Category: Карьер Хөгжил

  • Карьерийн өсөлтөд networking (сүлжээ) ямар чухал нөлөөтэй вэ?

    Карьерийн өсөлтөд networking (сүлжээ) ямар чухал нөлөөтэй вэ?

    Карьерын замнал гэдэг дан ганц диплом, туршлагаар хэмжигдэхээ больсон цаг. Орчин үеийн хөдөлмөрийн зах зээлд хүмүүстэй хэрхэн харилцаж, сүлжээ үүсгэж, өөрийгөө хэрхэн зөвөөр илэрхийлж байна вэ гэдэг нь карьерын хөгжилд онцгой нөлөө үзүүлдэг болсон.

    Үүнтэй уялдан мэргэжлийн хүрээнд түгээмэл хэрэглэгддэг нэг арга бол “coffee chat” буюу албан бус уулзалт юм.
    Энэ нь танилтайгаа кофе уухтай адил биш, харин мэргэжлийн түвшинд шинэ харилцаа үүсгэж, ойлголт, боломжоо тэлэх зорилготой уулзалт юм. Зөв зохион байгуулж чадвал coffee chat нь таны карьерын замд шинэ хаалга нээж, ирээдүйд эргэлт гаргах ч хүчин зүйл болж чадна.

    Coffee chat гэж юу вэ?

    Coffee chat гэдэг нь ихэвчлэн 1:1 уулзалт хэлбэртэй, албан ёсны ярилцлага гэхээсээ илүү чөлөөтэй, найрсаг уур амьсгалд явагддаг мэргэжлийн уулзалт юм. Энэ нь тухайн хүний ажилладаг салбар, байгууллагын соёл, карьерын туршлагын талаар бодит мэдээлэл авч, танилын хүрээгээ тэлэх зорилготой байдаг.

    Жишээлбэл, та тодорхой нэг компанийн сонирхсон албан тушаалд өргөдөл өгөхөөр зэхэж байгаа бол, тус байгууллагад ажилладаг хүнийг coffee chat-д урих замаар дотоод соёл, ажлын орчин, багийн уур амьсгал, карьер өсөлтийн чиг хандлага зэрэг мэдээллийг илүү шууд, амьд байдлаар олж мэдэх боломжтой.

    Яагаад карьерт тань чухал нөлөөтэй вэ?

    Өнөө үед ажил олгогчид зөвхөн CV дээрх бичигдсэн туршлагаас гадна тухайн хүний харилцааны чадвар, салбарын ойлголт, сүлжээний чанар-ыг ч хардаг болсон.

    Иймд coffee chat хийх нь:
    1. Шинэ сүлжээ бий болгоно- Тухайн салбарын туршлагатай хүмүүсээс шууд мэдлэг, зөвлөгөө авах боломж
    2. Карьерын боломж тэлнэ-  Зарим ажлын байр албан ёсоор бидний мэдэх ажлын байр зарладаг сайтууд дээр зарлагддаггүй (hidden job market) — харин сүлжээгээр дамжуулан мэдэх боломжтой
    3. Бодит мэдээлэл авна- Компанийн бодит орчин, зах зээлийн чиг хандлага, ямар ур чадвар өндөр үнэлэгдэж байгаа талаар ойлголттой болно
    4. Өөрийгөө танилцуулах боломж- Таныг албан бус нөхцөлд харах, ирээдүйн хамтын ажиллагаанд тань сонирхол үүсгэх суурь тавигдана

    Тэгвэл яаж үр дүнтэй coffee chat хийх вэ?

    • Зорилгоо тодорхой болгох– Зүгээр л “уулзъя” гэхээс илүү ямар мэдээлэл авахыг хүсэж байна вэ гэдгээ урьдчилан тодорхойлох. Буруу арга ашигласнаас болоод нөгөө хүндээ таагүй сэтгэгдэл  төрүүлэх вий.
    • Бэлтгэлтэй очих– Уулзах хүнийхээ суурь боловсрол, ажлын туршлагыг (background) -ийг судалж, асуух асуултаа цэгцтэй бэлдэж очих
    • Харилцааны соёлыг баримтлах– Уулзалтын цагтаа хоцрохгүй байж цагт нь дуусгах, талархал илэрхийлэх, дараа нь follow-up мэйл илгээх
    • Үргэлжлүүлэн эргэх холбоотой байх– Зөвхөн нэг удаагийн уулзалтаар зогсолгүй, холбоогоо хадгалж, сонирхсон салбартаа идэвхтэй networking хийх

    Төгсгөлд нь coffee chat бол өдгөө хөдөлмөрийн зах зээлд карьерын өсөлт, хөгжлийн салшгүй хэсэг болсон тул зөв хандаж үр шимийг нь хүртэж чадвал та зөвхөн шинэ танилуудтай болохоос гадна бодит карьерын боломжууд-ыг нээх, өөрийгөө илүү сайн танилцуулах маш том давуу тал болж өгдөг.

    Хэрэв та одооноос карьериййн холбооныхоо (career network)  дараагийн алхмыг төлөвлөж эхэлмээр байвал lambda.global-ийн Career Path хуудас-аар орж, өөрт тохирсон чиглэлээ тодорхойлоод, networking-ээ төлөвлөж эхэлээрэй.

  • Карьерын эхлэл: Шинэ ажилтанд тулгардаг сорилт

    Карьерын эхлэл: Шинэ ажилтанд тулгардаг сорилт

    Их, дээд сургуулиа төгсөөд ажилд орох нь хүн бүрийн хувьд амьдралын шинэ үе шат, томоохон алхам билээ. Гэхдээ шинэ орчинд хөл тавих, анхны ажлын даалгавраа биелүүлэх, дасан зохицох, хамт олонтойгоо харилцаа холбоо тогтоох гэх мэт олон сорилт таныг угтдаг. Эдгээр сорилтыг урьдчилан ойлгож, ухаалаг аргаар даван туулах нь карьерын амжилтын эхлэл болох юм. Хөдөлмөрийн зах зээлд шинэ ажилтанд тулгардаг нийтлэг сорилтуудыг доор хуваалцлаа.

    Ажлын орчин, хамт олны уур амьсгалд дасан зохицох

    Шинэ ажил эхлэхэд хамгийн түрүүнд тулгардаг сорилтын нэг бол хамт олон, шинэ орчинд дасан зохицох асуудал байдаг. Анхны өдрүүдэд өөрийгөө бусдаас тусгаарласан мэт мэдрэх, танил бус уур амьсгалд эвгүйрхэх нь хэвийн зүйл. Гэхдээ энэ мэдрэмжийг даван туулахын тулд та өөрөө идэвхтэй байж, хамт олонтойгоо мэндэлж, энгийн яриа өрнүүлж эхлэх нь чухал. Хамтын ажиллагаанд дуртай, нээлттэй хандлагаа харуулснаар шинэ хамт олон таныг хүлээн зөвшөөрч, итгэлцэл үүсэхэд түлхэц болно. Мөн багаар ажиллах боломж бүрийг ашиглаж, аливаа төсөл, хурал, санаачлагад оролцсоноор та хамт олонтойгоо илүү ойртож, ажлын уур амьсгалыг илүү хурдан мэдэрч чадах юм.

    Ажлын ур чадварын дутагдал, туршлагагүй байдал

    Их сургуульд эзэмшсэн онолын мэдлэг бодит ажил дээр бүрэн хэрэгжих нь ховор байдаг. Шинэ орчинд тухайн ажлын процесс, хэрэглэгддэг технологи, мэргэжлийн ур чадварууд өөр байж болох тул туршлагагүй байдал мэдрэгдэх нь ойлгомжтой юм. Энэ үед хамгийн чухал зүйл бол өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх сэтгэлгээтэй байх билээ. Ажлынхаа онцлогт тохирсон шинэ мэдлэг, ур чадварыг сурах, өдөр тутмын ажлынхаа хажуугаар дадлагажих боломжуудыг эрэлхийлэх хэрэгтэй. Мөн бусдаас тусламж хүсэхээс бүү ай, асуух нь сул дорой биш, харин сурах хүсэлтэй, хариуцлагатай хүний шинж юм. Ингэснээр та богино хугацаанд өсөж хөгжих боломжтой төдийгүй хамт олны итгэлийг ч хурдан олж авах болно.

