Category: Карьер Хөгжил

  • Ажлын зар дээрх “цалин тохиролцоно” гэдэг юу гэсэн үг вэ?

    Ажлын зар дээрх “цалин тохиролцоно” гэдэг юу гэсэн үг вэ?

    Өөрт тохирсон ажил хайн ажлын зар гүйлгэж байх зуур “Цалин тохиролцоно” гэсэн мөрийг олон удаа харж байсан байх. Миний бодож байгаа цалинг өгч чадах болов уу? Яг хэдэн төгрөгний цалин гэдгийг нь бичээгүй нь сэжигтэй санагдаж эргэлзээд өнгөрөх тохиолдол нэлээдгүй билээ. Энэхүү нийтлэл танд эргэлзээ болж үлдсэн асуулт болгонд хариултаа авахад туслана гэж найдаж байна. 

    Ажлын зар дээрх “цалин тохиролцоно” гэдэг нь:

    Цалин тохиролцоно гэх үг  нь ажил олгогчийн зүгээс цалингийн тодорхой дүнг заахгүйгээр, ирээдүйн ярилцлагаар тохиролцоно гэсэн утгыг илэрхийлдэг. Гэхдээ энэхүү хэллэг нь зарим үед тодорхой бус байдал, цалингийн шударга бус тогтолцоог далд хэлбэрээр хадгалсаар байх нэг шалтгаан болдог.

    “Цалин тохиролцоно” гэх үг нь ямар утга агуулдаг вэ?

    1. Ил тод бус байдал – Цалингийн мэдээлэлгүй зар нь ажил горилогчдод харьцуулалт хийх, өөрийн ур чадвартаа тохирсон боломжийг үнэлэх боломжийг хязгаарладаг.
    2. Жендэрийн ялгаа нэмэгдэх эрсдэлтэй – Судалгаагаар, эмэгтэй ажил горилогчид өөрсдийн чадвараа дутуу үнэлэх хандлагатай байдаг тул ижил ажлын байрны цалинг бага санал болгох эсвэл хүлээн зөвшөөрөх магадлал өндөр байдаг.
    3. Харилцааны тэгш бус байдал – Ажил олгогч нь мэдээллийг нууцалж, харин ажил горилогч өөрийн туршлага, шаардлагыг бүрэн илэрхийлэх ёстой болдог. Энэ нь эрх мэдлийн тэнцвэргүй байдлыг бий болгодог.

    Яагаад зарим байгууллага цалингийн хэмжээг заадагүй вэ?

    • Шууд өрсөлдөгчиддөө байгууллагын мэдээллээ алдахаас сэргийлдэг.
    • Байгууллагын доторх цалингийн зөрүүгээ нууцлахыг хүсдэг.
    • Боломжит хамгийн бага цалинг өгөхийг илүүд үздэг байна.

    Цалингийн хэмжээг ил тод байлгах нь яагаад чухал вэ?

    • OECD (2023) оны судалгаагаар, цалингаа нууцалдаг болон “тохиролцоно” гэх хэллэг ашигладаг орнуудад эмэгтэйчүүдийн цалин ижил ажлын байранд 13–18% бага байдаг нь тогтоогдсон. Энэ нь эмэгтэйчүүд өөрсдийн цалинг илүү доогуур санал болгодог, эсвэл байгууллагууд “тохиролцох” нэрийн дор хямд үнэлдэгтэй холбоотой.
    • АНУ-ын Калифорни, Нью-Йорк, Вашингтон мужуудын хөдөлмөрийн хуульд 2023 оноос эхлэн “ажлын зар дээр цалингийн доод, дээд хязгаарыг заавал оруулах” шаардлагыг хуульчилжээ. Энэ нь ажил горилогчдын мэдээлэлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжсэн, Цалингийн ялгааг бууруулсан, Байгууллагуудын нэр хүндийг өсгөсөн байна.

    Цалингийн тодорхойгүй байдал нь зөвхөн байгууллагын асуудал биш юм. 

    Энэ нь хөдөлмөрийн зах зээл дэх шударга байдал, тэгш эрх, нийгмийн итгэлцэлд шууд нөлөөлдөг. Шинээр ажилд орж тухайн байгууллагатай цалин тохиролцохдоо “Та ямар хэмжээний цалин хүсэж байна вэ?” гэдэг асуултад бэлэн бай. Мөн өөрийн орохыг хүсэж буй ажлын байрны зах зээл дээрх дундаж цалинг судалж, өөрийн ур чадвар, туршлагыг харгалзан үзэж өөрийн хүсэж буй цалингийн хэмжээгээ хэлэх нь зохимжтой юм. Ингэснээр дийлэнх хүмүүсийн цалин тохиролцохдоо гаргадаг нийтлэг алдаанаас сэргийлэх боломжтой. Энгийнээр хэлэхэд цалин тохиролцох гэдэг нь байгууллага болон ажилчид хоорондын “үнэ цэнэ”-г тэнцүүлж буй хэрэг юм. https://lambda.global/feed таны ур чадварт нийцсэн, итгэл даах байгууллагуудын ажлын заруудыг нэгтгэн хүргэж, хөдөлмөрийн үнэлэмжээ хамгаалж, үнэ цэнтэй шийдвэр гаргахад тань тусалдаг гэдгийг та мэдсэн үү? 

     

     

  • Карьераа хөгжүүлэх 5 чухал алхам

    Карьераа хөгжүүлэх 5 чухал алхам

    Карьер төлөвлөлт нь амжилтын замыг тодорхойлдог чухал зүйл юм. Өнөөгийн хөдөлмөрийн зах зээл дээр бусад талентаас онцгойрон харагдахын тулд шинэ ур чадвар эзэмших зайлшгүй шаардлагатай болсон. Ажлын байрны өрсөлдөөн нэмэгдэж, ажил олгогчдын тавьж буй шаардлага улам нарийсч буй энэ үед хувь хүний хөгжлийг орхигдуулах нь дэргэдэх боломжоо алдахтай адил билээ. Та шинэ ажил хайж байна уу? Эсвэл одоо байгаа карьераа шат ахиулахыг хүсэж байна уу? Хэрэв тийм бол яг одооноос өөртэйгөө тулж ажиллаж, өөрчлөлтийг эхлүүлээрэй.

    Зорилгоо тодорхойлно гэдэг нь карьерын луужин юм

    Юу хүсэж байгаагаа мэдэхгүй үед амжилт гэдэг зүйл хүрэхэд амаргүй санагддаг. Үнэхээр ч зорилгогүйгээр зөв замаа олох хэцүү шүү дээ. Өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд хамгийн их эрэлттэй байгаа ур чадварууд тухайлбал дижитал маркетинг, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт, удирдах арга барил, хэлэлцээр харилцааны ур чадвар гэх зэрэг чиглэл рүү тодорхой зорилготойгоор тэмүүлэх нь таныг өрсөлдөөнд илүү тод ялгаруулах стратеги юм. Мөн түүнчлэн Жилийн дараа өөрийгөө ямар ажил эрхэлж байгаагаар төсөөлж байна вэ? Хэр хэмжээний орлого олохыг хүсэж байгаа вэ? Ямар байгууллагад ажилламаар байна вэ? гэсэн эдгээр асуултад өөртөө итгэлтэй, зоримог хариулт өгч, зорилгоо тодорхойлж бичихийг танд зөвлөж байна. Ингэснээр урам зориг, чиглэлээ алдахгүй байхад тань дэм болох юм.

    Тасралтгүй суралцах нь өөрийгөө үнэлүүлэх хамгийн хүчтэй арга

    Мэдээж хэрэг хөдөлмөрийн зах зээлд ур чадвар сул, шинэ зүйл сурах сонирхолгүй хүмүүсийг эерэгээр хүлээж авахгүй. Тиймээс яг одоо та өөрөөсөө дараах зорилготой асуултуудыг асуугаарай.

    • Би салбарынхаа сүүлийн үеийн чиг хандлагаас хоцорчихоогүй биз?

    • Миний анкет бусдаас ялгарах онцлогтой юу?

    • Ямар ур чадварыг нэмээд эзэмшвэл дараагийн түвшинд хүрч чадах вэ?

    Өнөө үед мэргэжлийн чиглэлээс үл хамааран дижитал эрин зуунд амжилттай өрсөлдөхийн тулд мэдлэг, ур чадвараа тасралтгүй шинэчилж байх шаардлагатай. Үүнийг хэрэгжүүлэхэд Google, HubSpot, Udemy, Coursera, LinkedIn Learning зэрэг олон улсын үнэгүй болон төлбөртэй сургалтын платформууд нь хувь хүний хөгжилд хийх хамгийн үр дүнтэй хөрөнгө оруулалт болж чадна.

    Өнөөдрөөс эхлэн өөртөө хөрөнгө оруулалт хийж, ирээдүйнхээ төлөө мэдлэг, чадвараа тэлэх шийдвэр гаргаарай.

