааны талаар тодорхой ойлголт авч болно. Энэ нь зөвхөн таны сонирхлыг илтгээд зогсохгүй, байгууллагад хэр нийцтэй хүн бэ гэдгийг харуулдаг.

    Өмнөх ажилтнуудын санал бодлыг судал
    LinkedIn байгууллагын профайл, Facebook-ийн хуудас болон ажил хайдаг бүлгүүд, салбарын хүрээлэл, танил найзуудаасаа тухайн байгууллагын соёл, уур амьсгалын талаар асууж, бодит туршлагад суурилсан мэдээлэл аваарай. Бусдын туулсан туршлагаас суралцах нь эрсдэлээс сэргийлэх ухаалаг алхам болдог.

    Өөрийн үнэт зүйлтэй уялдуулах
    Таны хувьд ямар орчинд ажиллах нь хамгийн тохиромжтой вэ? Та бие даан шийдвэр гаргах боломжтой, уян хатан орчинд дуртай юу? Эсвэл багийн уур амьсгал, хамтын ажиллагаанд урам авдаг уу? Үнэт зүйлсээ тодорхойлж, тухайн байгууллагын соёлтой уялдуулах нь урт хугацаанд сэтгэл ханамжтай, тогтвортой ажиллах үндэс болдог.

    Ажлын санал хүлээн авахаасаа өмнө эдгээр зүйлсийг нягталснаар та зөвхөн ажлын байр бус, өөрт тохирсон амьдралын хэв маягийг сонгож чадна.

    Илүү олон ажилд орох зөвлөгөө, ярилцлагад бэлтгэх арга, карьер хөгжүүлэлтийн мэдээллийг манай LAMBDA платформоос аваарай.  

  • Тууштай ажиллахын үр нөлөө

    Тууштай ажиллахын үр нөлөө

    Олон хүн шинэ боломж, өндөр цалин, уян хатан нөхцөл хайж ажлаа ойр ойрхон сольдог. Гэхдээ нэг салбар, нэг байгууллагад тууштай ажиллах нь хувь хүнд болон байгууллагад маш олон эерэг үр дагавартай юм. Ингээд тууштай ажиллахын үр нөлөөг хамтдаа мэдэж авъя. 

     Хувь хүнд үзүүлэх давуу тал

    1. Мэргэжлийн ур чадвар гүнзгийрнэ

    Нэг салбарт урт хугацаанд ажилласнаар тухайн чиглэлд гүн мэдлэг, баялаг туршлага хуримтлуулдаг. Ингэснээр таны үнэ цэнэ хөдөлмөрийн зах зээлд өсдөг.

    Судалгаагаар Америкийн Gallup судалгааны байгууллагын 2023 оны тайланд дурдсанаар 5-аас дээш жил нэг салбарт ажилласан хүмүүсийн 78% нь “ажлын гүн мэдлэг, туршлагатай” гэж үнэлсэн байна.

    2. Албан тушаал ахих, цалин нэмэгдэх боломж 

    Тууштай ажилласнаар байгууллагын соёл, дотоод бүтэц, бодлогыг бүрэн ойлгож, удирдлагын итгэлийг олж авдаг. Энэ нь албан тушаал дэвших, илүү хариуцлагатай ажил хүлээх, улмаар цалин өсөх үндэс болноLinkedIn-ийн 2022 оны судалгаагаар нэг байгууллагад 3-5 жил тогтвортой ажилласан хүмүүсийн 45% нь албан тушаал ахисан байна.

    3. Сэтгэл ханамж, ажилдаа дурлах мэдрэмж нэмэгдэнэ

    Тууштай ажилласан хүмүүсийн хувьд ажлын байр нь аюулгүй, итгэл төрүүлсэн орчин болдог. Үүнээс үүдэн сэтгэлзүйн тогтвортой байдал, ажлын амжилт ч өсдөг.  McKinsey & Company-ийн судалгаагаар тогтвор суурьшилтай ажилтнуудын 63% нь “ажилдаа дуртай” гэж хариулжээ. 

    Байгууллагад үзүүлэх нөлөө:

    1. Хүний нөөцийн тогтвортой байдал нэмэгдэнэ

    Тууштай ажилтнуудын ачаар сургалт, ажилтны эргэлтийн зардал буурч, туршлагатай багийн бүтээмж нэмэгддэг.

    2. Байгууллагын нэр хүнд өсдөг

    Тогтвортой ажиллах орчин бүрдүүлсэн байгууллагууд ажил хайгчдын сонирхлыг татаж, хамтрагч талуудад найдвартай байдлаа харуулдаг итгэмээргүй давуу тал ч бий.

    3. Инноваци, сайжруулалт эрчимждэг

    Удаан ажилласан ажилтнууд байгууллагын сул болон давуу талыг илүү сайн мэддэг тул бүтээлч санал, үр ашигтай шийдлүүд гаргах магадлал өндөр байдаг.

    Анхаарах зүйлс:

    Тууштай ажиллахын зэрэгцээ дараах зүйлсийг байнга анхаараарай:

    • Хувийн хөгжил, ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх
    • Өөр салбар, шинэ орчинд ажиллах боломжийг нээлттэй хүлээж авах
    • Байгууллагын соёл, бодлого хэт сөрөг болсон тохиолдолд дахин үнэлгээ хийх

    Эцэст нь:

    Нэг салбар, нэг байгууллагад тууштай ажиллах нь зөвхөн хувь хүний биш, байгууллагын хөгжилд чухал хувь нэмэр оруулдаг. Амжилттай, үнэ цэнтэй карьерт хүрэхийн тулд тасралтгүй суралцаж, шинэ сорилтод бэлэн байх хэрэгтэй. Өнөө цагийн хөдөлмөрийн зах зээлд тууштай байдал бол сул тал биш, харин таны хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт юмшүү.

    Илүү олон танд хэрэгтэй зөвлөгөө мэдээллийг манай LAMBDA платформоос аваарай.   

  • Амжилтанд хүрэхэд амбиц хэр чухал чухал вэ?

    Амжилтанд хүрэхэд амбиц хэр чухал чухал вэ?

    Ажлын байрны амбиц гэж юу вэ?