    Цагийн менежмент, ажлын ачааллыг зөв хуваарилах

    Ажил, хувийн амьдрал хоёрыг тэнцвэртэй авч явах нь шинэ ажил эхэлж буй хүн бүрийн хувьд хамгийн том сорилт болж чаддаг. Төлөвлөөгүй, замбараагүй ажлууд давхцаж эхлэхэд стресс нэмэгдэж, өөртөө болон гэр бүлдээ зарцуулах цаг багасч болзошгүй. Ийм үед өдөр тутмын ажлаа урьдчилан төлөвлөж, хийх ажлуудаа чухлаар нь эрэмбэлж сурах нь гол шийдэл болдог. Цагийн менежментийн ур чадварыг хөгжүүлснээр та ажлын ачааллыг ухаалгаар зохицуулж, бүтээмжтэй ажиллахын зэрэгцээ амралт, хувийн амьдралаа ч орхигдуулахгүй байх боломжтой. Зөв төлөвлөлт нь танд зорилгоо тодорхой харах, хийх ажлуудаа хугацаанд нь амжуулах, стрессээ бууруулах зэрэг олон давуу талыг авчирна.

    Харилцааны ур чадвар

    Ажлын эхний үед дээд шатны менежер, шинэ хамт олон эсвэл үйлчлүүлэгчтэй хэрхэн зөв харилцахаа мэдэхгүй байх нь түгээмэл асуудал. Үг, үйлдэл бүр тань таны мэргэжлийн имиджийг төлөөлдөг тул харилцааны ур чадвар бол карьерын амжилтын үндэс юм. Үүнийг сайжруулахын тулд илэрхийлэл, и-мэйл бичих, тайлан бэлтгэх зэрэг бичгийн харилцааны чадварыг тогтмол хөгжүүлж, ажил хэргийн харилцаанд баримтлах ёс зүй, дүрмийг судлах хэрэгтэй. Сонсох чадвараа дээшлүүлж, тодорхой, ойлгомжтой харилцах нь зөвхөн ажилд тань тус болохгүй, бусдын итгэлийг олоход ч тустай. Зөв харилцаа байгуулж чадсан хүн аливаа ажлыг илүү үр дүнтэй гүйцэтгэж, багийн уур амьсгалыг эерэг байлгахад чухал хувь нэмэр оруулдаг.

    Өөртөө тавих хүлээлт

    Шинэ ажил эхлэх үед алдаа гаргаж болохгүй гэсэн айдас, өөрийгөө хурдан батлан харуулах гэсэн дарамт зэрэгцэн ирдэг. Энэ нь сэтгэлзүйн хувьд дарамт үүсгэж, өөртөө итгэх итгэлийг сулруулах магадлалтай. Гэвч алдааг зайлсхийх зүйл бус, харин суралцах чухал боломж гэж харах хандлагыг төлөвшүүлэх нь илүү үр дүнтэй. Бүх зүйлийг төгс хийх гэж хичээхээс илүүтэй, хүлээлтээ бодитоор үнэлж, уян хатан хандлага баримтлах нь амжилтад хүрэх үндэс болдог. Хэрвээ ямар нэг зүйл буруугаар эргэсэн бол түүнийгээ дүгнэж, сургамж авах нь өөрийгөө хөгжүүлэх хамгийн сайн арга. Удирдлагатайгаа тогтмол холбоотой байж, ахиц дэвшлээ хуваалцах нь ч хүлээлтийг илүү бодитой болгоход тусална. Ингэснээр та дарамтад дарагдах бус, итгэлтэйгээр өсөн дэвжих нөхцөлийг бүрдүүлж чадна.

    Өөртөө итгэх итгэл хангалтгүй байх

    Тухайн хүн өөрийн чадамжид эргэлзэх мэдрэмж нь шинэ ажилтанд түгээмэл тулгардаг дотоод сорилт юм. Энэ мэдрэмжийг даван туулахын тулд өөрийн хийж буй ажлын жижиг амжилт, ахиц дэвшил бүрийг өдөр бүр тэмдэглэж, өөртөө итгэх сэтгэлгээг төлөвшүүлэх хэрэгтэй. Жижиг боловч тогтмол ахицууд тань томоохон өөрчлөлтийн үндэс болдгийг ойлгох нь чухал. Мөн өөрийгөө шүүмжлэхээс илүү урам зориг өгөх, хичээж буйгаа үнэлж сурах нь сэтгэлзүйн дархлааг бэхжүүлж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг. Итгэлгүй байдалтай тэмцэх хамгийн үр дүнтэй арга бол тасралтгүй суралцах, өөрийгөө хөгжүүлж буй үйл явцдаа итгэх юм. Удаан хугацаанд тогтвортой хичээл зүтгэл гаргавал таны итгэл өөрийн эрхгүй өсч, чадна гэх бодол дадал болон төлөвшинө.

    Карьерын чиг баримжаа тодорхойгүй байх

    Шинэ ажилтнуудын дунд хамгийн түгээмэл, нууцхан тулгардаг бэрхшээл бол яг ямар чиглэлд, хаашаа хөгжих тухай эргэлзээ юм. Өөрийн сонирхол, чадвар, зах зээлийн эрэлт хэрэгцээг уялдуулан зөв чигийг тодорхойлохгүй бол хичээл зүтгэл замбараагүй болж, хөгжил удаашрах эрсдэлтэй. Үүнийг шийдэх эхний алхам бол тухайн салбартаа туршлага, мэдлэгтэй ментороос зөвлөгөө авах. Тэдний туршлага, сургамж таны шийдвэр гаргалтад бодит суурь болж чадна. Үүний зэрэгцээ өөрөө тухайн салбарын чиг хандлага, боломжуудыг судалж, янз бүрийн даалгавар, төслүүдэд оролцож өөрийгөө туршиж үзэх хэрэгтэй. Ингэснээр та алинд илүү сонирхолтой, ур чадвартайгаа мэдэрч, ирээдүйн карьерынхаа чиглэлд итгэлтэйгээр алхах боломжтой болно.

    Анхны ажлын байр бол таны суралцах, хөгжих хамгийн том боломж юм. Бүх зүйл төгс байх албагүй. Харин сорилт бүрийг даван туулах ухаалаг хандлага тань урт хугацааны амжилтын үндэс болно.

    Шинэ ажилтан танд зориулсан зөвлөгөө:

    Сонсож сурах – Хамт олныхоо үгийг анхааралтай сонсож, орчиндоо ажиглалт хийснээр та илүү хурдан дасан зохицож чадна.
    Тэмдэглэл хөтлөх – Өдөр бүр сурсан зүйлээ бичиж тэмдэглэх нь мэдлэгээ бататгаж, хурдан өсөн дэвших түлхүүр болно.
    Асуух зоригтой байх – Мэдэхгүй зүйлээ асуух нь таны алдаанаас зайлсхийж, хөгжлийнхөө эхлэлийг зөв тавих алхам юм.
    Хамгийн энгийнээс эхлэх – Том зорилгын өмнө жижиг алхмууд үргэлж чухал. Өдөр бүр бага багаар ахиц гаргахыг зориорой. 
    Өөртөө итгэх – Та өөрийн зорилгодоо хүрч чадна. Өөрийгөө үнэлж, итгэлтэйгээр урагшлаарай.

    Карьерын эхний алхам бүр хэцүү мэт санагддаг ч үнэн хэрэгтээ таны хамгийн үнэ цэнтэй хувь хүний хөгжлийн гараа болдог. Шинэ орчин, танил бус үүрэг, өөртэйгөө хийдэг эргэлзээ энэ бүхэн бол таны ур чадвар, сэтгэл зүй, хандлагын шалгуур юм. Сайн ажилтан болох нь зөвхөн мэдлэгтэй байхаас гадна хамт олонтойгоо уялдаа холбоотой ажиллах, алдаанаас суралцах, тасралтгүй өсөх чадваруудыг агуулдаг. Тиймээс алдаа гарсан ч шантрахгүйгээр урагшилж, шинэ зүйлд нээлттэй байж, өдөр бүр бага багаар өөрийгөө хөгжүүлээрэй. Учир нь карьерын амжилт таны хандлагаас эхэлдэг.