    Цагаа зөв удирдах буюу зорилгоо хэрэгжүүлэх

    Залуусын дунд “завгүй байна, цаг хүрэлцэхгүй байна” гэх нийтлэг хандлага түгээмэл ажиглагддаг. Гэвч үнэндээ асуудал нь цаг хугацаанд бус, харин үр дүнтэй төлөвлөлт, зөв дадал зуршилд оршдог. Карьерын өсөлтийг хурдасгах гол түлхүүр нь ухаалаг төлөвлөлт, тогтмол, зорилготой дадал юм.

    Өдөрт 30–40 минутыг CV, resume-ээ сайжруулж бичих эсвэл ажил хайх сайтуудыг шалгахад зориулахад л та нэг алхмаар урагшилж чадна. Facebook, Instagram reels, TikTok зэрэгт өнгөрөөдөг 2 цагийг 1 цаг болгон багасгаж, үлдсэн хугацааг өөрийн ур чадвар, карьерын хөгжилд зориулах бүрэн боломж танд бий.

    Өөрийн ирээдүйн боломжийг хойш нь тавилгүй, яг одооноос шийдэл хайж сурах, зорилгодоо хүрэх алхмуудаа бодитоор эхлүүлэх цаг иржээ. Та өөрийн ирээдүйн хамгийн чухал хөрөнгө оруулагч юм.

    Өөртэйгөө шударгаар харьцах

    Хэрэв та шинэ ажилд орж чадахгүй, эсвэл тушаал дэвшихгүй эсвэл нэг байрандаа удаан хугацаанд гацсан мэт мэдрэгдэж байвал нэг алхам ухарч, нөхцөл байдлаа шударгаар дүгнэх хэрэгтэй. Магадгүй танд шаардлагатай мэдлэг, ур чадвар эсвэл хамт олонтойгоо зөв, ухаалаг харилцах харилцааны чадвар, аливаад хариуцлагатай, тууштай хандах зарчим дутуу байж мэднэ. Эдгээрийг өөртөө үнэнчээр хүлээн зөвшөөрч, бодитоор дүгнэж чадвал карьерын дараагийн шат руу ахих бодит боломж үүсэх юм.

    Түүнчлэн шүүмжлэлийг эерэгээр хүлээж авах чадвар нь өөрийгөө хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай. Гэвч энэ чадвар залуусын дунд хамгийн их дутагдаж буй ур чадваруудын нэг хэвээр байна. Шүүмжлэлийг сайжрах боломж хэмээн хүлээн зөвшөөрч чадсан хүн л бусдаас нэг алхам түрүүлж, хүссэн амжилтдаа илүү хурдан хүрч чаддаг.

    Боломжийн төлөө тууштай бай

    Ихэнх хүмүүс ердөө хоёр, гуравхан ажилд CV-гээ илгээсний дараа хариу ирэхгүй бол “надад тохирсон ажил алга” хэмээн бууж өгөх хандлагатай байдаг. Гэвч өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд 10, бүр түүнээс олон байгууллагад материалаа илгээх нь хэвийн төдийгүй, шаардлагатай алхам болсон байна.

    Ажил хайна гэдэг нь зорилготой, төлөвлөгөөтэй хандвал амжилтад хөтлөх чухал процесс юм. Энэхүү үйл явцад таны хичээл зүтгэл, тэвчээрийн нийлбэр эцэстээ эерэг үр дүн авчрахыг мартаж болохгүй. Сайн чадвартай, англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй залуус ч хэдэн сарын турш тууштай ажил хайсны эцэст хүссэн байгууллагадаа амжилттай орсон жишээ олон бий. Тиймээс та ч мөн өөртөө итгэж, тууштай байж чадвал таныг үнэлэх тэр боломж заавал ирнэ. Харин тэр боломжийн өмнө өөрийгөө бэлэн байлгах нь хамгийн чухал юм.

    Хувь хүний хөгжил, карьерын өсөлт бол нэг өдрийн дотор үр дүн нь гарах зүйл биш бөгөөд зорилго, мэдлэг, цагийн зөв менежмент, өөрийгөө бодитоор үнэлэх чадвар, тууштай байдлын үндсэн дээр тогтдог урт хугацааны замнал билээ. Хэрэв та өнөөдрөөс эхэлбэл хагас жилийн дараа гэхэд мэдэгдэхүйц өсөлт, эерэг өөрчлөлтөд хүрэх боломжтой.

    LAMBDA танд тохирсон ажлын байраа олоход тусална. Өөртөө итгээд, эхний алхмаа яг одоо хийгээрэй.

    Энд дарж Lambda-гаар карьер замналаа тодорхойлуулаарай.

    Унших нийтлэл: Карьер төлөвлөлтийн зөвлөгөө: Маркетингийн салбар 

  • Олон компанид нэгэн зэрэг өргөдөл өгөхдөө юуг анхаарах вэ?

    Олон компанид нэгэн зэрэг өргөдөл өгөхдөө юуг анхаарах вэ?

    Ажил хайх гэдэг бол ихэвчлэн тэвчээр, төлөвлөгөө, мэдрэмж шаардсан үйл явц байдаг. Өнөөдөр ажлын зах зээл маш өрсөлдөөнтэй болсон учраас ганц компанид хүсэлт илгээж хариу хүлээгээд суух нь хангалтгүй алхам болжээ. Харин эсрэгээрээ олон байгууллагад зэрэг өргөдөл илгээж, боломжийн хүрээгээ тэлэх нь илүү ухаалаг арга болсон.

    Ингэхдээ тодорхой зүйлсэд анхаарахгүй бол эсрэгээрээ сөрөг үр дагавар үүсэх магадлалтай байдаг. Тиймээс олон компанид зэрэг өргөдөл өгөхдөө юуг заавал анхаарч, хэрхэн мэргэжлийн түвшинд хандах талаар энэхүү нийтлэлээр зөвлөмж бэлдлээ.

    1. Хувьчилсан CV ба cover letter-ийн ач холбогдол

    Олон хүнд нэг загварын CV болон cover letter бэлдээд бүгдэд нь хуулж илгээх нь түгээмэл алдаа байдаг. Гэвч аливаа байгууллага бүрийн соёл, шаардлага, үнэлдэг чадвар өөр байдаг тул өөрийн материалыг тухайн байгууллагад зориулж бэлдэх хэрэгтэй.

    Санамж:

    • Ажлын зарын онцлогийг сайтар уншиж, шаардлагад нийцсэн чадвараа онцлох
    • Тухайн компанийн салбар, үнэт зүйлсийг судлах
    • Cover letter-ийг тухайн байгууллагад зориулагдсан байдлаар бичих (хэт ерөнхий байдлаас зайлсхийх)

    2. Ажлын байрны шаардлагыг сайн унших

    Өнөөдрийн ажил хайх орчинд боломжууд олон харагдах ч, тэр бүр бодлогогүйгээр өргөдөл илгээх нь зөв санаа биш юм. Зарим хүмүүс шаардлага хангахгүй ажлын зар руу автоматаар олон өргөдөл явуулах нь элбэг тохиолддог. Ингэх нь тухайн компанийн хүний нөөцөд “анхааралгүй, зорилгогүй хүн” мэтээр сөрөг сэтгэгдэл төрүүлэхээс гадна, таны ч гэсэн үнэт цаг хугацаа, эрч хүчийг дэмий үрэхэд хүргэнэ. Түүнчлэн ирээдүйд тухайн байгууллагад дахин өргөдөл өгөх үед ч өмнөх хийсэн “тоомжиргүй” оролдлого сөргөөр нөлөөлж болохыг мартаж болохгүй. Иймээс аливаа ажлын зар дээр та нухацтай хандаж, шаардлагыг анхааралтай унших хэрэгтэй.

    Юунд анхаарах вэ?

    • Шаардлагад нийцэх эсэхээ үнэн зөвөөр үнэлэх
    • Өөрийн туршлага, ур чадвар, боловсролын түвшин тухайн ажлын байрны шаардлагад хэрхэн нийцэж буйг бодитоор дүгнэх.
    • Хэрэв тухайн ажлын байранд дутуу зүйл байгаа бол хөгжүүлэх шаардлагатай ур чадварыг урьдчилан тодорхойлох
    • Шаардлагатай тохиолдолд сургалтад хамрагдах, нэмэлт судалгаа хийх, ур чадвараа ахиулах төлөвлөгөө гаргах.

    Хэрвээ та өөрийн одоогийн ур чадвар, ирээдүйн карьерын чиглэл дээрээ тодорхой бус байвал lambda.global-ийн Career Path хуудас-аар орж үзэхийг зөвлөж байна. Тэндээс та өөрийн сонирхол, ур чадварт тохирсон чиглэл, шаардлагатай чадварууд, хөгжих боломжууд-ын талаар тодорхой мэдээлэл авах боломжтой. Ингэснээр зөв ажлын байр сонгох, карьерын зорилгоо илүү ухаалагаар төлөвлөх алхам хийхэд тус болно.