    Ажлын байрны амбиц нь ажилтнуудын карьерийн зорилго, хүсэл эрмэлзэл, өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй холбоотой сэтгэл зүйн хүчин зүйл юм. Энэ нь зөвхөн хувь хүний амжилт төдийгүй, байгууллагын бүтээмж, тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

    Судалгаагаар ажлын байрны амбиц нь ажилтнуудын гүйцэтгэл, байгууллагын үнэнч байдал, сэтгэл ханамжтай холбоотой гэдгийг харуулж байна.

    Амбиц ба гүйцэтгэл

    Амбицтай ажилтнууд илүү идэвхтэй, бүтээлч байдаг. Тэд зорилгодоо хүрэхийн тулд илүү их хүчин чармайлт гаргадаг. Шинэ санаа, шийдэл гаргах, өөрчлөлтөд дасан зохицох зэрэг чадваруудаа хөгжүүлдэг байна. Жишээлбэл: Бельгийн Брюссель хотод хийсэн судалгаагаар, амбицтай ажилтнуудын гүйцэтгэл нь удирдлагуудад өндөр үнэлэгддэг болохыг тогтоосон байна.

    Амбиц ба байгууллагын үнэнч байдал

    Амбиц нь байгууллагын үнэнч байдалтай холбоотой. Амбицтай ажилтнууд өөрийн карьерийн боломжийг байгууллагатай холбож үздэг. Энэ нь тэдний байгууллагад үлдэх, урт хугацаанд хамтран ажиллах хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлдэг.Тэд байгууллагын үнэт зүйлсийг хүндэтгэж, зорилго, үнэт зүйлстэй нь нийцэхийг эрмэлздэг байна.  Сонирхолтой биш гэж үү?

    Амбиц ба сэтгэл ханамж

    Амбиц нь ажилтнуудын сэтгэл ханамжтай холбоотой. Ажлын зорилго, амжилт, карьерийн хөгжил нь ажилтнуудын сэтгэл санааг сайжруулж, тэдний ажилдаа сэтгэл ханамжтай байх нөхцөлийг бүрдүүлдэг.Амбицтай ажилтнууд өөрийн амжилтаа үнэлж, өөртөө итгэлтэй байж, ажлын орчинд эерэг хандлагатай байдаг.

    Амбиц ба ажлын орчны нөлөө

    Ажлын орчин нь амбицтай ажилтнуудын хөгжлийг дэмжих ёстой. Удирдлагууд ажилтнуудын амбицыг ойлгож, тэдэнд карьерийн хөгжлийн боломжийг олгох хэрэгтэй.

    • Урамшуулал
    • Хүлээн зөвшөөрөлт
    • Дэмжлэг үзүүлэх

    Судалгаагаар, эерэг ажлын орчин нь ажилтнуудын амбицыг нэмэгдүүлж, бүтээмжийг сайжруулдаг байна.

    Амбицын эрсдэл ба тогтвортой байдал

    Амбиц нь зөвхөн эерэг нөлөөтэй биш. Зарим тохиолдолд хэт өндөр амбиц нь дараах эрсдлийг дагуулж болзошгүйг анхаараарай. 

    • Ажлын хэт ачаалал
    • Стресс
    • Шаталт (burnout)

    Тиймээс амбицын түвшинг зохистой хэмжээнд хадгалах, түүний илрэлтийг зөв удирдах нь чухал юм.

    Ажлын байрны амбиц нь хувь хүний амжилт, байгууллагын бүтээмж, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх чухал хүчин зүйл юм. Гэвч энэ нь зарим эрсдлийг дагуулж болох тул түүнийг зохистой удирдах шаардлагатай. Удирдлагууд ажилтнуудын амбицыг ойлгож, карьерийн хөгжлийн боломжийг олгож, урамшуулал, хүлээн зөвшөөрөлт үзүүлэх замаар тэднийг дэмжих хэрэгтэй. Ингэснээр байгууллага амжилттай, бүтээмжтэй, сэтгэл ханамжтай хамт олныг бүрдүүлэх боломжтой болно.

    Өөрийн үнэ цэнэ, ур чадвараа нээж, алсын хараагаа бодит болгох алхмуудыг хийхэд тань гүүр болох https://lambda.global/feed платформ дээр  Монголын хамгийн шилдэг, таатай орчин нөхцөлтэй байгууллагууд таныг хайж, хүлээж байгаа шүү.

     

  • Эрүүл харилцаа, эерэг хамт олон

    Эрүүл харилцаа, эерэг хамт олон

    Эерэг уур амьсгалтай хамт олон нь ажилтнуудын сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг. Тухайлбал, сэтгэл ханамж нь ажилчдын бүтээмж, ажлын амжилттай шууд холбоотой байдаг бөгөөд энэ нь удирдлага, харилцан хүндэтгэлтэй орчинд л бий болно. Ажилтнууд өөрсдийгөө үнэлэгдэж, тэдний хүчин чармайлтыг хүлээн зөвшөөрч байгаа үед сэтгэл зүйн хувьд дэмжлэг авч, илүү идэвхтэй ажиллах хүсэл эрмэлзлэлтэй болдог.

    Бүтээмжийг нэмэгдүүлэх, инноваци дэмжих

    Эерэг уур амьсгал нь хамт олны бүтээмжийг мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг. Хүмүүс ажлын орчинд бүтээлч байдлаа илэрхийлэх, шинэ санаа, санаачлагуудыг гаргах боломжтой байх үедээ хамгийн өндөр үр дүнг гаргадаг. Ажилчид хоорондоо нээлттэй харилцаж, зөвшилцөж, асуудалд шинэ хандлагуудыг авчрах боломжтой болдог. Эерэг уур амьсгалтай орчин нь инноваци, шинэ санаа гаргалтанд чухал нөлөө үзүүлдэг.

    Харилцан итгэлцэл, хамтын ажиллагаа

    Эерэг уур амьсгал нь харилцан итгэлцлийг үүсгэдэг. Ажилтнууд бие биедээ итгэж, эргэлзээтэй асуудлуудыг хамтран шийдвэрлэхэд хялбар байдаг. Харилцан итгэлцэл нь хүн бүрийн оруулсан хувь нэмэр, санаа бодлыг үнэлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хоорондоо ойлголцсон, туслалцаа авч чаддаг, санаачилгатай хүмүүсийн орчин нь бүтээлч байдлыг нэмэгдүүлдэг. Ийм орчинд ажиллах нь тухайн хүний хувьд өдөр тутмын амьдралыг илүү аз жаргалтай, эрүүл болгож, үүний үр дүнд бүтээмж нэмэгддэг.