    Шинэ ажил руу итгэлтэй алхахад тань LAMBDA тусална.

    Энд дарж Lambda-гаар карьер замналаа тодорхойлуулаарай.

    Дараагийн унших нийтлэл: Карьер төлөвлөлтийн зөвлөгөө: Маркетингийн салбар

  • Шинэ ажилтны сэтгэл зүй: Дасан зохицох үйл явц

    Шинэ ажилтны сэтгэл зүй: Дасан зохицох үйл явц

    Шинээр ажилд орж буй хүн бүхэн сэтгэл зүйн хувьд олон сорилттой тулгардаг. Тэд шинэ орчин, үүрэг хариуцлага, хамт олон, байгууллагын соёлыг ойлгох, дасан зохицох шаардлагатай болдог. Үүний үр дүнд сэтгэл зүйн дарамт, эргэлзээ, өөртөө итгэх итгэлийн дутагдал зэрэг сөрөг нөлөөллүүд үүсч болзошгүй. Шинэхэн ажилтан танд найз болохуйц сонирхолтой нийтлэлийг бэлтгэлээ.

    Шинэ ажилтны сэтгэл зүйн гол сорилтуудыг дурдвал: 

    • Тодорхойгүй байдал ба айдас: Шинэ орчинд ажиллах үед хамгийн түгээмэл тулгардаг мэдрэмж бол “би өөрийн ажил үүргээ зөв гүйцэтгэж чадах болов уу?” гэх эргэлзээ юм.
    • Нийгмийн дасан зохицолт: Хамт олны дунд өөрийн байр суурийг олох, харилцааны шинэ хэв маягт дасан зохицох нь сэтгэлзүйн хувьд ихээхэн эрч хүч шаарддаг. Танихгүй орчинд өөрийгөө илэрхийлэх нь зарим тохиолдолд түгшүүр үүсгэдэг шүүдээ.
    • Өөрт тавигдах хүлээлт: Ажил олгогч, менежер, хамт олон, мөн өөрөө өөртөө тавьж буй өндөр хүлээлтүүд нь сэтгэл зүйн дарамт үүсгэж болох юм.

    Судалгаагаар сэтгэл зүйн аюулгүй байдал нь шинэ ажилтны дасан зохицох үйл явцад эерэг нөлөө үзүүлдэг болох нь тогтоогдсон байна. Шинэ ажилтанд сэтгэл зүйн аюулгүй орчин бүрдүүлэх нь шинэ ажилтны оролцоо, үнэнч байдал, байгууллагын соёлыг сайжруулахад чухал үүрэгтэй  байдаг. Сүүлийн жилүүдэд ийм сэтгэл зүйтэй ажилтантай болохын тулд байгууллагын зүгээс ч ажилтантай дүйцэхүйц хичээл зүтгэл гаргаж байна.

    Байгууллагын зүгээс үзүүлэх дэмжлэгийн талаар: 

    • Тавтай морилно уу! хөтөлбөр: Шинэ ажилтанд зориулсан чиглүүлэх, дэмжих хөтөлбөр нь ажилтны сэтгэл зүйн тогтвортой байдлыг дэмжих анхны алхам юм.
    • Ментор эсвэл дэмжигч тогтоох: Хамт олны нэг гишүүнийг шинэ ажилтанд туслах хариуцлагатайгаар томилох нь ажилтны дасан зохицох хугацааг богиносгож, сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлдэг.
    • Нээлттэй харилцаа: Хүссэн үедээ асууж, санал бодлоо илэрхийлэх нээлттэй орчин бүрдүүлэх нь сэтгэл түгшилтийг багасгахад чухал үүрэгтэй.
    • Талархлын соёл: Шинэ ажилтны оруулж буй хувь нэмрийг үнэлж, талархах нь түүний үнэ цэнэ, харьяаллын мэдрэмжийг нэмэгдүүлнэ.

    Хувь хүний анхаарах зүйлс

    • Цаг өг – Өөртөө дасан зохицох хугацаа олгоорой. Өөртөө бүү хатуу ханд.
    • Асуух айдасгүй бай – Тусламж хүсэх нь та юм мэдэхгүйдээ биш, шинэ учраас мэдэхгүй зүйл олон байгаагийнх юм шүү.
    • Өөдрөг ханд – Бага зэргийн алдаа бол суралцах боломж.
    • Өөрийгөө урамшуул –Амжилттай яваа зүйлсээ тэмдэглэж, өөрийгөө урамшуул.

    Шинэ ажилтны сэтгэл зүйг ойлгох нь тухайн байгууллагын хүний нөөцийн менежментийн чухал хэсэг. Тиймээс  урт хугацааны амжилт, хамт олны уур амьсгал, ажилтны үнэнч байдлыг бүрдүүлэхэд анхаарах чухал юм.

    4 жил сурсан мэргэжлээрээ ажиллахгүй, өөр ажил хийх нь

    Их, дээд сургуульд дөрвөн жилийг зарцуулж өөрийн гэсэн мэргэжил эзэмшинэ. Гэвч ажиллах цаг ирэхэд сурсан чиглэлээрээ бус өөр чиглэлээр ажиллах үзэгдэл нийгэмд түгээмэл болжээ. Энэ нь хувь хүний сонголт уу, эсвэл хөдөлмөрийн зах зээлийн бодит байдалтай холбоотой асуудал уу?

    Мэргэжил сонголт ба хөдөлмөрийн зах зээлийн зөрчил

    Эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахгүй байгаа залуусын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар, их сургуулийг төгссөн залуусын 30-40 орчим хувь нь эзэмшсэн мэргэжлээрээ огт ажилладаггүй гэсэн үр дүн гарчээ.

    Шалтгаан нь юу вэ?

    1. Зах зээл дээрх эрэлт, нийлүүлэлтийн зөрүү. Суралцагчдын дийлэнх нь нийгмийн чиглэлийн мэргэжлийг сонгодог ч эдгээр салбарт ажлын байр хомс байдаг.
    2. Цалин хөлс хангалтгүй. Зарим мэргэжлээр ажиллах нь тухайн хүний амьдралын хэрэгцээг хангах хэмжээнд хүрдэггүй.
    3. Хувийн сонирхлын өөрчлөлт. Залуу насны мэргэжил сонголт нь амьдралын туршийн үнэт зүйлс, ур чадварт тохироогүй байдаг.
    4. Сургалтын чанар. Сурсан мэдлэг бодит ажил дээр хэрэгжихэд хангалтгүй байж болох юм.

    Давуу болон сул талууд

    Давуу тал:

    • Уян хатан сэтгэлгээ: Хувь хүн олон талын ур чадвартай болж, өөр салбарт амжилт гаргах боломжтой.
    • Шинэ сорилт: Өөр салбарт өөрийгөө нээх боломж бүрдэнэ.

    Сул тал:

    • Цаг, мөнгөний алдагдал: 4 жилийн боловсролын зардал, зарцуулсан хугацаа ашиглагдахгүй үлдэх нь эргэлзээ төрүүлдэг.
    • Сэтгэл ханамжгүй байдал: Зарим тохиолдолд мэргэжлээрээ ажиллаагүйдээ харамсах, итгэл алдрах сэтгэл зүйтэй тулгарна.

    Баримт, судалгаатай танилцая: 

    • 2024 оны байдлаар нийт ажиглагсдын 53 хувь нь мэргэжлийн зөрүүтэй ажил эрхэлдэг бөгөөд эдгээр хүмүүсийн орлого нь мэргэжлээрээ ажиллаж буй хүмүүсийнхээс 10 гаруй хувиар бага байна .
    • Их, дээд сургууль болон МСҮТ-ийн төгсөгчдийн 30 орчим хувь нь мэргэжлээрээ ажилладаггүй .
    • Соёл, урлагийн сургуулийн төгсөгчдийн 80 хувь нь мэргэжлээрээ ажилладаггүй .
    • 2024 оны байдлаар нийт ажиглагсдын 53 хувь нь мэргэжлийн зөрүүтэй ажил эрхэлдэг бөгөөд эдгээр хүмүүсийн орлого нь мэргэжлээрээ ажиллаж буй хүмүүсийнхээс 10 гаруй хувиар бага байна.