    3. Application tracking буюу өргөдлийн явцыг хянах

    Олон газар зэрэг өргөдөл илгээж эхлэхэд аль компанид ямар шатанд явж байгаа, хэзээ өргөдөл илгээсэн, хариу ирсэн эсэх зэргийг мартчихдаг нь ажил хайгчдын дунд түгээмэл тохиолддог. Эхэндээ нэг, хоёр компанид өргөдөл өгч байхад амархан санагдавч, тоо нь нэмэгдэхийн хэрээр мэдээллээ хянахад хүндрэлтэй болж эхэлнэ. Иймээс системтэйгээр өргөдлийн явцыг бүртгэж, хянах зуршил суулгах нь ажил хайх үйл явцыг илүү мэргэжлийн түвшинд авч үзэж буйг харуулна. Мөн ингэснээр та аливаа компанийн хариуг хүлээлгүй өнгөрөөх, эсвэл давхар ярилцлагын тов давхцахаас сэргийлэх боломжтой болно.

    Шийдэл: Excel эсвэл Notion ашиглан дараах мэдээллийг хөтлөх:

    • Компанийн нэр, ажиллах албан тушаал
    • Өргөдөл өгсөн огноо
    • Хариу хүлээн авсан эсэх
    • Ярилцлагын шат, товлосон огноо
    • Дараагийн үйлдэл (follow-up хийх үү, хариу илгээх үү гэх мэт)

    4. Хариу авах үед мэргэжлийн түвшинд хандах

    Олон компанид зэрэг өргөдөл илгээсэн тохиолдолд ярилцлагын урилга нэгэн зэрэг ирэх, тов давхцах магадлал ихэсдэг. Яг ийм үед ажил хайгч хүнээс зохион байгуулалттай байдал, мэргэжлийн харилцаа илүү их шаардагддаг. Хэрэв та хуваарийг урьдчилан сайн төлөвлөөгүй бол ярилцлага хооронд давхцал үүсэх, товоо буруу ойлгож орхих, эсвэл нэг компанид хэт удаан хариу өгч сөрөг сэтгэгдэл төрүүлэх эрсдэлтэй.

    Иймд ярилцлагын урилга хүлээн авмагц:

    • Товыг тэмдэглэлийн дэвтэр, онлайн календарьт заавал бүртгэж, бусад товтойгоо давхцуулахгүйгээр оновчтой төлөвлөх
    • Хариуг шуурхай бөгөөд соёлтой байдлаар өгөх
    • Хэрэв нэг компанид саналаа хүлээн авсан тохиолдолд бусад компанид талархсан, мэргэжлийн хандлагатайгаар мэдэгдэж татгалзах

    Ийм байдлаар харилцаагаа мэргэжлийн түвшинд барьж чадвал, та зөвхөн ажлын байр олох бус, урт хугацааны харилцааны сайн сэтгэгдэл үлдээж чадна.

    Дүгнэж хэлэхэд олон компанид зэрэг өргөдөл өгөх нь өнөө цагийн ажил хайлтын хамгийн зөв стратегийн нэг болжээ. Гэхдээ энэ үйл явцыг ухаалаг, төлөвлөгөөтэй гүйцэтгэснээр та зөвхөн сайн ажил олоод зогсохгүй, өөрийгөө мэргэжлийн түвшинд харуулах боломжтой. Өөртөө итгэлтэйгээр алхаж, хүссэн ажлынхаа зүг итгэлтэйгээр хөдөл!

    Амжилт хүсье!

  • Ажил хайхдаа анхаарах 10 чухал зүйл

    Ажил хайхдаа анхаарах 10 чухал зүйл

    Ажил хайна гэдэг бол зүгээр нэг зарын дагуу анкет бөглөөд, хариу хүлээж суухаар хязгаарлагддаггүй үйл явц бөгөөд энэ нь амьдралын дараагийн алхмаа төлөвлөх, мэргэжлийн өсөлт хөгжил, хувийн зорилгоо биелүүлэх чухал үе шат юм. 

    Хэсэг зуур ажил эрхлэхгүй байх нь хувь хүнийг бухимдалтай, тодорхойгүй байдалд хүргэж болох ч үүнийг шинэ боломжуудыг эрэлхийлж, өөрийгөө илүү сайн таньж мэдэх сайхан боломж хэмээн харах нь зөв юм. Өөрт хамгийн сайн тохирох ажлаа олохын тулд бид анкет бөглөхөөс илүү зүйлийг хийх шаардлагатай болдог. Үүнд өөрийгөө бэлтгэх, зорилгоо тодорхойлох, зах зээлээ ойлгох, сэтгэлзүйгээ ч давхар бэлдэх зэрэг хамаарна.

    Ажил хайж буй тухайн хугацаа танд өөрийгөө нээх, юунд үнэхээр дуртай вэ гэдгээ ойлгох, мөн ирээдүйн замналаа илүү ухаалгаар төлөвлөх ховор боломжийг өгнө гэдэгт бүү эргэлзээрэй. Хэрвээ та системтэй, зорилготойгоор ажил хайж чадвал зөвхөн ажилтай болох бус харин сэтгэл ханамжтай, тогтвортой, өөрийн хөгжлийг дэмжих орчныг бий болгох бодит боломжийг олж авах юм.

    Тэгвэл юунд анхаарч, хэрхэн энэ үйл явцыг илүү үр дүнтэй, ухаалгаар давж гарах вэ? Энэхүү нийтлэлээр бид ажил хайж буй талентуудын амжилттай ажлаа олоход туслах заавал анхаарах ёстой 10 чухал зүйлийг танилцуулж байна.

    1. Өөрийгөө зөв тодорхойлох

    Ажил хайх эхний алхам бол өөрийгөө сайн таньж мэдэх юм. Та ямар чиглэлд, ямар төрлийн ажилд хамгийн тохирох вэ? Таны мэдлэг, туршлага, ур чадвар юунд илүү тохирох вэ? Энэ бүхнийг тодорхой болгоогүй байхад зөв ажилд орох магадлал тэр хэмжээгээр багасдаг. Өөрийгөө тодорхойлох нь таны ажил олох зорилгыг илүү нарийвчлан чиглүүлж өгнө.

    2. Мэргэжлийн CV бэлдэх

    CV бол таныг ажил олгогчид танилцуулах нэрийн хуудас юм. Хэт урт, эмх замбараагүй, алдаатай CV таныг ажилд авахаас татгалзах шалтгаануудын нэг болдог. CV-г нэгээс 2 хуудсанд багтаан, боловсрол, ажлын туршлага, гол амжилт, ур чадвараа тодорхой илэрхийлсэн байх хэрэгтэй. Мөн CV-гээ тухайн ажлын байр бүрийн шаардлагад нийцүүлэн тохируулж бичих нь зүйтэй.

    3. Cover Letter буюу хавсралт захидал бэлдэх

    Ихэнх ажил хайж буй хүмүүс cover letter бичдэггүй. Гэтэл энэ нь таны сонирхсон байгууллагад ажиллах хүсэл, бэлтгэлтэй байдал, өөрийгөө илэрхийлэх чадварыг харуулах хамгийн чухал бичиг болох юм. Үүнийг бичихдээ тухайн компанийн талаар судалсан гэдгээ илтгэж, яагаад уг ажилд тохирох хүн бэ гэдгээ товч бөгөөд үнэмшилтэй илэрхийлээрэй.

    4. Ажил олгогч байгууллагын талаар судалгаа хийх

    Сонирхсон ажлын байр, компанийнхаа талаар урьдчилан судалж, тэдний эрхэм зорилго, үнэт зүйл, соёлын тухай мэдэх нь таны ярианд итгэл нэмнэ. Мөн өөрийнхөө үнэт зүйлтэй хэр нийцэж байгааг ойлгох нь тухайн ажлын байранд ирээдүйд сэтгэл ханамжтай ажиллах үндэс болдог.

    5. Платформуудыг үр дүнтэй ашиглах

    Өнөө үед ажил хайх хамгийн хялбар, үр дүнтэй арга бол онлайн платформуудад бүртгүүлж, профайлаа бүрэн бөглөж, танилцуулга мэдээллээ байнга шинэчилж байх нь чухал. Мөн та зарим linkedin зэрэг платформд өөрийгөө сурталчлах агуулга, пост бичиж, харилцааны сүлжээгээ тэлж ч болно.

    Та Lambda платформд талентаар бүртгүүлээрэй. Тохирсон ажлаа амжилттай олоход тань бид тусална.  

    6. Хүрээлэл үүсгэх буюу Networking

    Зарим ажлын байр танилын хүрээгээр олддог. Найз нөхөд, өмнө хамт ажиллаж байсан хүмүүс, сургуулийн танилуудтайгаа байнга холбоотой байж, ажил хайж буйгаа мэдэгдэх нь нээлттэй үүд хаалгыг бий болгох юм.

    7. Ажлын ярилцлагад бэлтгэх

    Ажлын ярилцлага нь өөрийгөө хэрхэн илэрхийлж чадаж байгааг баталж харуулах үе юм. Түгээмэл асуултуудад хариулах бэлтгэл хийх (“Өөрийгөө танилцуулаач?”, “Таны давуу, сул тал юу вэ?”) нь амжилттай ярилцлага өгөх үндэс юм. Биеийн хэлэмж, хувцаслалт, цаг баримтлал зэргийг ч мөн мартаж болохгүй.