    Судалгааны баримтууд

    • 2017 онд Gallup компанийн явуулсан судалгаагаар, ажилчдын сэтгэл ханамж өндөр байх нь ажлын бүтээмжийг 21%-иар нэмэгдүүлдэг гэдгийг тогтоожээ.
    • “American Psychological Association”-ийн 2016 оны судалгаагаар, эерэг уур амьсгалтай орчин нь ажилчдын сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлдэг бөгөөд ажлын стрессийг 40%-иар бууруулдаг гэсэн дүн гарчээ.
    • Харвардын их сургуулийн судлаачид 2014 онд гаргасан судалгаагаараа, харилцан итгэлцэлтэй, эерэг уур амьсгалтай хамт олонд ажиллах нь бүтээлч байдлыг 30%-иар нэмэгдүүлдэг гэдгийг тогтоожээ.

    Хувь хүний хөгжил ба байгууллагын өсөлт

    Түүнчлэн ажилчид өөрсдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, шинэ зүйл сурах, өөрийгөө хөгжүүлэхэд урам зоригтой болдог. Энэ нь зөвхөн хувь хүний төдийгүй, байгууллагын хөгжлийн суурь болж чаддаг. Мөн ажилчид хоорондоо хамтран ажиллах, шинэ санаа гаргах, технологи, ур чадварын хувьд сэргийлэх, шинэчлэлд анхаарах зэрэгт илүү амжилттай байдаг. Эерэг уур амьсгал нь суралцах хүсэл эрмэлзлэлийг нэмэгдүүлж, зөвхөн байгууллагын ачааллыг бууруулах төдийгүй, ажилчдын ур чадварыг дээшлүүлэх, зөв зүйтэй шийдвэр гаргахад ч орон зай нээдэг.

    Сонирхолтой, танд тус болохуйц зөвлөгөөг зөвхөн LAMBDA-с. 

    Энд дарж Lambda-гаар карьер замналаа тодорхойлуулаарай.

  • Ажлаа солих эсэхээ шийдэхэд анхаарах 5 асуулт

    Ажлаа солих эсэхээ шийдэхэд анхаарах 5 асуулт

    Ажлын байр гэдэг бол бидний амьдралын маш том хэсэг. Өдөр тутамдаа цаг, эрч хүч, чадвараа зориулдаг энэ орчин маань сэтгэл ханамж, ур чадварын өсөлт, амьдралын хэмнэлийг тодорхойлдог. Гэвч заримдаа бид ажилдаа дасаагүй мэт мэдрэмж төрж, шинийг эрэлхийлэх хэрэгтэй болов уу гэж эргэцүүлдэг үе гардаг.
    Ажлаа солих уу, эсвэл дахиад хүлээх үү? гэдэг асуултад хариулах амаргүй. Тиймээс дараах 5 асуултад үнэнчээр хариулснаар та шийдвэрээ илүү зорилготойгоор гаргаж чадна.

    1. Энэ ажил миний урт хугацааны зорилготой нийцэж байна уу?

    Ажлын байр таны ур чадварыг сайжруулаад зогсохгүй, ирээдүйн зорилго, үнэ цэнтэй тань нийцэж байх ёстой. Хэрэв хийж буй ажил тань таны мөрөөдөлтэй зөрчилдөж байвал өөр гарц эрэлхийлэх нь зөв алхам байж магадгүй.

    2. Би энэ ажлаас суралцаж, хөгжиж байна уу?

    Хийж буй ажилдаа өсөлт мэдрэхгүй, нэгэн хэвийн хэмнэлд орсон мэт санагдаж байвал энэ бол анхаарах дохио. Ажил гэдэг бол зүгээр нэг цалин биш , хувь хүний хөгжлийн орчин байх ёстой.

    3. Надад ажлын сэтгэл ханамж хэр байна вэ?

    Ажлын орчин, хамт олон, удирдлагын хандлага зэрэг нь сэтгэл зүйн эрүүл мэндэд шууд нөлөөлдөг.
    Gallup-ийн 2022 оны судалгаагаар дэлхийн ажилчдын ердөө 21% нь л ажилдаа бүрэн сэтгэл хангалуун байдаг гэж хариулсан нь хүмүүс зөвхөн орлого биш — утга учиртай, урамтай ажиллах орчныг эрэлхийлж буйг харуулж байна.

    4. Би энэ ажлын цалин, урамшууллыг шударга гэж үзэж байна уу?

    Санхүү бол олон хүний хувьд ажил солих шийдвэр гаргахад хамгийн нөлөө бүхий хүчин зүйлсийн нэг байдаг. Цалин, урамшуулал, ажлын үр өгөөжийн тэнцвэр алдагдсан үед хүмүүс өөрийгөө илүү үнэлэгдэх орчинд очих хэрэгтэй гэж үздэг. Хөдөлмөрийн үнэлэмж зөвхөн мөнгөн дүн биш ч, санхүүгийн тогтвортой байдал бол хүн өөртөө итгэх итгэл, амьдралын чанарт шууд нөлөөлдөг гол суурь юм.
    Lambda.Global-ийн LinkedIn хуудсаар явуулсан 2025 оны санал асуулгад оролцсон 356 хүний:

    • 41% нь “цалингаа нэмүүлэхийн тулд”
    • 24% нь “удирдлагын асуудлаас”
    • 20% нь “зорилгогүй байдал”
    • 15% нь “тушаал ахих боломжгүйн улмаас”
      ажлаа солиход бэлэн гэж хариулсан байна. Энэ нь бидний карьерын шийдвэрт зөвхөн нэг шалтгаан бус, олон давхар хүчин зүйлс нөлөөлдөг гэдгийг харуулж байна.

    5. Би энэ шийдвэрийг түр зуурын сэтгэл хөдлөл дээр үндэслэж байна уу?

    Нэг удаагийн стресс, маргаан, бухимдал дээр үндэслэн шийдвэр гаргах нь эрсдэлтэй. Тиймээс өөртөө цаг өгч, хөндлөнгөөс эргэцүүлж, сэтгэл хөдлөл дээр биш — бодит шалтгааны дээрүндэслэсэн шийдвэр гаргах нь хамгийн ухаалаг алхам.