    Бид их сургуульд дөрвөн жилийг зарцуулж, диплом өвөртлөн, ирээдүйнхээ суурийг тавьж байна гэж боддог. Гэхдээ амьдрал үргэлж бодож санасаны зоргоор байдаггүй. Тийм учраас бид мэргэжил, чиглэлээсээ огт өөр салбарт ажиллах ч тохиодол ч бий. Заримд нь энэ өөрчлөлт айдас төрүүлдэг бол, заримд нь шинэ боломж мэт санагддаг байна.

  • Давхар ажил эрхлэлт: Боломж уу, бэрхшээл үү?

    Давхар ажил эрхлэлт: Боломж уу, бэрхшээл үү?

    Хөдөлмөрийн зах зээлд нэг ажлын цалингаар амьдралаа хангахад улам бүр бэрх болж байна. Үүний үр дүнд олон хүн үндсэн ажлынхаа хажуугаар нэмэлт орлого олох арга зам хайж, давхар ажил эрхэлж байгаа юм. Давхар ажил эрхлэлт нь хүн нэгэн зэрэг хоёр буюу түүнээс дээш ажил хийхийг хэлдэг. 2023 оны байдлаар Монголд нийт ажиллагсдын 12.4% нь давхар ажил эрхэлдэг ба энэ тоо жилээс жилд нэмэгдэж байна.

    Яагаад хүмүүс давхар ажил хийдэг вэ?

    • Санхүүгийн шаардлага

    Өрхийн орлогын хүрэлцээ муу, инфляцийн өсөлт, зээлийн дарамт зэргээс үүдэн олон хүн үндсэн орлогоороо амьдралаа хангаж чадахгүй байгаа нь давхар ажил хийх нэг гол шалтгаан болдог.

    • Хобби, ур чадвараа ашиглах

    Хүн бүрт дуртай, чөлөөт цагаа зориулдаг хобби бий. Түүгээрээ орлого олох нь давхар ажил хийхийг урамшуулдаг нэг шалтгаан юм. Жишээ нь: дизайнер өдөрт оффист ажилладаг бол орой нь хувиараа график дизайн хийдэг.

    • Карьер, ирээдүйн зорилго

    Ирээдүйд бие даасан бизнес эхлүүлэх, туршлага хуримтлуулах зорилгоор давхар ажил эрхлэх нь залуусын дунд түгээмэл хандлага болж байна.

    Хууль зүйн зохицуулалтын талаар:

    Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 25.1 дүгээр зүйлд ажилтан нь хоёрдогч ажил эрхлэхийг шууд хориглосон заалт байхгүй. Гэсэн хэдий ч:

    • Ажил олгогчтой байгуулсан гэрээнд давхар ажил эрхлэхийг хязгаарласан тусгай заалт байвал зөрчилд тооцогдох боломжтой.
    • Нууцлал, өрсөлдөөн: Ажилтны ажил олгогчийн бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц давхар ажил хийх нь хөдөлмөрийн гэрээний зөрчил болж болзошгүй.
    • Цагийн хуваарь, аюулгүй байдал: Хэт ачаалалтай ажиллах нь ажилтны эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Энэ тохиолдолд ажил олгогч хариуцлага хүлээх үндэслэлтэй болдог.

    Ажил олгогчдын байр суурь:

    • Дэмждэг байгууллага:
      Зарим байгууллага давхар ажил эрхлэлтийг уян хатан байдлаар дэмжиж, ажилтнуудаа хөгжих, туршлага хуримтлуулах боломжийг олгодог. Тухайлбал, технологийн салбарын компаниуд ажилтнуудаа side-project хийхийг зөвшөөрдөг.
    • Сөрөг хандлагатай ажил олгогчид
      Гэвч олон байгууллага давхар ажил эрхлэлтийг эрс эсэргүүцдэг. Учир нь:
    • Хариуцлага алдагдах магадлал
    • Ажлын гүйцэтгэл буурах
    • Байгууллагын мэдээллийн аюулгүй байдал алдагдах

    Сэтгэлзүйн болон нийгмийн нөлөө

    Судалгаагаар давхар ажил хийдэг хүмүүсийн 45% нь архаг стресс, 33% нь уур уцаартай болж буйгаа илэрхийлсэн байдаг. Ялангуяа ажлын болон амьдралын тэнцвэрийг алдагдуулах хандлагатай. Үүнээс сэргийлэхийн тулд:

    • Цагийн менежмент сайн байх
    • Ачааллаа зөв хуваарилах
    • Эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай.

    Давхар ажил эрхлэлт нь зөвхөн орлого нэмэгдүүлэх шийдэл биш. Энэ нь хууль эрх зүйн зохицуулалт, ажил олгогчийн итгэлцэл, хувь хүний эрүүл мэнд, амьдралын чанарт ч нөлөөлдөг. Тиймээс давхар ажил эрхлэхийн өмнө эрүүл мэнд, сэтгэл зүй болон эрх зүйн болон бодит нөхцөл байдлаа сайтар ойлгох нь шаардлагатай юм. https://lambda.global/feed таны ур чадварт нийцсэн, итгэл даах байгууллагуудын ажлын заруудыг нэгтгэн хүргэж, хөдөлмөрийн үнэлэмжээ хамгаалж, үнэ цэнтэй шийдвэр гаргахад тань тусалдаг гэдгийг та мэдсэн үү?

  • Гэрээний эрх зүйн зөвлөмж: Ажилд орохдоо юуг шалгах вэ?

    Гэрээний эрх зүйн зөвлөмж: Ажилд орохдоо юуг шалгах вэ?

    Сургуулиа төгсөөд ажилд орох анхны алхам нь ихэнх залууст “том хүн” болох эхлэл шиг л санагддаг. Цалинтай болно, нэр дээр чинь албан тушаал бичигдэнэ, эцэг эхийнхээ ачааг жаахан ч атугай нимгэлнэ гэж итгэж ажилд ордог. Гэвч энэ бүгдийг баталгаажуулж байдаг чимээгүй, гэхдээ маш чухал зүйл бол “ажлын гэрээ” юм.

    Өдөр тутмын ажилдаа сэтгэл гарган, хичээнгүй байснаар бүх зүйл сайн явагдана гэж найдах нь ганц талын итгэлцэл юм. Харин гэрээ бол хоёр талын баталгаат ойлголцол. Яг л ханын цаана буй салхи шуурганаас хамгаалах шилэн цонх шиг таныг хүнд нөхцөлөөс хамгаална. Гэтэл бодит байдал дээр залуус гэрээний утга агуулгыг сайн уншилгүйгээр, бүр зарим нь огт бичгээр гэрээ хийлгүйгээр ажилд ордог нь хамгийн том алдаа. Тэгвэл юун дээр анхаарах ёстой вэ?

    1. Гэрээг бичгээр хийх нь таны эрх

    Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар, ажил олгогч болон ажилтан хоорондын гэрээ заавал бичгээр хийгдэх ёстой. Аман тохиролцоо хэзээ ч баталгаа болохгүй. Тухайн байгууллага амнаасаа “Цалин чинь 2 сая₮” гэж хэлсэн ч, бичгээр 1.2 сая₮ гэж тусгасан бол зөвхөн бичиг баримтыг хууль хүлээн зөвшөөрнө.
    Зөвлөгөө: Хэрвээ гэрээ бичгээр хийгдээгүй бол гарын үсэг зурж, хуулбараа өөр дээрээ хадгалаарай. Танд эрх бий гэдгийг бүү мартаарай.