    8. Цагийн менежмент, тууштай байдал

    Ажил хайх үйл явц нь заримдаа хурдан үр дүн өгөхгүй тохиолдол бий. Гэхдээ та өдөрт тодорхой цагийг ажил хайхад зарцуулж, зорилгоо бичин, хяналт тавьж чадвал амжилтад хүрэхэд илүү ойртох болно. Тууштай байх нь хамгийн чухал билээ.

    9. Өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх

    Технологийн эрин үед өөрийгөө тасралтгүй хөгжүүлж байх шаардлагатай. Та олон улсын онлайн сургалтын платформуудаар дамжуулан шинэ ур чадвар зайнаас эзэмшиж, сертификат авснаар өөрийгөө өрсөлдөгчдөөс ялгаруулж чадна. Хэрэв ажилд ороогүй ч суралцсаар байгаа бол энэ нь ажил олгогчдод эерэг сэтгэгдэл төрүүлдэг.

    10. Сэтгэлзүйгээ бэлдэх

    Ажилд орж чадахгүй удах тохиолдолд сэтгэлээр унах нь элбэг. Гэхдээ татгалзсан хариу бүр таныг илүү зөв газар хүргэх шат болдгийг санах хэрэгтэй юм. Амралт авч, сэтгэлзүйн дархлаагаа дэмжих нь таны дараагийн алхамд илүү амжилт авчрах болно.

    Ажил хайна гэдэг нь өөрийгөө хөгжүүлэх, илүү зөв сонголт хийх боломж билээ. Та зорилгоо тодорхойлж, өөрт тохирсон ажлаа системтэйгээр хайж, дээрх алхмуудыг ухаалгаар хэрэгжүүлбэл зөвхөн ажилтай болоод зогсохгүй, урт хугацааны сэтгэл ханамжтай карьерт хөл тавих болно.

    💡 Энд дарж хуучин анкетаа орчин үеийн форматтай мэргэжлийн CV/Resume болгоорой. 

    Төстэй нийтлэл унших: Та ажил хайж байна уу? Тэгвэл өөртөө итгэхээс эхлээрэй 

  • Ажилд орох боломжоо бүү алдаарай: Ярилцлагад ингэж бэлд

    Ажилд орох боломжоо бүү алдаарай: Ярилцлагад ингэж бэлд

    Сүүлийн жилүүдэд Монгол Улсад хөдөлмөрийн зах зээлийн уян хатан байдал нэмэгдэж, ажлын шинэ боломжууд төрөл бүрээр үүсч байна. Монголын Статистикийн Хорооноос гаргасан 2025 оны тайланд дурдсанаар, нийт ажилгүй иргэдийн тоо өнгөрсөн оноос 12.7%-иар өссөн бол, хөдөлмөр эрхлэлтийн идэвхтэй байдал өндөр хэвээр хадгалагдаж буйг онцолсон байна. Энэ нь нэг талаас хөдөлмөрийн зах зээл өргөжиж, нөгөө талаас ажил горилогчдын хувьд өрсөлдөөн ихэсч байгааг харуулж байгаа юм.

    Тиймээс, ажил горилогч бүр зөвхөн CV, анкетаа илгээхээс гадна, ярилцлагын шатанд өөрийгөө хэрхэн үр дүнтэй, мэргэжлийн түвшинд харуулах нь карьерийн амжилтад чухал нөлөө үзүүлж байна. Ажлын ярилцлага бол таныг зөвхөн мэргэжлийн чадвараар биш, харилцааны ур чадвар, хувь хүний хандлага, байгууллагад хэрхэн нийцэх талаас үнэлдэг үе шат гэдгийг ойлгох хэрэгтэй.

    Хамгийн түрүүнд компанийнхаа талаар судалгаа хийх нь ажлын ярилцлагад бэлтгэх хамгийн чухал алхам болдог. Тухайн байгууллагын эрхэм зорилго, хөгжлийн чиглэл, бизнесийн салбар дахь байр суурь, сүүлийн үеийн төсөл хөтөлбөрүүдийг мэдэж байснаар та илүү бодит, оновчтой хариулт өгөх боломжтой болно. Үүнийг хийхдээ:

    • компанийн албан ёсны вэбсайт
    • сүүлийн үеийн хэвлэл мэдээллийн нийтлэлүүд,
    • LinkedIn зэрэг мэргэжлийн платформ дахь мэдээллийг ашиглах хэрэгтэй.

    Харин дараа нь ярилцлагадаа бэлтгэхдээ хамгийн түгээмэл асуугддаг асуултуудыг урьдчилан бодож, өөрийн хариултыг бэлдэх нь таныг ажилдаа хичнээн хариуцлага болоод сэтгэл гаргасаныг илтгэнэ. Жишээлбэл:

    • Өөрийгөө товчхон танилцуулна уу.
    • Яагаад энэ ажлыг хийхийг хүсч байна вэ?
    • Өмнө нь ажиллаж байсан туршлагаасаа хуваалцана уу.
    • Таны давуу тал болон сайжруулах шаардлагатай тал юу вэ?
    • Өөрийгөө ирээдүйд хэрхэн хөгжүүлнэ гэж харж байна вэ?

    Мөн итгэлтэй байдал, мэргэжлийн хандлага ажлын ярилцлагад маш өндөр үнэлэгддэг хүчин зүйлсийн нэг. Ажил олгогчдын дунд явуулсан судалгаагаар (Glassdoor Hiring Insights Report 2024) ажил горилогчийн өөрийгөө итгэлтэй илэрхийлж буй байдал, харилцааны чадвар нийт үнэлгээний 40%-ийг бүрдүүлдэг гэсэн үр дүн гарчээ. Иймд ярилцлагын өдөр цагтаа ирэх, мэргэжлийн хувцаслалтыг сонгох, хариултаа эерэг өнгө аястай хүргэх зэрэг нь жижиг мэт боловч томоохон сэтгэгдэл төрүүлдэг.

    Ярилцлагын үеэр ажил олгогч таны мэргэжлийн ур чадвар төдийгүй хэрхэн өөрийгөө илэрхийлдэг, хамт олны дунд зохицон ажиллах чадварыг өндөр үнэлдэг. Иймд lambda.global-ийн боловсруулсан зөвлөмж, сургалтууд таныг илүү үр дүнтэй бэлтгэхэд тусалж чадна. Хэрэв та ирэх ярилцлагадаа илүү итгэлтэй, сайн бэлтгэгдсэн байхын хүсч байвал манай сургалт, контентуудтай танилцаарай.

    Ярилцлагын төгсгөлд ажил олгогч “Танд асуух зүйл бий юу?” гэж асуух нь элбэг. Энэ үед тухайн ажлын байрны өдөр тутмын үйл ажиллагаа, багийн соёл, мэргэжлийн хөгжлийн боломжууд гэх мэт бодлоготой асуулт тавих нь таныг тухайн ажилд үнэхээр сонирхож буйг харуулна.

    Эцэст нь хэлэхэд, ярилцлага амжилттай болсон ч, болоогүй ч гэсэн тухайн туршлагаа эргэн харж дүгнэлт хийх нь зүйтэй. Ямар асуултад сайн хариулсан, юуг сайжруулах хэрэгтэй байсныг тэмдэглэн, дараагийн ярилцлагад илүү бэлтгэлтэй, туршлагатай оролцох боломжийг өөртөө бий болгоорой.

    Ажлын ярилцлага гэдэг бол зүгээр нэг даваа биш — таны карьерийн замыг нээх үнэтэй боломж юм. Зөв бэлтгэл, итгэлтэй хандлага таныг амжилт руу илүү ойртуулна гэдэгт итгээрэй.

    P.S. Энэхүү зөвлөгөөг lambda.global баг боловсруулав. Бид таны мэргэжлийн хөгжлийн замд хамтдаа урагшилж байх болно.

  • Зуны Амралт ба Дижитал Детокс: Харилцаагаа Сэргээх Цаг

    Зуны Амралт ба Дижитал Детокс: Харилцаагаа Сэргээх Цаг

    Зуны улирал бол бидний хувьд зүгээр нэг амралт биш. Энэ бол өөрийгөө дахин таньж, сэтгэл зүйгээ тэнцвэржүүлж, хүний суурь чадваруудаа (human skills) сэргээх онцгой боломж юм. Гэхдээ бид үнэхээр энэ боломжийг ухаалгаар ашиглаж чаддаг уу?

    Ихэнх хүмүүс амралтаа ч гэсэн гар утсаа шалгаж, сошиал мэдээлэлд дарагдаж өнгөрөөдөг. Энэ нь сэтгэлээ амраах бус харин улам ядрааж, ажилдаа эрч хүчгүй буцаж ороход хүргэдэг. Тиймээс энэ зун бид амрахын зэрэгцээ дижитал детокс хийж, жинхэнэ харилцаа, өөрийгөө сонсох дадлыг эргэн олж авахыг уриалж байна.