    Ажил солих гэдэг бол зөвхөн шинэ газар очих тухай биш — өөрийгөө дахин нээж, дараагийн шат руу алхахшийдвэр юм. Энэ шийдвэрийг та түр зуурын мэдрэмж дээр биш, зорилго, үнэ цэн, хөгжлийн замтайгаа уялдуулан гаргаж чадвал — зөвхөн ажлаа биш, амьдралынхаа чиглэлийг илүү тодоор тодорхойлж чадна. Хэрвээ та одоо яг энэ эргэлзээтэй үе дээр зогсож байгаа бол, өөрт тохирох дараагийн алхмаа AI-ийн тусламжтайгаар илүү ухаалгаар гаргах боломж нээлттэй байна.

    lambda.global-ийн Career Path платформ дээр та:

    AI бол таны оронд шийдвэр гаргах биш, харин таны шийдвэрийг илүү тод, зорилготой болгоход туслах хэрэгсэл.
    Та зүгээр л lambda-г туршаад үз, дараагийн алхам танд улам ойлгомжтой болно

  • Ажлын зар дээрх “цалин тохиролцоно” гэдэг юу гэсэн үг вэ?

    Ажлын зар дээрх “цалин тохиролцоно” гэдэг юу гэсэн үг вэ?

    Өөрт тохирсон ажил хайн ажлын зар гүйлгэж байх зуур “Цалин тохиролцоно” гэсэн мөрийг олон удаа харж байсан байх. Миний бодож байгаа цалинг өгч чадах болов уу? Яг хэдэн төгрөгний цалин гэдгийг нь бичээгүй нь сэжигтэй санагдаж эргэлзээд өнгөрөх тохиолдол нэлээдгүй билээ. Энэхүү нийтлэл танд эргэлзээ болж үлдсэн асуулт болгонд хариултаа авахад туслана гэж найдаж байна. 

    Ажлын зар дээрх “цалин тохиролцоно” гэдэг нь:

    Цалин тохиролцоно гэх үг  нь ажил олгогчийн зүгээс цалингийн тодорхой дүнг заахгүйгээр, ирээдүйн ярилцлагаар тохиролцоно гэсэн утгыг илэрхийлдэг. Гэхдээ энэхүү хэллэг нь зарим үед тодорхой бус байдал, цалингийн шударга бус тогтолцоог далд хэлбэрээр хадгалсаар байх нэг шалтгаан болдог.

    “Цалин тохиролцоно” гэх үг нь ямар утга агуулдаг вэ?

    1. Ил тод бус байдал – Цалингийн мэдээлэлгүй зар нь ажил горилогчдод харьцуулалт хийх, өөрийн ур чадвартаа тохирсон боломжийг үнэлэх боломжийг хязгаарладаг.
    2. Жендэрийн ялгаа нэмэгдэх эрсдэлтэй – Судалгаагаар, эмэгтэй ажил горилогчид өөрсдийн чадвараа дутуу үнэлэх хандлагатай байдаг тул ижил ажлын байрны цалинг бага санал болгох эсвэл хүлээн зөвшөөрөх магадлал өндөр байдаг.
    3. Харилцааны тэгш бус байдал – Ажил олгогч нь мэдээллийг нууцалж, харин ажил горилогч өөрийн туршлага, шаардлагыг бүрэн илэрхийлэх ёстой болдог. Энэ нь эрх мэдлийн тэнцвэргүй байдлыг бий болгодог.

    Яагаад зарим байгууллага цалингийн хэмжээг заадагүй вэ?

    • Шууд өрсөлдөгчиддөө байгууллагын мэдээллээ алдахаас сэргийлдэг.
    • Байгууллагын доторх цалингийн зөрүүгээ нууцлахыг хүсдэг.
    • Боломжит хамгийн бага цалинг өгөхийг илүүд үздэг байна.

    Цалингийн хэмжээг ил тод байлгах нь яагаад чухал вэ?

    • OECD (2023) оны судалгаагаар, цалингаа нууцалдаг болон “тохиролцоно” гэх хэллэг ашигладаг орнуудад эмэгтэйчүүдийн цалин ижил ажлын байранд 13–18% бага байдаг нь тогтоогдсон. Энэ нь эмэгтэйчүүд өөрсдийн цалинг илүү доогуур санал болгодог, эсвэл байгууллагууд “тохиролцох” нэрийн дор хямд үнэлдэгтэй холбоотой.
    • АНУ-ын Калифорни, Нью-Йорк, Вашингтон мужуудын хөдөлмөрийн хуульд 2023 оноос эхлэн “ажлын зар дээр цалингийн доод, дээд хязгаарыг заавал оруулах” шаардлагыг хуульчилжээ. Энэ нь ажил горилогчдын мэдээлэлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжсэн, Цалингийн ялгааг бууруулсан, Байгууллагуудын нэр хүндийг өсгөсөн байна.

    Цалингийн тодорхойгүй байдал нь зөвхөн байгууллагын асуудал биш юм. 

    Энэ нь хөдөлмөрийн зах зээл дэх шударга байдал, тэгш эрх, нийгмийн итгэлцэлд шууд нөлөөлдөг. Шинээр ажилд орж тухайн байгууллагатай цалин тохиролцохдоо “Та ямар хэмжээний цалин хүсэж байна вэ?” гэдэг асуултад бэлэн бай. Мөн өөрийн орохыг хүсэж буй ажлын байрны зах зээл дээрх дундаж цалинг судалж, өөрийн ур чадвар, туршлагыг харгалзан үзэж өөрийн хүсэж буй цалингийн хэмжээгээ хэлэх нь зохимжтой юм. Ингэснээр дийлэнх хүмүүсийн цалин тохиролцохдоо гаргадаг нийтлэг алдаанаас сэргийлэх боломжтой. Энгийнээр хэлэхэд цалин тохиролцох гэдэг нь байгууллага болон ажилчид хоорондын “үнэ цэнэ”-г тэнцүүлж буй хэрэг юм. https://lambda.global/feed таны ур чадварт нийцсэн, итгэл даах байгууллагуудын ажлын заруудыг нэгтгэн хүргэж, хөдөлмөрийн үнэлэмжээ хамгаалж, үнэ цэнтэй шийдвэр гаргахад тань тусалдаг гэдгийг та мэдсэн үү? 