    2. Гэрээний гол зүйлсийг шалгах жагсаалт

    Хааяа хүн “урьдчилж олдсон ажил чинь аз” гэж бодоод, гэрээг нүдээрээ гүйлгээд л гарын үсэг зурдаг. Гэхдээ доорх зүйлсийг заавал шалгаарай:

    Шалгах зүйл Яагаад хэрэгтэй вэ?
    Цалин болон урамшуулал Тогтмол, цаг хугацаанд олгох үүргийг хүлээсэн эсэх
    Ажлын цаг Илүү цагийн бодлого байгаа эсэх
    Туршилтын хугацаа Хугацаа нь хэт урт байна уу? Шалгуур нь тодорхой юу?
    Нийгмийн даатгалын шимтгэл Төлөх үүрэг хэн дээр байгаа вэ? Бодитоор төлдөг үү?
    Амралт, чөлөө авах журам Амралтын хоног, өвдөх үед хэрхэн зохицуулдаг вэ?
    Гэрээ цуцлах нөхцөл Таныг ажлаас халах үндэслэл, анхааруулгын шатлал бий эсэх

    Зөвлөгөө: Зарим байгууллага “сургалтын гэрээ” гэж нэрлэсэн гэрээгээр таныг 2-3 жил ажиллахыг тулган шаарддаг. Энэ нь хуулийн дагуу ч, зүй бус нөхцөл агуулагдсан байж болох тул хуульчтай зөвлөхөд гэмгүй.

    3. Нийгмийн даатгал төлөгдөж байгаа эсэх

    Цалин буух болгондоо “байгаа дээр нь л аваад байя” гэж бодох нь тухайн үеийн хэрэгцээг хангаж болох ч, урт хугацаанд таныг эрсдэлтэй байдалд оруулж болзошгүй. Нийгмийн даатгал төлөгдөөгүй тохиолдолд:

    • Эмнэлгийн зардал таны карманаас
    • Тэтгэвэр авах эрхгүй
    • Ажилгүйдлийн тэтгэмж авах боломжгүй болно

    Зөвлөгөө: Та өөрийнхөө нийгмийн даатгалын төлөлтийн байдлыг www.ndaatgal.mn сайтаас шалгаж болно.

    4. Хэт өргөн хүрээтэй “нууцлалын гэрээ”-нд болгоомжтой ханд

    Зарим байгууллагууд ажилтнуудаасаа “та энд ажилласныхаа дараа 2 жилийн турш ижил төрлийн байгууллагад ажиллахгүй” гэх заалт бүхий гэрээ байгуулдаг. Энэ нь таны мэргэжлийн эрх чөлөөг хязгаарлаж болох тул хуульчтай зөвлөх нь зөв.

    5. Гарын үсэг зурхаасаа өмнө заавал асуух

    Та “багасгах, чимээгүй байх тусам ажил олгогчид таалагдана” гэж бодож байж магадгүй. Гэвч яг эсрэгээр — мэргэжлийн хандлагатай, гэрээ уншдаг, ойлголтоо тодорхой болгож чаддаг ажил горилогч илүү итгэл төрүүлдэг.

    Асуух жишээ асуултууд:

    • Энэ гэрээний дагуу хэзээ цалин олгогдох вэ?
    • Туршилтын хугацаанд цалин бүтнээр олгогдох уу?
    • Илүү цагийн урамшуулал хэрхэн тооцогдох вэ?
    • Гэрээний хугацаа дуусахаас өмнө ажлаа соливол ямар үр дагавартай вэ?

    Итгэлцэл бол аман бус, бичгээр баталгаажих ёстой зүйл

    Залуус бид хурдтай, уян хатан, ухаалаг шийдвэр гаргаж чаддаг. Гэхдээ аливаа ажлын эхлэл болгонд “эрх зүйн боловсрол” давхар явах хэрэгтэй. Учир нь, нэг буруу гарын үсэг хэдэн жилийн нойргүй шөнийн эхлэл байж мэднэ. Харин та одоо яг хаанаас эхлэхээ мэдэхгүй, аль байгууллагад ажиллах нь өөрт тань үнэ цэнтэй байх бол гэдэг дээр эргэлзэж байгаа бол lambda.global руу орж, өөрийн үнэ цэнийг ойлгож, зөв хамт олныг олоорой.

  • Ажилдаа чин сэтгэлээсээ хандах нь

    Ажилдаа чин сэтгэлээсээ хандах нь

    Өглөө бүр ажилдаа явахдаа бид зөвхөн цалин авах гэж явдаг уу? Эсвэл илүү гүн утга агуулгатай зүйл хайж явдаг уу?Аливаа ажилд чин сэтгэлээсээ хандах гэдэг нь тухайн ажил ямар ч байсан хамаагүй, түүнийг хариуцлагатай, сэтгэл гарган, бүтээлчээр хийх гэсэн ёс зүйн хандлага юм.

    Чин сэтгэл гэж юу вэ?

    Чин сэтгэл гэдэг нь зөвхөн ажлыг гүйцэтгэх буюу хийх биш өөрийн үүргээ ухамсарлан биелүүлэх, үр дүнд нь бусдад нөлөөлж, өөрийгөө хөгжүүлэх сэтгэл зүрхнээс гарсан эерэг хандлага юм.“Энэ миний хийх ажил мөн үү?” гэхээс илүүтэй “Энэ ажлыг яаж хамгийн сайн хийж болох вэ?” гэж асуухаас чин сэтгэл эхэлдэг гэж хэлж болно. 

    Судалгаа, баримтуудаас үзэхэд: 

    • Harvard Business Review (2022)
      Ажилтнуудын 85% нь ажлаасаа сэтгэл ханамж авах гол шалтгаан нь утга учир мэдрэх, сэтгэлээсээ хандахтай холбоотой гэжээ.
    • Gallup Global Workplace Report (2023)
      Ажилдаа сэтгэлээсээ ханддаг ажилтнуудын бүтээмж 23%-аар илүү байдаг байна.
    • HR Mongolia (2023)
      Монголын ажил олгогчдын 72% нь “ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг хүнтэй хамтарч ажиллах нь ур чадвар өндөртэй хүнтэй ажиллахаас илүү чухал” гэж үздэг байна.

    Чин сэтгэлийн нөлөөний талаар хамтдаа мэдэж авцгаая. 

    Ажилтан талаас:

    • Өөрийн ажлаараа бахархах мэдрэмж төрж, урам зоригтой ажилладаг. 
    • Шинэ санаа, бүтээлч хандлага бий болдог.
    • Карьерийн өсөлт хурдан явагддаг.

    Байгууллага талаас:

    • Харилцагчийн сэтгэл ханамж нэмэгддэг.
    • Хариуцлага, хүндлэл бүхий ажлын орчин бүрддэг.
    • Бүтээмж, ашиг орлого өсдөг.

    Хэрхэн ажилдаа чин сэтгэлээсээ хандах вэ?

    1. Өөрийн ажлын үнэ цэнийг ойлгох
      “Би хийж буй ажлаараа хэнд, юунд тусалж байна вэ?” гэж өөрөөсөө асуугаад үзээрэй. 
    2. Хэрэглэгч, хамт олноо анзаарах
      Хийж буй зүйлс бусдад хэрхэн нөлөөлж байгааг ойлгох нь урам өгдөг.
    3. Суралцсаар байх
      Ажлыг сайн хийж, улам сайжруулахын тулд шинэ зүйл турших, өөрийгөө хөгжүүлэх нь чухал.
    4. Байнга өөрийгөө үнэлэх
      “Би өнөөдөр хамгийн сайн байдлаараа ажилласан уу?” гэж өөрөөсөө асуух нь энгийн боловч итгэмээргүй үр дүнг авчрах болно.

    Дүгнээд хэлэхэд:

    “Чин сэтгэлтэй ажиллана” гэдэг нь зөвхөн ажлын байрны асуудал биш, амьдралдаа хандах хандлагын илэрхийлэл юм.Өнөөдөр чи ямар ажил хийж байгаагаас үл хамааран, ажлаа хэрхэн хийж байгаа нь таны үнэт чанарыг тодорхойлж чадна. Ажилдаа чин сэтгэлээсээ хандах нь хувь хүний урт хугацааны карьерын өсөлт, өөрийгөө нээх, хөгжих гол үндэс болдог. LAMBDA танд ур чадвар, мэдлэгээ бодитоор үнэлүүлэн, хамгийн тохирсон ажлыг олох боломжийг олгодог шүү. 