    ЗУНЫ АМРАЛТ: Харилцаагаа сэргээх мөч

    Монголын зун бол бидний дотоод ертөнцийг тайтгаруулж, байгальтайгаа болон бусадтайгаа эргэн холбогдох хамгийн натурал, хүчтэй боломж юм. Ийнхүү түр завсарлага авах нь бидний мэдрэлийн системийг илүү тэнцвэржүүлэн тайвшруулж цаашлаад ажил амьдралын тэнцвэртэй байдлын гол суурь болдог. Хөдөө гадаа, байгалийн дунд өнгөрүүлэх цаг хугацаа нь хүний амьд харилцааг сэргээж, дараах суурь чадваруудыг хөгжүүлдэг:

    1. Сонсох Чадвар — Итгэлцлийн Эхлэл

    Чин сэтгэлээсээ сонсох нь харилцааны хамгийн хүчтэй суурь. Утасгүй уулзалт, хүний нүд рүү харан ярилцах нь бидэнд дахин итгэж, ойлгож, уялдаа холбоо үүсгэж сурах боломжийг олгодог.

    2. Асуулт Тавих, Ярианы Ухаан

    Сонсохын хажуугаар, цөөн үгээр оновчтой асуулт тавьж, хүнийг өөрийгөө илэрхийлэхэд урамшуулах нь даруухан боловч хүчтэй манлайллын нэг хэлбэр юм. Энэ нь өдөр тутмын яриаг гүнзгий ойлголцол руу хөтөлдөг.

    3. Empathy буюу Ойлгохыг Хичээх Сэтгэл

    Ялангуяа хөдөө өөр орчинд, өөр соёл, үзэл бодолтой хүмүүстэй уулзах нь биднийг хүлээцтэй байж сурахад, бусдыг шүүмжлэхийн оронд ойлгох гэж оролдох дадалтай болгодог. Энэ бол хувь хүний төлөвшилд маш чухал үнэт зүйл юм.

    ДИЖИТАЛ ДЕТОКС гэж юу вэ, яагаад хэрэгтэй вэ?

    Дижитал детокс гэдэг нь цахим төхөөрөмж, сошиал медиа, имэйл болон мессеж зэрэг мэдээллийн сувгуудаас ухамсартайгаар түр холдож, мэдээллийн хэт ачааллаас ангижрах завсарлага авахыг хэлнэ. Энэ нь таныг мэдээллээс хоцроох зорилготой биш, харин оюун санаагаа цэгцлэх, тархи сэтгэл зүйгээ амраах, стрессээ бууруулах, төвлөрөх чадвараа сайжруулах, шинэ санаа, бүтээлч эрч хүчээ сэргээх чухал орон зайг бий болгодог.

    Үнэн хэрэгтээ завсарлага авах нь зогсож байна гэсэн үг биш. Харин ч энэ нь дотоод сэргэлт хийж, илүү тэнцвэртэй, ухаалаг шийдвэр гаргах сэтгэлгээний үндэс суурийг тавих алхам болдог.

    Зуны амралт + Дижитал детокс = ӨӨРИЙГӨӨ СОНСОХ МӨЧ

    Монголын зун бол зүгээр нэг баяр наадам, хөдөө гадаа гарах үе бус— хүнд тайтгарал авчирч, дотоод ертөнц рүүгээ өнгийж, амьдралын хэмнэлээ эргэн харах онцгой цаг мөч юм. Ээлжийн амралтаа аваагүй ч ихэнх албан байгууллагууд тодорхой хэмжээгээр амарч таардаг тул энэ үеийг ашиглан та өөртөө илүү анхаарч болно. Хамгийн энгийнээр, өдөрт хэдхэн минутыг өөрийн бодол, мэдрэмжээ бичиж тэмдэглэхэд л хангалттай. Тухайн өдрийн сэтгэгдэл, уулзалт, санаанд орсон зүйлсээ тэмдэглэх нь таны оюун ухааныг цэгцэлж, сэтгэлээ тайвшруулж, бүтээлч сэтгэлгээг сэргээдэг.

    Энэ мэт амралтын энгийн дадлууд нь зөвхөн тайвшрал өгөөд зогсохгүй — сонсох, ойлгох, төвлөрөх зэрэг human skill-үүдийг ч хөгжүүлдэг. Харин эдгээр чадварууд нь ажил, харилцаа, карьерын өсөлтөд бодитоор нөлөөлдөг үнэ цэнтэй суурь болдог. Тиймээс зуны амралтыг зөвхөн амарч өнгөрүүлэх бус, өөртэйгөө холбогдох, дараагийн алхмын хүчээ нөхөх ховор боломж гэж харах нь зүйтэй.

    Эцэст нь хэлэхэд дижитал детокс,  зуны амралт, байгальтай ойрхон байх, бичих дадал зэрэг нь биднийг өөртэйгөө илүү гүн холбоо тогтоож, сэтгэл зүйгээ тэнцвэржүүлж, ухаалаг харилцаа, бүтээлч бодлыг сэргээхэд тусалдаг.

    Эдгээр нь амьдралд урам өгөөд зогсохгүй, ажлын бүтээмж, харилцааны чадвар, манлайллын чанарыг ч сайжруулдаг. Өнөөдрийн хурдтай, цахим нийгэмд бодит харилцаа, анхаарал төвлөрөл, ухаалаг сэтгэлгээ улам үнэд орж буй энэ цаг үед зуны амралтаа зөв ашиглах нь таны карьерт ч гэсэн урт хугацааны үнэ цэнийг бий болгоно.

    Тиймээс энэ зун — зүгээр нэг амралт биш, өөртөө хандах ухаалаг хөрөнгө оруулалт хийгээрэй. Ирээдүйн та, энэ өдрүүдэд өөрийгөө анхаарсан, амьд харилцаанд дахин орсон, сэтгэл оюуны хувьд сэргэсэн өөрөөрөө бахархах болно.

  • Хэрхэн Монголд амьдрангаа дэлхийн түвшний мэргэжилтэн болох вэ?

    Хэрхэн Монголд амьдрангаа дэлхийн түвшний мэргэжилтэн болох вэ?

    Өнөөдөр дэлхийн хэмжээнд ажиллах боломж заавал гадаадад амьдрах, гадаадад боловсрол эзэмшихтэй  холбоотой байх албагүй. Та Монголдоо суугаа ч дэлхийн томоохон компанид ажиллаж, олон улсын төсөл дээр туршлага хуримтлуулж, дэлхийтэй холбогдсон мэргэжилтэн болж чадна. Гол нь зөв чиглэл, тууштай чадвар хөгжүүлэлт, зөв платформыг ашиглах л юм.

    Монголд амьдарч буй олон залуус зайнаас ажиллах боломжийг ашиглан гадаад зах зээлд өөрийгөө таниулж, өндөр цалин, уян хатан ажлын орчин, олон улсын багт хамтран ажиллаж байна. Энэ бол боломж төдийгүй шинэ үеийн мэргэжилтнүүдийн сонголт болжээ.

    Монголдоо байнгаа  дэлхийн хэмжээнд ЯМАР АЖИЛ хийж болох вэ?

    Оршин сууж буй газар тань биш, харин ур чадвар, харилцааны соёл, зохион байгуулалт, дижитал хэрэгсэл ашиглах чадамж тань гадаад, дотоодын ажил олгогчдын хувьд хамгийн чухал шалгуур болжээ. Зайнаас ажиллахын тулд заавал IT мэргэжилтэн байх шаардлагагүй бөгөөд таны англи хэлний мэдлэг, оффисын үндсэн программ ашиглах чадвар байхад хангалттай ажлын чиглэл олон байна.

    Тухайлбал, харилцагчийн үйлчилгээний ажилтан (Customer Support) нь хэрэглэгчийн асуултад онлайн орчинд шуурхай, мэргэжлийн түвшинд хариу өгөх чадвартай байхыг л шаарддаг. Орчуулга болон бичгийн редактор нь хэлний мэдлэгээ ашиглан чанартай бичвэр, албан бичиг боловсруулахад чиглэдэг бол виртуал туслах буюу Virtual Assistant нь уулзалт товлох, e-mail хариулах, тайлан гаргах гэх мэт өдөр тутмын менежментийн ажлуудыг хариуцдаг. Эдгээр ажлуудыг та ч бас Монголдоо байнгаа хийж болно.

    Мөн график дизайны чадвараа сайжруулж визуал контент бүтээх, сошиал медиа менежерээр ажиллан бизнесүүдийн цахим орчинд харагдах байдлыг хариуцах, судалгаа болон дата оруулалтын ажилд оролцох, дижитал маркетинг, e-mail кампанит ажлыг удирдах, SEO стратеги боловсруулах зэрэг карьерын чиглэлүүд танд нээлттэй байна.

    Эдгээрийн ихэнх нь англи хэлтэй, интернэттэй, үндсэн оффисын хэрэгсэл, дижитал платформуудыг ашиглаж чаддаг хэн бүхэнд боломжийн хаалгыг нээж өгдөг. Тиймээс таныг дэлхийтэй холбох дараагийн шат хаанаас ч эхэлж болно.

    Дижитал чадвараа шат ахиул

    Интернэт холболттой хэн бүхэн дэлхийтэй холбогдож чаддаг болсон энэ үед дижитал ур чадвар бол суурь хэрэгцээ. Excel, Google Docs, Notion зэрэг оффисын хэрэгслүүдээс эхлээд, Canva, ChatGPT болон бусад бүх AI сайт, Trello, Slack зэрэг ажлын хэрэгслүүдийг эзэмшсэн байхад та хаана ч ажлын орчинд бэлэн байна гэсэн үг.