     

     

  • Ажлын сэтгэл ханамжийг тодорхойлох үзүүлэлтүүд

    Ажлын сэтгэл ханамжийг тодорхойлох үзүүлэлтүүд

    Ажилдаа сэтгэл ханамжтай байх нь зөвхөн ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд нөлөөлөөд зогсохгүй, ажилтны сэтгэл зүй, амьдралын чанарт эерэг өөрчлөлт авчирдаг. Ажилдаа дуртай хүн илүү санаачилгатай, бүтээлч байдаг бөгөөд энэ нь багийн уур амьсгал, байгууллагын нийт үр дүнд эергээр нөлөөлдөг. Тиймээс ажилтнуудын сэтгэл ханамжийг тогтмол хэмжих, үнэлэх нь байгууллагын амжилтын түлхүүр юм. Энэ нь зөвхөн хүний нөөцийн бодлого боловсруулахад төдийгүй, удирдлагын стратегийн шийдвэр гаргалтад чухал суурь болж өгдөг.

    Ажлын сэтгэл ханамжийн тухай

    Ажлын сэтгэл ханамж гэдэг нь ажилтан өөрийн ажлыг хэрхэн мэдэрч, түүндээ хэр таатай, үнэ цэнтэй, урам зоригтой байгааг илэрхийлэх сэтгэлзүйн төлөв юм. Энэ мэдрэмж нь зөвхөн тухайн хүний хувийн үнэлэмж бус, байгууллагын дотоод орчин, удирдлагын арга барил, байгууллагын соёл зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг. Үүнд:

    • Цалин, урамшууллын шударга ил тод байдал,

    • Ажлын байрны орчин,

    • Ажлын ачаалал ба хувийн амьдралын тэнцвэр,

    • Удирдлагын харилцаа ба дэмжлэг,

    • Ажлын агуулга, зорилгын ач холбогдол,

    • Хамт олны уур амьсгал ба хамтын ажиллагаа зэрэг багтана.

    Эдгээр хүчин зүйлс нь цогцоороо ажилтны сэтгэл ханамжид нөлөөлж, улмаар түүний урам зориг, байгууллагад үлдэх хүсэл, ажлын бүтээмж болон байгууллагын амжилтад хувь нэмэр оруулах хандлагыг илэрхийлдэг.

    Сэтгэл ханамжийг тодорхойлох вэ?

    Ажилтны сэтгэл ханамжийг хэмжихдээ нийтлэгээр судалгаа, асуулга ашиглан тэдний ажлын орчин, харилцаа, цалин урамшуулал, ажил үүргийн тодорхой байдал, хөгжих боломж зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үздэг. Үүнээс гадна ажилтны сэтгэл ханамжид нөлөөлдөг гол хүчин зүйлс нь цалин хөлс, удирдлага болон хамт олонтой харилцах харилцаа, ажлын утга учир, карьерын хөгжил, ажлын ба амьдралын тэнцвэр зэрэг багтдаг. Эдгээр хүчин зүйлийг тогтмол үнэлж, сайжруулснаар ажилтны сэтгэл ханамжийг дээшлүүлэх боломжтой юм.

    Асуулгын судалгаа

    Ажилтнуудын дунд нарийн боловсруулсан асуулга судалгаа авч, тэдний ажлаасаа авдаг сэтгэл ханамжийг хэмжих боломжтой.

    Бие даасан үнэлгээ

    Ажилтан өөрөөсөө дараах асуултыг асуух:

    • Ажлын өдөр дуусахад би сэтгэл хангалуун байдаг уу?

    • Миний хийж буй ажил надад утга учиртай санагддаг уу?

    • Би ажлын орчиндоо тайван, нээлттэй харилцаатай байдаг уу?

    Гүйцэтгэлийн үнэлгээтэй харьцуулах

    Сэтгэл ханамж өндөртэй ажилтнууд ихэвчлэн ажлын гүйцэтгэлээрээ бусдыг хөтөлдөг. Ажлын үр дүнгээс тэдний урам зоригийг тодорхойлж болдог.

    Ажилтны сэтгэл ханамжид нөлөөлдөг гол хүчин зүйлс

    Сэтгэл ханамжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

    Ажлын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн тулд ажил олгогчдын зүгээс хэд хэдэн чухал арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай.

    Ажилтны санал хүсэлтийг тогтмол сонсож, үнэлдэг ил тод тогтолцоо нь хамтын ажиллагааг сайжруулж, итгэлийг нэмэгдүүлдэг. Мөн шударга, зах зээлийн түвшинд нийцсэн цалин урамшууллын бодлого баримтлах нь ажилтны үнэлэгдэж буй мэдрэмжийг төрүүлдэг. Ажилтны ур чадвар, мэргэжлийн өсөлтийг дэмжих сургалт, хөгжлийн хөтөлбөрүүд нь сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг бол харин аюулгүй, эрүүл орчинд ажиллах боломж нь тэдний тав тух, ажлын үр бүтээмжид шууд нөлөөлдөг байна.

    Харин ажилтнууд өөрсдөө ч сэтгэл ханамжтай, идэвхтэй оролцоотой ажиллахын тулд хувь хүний зүгээс тодорхой алхам хийх хэрэгтэй. 

    Хувийн зорилгоо байгууллагын зорилготой уялдуулж, ажлын утга учрыг ойлгосноор өөрийн ажилдаа илүү үнэ цэнтэйгээр хандах боломжтой. Мөн шинэ мэдлэг, ур чадварыг эзэмшихэд анхаарч, тасралтгүй өөрийгөө хөгжүүлэх нь сэтгэл ханамжийг дэмждэг. Ажлын байрны стрессийг зөв зохицуулах арга барил эзэмших, багаар ажиллах харилцаагаа сайжруулах нь зөвхөн өөрийнх нь төдийгүй хамт олны уур амьсгалд эерэг нөлөө үзүүлдэг.

    Ийм байдлаар ажил олгогч болон ажилтан хоёулаа харилцан оролцоотой байснаар ажлын сэтгэл ханамжийг тогтвортой нэмэгдүүлэх боломжтой юм.