  • “Skilling Up” буюу тасралтгүй суралцах нь

    “Skilling Up” буюу тасралтгүй суралцах нь

    21-р зууны ажлын байр, карьерын орчин хурдтай хувьсаж байна. Хөгжлийн хурдаас хоцрохгүйн тулд ажил мэргэжил, ур чадвараа тасралтгүй шинэчилж, өөрийгөө хөгжүүлж байх шаардлагатай. Үүнийг л олон улсад “Skilling Up” гэж нэрлэдэг. Энэ нь “нэг мэргэжилтэй байхад хангалттай” гэсэн хуучин ойлголтыг үгүйсгэж, насан турш суралцах, өөрчлөлтөд дасан зохицох чадвар нь “ажлын байрны баталгаа” болж байгааг баталдаг.

    Судалгаа: Шинэ ур чадвар – шинэ амьдрал 

    Дэлхий дахинд: WEF-ийн Future of Jobs Report 2023-т дурдсанаар

    • 2027 он гэхэд дэлхийн ажилчдын 44% нь шинэ ур чадвар эзэмших шаардлагатай болно.
    • Хиймэл оюун ухаан, автоматжуулалт, дижитал шилжилт уламжлалт ажлын байрны бүтцийг өөрчилж байна.

    McKinsey Global Institute-ийн тооцоогоор2030 он гэхэд 375 сая хүн өөр чиглэлд дахин мэргэших шаардлагатай болно.

    Монгол Улсад:

    • ХНХЯ-ны 2024 оны судалгаагаар Монголд ажилгүй иргэдийн 60% нь хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа ур чадвар эзэмшээгүй байна.
    • HR Mongolia-ийн ажлын зарын шинжилгээгээр компаниудын 68% нь тухайн албан тушаалд туршлагаас гадна тодорхой ур чадвар шаардаж байгааг онцолсон.

    Skilling Up гэж яг юу вэ?

    “Skilling Up” гэдэг нь:

    • Шинэ мэдлэг, ур чадвар эзэмших
    • Өмнөх чадвараа шинэчлэн сайжруулах
    • Зах зээлд эрэлттэй компетенц бий болгох үйл явц юм.

    Энэ нь зөвхөн мэргэжлийн сургалт, дипломтой холбоотой биш. Харин хувь хүний хөгжлийн амьд процесс юм.

    Тасралтгүй суралцах нь ямар ашигтай вэ?

    1. Карьерын баталгаа
      – Мэргэжлийн чиглэл өөрчлөгдөх үед ажилгүй болохоос сэргийлнэ.
      – Өөрийн үнэ цэнийг нэмэгдүүлнэ.
    2. Орлогын өсөлт
      Skills-based hiring буюу ур чадвар дээр суурилсан цалин тогтоох хэлбэр түгээмэл болж байна.
    3. Өөртөө итгэх итгэл
      – Өөрийгөө хөгжүүлэх нь хувь хүний үнэлэмжийг өсгөж, сэтгэл ханамж нэмэгдүүлдэг.
    4. Шинэ салбарт орох боломж
      Data analyst, UX дизайнер, AI судлаач гэх мэт шинэ ажлуудад орох боломж нээгдэнэ.

    Skilling Up хийх 5 алхам

    1. Өөрийгөө үнэл
      – Би юу мэдэх вэ? Юу сурах хэрэгтэй вэ?
      MBTI, Career Personality Test, Skills Audit хийх
    2.  Зорилгоо тодорхой болго
      – “Юуны төлөө сурах вэ?”
      – 6 сарын, 1 жилийн карьер төлөвлөгөө гаргах
    3. Нөөцөө зөв ашигла
      – Онлайн платформ: Coursera, EdX, Udemy, Khan Academy, 
      Монголд: Nomad School, Nest Academy, Lambda global
    4. Сурсан зүйлээ хэрэгжүүл
    5. Давтан, гүнзгийрүүл
      – унших, бичих, заах, турших замаар жинхэнэ чадварыг бий болго

    Эцэст нь:

    Skilling Up бол сонголт биш — шаардлага юм. Ирээдүйн ажил мэргэжил гэдэг тодорхой биш болсон энэ үед ур чадваргүй бол боломж хаагдана. Харин тасралтгүй суралцаж буй хэн бүхэнд ямар ч боломж нээлттэй байх болно. https://lambda.global таны мэргэжлийн хөгжлийн замд хамтдаа урагшлах үнэнч зөвлөх байх болно. 

  •  Санхүүгээ залгуулах уу, карьераа бэлдэх үү?

     Санхүүгээ залгуулах уу, карьераа бэлдэх үү?

    “Их сургуульд орж л чадвал, амьдрал сайхан болно” — гэдэг бодлоор олон оюутан их сургуулийн босгыг алхдаг.  Гэвч сургалтын төлбөр, түрээс, хоол унд, унаа-эдгээр зардал оюутны мөрөөдлийг бодит амьдралтай огтлолцуулахад хүргэдэг. Үр дүнд нь тэдний дийлэнх нь цагийн ажил хийх гарц руу чиглэдэг гэхэд хилсдэхгүй. Харин энэ шийдвэр зөвхөн мөнгө олох тухай биш, ирээдүйн амьдралын замд ихээхэн нөлөөлдөг гэдгийг та мэдэх үү?

    Судалгаануудаас үзэхэд:

    • Монгол Улсад 2023 оны байдлаар оюутнуудын 38% нь ямар нэг хэлбэрээр цагийн болон түр ажил эрхэлдэг гэж Үндэсний статистикийн хороо мэдээлжээ. Харин ХНХЯ-ны судалгаагаар, “сургуулиа орхихоор бодож байсан” оюутнуудын 65% нь шалтгаан нь санхүүгийн хүндрэл гэж хариулсан байна.

    Дэлхий нийтэд ч мөн адил:

    • АНУ: Оюутнуудын 43% нь хичээлийн хажуугаар ажил хийдэг (NCES, 2022)
    • Япон: 80% нь цагийн ажил хийдэг бөгөөд ихэнх нь өөрийгөө хөгжүүлэх зорилготой (Benesse Research, 2023)
    • Герман: Ихэнх их сургуулиуд уян хатан хуваарь санал болгодог бөгөөд оюутнуудын 2/3 нь ажил эрхэлдэг (DAAD, 2023)

    Цагийн ажил оюутны амьдралд эерэгээр хэрхэн нөлөөлдөг вэ?

    1.  Санхүүгийн ачааллыг бууруулна
    2. Амьдралын ухаан, хариуцлага суулгаж өгдөг
    3. Зөөлөн ур чадварууд хөгждөг- Харилцаа багийн ажиллагаа, үйлчилгээний соёл зэрэг чадварууд нь ирээдүйн аливаа ажилд үнэлэгддэг.
    4. Ажлын анхны туршлага болж өгдөг- Дипломоос илүү туршлага үнэлэгддэг болсон өнөө цагт, анхнаасаа ажил хийж эхэлсэн оюутан хөдөлмөрийн зах зээлд илүү өрсөлдөх чадвартай байдаг. Түүнчлэн HR Mongolia-ийн 2024 оны ажлын зарын дүн шинжилгээгээр, ажлын байрны 63% нь “туршлага шаардана” гэсэн нөхцөлтэй байжээ.

     Эрсдэл, сорилтууд:

    • Сурлагад сөргөөр нөлөөлж болзошгүй – Deakin University (Австрали)-ийн судалгаагаар 7 хоногт 20 цагаас дээш ажил хийдэг оюутнуудын 70% нь дүнгээ алдаж байсан байна.
    • Эрүүл мэнд, стресс – Ажил + хичээл = ядралт, стресс, төвлөрөл бууралт
    • Мэргэжлийн  бус ажил сонгох – Түр хугацааны орлого авч, чиглэлээсээ хөндийрөх, ирээдүйд чиглүүлэх карьерын итгэл буурах эрсдэлтэй байдаг. 