    Суралцахад туслах эх сурвалжууд:

    Зайнаас ажиллах боломжуудыг хаанаас олох вэ?

    Англи хэлтэй, үндсэн дижитал чадвартай хэн бүхэн дараах сайтуудаас олон улсын болон зайнаас ажиллах боломжуудыг олох боломжтой:

    Зайнаас ажил олгодог гол платформууд:

    • LinkedIn Jobs – Remote гэсэн шүүлтүүрээр олон ажлын байр гардаг.
    • We Work Remotely – Бүх ажлууд нь зайнаас хийх боломжтой.
    • Remote OK – Remote ангилал бүхий tech болон non-tech ажлууд.
    • Upwork, Fiverr – Жижиг, том төслөөр ажиллах фриланс платформууд.
    • Jobspresso – Хөгжүүлэгч, маркетер, бичгийн мэргэжилтнүүдэд зориулсан.
    • AngelList Talent – Startup болон remote ажилд төвлөрсөн платформ.

    Lambda Global зөвлөмж: хайлтаа хийхдээ “remote”, “freelance”, “work from home”, “virtual assistant” гэх мэт түлхүүр үгсийг ашиглаарай.

    Интернэт орчинд ӨӨРИЙГӨӨ ТАНИУЛАХ

    Та интернэтэд өөрийгөө “харагдахуйц”, “олдохуйц” байлгавал танд ажлын санал аяндаа орж ирэх өндөр магадлалтай. Ажил олгогчид таныг Google хайлт хийж шалгах нь энгийн үзэгдэл болсон тул өөрийгөө оновчтой, итгэл төрүүлэх байдлаар танилцуулах хэрэгтэй.

    LinkedIn бол таны хамгийн гол суурийн нэг. Зураг, товч танилцуулга, туршлага, ур чадварууд англи хэл дээр, мэргэжлийн түвшинд бүрэн бөглөгдсөн байх нь ажил хайх болон олон улсын зах зээлд хандахад онцгой чухал.

    Portfolio эсвэл Notion танилцуулга нь таны хийж байсан ажлууд, төслүүдийг хялбар, ойлгомжтой байдлаар харуулах хэрэгсэл. Ялангуяа дизайнер, орчуулагч, зохиолч,  Web хөгжүүлэгчдэд хэрэгтэй.

    Бичвэр ба контент ч мөн хүчтэй хэрэгсэл. WordPress, Medium, LinkedIn дээр өөрийн салбарын тухай хуваалцах, санал бодлоо илэрхийлэх нь таныг бодлоготой, мэргэжлийн хандлагатай хүн гэдгийг илтгэнэ.

    Харин уран бүтээлч, visual контент бүтээгч талдаа хүн бол Instagram, YouTube, TikTok зэрэг платформ дээр өөрийн ур чадвар, процесс, бүтээлийг хуваалцах нь ихээхэн анхаарал татах боломжийг олгодог. Контент бүтээх нь зөвхөн дагагч нэмэх биш, ажил олгогчдод бодитоор өөрийгөө “харуулах” хэрэгсэл болдог.

    Мэдлэгээ тогтмол шинэчил, СУРАЛЦ

    Та онлайн сургалтуудаар дамжуулан мэдлэгээ тогтмол шинэчилж чадна. Жишээлбэл YoutubeLinkedIn Learning, Google Career Certificates, HubSpot Academy зэрэг платформууд олон улсын чанартай, үнэ төлбөргүй эсвэл боломжийн үнэтэй сургалтууд санал болгодог.

    Мөн олон улсын webinar, workshop-т оролцох, өөрийн салбарын Discord болон Slack community-д гишүүнчлэлтэй байх нь шинэ чиг хандлага, технологи, сэтгэлгээтэй танилцах сайхан боломж болно. Glassdoor, Indeed зэрэг сайтаар дамжуулан гадаадын компаниудын соёл, ажлын байрны нөхцөл, цалингийн мэдээллийг судалж, өөрт тохирох орчныг илүү мэдрэх боломжтой.

    Сүүлийн үед Google, Meta, IBM зэрэг технологийн аварга компаниуд олон улсын чанартай онлайн сургалтуудыг гаргаж, төгсөгчдөдөө албан ёсны сертификат олгож эхэлсэн. EdX, Coursera, Udemy зэрэг платформууд дээрээс та “Google IT Support”, “Meta Social Media Marketing”, “UX Design” зэрэг хөтөлбөрүүдийг авч болно.

    Эцэст нь хэлэхэд хаана амьдарч, ямар гарал үүсэлтэй байх чинь биш, хэрхэн ажиллаж, хөгжиж байгаа чинь дэлхийн түвшний мэргэжилтэн болохыг тодорхойлдог. Олон улсын орчинд ажиллах хүсэлтэй бол, хаанаас ч, хэзээ ч эхэлж болно. Гол нь амбиц, суралцах хүсэл, нээлттэй сэтгэлгээ, хэлний чадвар хэрэгтэй.

    Монголдоо ажиллах нь ч олон үнэ цэнтэй чадварыг хөгжүүлдэг. Үндэсний соёлдоо суурилсан давуу тал, уян хатан байдал, шийдэл олох ур чадвар гээд гадаадад ч хэрэгтэй чанарууд ч Монголд их бий. Үүний тулд та Lambda Global -тай үргэлж цуг байгаарай. 

    Гадаад валютаар цалинжих, олон улсын туршлага хүсэж байвал, тасралтгүй суралцаж, өөрийгөө хөгжүүлсээр байх нь чухал. Монголд байнгаа ч дэлхийн түвшинд ажиллах боломж бий — гол нь зөв хандлага, зөв бэлтгэл юм. 

  • Карьер төлөвлөлт: Ментортой байхын давуу тал

    Карьер төлөвлөлт: Ментортой байхын давуу тал

    Мэргэжлийн замналын эхэнд, ялангуяа их дээд сургууль төгсөөд удаагүй залуусын хувьд хөдөлмөрийн зах зээлд хөл тавихад мэдээлэл дутмаг байх, туршлагагүйгээсээ болж эргэлзэх нь түгээмэл үзэгдэл юм. Шинэ орчинд дасан зохицох, байгууллагын дүрэм журам, компанийн соёл, ажил олгогчийн хүлээлт гээд олон зүйл тодорхой бус санагдаж, өөртөө итгэх итгэлийг үгүй хийх үе ч гарна. Яг л ийм үед замыг тань зааж, туршлагаасаа хуваалцан, зөв сонголт хийж, итгэлтэй урагшлахад тань менторын туслалцаа хэрэг болох юм. Ментортой байх нь тодорхой чиглэлтэйгээр өсөж хөгжих боломжийг талентуудад нээдэг. 

    Ментор гэж тухайн салбартаа туршлага хуримтлуулсан, бусдад мэдлэг, чадвараа хуваалцан, хөгжиж дэвшихэд нь тусалдаг чиглүүлэгч хүнийг хэлнэ. Тэр таны найз байж болохгүй ч, бодит зөвлөгөө өгдөг, алсын харааг тань тодорхойлж өгдөг карьерын хамтрагч байж чадна. Туршлагатай ментор таныг алдаа гаргахаас сэргийлж, зөв замаар хөгжихөд чиглүүлдэг. Мөн сэтгэлзүйн дэмжлэг үзүүлж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ салбарын үнэ цэнтэй холбоо сүлжээ, шинэ боломжууд руу таныг хүргэх ач холбогдолтой юм.

    Mentorship гэж юу вэ, яагаад чухал вэ? 

    Mentorship буюу менторын харилцаа нь тухайн салбартаа туршлага, мэдлэгтэй мэргэжилтэн өөрөөс нь туршлага багатай хүнд урт хугацаанд чиглэл өгч, хөгжихөд нь дэмжлэг үзүүлдэг мэргэжлийн харилцаа юм. Энэхүү харилцаа нь зөвхөн ажил мэргэжлийн зөвлөгөөгөөр хязгаарлагдахгүй, хувь хүний хөгжилд ч чухал нөлөө үзүүлдэг олон талт давуу талтай. Менторын дэмжлэгээр карьерын замыг илүү хурдан, ухаалгаар туулж, бодит туршлагад үндэслэсэн үнэт зөвлөгөөг авах боломжтой бөгөөд энэ нь мэргэжлийн сүлжээг тэлж, шинэ боломжуудыг нээхэд ч түлхэц болдог.

    Мөн менторын зүгээс өгсөн урам зориг, итгэл нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, асуудалд бүтээлч, ухаалаг хандах чадварыг хөгжүүлдэг. Нэг удаагийн уулзалт бус, харилцан итгэлцэл, хүндлэл дээр суурилсан тасралтгүй хөгжлийн энэхүү харилцаа нь шинэ төгсөгчдөд төдийгүй карьерийн дараагийн шат руу ахихыг хүссэн хэн бүхэнд амжилт руу хөтөлсөн үнэ цэнтэй замналыг бүтээхэд нэн чухал үүрэгтэй байдаг билээ.