    Ажилтны сэтгэл ханамж нь байгууллагын тогтвортой өсөлт, ажлын уур амьсгалын үндэс суурь болдог. Үүнийг тодорхойлж, улмаар тогтмол сайжруулан, хамтын оролцоотой, хөгжлийг эрхэмлэсэн бодлого хэрэгжүүлснээр ажилтнуудын сэтгэл ханамж нэмэгдэж, бүтээмж өсөх юм.

    Илүү олон ажилд орох зөвлөгөө, ярилцлагад бэлтгэх арга, карьер хөгжүүлэлтийн мэдээллийг манай LAMBDA платформоос аваарай.  

  • Цалин ба байгууллагын соёлыг хэрхэн эрэмбэлэх вэ?

    Цалин ба байгууллагын соёлыг хэрхэн эрэмбэлэх вэ?

    Санхүүгийн баталгаа ба сэтгэл ханамжийн тэнцвэр

    Өөрт тохирсон ажлын байраа олох үйл явц нь зөвхөн ирээдүйн амьдралын хэв маяг, сэтгэл ханамжид төдийгүй карьерын өсөлт, хөгжлийг тодорхойлох чухал шийдвэр гаргах үе шат юм. Тиймээс таны хувьд цалин өндөр байхад л бүх зүйл сайхан байх уу? Эсвэл найрсаг, урам зоригтой хамт олон, дэмждэг удирдлага чухал уу? гэдгийг эргэцүүлэх нь зүйтэй. Учир нь ажлын амжилт, сэтгэл ханамж нь зөвхөн орлогоос бус, орчин, хүмүүс хоорондын харилцаанаас ч мөн ихээхэн хамаардаг.

    Амьдралын баталгаа ба санхүүгийн эрх чөлөө

    Цалин орлого бол өдөр тутмын амьдрал, ирээдүйн төлөвлөгөө болон санхүүгийн баталгааг хангахад чухал үүрэгтэй билээ. Тогтмол, тогтвортой орлого нь таны гэр бүл, амьдралын хэв маягт тав тухыг авчирдаг. Мөн боловсрол, аялал зэрэг ирээдүйд хийх хөрөнгө оруулалтыг дэмжиж, түүнчлэн санхүүгийн хүндрэлийг даван туулахад ч тусалдаг.

    Гэвч өндөр цалинтай ч ажлын орчин дарамттай, стресс ихтэй бол тухайн ажилтны сэтгэл ханамж буурч, эрүүл мэнд болон бүтээмжид сөргөөр нөлөөлж болно. Тиймээс зөвхөн цалинг чухалчлахаас гадна ажлын орчны талаар ч анхаарах хэрэгтэй юм.

    Байгууллагын соёл ба ажлын сэтгэл ханамж

    Байгууллагын соёл гэдэг нь тухайн компанийн үнэт зүйлс, хамт олны харилцаа, дотоод уур амьсгал, удирдлагын хандлагаас бүрддэг ойлголт юм. Сайн соёлтой байгууллагад ажиллах нь таныг өглөө бүр урам зоригтой, аз жаргалтай ажилдаа очих нөхцлийг бүрдүүлнэ.

    Мөн ийм орчинд та өөрийгөө хөгжүүлэх, шинэ зүйл сурах боломжтой. Итгэлцэлтэй баг хамт олон, эерэг уур амьсгал нь урт хугацааны тогтвортой амжилтыг бий болгодог. Гэхдээ заримдаа найрсаг уур амьсгалтай ч цалин бага, карьерын боломж хязгаарлагдмал байх магадлалтайг анхаараарай.

    Ямар үед хэрхэн эрэмбэлэх вэ?

    Дээрх ойлголтуудын тэнцвэрийг хадгалахад тухайн хүний амьдралын нөхцөл байдал, зорилго, урт болон богино хугацааны төлөвлөгөө зэрэг нь нөлөөлдөг.

    Хэрэв таныг санхүүгийн дарамт нухалж байвал хамгийн түрүүнд тогтмол өндөр цалин, урамшуулал, эрүүл мэндийн даатгал зэрэг эдийн засгийн баталгааг хангасан ажлыг сонгох нь зүйтэй. Харин таны ажил мэргэжилтэй холбоотой стресс өндөр байвал хамт олны уур амьсгал, байгууллагын соёл, сэтгэлзүйн дэмжлэг чухал болдог. Мөн хэрвээ та ур чадвараа хөгжүүлж, шат ахих хүсэлтэй бол сургалт, менторшип, дэвших боломжийг санал болгодог байгууллагыг эрэлхийлэх хэрэгтэй. Түүнчлэн гэр бүлийн нөхцөл байдал, хүүхэд асрах шаардлагатай бол уян хатан ажлын цаг, алсын зайн ажил, ойлгомжтой, дэмжигч удирдлага бүхий орчинг сонгох нь ухаалаг алхам болно.

    Ийм учраас та яг одоо юунд хамгийн их ач холбогдол өгч байгаагаа тодорхойлж, “Надад одоохондоо тогтмол орлого чухал уу, эсвэл мэргэжлийн өсөлт үү?” гэж өөрөөсөө асуугаад хариултад нь үндэслэн сонголтоо хийх хэрэгтэй. Гэхдээ хувийн болон ажил мэргэжлийн амьдралынхаа тэнцвэрийг олохын тулд энэхүү эрэмбэ байнга өөрчлөгдөж болохыг анхаараарай. Нөхцөл байдал өөрчлөгдөхийн хэрээр таны хэрэгцээ, зорилго, эрэмбэлэлт ч мөн адил шинэчлэгдэх нь хэвийн зүйл юм.

    Ажлын байр сонгохдоо анхаарах зөвлөмжүүд

    • Өөрийн үнэт зүйл, зорилгоо тодорхойлоорой

    • Одоогийн хамгийн чухал шаардлага тань цалин уу, тайван орчин уу, эсвэл карьер уу?

    • Компанийн талаар сошиал сувгууд дээрх сэтгэгдэл, өмнөх эсвэл одоо байгаа ажилчдаас мэдээлэл цуглуулах

    • Ярилцлагын үеэр “Танай байгууллагын багийн уур амьсгал ямар вэ?”, “Ажлын өдөр хэрхэн өрнөдөг вэ?”, “Карьерын өсөлтийн боломжууд юу вэ?” гэж асуугаарай.