     Зөв тэнцвэр олох 3 асуулт буюу цагийн ажил хийхээр төлөвлөж байгаа оюутан та өөрөөсөө доорх 3 асуултыг асуугаад үзээрэй. 

    1. Энэ ажил надад ур чадвар өгч байна уу?
    2. Энэ ажил миний мэргэжилтэй уялдаж байна уу?
    3. Би сурлагаа хохироохгүйгээр зохицуулж чадаж байна уу?

     Боловсрол ба ажил — зөрчил биш, зохицол байж болно. 

    Монголд ажил олгогчдын зүгээс дадлагажсан, “бэлэн хүн” хайдаг болсон. Энэ нь оюутнуудыг сургалтын хажуугаар ажил хийхийг шаардах бодит нийгмийн дарамт болж байна. Гэхдээ үүнд “өөрийгөө үнэгүй ашиглуулж болохгүй” гэдэг зарчим мөн хамаарна.Таны цаг бол хамгийн үнэ цэнтэй хөрөнгө. Оюутан байхдаа цагийн ажил хийх нь зөв сонголт байж болно. Гэхдээ зөвхөн өнөөдрийн орлогоос илүүтэй, маргаашийн амьдралд хэрхэн хөрөнгө оруулалт хийх вэ гэдэг өнцгөөс харах нь хамгийн чухал. Ямар ч ажил хийж байсан бай, сурлагаа, зорилгоо, мэргэжлээ мартахгүй байх нь оюутны ирээдүйн амжилтын үндэс юм. Илүү олон сонирхолтой, танд хэрэгтэй нийтлэлийг https://lambda.global/blog  -оос уншаарай.

     

     

  • Карьерын амжилтаас хойш татдаг 5 алдаа

    Карьерын амжилтаас хойш татдаг 5 алдаа

    Карьертаа дэвшил гаргахыг хүсэж байгаа ч нэг л ахицгүй мэт санагдаж байна уу?

    Ихэнх залуус боломжгүй нөхцөлд биш, харин анзаарагддаггүй жижиг боловч чухал алдаа дутагдлаас болж бүдэрсэн байх нь олон. Тиймээс юун түрүүнд ямар алдаа гаргаж байгаагаа мэдэх нь карьерын өсөлтөд нөлөөлөх хамгийн зөв алхам болдог.

    Харин тэдгээр алдааг ойлгож, өөртөө шударга хандан, засаж чадвал таны мэргэжлийн амжилтад хүрэх хурд үлэмж нэмэгдэнэ гэдэгт итгээрэй. Залуусын карьер төлөвлөлтийн хувьд гаргадаг түгээмэл алдаанууд болон тэдгээрийн шийдлүүдийг хамтдаа харцгаая.

    1. Зорилгогүй ажил хайх

    Түр зуурын орлого олох хэрэгцээ, өөрийгөө бүрэн таниагүй байх, хүлээлтийн зөрүү, нийгмийн нөхцөл байдал зэрэг нь зорилгогүйгээр ажил хайж, оновчтой бус шийдвэр гаргахад хүргэдэг. Тэр ч утгаараа зорилгогүй эхэлсэн ажлаас амархан уйдаж, таны мэргэжлийн түүх дээр тасралттай, чиглэлгүй зам үлдээнэ.

    2. CV-гээ бүх ажлын байранд ижил илгээх

    Нэг сайн анкет бичээд бүх газар явуулчихъя гэж боддог бол олдох боломжоо өөрөө хааж буй үйлдэл юм. Ажил олгогчид таны CV-г хараад “Энэ хүн яг манай ажлын байрны шаардлагыг уншсан уу?” гэж бодох вий.

    Энд дарж хуучин анкетаа орчин үеийн форматтай мэргэжлийн CV/Resume болгоорой.  

    3. Харилцааны ур чадвартаа анхаардаггүй

    Монголын ихэнх залуус техникийн мэдлэг, сургалтын гэрчилгээ сайтай ч soft skill буюу зөөлөн чадвараа орхигдуулдаг. Ялангуяа багийн ажиллагаа, шүүмж хүлээн авах чадвар, өөрийгөө илэрхийлэх, шийдвэр гаргах, бусадтай хамран ажиллах чадварууд дутмаг байх нь цөөнгүй.

    4. Байгууллагаа цалингаар нь сонгох

    Өндөр цалин санал болгож байгаа байгууллагыг аз мэтээр хүлээж авдаг ч, дотоод соёл, эсвэл удирдлага нь урам хугалахад хүргэж болзошгүй. Ямар ч цалинтай байсан, өдөр бүрийн ажлын орчин таны сэтгэл зүйн тогтвортой байдал төдийгүй ажлын бүтээмжид чухал нөлөөтэй байдаг.

    5. Тууштай биш байдал

    “3 газар анкет явуулсан ч хариу ирэхгүй байна. Ажлын байр олдохгүй юм байна” гэж та бодож байсан уу? Өнөөдрийн хөдөлмөрийн зах зээлд ажил хайгч талентууд  10–20 газар CV илгээх нь хэвийн үзэгдэл болсон байна. Гэхдээ илгээж буй мэдээллээ сайжруулахаа мартаж болохгүй. Та шантрах бүртээ боломжийг өөрт ойртуулж байгаа гэдгээ мартуузай.

    Ажил хайж буй танд өгөх зөвлөгөө

    Зорилгоо тодорхой болгох
    Хаашаа хүрэхээ мэдэхгүй хүн амжилтад хүрэх нь ховор. Тиймээс жилийн дараа та яг ямар ажил эрхэлж, ямар орчинд, хэр орлоготой байхаа тодорхой бичиж, өөртөө төлөвлөлт хийх зуршил бий болгоорой. Тухайн гаргасан зорилгод хүрэхийн тулд ямар ур чадвар, ажлын туршлага хэрэгтэйг жагсаах нь таныг чиглүүлэх зам болох болно.

    CV-гээ ажил бүрд тохируулж боловсруулах
    Нэг загварын CV-гээ бүх байгууллагад илгээх нь үр дүн багатай байдаг. Тиймээс ажлын зар бүрийн шаардлагад нийцүүлэн CV-гээ тохируулж сайжруулаарай. Мөн өмнөх ажлууд дээр гаргасан амжилт, үр дүнг тоон үзүүлэлттэй хамт онцолж бичих нь анхаарал татах том давуу тал болно.

    Soft skill буюу зөөлөн ур чадвараа хөгжүүлэх
    Ажилд ороход зөвхөн мэргэжлийн мэдлэг хангалтгүй байдаг. Харилцааны чадвар, илтгэл тавих чадвар, багаар ажиллах арга барил, хувь хүний хандлага зэрэг нь шийдвэр гаргахад нөлөөлдөг чухал хүчин зүйлс юм.

    Ажлын байр, байгууллагын орчныг урьдчилан судлах
    Сонгох гэж буй ажлын байр танд сайхан санагдсан ч тухайн байгууллагын соёл, үнэт зүйлс танд тохирохгүй байж болно. Тиймээс боломжтой бол танилын сүлжээгээр дамжуулан тухайн байгууллагын орчны талаар мэдээлэл аваарай. Мөн ярилцлагын үеэр байгууллагын хөгжил, сургах бодлогын талаар асууж, зөвхөн та сонгогдох бус, та ч бас байгууллагыг сонгож буйгаа мэдрүүлэх нь чухал.

    Тууштай бай, итгэлээ бүү алд
    CV илгээсэн байгууллагуудаа тэмдэглэж, хяналттай хандаарай. Хэрвээ татгалзсан бол юуг илүү сайн болгох ёстойг дүгнэж, дараагийн боломждоо илүү бэлтгэлтэй байх нь чухал. Тууштай, зорилготой хүн карьерынхаа хамгийн чухал хөрөнгө оруулагч нь байдаг юм.