    Ментортой байх 5 гол давуу тал

    1. Бодит туршлага дээр суурилсан зөвлөгөө авна

    Менторын зөвлөгөө номонд бичсэн ерөнхий зүйлсээс илүү амьдрал дээр туршиж үзсэн, асуудлыг хэрхэн шийдсэн бодит кейс дээр тулгуурладаг. Энэ нь танд богино хугацаанд суралцах, алдааг багасгах боломж олгоно.

    2. Хувь хүний чадваруудыг хөгжүүлнэ

    Та өөрийн харилцааны ур чадвар, шийдвэр гаргах, ажлын байрны соёлд дасан зохицох зэрэг “soft skill”-үүдийг сайжруулахад ментор тусална. Заримдаа та өөрийнхөө сул болон давуу талыг таньж ч чадахгүй байхад, ментор үүнийг тань оношилж, зөв чиглүүлж чадна.

    3. Мэргэжлийн сүлжээ буюу network-д холбогдох

    Менторууд олон байгууллага, салбарын мэргэжилтнүүдтэй холбоотой байдаг тул тэд танд танилцуулга хийж, шинэ боломжуудыг нээж өгөх гарц болж чадна.

    4. Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ

    Ажил хайж явах үед татгалзсан хариу, сорилт бэрхшээл тулгардаг. Менторын урам өгсөн үгс, бодит жишээ, зөвлөгөө таны итгэлийг сэргээж, зоригжуулж чаддаг.

    5. Карьерын алсыг харж төлөвлөхөд тусална

    Ментортой харилцах нь танд зөвхөн өнөөдрийн ажлыг олоход бус, ирээдүйд хэн болж хөгжихийг тань ойлгуулахад чухал үүрэгтэй. Тэд дараагийн алхам юу байхыг асууж, таныг бодох, төлөвлөх, өсөх сэдлийг төрүүлнэ.

    Хэрхэн ментороо олох вэ?

    Та их сургууль төгсөөд ажил, карьерынхаа гарааг эхлүүлж байна уу? Эсвэл дараагийн сонголтоо хийхээр тохиромжтой ажлаа хайж байна уу? Тэгвэл зөв хандлага, зөв хүнээс суралцах нь таны хамгийн чухал алхмуудын нэг юм. Туршлагатай ментор танд зөв чиглэл зааж, алдаа гаргахгүйгээр урагшлахад тусалж, таны хувийн хөгжилд үнэтэй дэмжлэг болдог. Иймээс өөрийн сонирхож буй салбарынхандаа суралцаж, зөвлөгөө авч чадах хүнээ олох нь таны ирээдүйн амжилтад чухал нөлөө үзүүлнэ.

    Ментороо олохын тулд салбарын арга хэмжээ, мэргэжлийн уулзалтууд, networking event-үүдэд оролцож эхлээрэй. Сошиал платформыг ашиглан тухайн салбарын мэргэжилтнүүдтэй холбогдож, хүндэтгэлтэйгээр зөвлөгөө хүсэх боломж ч бий. Мөн багш, найз нөхөд, хамт олон, гэр бүлийн танилуудаасаа зөвлөх авч болох хүнийг хайж, танилын хүрээгээ өргөтгөх хэрэгтэй. Үүнээс гадна байгууллагууд болон ТББ-уудын санал болгодог менторшип хөтөлбөрүүдэд бүртгүүлж, албан ёсны сувгаар ментортой болох ч бас нэг оновчтой арга юм.

    Дүгнэлт

    Өнөөдөр хөдөлмөрийн зах зээл хурдтай, улам л өрсөлдөөнтэй болж байна. Таныг бусдаас ялгаруулах зүйл бол зөв сонголт, мэргэжлийн зөвлөгөө, тогтвортой хөгжих сэтгэлгээ зэрэг юм. Харин үүнийг зөв чиглүүлж өгөх хүн бол таны ментор байх болно.

    Хэрэв та карьераа өөртөө итгэлтэйгээр эхлүүлэхийг хүсэж байгаа бол, ганцаараа биш ментортой хамт эхлээрэй.

    CV-гээ lambda -гын AI-р шинэчилж, талентаар бүртгүүлээрэй. Дараагийн ажлаа амжилттай олоход тань бид тусална. 

    Илүү олон ажилд орох зөвлөгөө, ярилцлагад бэлтгэх арга, карьер хөгжүүлэлтийн мэдээллийг манай LAMBDA платформоос аваарай.  

    Холбоотой нийтлэл унших: Төгсөгчдөд зориулсан анхны ажлаа олох зөвлөгөө

  • Одоогоос 10 жилийн дараа та хэн байх вэ?

    Одоогоос 10 жилийн дараа та хэн байх вэ?

    Хөдөлмөрийн зах зээлд амжилттай байх ирээдүйн төлөвлөгөөгөө хамтдаа гаргацгаая

    Яагаад ирээдүйгээ өнөөдрөөс төлөвлөх хэрэгтэй вэ?

    Хөдөлмөрийн зах зээл урьд өмнөхөөсөө илүү хурдтай өөрчлөгдөж байна. Хиймэл оюун ухаан, автоматжуулалт, дижитал шилжилт зэрэг технологиуд нь уламжлалт ажлын байруудыг шинэчлэн шинэ чадвар, шинэ мэргэжлийг шаарддаг болсон. Таны хувьд 10 жилийн дараа ямар байх вэ? Энэ бол зүгээр нэг асуулт биш. Харин амьдралын тань стратегийн төлөвлөгөө байх ёстой юм.

    Ирээдүйн хөдөлмөрийн зах зээл ямар байх вэ?

    Дэлхийн Эдийн Засгийн Форумын (WEF) судалгаанд дурдсанаар 2035 он гэхэд дэлхийн хөдөлмөрийн зах зээл дээр 1 тэрбум гаруй ажил үүрэг дахин тодорхойлогдоно гэж үзэж байна. Энэ нь зөвхөн олон улсад бус, Монголын хөдөлмөрийн зах зээлд ч мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх юм.

    Өмнө нь тогтвортой, удаан хугацаанд хэрэгцээтэй гэж тооцогддог байсан уламжлалт мэргэжлүүд аажмаар хумигдаж, оронд нь дижитал, бүтээлч чиглэлийн шинэ ажлын байрууд эрэлттэй болж байна. Цаашлаад ганцхан мэргэжил эзэмших хангалтгүй болж, нэг хүнээс олон ур чадвар, салбар дамнасан мэдлэг шаарддаг болж байгаа нь хөдөлмөрийн зах зээлд шинэ сорилт, шинэ боломжийг авчирч байгаа юм.

     Ирээдүйд эрэлттэй байх мэргэжлүүд

    Салбар Ирээдүйн мэргэжил Гол ур чадвар
    Мэдээллийн технологи Программист, Дата шинжээч, AI инженер Код бичих, логик сэтгэлгээ, өгөгдөл боловсруулах
    Финтек ба Санхүү Блокчэйн мэргэжилтэн, Криптовалют шинжээч Дижитал санхүү, өгөгдлийн анализ
    Маркетинг ба медиа Дижитал маркетингч, Контент бүтээгч Бүтээлч сэтгэлгээ, сошиал мэдлэг, өгөгдөл ашиглалт
    Эрүүл мэнд Телемедицин, Дижитал эрүүл мэнд, Сэтгэл зүйч Технологи+сэтгэл зүй, эмнэлгийн программын хэрэглээ
    Боловсрол Онлайн багш, EdTech хөгжүүлэгч Сургалтын дизайн, интерактив орчин бүрдүүлэх чадвар
    Ногоон хөгжил Сэргээгдэх эрчим хүч, Ногоон технологийн инженер Экологийн мэдлэг, техник сэтгэлгээ

    Ирээдүйд амжилттай байхад шаардлагатай ур чадварууд

    Дижитал ур чадвар

    Өнөөдөр бараг бүх ажил дижитал орчинд шилжиж байна. Програм хангамж, өгөгдөл, интернет орчинд ажиллах чадвар бол орчин үеийн “суурь бичиг үсэг” гэхэд болно. MS Excel, CRM, AI хэрэгслүүд зэрэг энгийн мэт програмуудыг бүрэн ашиглаж чаддаг байх нь таны ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, албан байгууллагуудад үнэлэгдэх чухал ур чадвар юм. Мөн өгөгдөл задлан шинжилж, үр дүн дээр нь үндэслэн шийдвэр гаргах чадвар нь бизнес, маркетинг, менежмент гээд бүхий л салбарт нэн шаардлагатай болжээ.

    Бүтээлч сэтгэлгээ 

    Маш сайн боловсруулсан санаа, шинэлэг шийдэл нь таныг бусдаас ялгаруулдаг гол давуу тал болно. Бүтээлч сэтгэлгээ гэдэг нь зөвхөн уран зураг, хөгжим гэх мэт урлагийн салбарт хамаатай биш та аливаа асуудлыг уламжлалт аргаар биш, өөр өнцгөөс харж, илүү үр дүнтэй, шинэлэг гарц санал болгох чадварыг хэлж буй.