    Өөрийн үнэ цэнэ, амьдралын зорилгод нийцсэн цалин, байгууллагын соёлын тэнцвэрийг олох нь хамгийн зөв шийдвэр болно.

    Таны шийдвэр ирээдүйг тодорхойлно

    Цалин ба байгууллагын соёл хоёулаа чухал хэдий ч таны амьдралын үе шат, зорилгоос хамааран аль нэгийг илүү чухалчлах шаардлагатай болж магадгүй юм. Хэрэв санхүүгийн баталгаа илүү чухал байвал цалин дээр төвлөрч, харин хувь хүний өсөлт, сэтгэл ханамжийг эрхэмлэх үед байгууллагын соёлыг илүү анхаараарай.

    Өөрийн үнэт зүйлс, зорилгоо тодорхой ойлгож, түр зуурын ашиг сонирхол бус урт хугацааны тогтвортой өсөлт, урам зоригтой ажиллах тэр аз жаргалыг эрхэмлэх нь амжилтын эхлэл болох юм.

    Таны одоогийн авч буй цалин хэр шударга вэ?

    LAMBDA AI цалин тооцоологч Бид таны ур чадвар, боловсрол, ажлын туршлага, амжилт ололт дээр суурилан тооцоолол хийж ямар мэргэжлээр, хэдэн төгрөгний цалинтай ажиллавал зохимжтойг тооцоолно.

    Унших нийтлэл: Карьераа хөгжүүлэх 5 чухал алхам

  • Цалингаа нуух уу, ил тод байлгах уу?

    Цалингаа нуух уу, ил тод байлгах уу?

    Сарын цалин чинь хэд вэ? гэдэг асуулт олон хүнд хувийн амьдрал руу нь халдаж байгаа мэт эвгүй сэтгэгдэл төрүүлдэг. Манай улсад үйл ажиллагаа явуудж буй дийлэнх байгууллагын ажилчид цалингаа бие биедээ хэлдэггүй, удирдлагууд ч энэ талын мэдээллийг хаалттай байлгахыг илүүд үздэг. Гэтэл энэхүү “цалингийн нууцлал” нь үнэндээ шударга бус байдлыг далдлах, нэгэндээ үл итгэх уур амьсгалыг бүрдүүлэхийн эхлэл юм.

    Яагаад хүмүүс цалингаа нууцалдаг вэ?

    “Миний цалин бусдаас зөрүүтэй байх вий гэх айдас , цалингаа нууцалж бусдад хэлэхгүй байх нь “ёс суртахуун” гэх мэт түгээмэл ойлголт нь цалингаа нууцлах шалтгааны нэгээхэн хэсэг. Мөн доорх хэдэн шалтгаантай ч холбоотой:

    • Цалин бусдаас ялгарах вий гэх айдас

    • Цалингаа нууцлахыг ёс суртахуун гэж үзэх

    • Ажилчдын хоорондын атаархал, үл ойлголцол үүсэхээс сэргийлэх

    • Удирдлагуудын дарамтыг бууруулах гэсэн шалтгаанууд голлодог

    Зарим тохиолдолд цалинг ил тод зарласнаар ажилчид хоорондын үл ойлголцол, нэгэндээ атаархах, удирдах албан тушаалтанд дарамт үүсэх гэх мэт эрсдэл үүсдэг байна. Гэвч эдгээрийг ажилчидтай харилцан тохиролцож, ярилцсанаар зохицуулагдах боломжтой гэдгийг хэд хэдэн улс орнууд батлан харуулсаар байна.

    Манай улсад цалингийн ил тод байдал 

    • Ихэвчлэн хаалттай байгууллагын дотоод мэдээлэл гэж үздэг.
    • Хуульчлагдаагүй ч байгууллагын дүрмээр хязгаарлагддаг.

    Ийм хаалттай соёл нь шударга бус байдал, ялгаварлал үүсэх нөхцөл болдог. Судлаачдын үзэж буйгаар, цалинг нууцалсан орчинд илүү олон зөрчил, итгэлцлийн хомсдол үүсдэг.

    Дэлхий дахинд ямар жишиг байна вэ?

    • АНУ, Канад, Их Британи зэрэг улсуудад ажилчид цалингаа хуваалцах эрхтэй. Энэ эрхийг хязгаарлахыг хууль бус гэж үздэг.
    • Скандинавын орнууд (Норвеги, Швед, Финланд)-д цалингийн мэдээлэл төрийн бүртгэлээр дамжуулан олон нийтэд нээлттэй байдаг.

    Цалингийн ил тод байдлын үр нөлөө

    1. Шударга ёс ба итгэлцлийг нэмэгдүүлдэг
    • Korn Ferry-ийн судалгаагаар цалингийн ил тод байдал нь байгууллагын дотоод шударга ёсыг дэмжиж, ажилчдын итгэлцлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.
    1. Жендерийн цалингийн зөрүүг бууруулдаг
    • Их Британид 2018 оноос эхлэн 250-аас дээш ажилтантай компаниуд жендерийн цалингийн зөрүүг ил тод мэдээлэхийг хуульчилснаар, цалингийн зөрүү 18%-иар буурсан байна.
    1. Ажилчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг

    Workable-ийн мэдээлснээр, цалингийн ил тод байдал нь ажилчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, байгууллагад үлдэх хандлагыг сайжруулдаг.

    Цалин бол хүний хөдөлмөрийн үнэлгээ төдийгүй байгууллага дахь итгэлцэл, нийгмийн шударга ёсны хэмжүүр юм. Цалингаа нуух соёл нь нэг талаас хувийн нууцыг хамгаалж буй мэт боловч нөгөө талаас шударга бус хуваарилалтыг далд хэлбэрээр дэмжих, үл итгэлцэл үүсгэх, ялгаварлал бий болгох үндэс болдог. Цалингаа нуух биш, шударга, ойлгомжтой системийг дэмжих нь илүү олон эерэг үр дагавар авчирдаг гэдгийг дээрх олон судалгаагаар нотлогдсон байна.

    https://lambda.global/feed таны ур чадварт нийцсэн, итгэл даах байгууллагуудын ажлын заруудыг нэгтгэн хүргэж, хөдөлмөрийн үнэлэмжээ хамгаалж, үнэ цэнтэй шийдвэр гаргахад тань тусалдаг шүү.