    Шийдвэр гаргах, асуудал шийдэх чадвар

    Хөдөлмөрийн зах зээл хурдтай өөрчлөгдөж буй энэ үед тогтсон заавар, дүрэм бүгдэд нь тохирохгүй байх нь олонтаа. Ийм үед та асуудлыг хурдан ойлгож, дүгнэлт хийж, шийдэл гаргах чадвартай байх шаардлагатай. Тухайлбал, багийн ажил гацсан тохиолдолд тухайн нөхцөлд хамгийн оновчтой гарц хайж олдог, хариуцлагатай, ухаалаг ажилтан байж чадвал та салбартаа үнэ цэнтэй мэргэжилтэн болох боломжтой.

    Харилцаа ба багаар ажиллах

    Орчин үед ганцаараа амжилтад хүрэх гэдэг ойлголт улам бүдгэрч, оронд нь хамтын амжилт чухал болж байна. Та өөрийн бодлоо ойлгомжтой, эерэг хэлбэрээр илэрхийлж, бусдыг сонсож, хамтран ажиллаж чаддаг байх ёстой. Энэ нь зөвхөн үг ярианы чадвар бус сэтгэлзүйн уян хатан байдал, ойлголцол, хүндлэлийг ч хамарна. Ялангуяа олон улсын багтай ажиллах үед соёлын ялгааг ойлгож, харилцаагаа уялдуулах чадвар чухал юм.

    Өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх хандлага

    Амжилттай хүмүүсийн хамгийн том нийтлэг шинж бол тасралтгүй суралцах эрмэлзэл юм. Ажлын байртай байсан ч, шинээр ажил хайж байгаа ч хамаагүй дэлхий өөрчлөгдөж байгаа учраас бид ч өөрчлөгдөх шаардлагатай. Өдөр бүр шинэ мэдээлэл унших, онлайн курс үзэх, туршлага хуримтлуулах нь таны ирээдүйн үнэ цэнийг нэмэгдүүлнэ. Суралцахаа зогсоох эсвэл хангалттай гэж бодох нь боломжуудыг дагаж ирэх амжилтаа хязгаарлаж буй хэрэг юм.

    Тэгвэл хэрхэн бэлтгэх вэ?

    1. Онлайн сургалтад хамрагдах

    • Coursera, EdX, Udemy, HubSpot зэрэг олон улсын платформ дээрээс

      • Data Science, UX/UI Design, Coding, Digital Marketing зэрэг өөрт тохирох төдийгүй сонирхох чиглэлүүдээр суралцаарай. Энэ бол цагаа бүтээлчээр, үр дүнтэй ашиглаж өөртөө хөрөнгө оруулах боломж юм.

    2. Карьерын замналаа тодорхойлох

    • Та яг юу хийх дуртай вэ?

    • Таны сонирхол аль салбарт илүү хэрэг болж чадах вэ?

    • Таны мэргэжил 10 жилийн дараа зах зээлд байх уу? эдгээр асуултуудад үнэнчээр бас бодитоор хариулах хэрэгтэй.

    3. Хувийн брэндээ хөгжүүлээрэй

    • LinkedIn, Lambda дээр өөрийгөө зөв танилцуул, profile-аа хөгжүүлэх

    • Сургалтын сертификат, hard болон soft ур чадварууд, ажилласан төсөл зэргийн мэдээллээ хуваалцаарай

    • Ингэхдээ зорилготой, мэдлэгтэй, хөгжиж буй талент гэдгээ тод илэрхийлээрэй

    Ирээдүйн зорилгоо амжилттай төлөвлөхийн тулд эхлээд өөрийгөө одоо яг хаана байгааг ойлгох хэрэгтэй. Энэ нь таны ур чадвар, мэдлэг, туршлага, үнэт зүйлсийг эргэцүүлэн дүгнэх үйл явц юм. Дараа нь өөрийн давуу болон сайжруулах шаардлагатай талуудаа тодорхойлж, хаашаа хүрэхийг буюу 5-10 жилийн дараах мэргэжил, орлого, амьдралын хэв маягийнхаа дүр төрхийг гаргаарай. Тэр зорилгодоо хүрэхийн тулд шат дараалсан төлөвлөгөө гаргаж, суралцах шаардлагатай зүйлс, хөгжүүлэх ур чадвар, хуримтлуулах туршлагаа тодорхой болгох юм. Энэ бүхнийхээ явцад өөрийн хувь хүний хөгжлийг тогтмол хянаж, шаардлагатай бол төлөвлөгөөгөө шинэчилж, улмаар өөрчлөлтөд уян хатан хандах нь урт хугацааны амжилтад хүрэх чухал алхам болох болно.

    Өнөөдрийн нэг алхам таны маргаашийн амжилтын үндэс юм.

    “Ирээдүй бол бэлтгэлтэй, зорилготой хүмүүст зориулсан шагнал билээ.”

    Зарим мэдээллийн эх сурвалжууд: World Economic Forum (WEF) – Future of Jobs Report, LinkedIn Economic Graph & Future of Work Insights, McKinsey Global Institute – Jobs Lost, Jobs Gained, OECD Skills Outlook, World Bank – Digital Jobs for Youth Reports

    Илүү олон зөвлөгөө, карьер хөгжүүлэлтийн мэдээллийг манай LAMBDA платформоос аваарай 

  • Ажилгүйдлийн тэтгэмж: Хүнд үеийг даван туулах таны санхүүгийн дэмжлэг

    Ажилгүйдлийн тэтгэмж: Хүнд үеийг даван туулах таны санхүүгийн дэмжлэг

    Амьдралын замд гэнэтийн эргэлтүүд олон бий. Арван жил ажилласан ч, нэг л  өглөө халагдсанаа сонсох үе хүн бүрд тохиолдож болно. Ийм үед төрөөс олгодог ажилгүйдлийн тэтгэмж танд түр зуурын амьсгаа авах завсар өгч чаддаг гэдгийг та мэдэх үү? Гэхдээ олон хүн энэ тэтгэмжийг хэрхэн авах, хэн авах эрхтэйг мэддэггүй. Тиймээс дараах мэдээллийг анхааралтай уншаарай.

     Ажилгүйдлийн тэтгэмж гэж юу вэ?

    Энэ бол нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан иргэн ажилгүй болсон тохиолдолд олгогддог түр хугацааны мөнгөн тусламж юм. Тэтгэмж нь иргэний өмнөх ажлын цалингийн дундажтай уялдаж, шинэ ажил олох хүртэлх хугацаанд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг.

    Хэн авах эрхтэй вэ?

    Та дараах нөхцөлийг хангасан тохиолдолд тэтгэмж авах боломжтой:

    • Сүүлийн 24 сарын хугацаанд даатгалын шимтгэл төлсөн байх бөгөөд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн байх
    • Ажлаас халагдсан, гэрээ дууссан эсвэл байгууллага татан буугдсан үндэслэлтэй байх
    • Хөдөлмөрийн байгууллагад “ажил хайгч” иргэнээр бүртгүүлсэн байх
    • Насанд хүрсэн, хөдөлмөрийн чадвартай байх

    Хэдий хугацаанд, хэр хэмжээний мөнгө олгодог вэ?

    Ажилгүйдлийн тэтгэмжийг нийт 76 хоногийн хугацаанд (ойролцоогоор 2.5 сар) олгодог. Тэтгэмжийн хэмжээ нь таны өмнөх 3 сарын дундаж цалингийн 45% байдаг.

    Жишээ нь : Хэрэв таны сүүлийн сарын цалин 1,000,000 төгрөг байсан бол та сард 450,000 мянган төгрөгийн тэтгэмж авах боломжтой.

    Хэрхэн хүсэлт гаргах вэ?

    1. Халагдсанаас хойш 14 хоногийн дотор хөдөлмөрийн байгууллагад очиж бүртгүүлнэ.

    2. Мөн хугацаанд цахимаар эсвэл Нийгмийн даатгалын хэлтэст биеэр очиж хүсэлт гаргана.

    Бүрдүүлэх бичиг баримт:

    • Хөдөлмөрийн байгууллагын бүртгэлийн тодорхойлолт
    • Тэтгэмж хүссэн өргөдөл
    • Ажлаас чөлөөлсөн тухай тушаал

    Анхаарах зүйлс

    • Тэтгэмж авч буй хугацаандаа та ажлын санал хүлээн авах, сургалтад хамрагдах үүрэгтэй.
    • Хэрэв та хуурамч мэдээлэл өгвөл хариуцлага хүлээх эрсдэлтэй.
    • Сургалт, зуучлалд оролцоогүй тохиолдолд тэтгэмж зогсож магадгүй.

    Ажилгүйдлийн тэтгэмж бол таныг хүнд үед хамгаалж чадах төрийн дэмжлэгийн бодит хэлбэр юм. Хэрвээ та гэнэтийн байдлаар ажилгүй болсон бол эрхээ шалгаж, дээрх шаардлагудыг  хангаж байвал аль болох хурдан бүртгүүлж хүсэлтээ гаргаарай. Энэ цаг үеийг https://lambda.global/feed -тай хамт сурч хөгжих, шинэ боломжийг эрэлхийлэх боломж гэж харах нь таны ирээдүйд илүү үнэ цэнтэй хөрөнгө оруулалт болох болно шүү.