  • Ажилдаа очихоос өмнө ходоод зангирах мэдрэмж: Энэ хэвийн үү?

    Ажилдаа очихоос өмнө ходоод зангирах мэдрэмж: Энэ хэвийн үү?

    Та өглөө сэрээд ажилдаа явах тухай бодох төдийд ходоод тань базалж, амьсгаа давчдаж, зүрх чинь хурдан цохилдог уу? 
    Гэсэн ч  та энэ мэдрэмжийг тоохгүйгээр, “тэвч тэвч” гээд өөрийгөө хүчээр ажил руугаа чирч яваа юм биш биз?  Ихэнх хүмүүс ийм мэдрэмжийг “ажлын стресс”, “залхуурал” эсвэл “ядарсандаа болоод мэдрэмтгий болчихлоо” гэж ойлгодог. Гэвч үнэндээ энэ бол таны бие болон сэтгэл зүй хамтдаа “Туслаач” гэж дотроос тань дуудлага өгч байгаа дохио юм. Энгийнээр хэлбэл, та ажлаас халшрах хам шинжид өртжээ.
    Энэ нь сэтгэл зүйгээр биш, бие махбодоор түрүүлж илэрдэг үе ч бий. Тэгэхээр өнөөдөр бид танд ийм мэдрэмж хаанаас үүдэлтэй вэ, хэрхэн таних вэ гэдгийг хуваалцъя.

    Ажилдаа дургүй болох нь “залхуурал” огтхон ч биш.

    Ажлаа хийх хүсэлгүй болох нь сахилга бат муу, сэтгэлгээ сул гэсэн үг огтхон ч биш. Сэтгэл зүйчдийн тайлбарласнаар, ажлаас халшрах хам шинж (job aversion syndrome) нь зөвхөн сэтгэл зүйд бус, бие махбодод ч шууд илэрдэг хариу урвал гэжээ.  Хүмүүс ихэнхдээ тухайн нөхцөл байдалд сэтгэлзүйн хувьд дасан зохицохоос өмнө бие махбод аль хэдийн хариу үзүүлчихсэн байдаг гэдгийг анзаардаггүй.

     Таны биед илэрч болох түгээмэл шинж тэмдгүүд:

    • Ходоод базлах
    • Амьсгал давчдах
    • Толгой хөндүүрлэх
    • Бие сулрах, хүнд мэдрэгдэх
    • Сэрсэн ч амраагүй мэт өдөржин ядрах

    Эдгээр нь бүгд таны биеийн зүгээс ирж буй нэг төрлийн дохио юм.
    Товчхондоо: “Би энэ орчинд дахин ормооргүй байна” гэж хэлж байна гэсэн үг.

    Хүнд чулууг удаан тээгээд байвал?

    Сэтгэлдээ дарамт, зовуурийг удаан тээж явах нь хүнд чулуу тээж яваатай адил. Эхэндээ даах мэт санагдавч, нэг мэдэхэд хүч хүрэхээ больж, ядаргаа, туйлдалт, гүн уналтад хүргэдэг.

    Сэтгэл зүйн аливаа асуудлыг “жижиг зүйл” гээд үл тоомсорлох нь хожим илүү том, шийдвэрлэхэд төвөгтэй сөрөг үр дагавар авчрах магадлалтай байдаг шүүдээ.

    Яагаад эдгээр дохиог зайлшгүй анхаарах хэрэгтэй вэ?

    Халшралын анхны шинж тэмдгийг анзааралгүй удах нь дараах эрсдэлүүдийг дагуулж болзошгүй. Үүнд:

    • Сэтгэл гутрал
    • Хамт олон, гэр бүлийн харилцаанд сэв суух
    • Ажлын бүтээмж эрс буурах
    • Burnout буюу сэтгэл зүйн туйлдлын хам шинжид хүрэх

    Хэрвээ та ийм нөхцөлд орвол зөвхөн ажилдаа дургүй байхаас гадна, амьдралд ч дургүй мэт мэдрэмж төрж эхэлдэг аюултай.

     Юу хийх хэрэгтэй вэ?

    Хэрвээ таны бие ийм дохиог өгч эхэлсэн бол, дараах алхмуудыг туршиж үзэхийг танд зөвлөж байна.

    • Мэдрэмжээ хүлээн зөвшөөр
      “Би сул дорой байна” гэж өөрийгөө буруутгахын оронд, энэ бол миний биеийн хариу үйлдэл гэж ойлгож арга хэмжээ авах хэрэгтэй.
    • Шалтгааныг тунгаан бод
      Таныг энэ мэдрэмж рүү түлхэж буй хамгийн том хүчин зүйл юу вэ? Ажлын ачаалал уу, дотоод зөрчил үү, эсвэл ажлын орчин уу?
    • Өөртөө амьсгаа авч амсхийх хугацаа олго
      Жижигхэн завсарлага, өдөр тутмын өөрийгөө дэмжих дадал зуршлаас эхлээд өөрийгөө жаахан ч гэсэн амрааж, уртаар цээж дүүрэн амьсгал аваад үзээрэй.
    • Хэн нэгэнтэй мэдрэмжээ хуваалц
      Боломжтой бол сэтгэлзүйч, найз, эсвэл найдвартай хүнтэй энэ тухайгаа ярилцаж, мэдрэмжээ гадагшлуулах нь танд төсөөлөөгүй өөрчлөлтийг авчрах болно.

    Хэрвээ та сүүлийн үед ядраад, бүх зүйлээс залхаж, ажил руугаа явах тухай бодоход л бие чинь эсэргүүцээд байгаа бол…
    Санаа зоволтгүй — та ганцаараа биш юмшүү. Burnout эсвэл ажлаас халшрах мэдрэмж гэдэг олон хүнд тохиолддог зүйл. Гэхдээ хамгийн чухал нь  та үүнийг анзаарч, өөртөө анхаарал хандуулах хэрэгтэй юмшүү. Хэрвээ “надад яг юу болоод байна вэ?” гэж өөрөөсөө асууж байгаа бол Lambda танд зориулж BURN OUT  тестийн булантай болсон шүү. Танд тус болно гэдэгт бид итгэлтэй байна.