    Карьерын зам бол туулж өнгөрүүлэх нэгэн аялал юм. Энэхүү аялалд гарахын өмнө эхний алхмуудаа зөв хийснээр та зөвхөн сайн ажил олох бус, өөртөө итгэх итгэлээ олж авч, зорилгодоо тууштай хүрэхэд бэлэн болно.

    Та өөрт тохирох ажлаа хайж байна уу?

    https://lambda.global/ хаягаар зочлон, платформ дээр өөрийн мэдээллийг оруулж, бүртгүүлээрэй. Lambda таны цагийг хэмнэж, амжилтад хөтөлнө. Мөн энд дарж Lambda-гаар карьер замналаа тодорхойлуулах боломжтой.

  • Өөрийгөө шинээр нээх карьерын шилжилтийн алхмууд

    Өөрийгөө шинээр нээх карьерын шилжилтийн алхмууд

    Хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа ч сэтгэлд тань өөрчлөлт хийх хүсэл байна уу? 

    Өглөө бүр ажилдаа явахдаа урам зориггүй, өдрүүд нэгэн хэвийн хэмнэлд эргэлдэж, сэтгэл тань дундуур байгаа бол магадгүй таны дотоод ертөнц өөрчлөгдөх цаг болжээ гэж хэлж буй дохио юм. Хийж буй ажилдаа дургүй болсондоо биш харин өөр зам, өөр өсөлт чамайг хүлээж байгаа болохоор л тэр. Энэ нь магадгүй карьерын дараагийн алхам руу шилжих чухал мөч байж мэднэ.

    Карьерын шилжилт гэдэг нь өөрийн амьдрал, ажил, зорилгынхоо утга учрыг дахин эргэцүүлж, өөрийгөө шинээр танин мэдэх аялал юм. Шинэ мэргэжил сонгох уу, ур чадвараа өөрчлөх үү, эсвэл огт өөр салбарт хүч үзэх эдгээрийн аль нь ч бай, энэ шийдвэр таны дотоод хүсэл, зорилгоос урган гарч байвал л жинхэнэ утгаараа өөрчлөлт болж чадна.

    Хүмүүс янз бүрийн шалтгаанаар карьерын шинэ замыг сонгодог. Зарим нь илүү утга учиртай, сэтгэл ханамжтай ажил хийхийг хүсдэг бол, зарим нь уян хатан цагийн хуваарь, гэртээ ойр ажил хайдаг. Бас карьерын өсөлт зогссон мэдрэмж, орлогын шинэ эх үүсвэр хайх, эсвэл ажилгүй болох зэрэг нөхцөл ч нөлөөлж болно.

    Тийм учраас энэ нь өөрийн амьдралын утга учрыг шинэ өнцгөөс харах, өөрийгөө дахин нээх тухай чухал сэдэв юм.

    Өөрийн үнэ цэнийг эргэцүүл

    Цөөнгүй хүн олдож байгаа ажлаа л хийж байна гэсэн зарчмаар ажиллаж амьдардаг. Ийм учраас илүү сэтгэл хангалуун ажиллахын тулд таны хувийн үнэ цэнэ, сонирхол, амьдралын зорилготой хэр нийцэж байгааг бодолцох нь чухал. Ингэхийн тулд юуны түрүүнд тайван орчинд өөртөө 30 минут зарцуулан “Би ямар үед хамгийн амьд, эрч хүчтэй байдаг вэ?”, “Би юунд хамгийн их урам зориг авдаг вэ?”, “Би ямар асуудлыг шийдэхийг хүсдэг вэ?” зэрэг асуултад үнэн сэтгэлээсээ хариулаад үзээрэй. Энэ төрлийн хичээл зүтгэл нь таныг үнэхээр өөртөө тохирсон, сэтгэл ханамж өгөх ажил руу хөтлөх анхны алхам болох болно.

    Одоогийн ур чадварууддаа дүгнэлт хийх

    Карьерын чиглэлээ өөрчлөхөд одоогийн байгаа ур чадварууддаа эргэлзэх нь хэвийн мэдрэмж юм. Гэхдээ та өмнөх ажлын туршлагаараа дамжуулан олон зөөлөн болон хатуу ур чадваруудыг аль хэдийн эзэмшсэн байдаг. Жишээлбэл, төсөв төлөвлөх, баг удирдах, харилцаа үүсгэх, тайлагнах, олны өмнө ярих зэрэг нь шинэ салбарт ч үр дүнтэйгээр хэрэглэгддэг чадварууд юм.

    Өөрийн өмнөх 2 ажлын байран дээр хийж байсан үндсэн ажлуудаа эргэн санаж, тэндээс сурсан ур чадваруудаа жагсаагаарай. Дараа нь эдгээр чадваруудыг шинэ чиглэлд хэрхэн ашиглаж болох талаар бодож үзэх нь өөртөө итгэх итгэлийг нэмэхээс гадна CV-гээ оновчтой бичихэд ч мөн тусална.

    Сонирхсон салбараа судлах

    Хэрвээ та өөр салбар руу шилжих гэж буй бол бүх талаас нь үр дүнтэй судалгаа хийх нь чухал. Эхлээд хөдөлмөрийн зах зээл дээр тухайн салбарын ажлын байрны тоо ямар байгаа, эргэлт хэр байна вэ гэдгийг судлаарай. 

    Дараа нь ямар ур чадвар, диплом, сертификат шаарддагт анхаарлаа хандуулаарай. Техник мэргэжлийн боловсрол, мэргэжлийн сертификатууд ихэнхдээ өрсөлдөх давуу тал болдог. 

    Мөн тухайн чиглэлийн мэргэжлийн хүмүүсийн ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг зэргийг YouTube эсвэл блог дээрээс үзэж, бага ч гэсэн туршлага судлах нь зүйтэй. 

    Шинэ чадвар эзэмших

    Алхам алхмаар урагшилъя. Карьерын шилжилт нь өөрийгөө шинээр нээж, шинэ зүйлийг сурч мэдэх сонирхолтой аялал юм. Зарим тохиолдолд энэ аялалд заавал олон жил сурч, их хэмжээний хөрөнгө оруулах шаардлагагүй байж болох бөгөөд богино хугацааны онлайн курс, мэргэжлийн гэрчилгээ эсвэл туршилтын жижиг төсөлд хамрагдаж, дэргэдэх боломжуудаа ашиглаж болно.

    Зорилготой суралцахын тулд дараах зөвлөмжүүдийг дагаарай:

    Сар бүр шинэ чадвар эзэмших зорилт тавих. Жишээлбэл, энэ сард Excel-ийн дата анализ сурах, дараагийн сард Canva ашиглан загвар дизайн гаргаж сурах гэх мэт тодорхой, хэрэгцээтэй чадварыг сонгоорой.

    Бага багаар тогтмол суралц. Өдөрт 20–30 минутыг тогтмол хуваарилбал, урт хугацаандаа том ахиц гаргана.

    Суралцсан зүйлсээ практикт ашигла. Сурсан чадвараа жижиг төсөл дээр хэрэгжүүлж, бодитоор туршиж үзэх нь мэдлэгийг гүнзгийрүүлж, итгэл нэмнэ.

    Өөрлчлөлтөө хянаж, тэмдэглэж яваарай. Хөтөлбөрийн явц, сурсан зүйлсээ тэмдэглэх нь урам зориг өгч, зорилгоо биелүүлэхэд тусална.

    Суралцах явц бол таны ирээдүйн ажлын амжилтын хөрөнгө оруулалт юм. Тиймээс зорилгоо тодорхой байлгаж, алхам алхмаар урагшилсаар байгаарай.

    Туршлага хуримтлуулах

    Та карьерын шинэ чиглэл рүү шууд орох боломжгүй байж болох ч, туршлага хуримтлуулах олон арга бий. Тухайлбал, сайн дурын ажил, фрийланс төслүүдэд оролцох зэрэг боломжуудыг ашиглаарай.

    Үүнд, сайн дурын ажил, фрийланс төсөл, дадлага зэрэг туршлага хуримтлуулах арга нь маш үр дүнтэй байдаг. Эдгээр нь CV-г баяжуулж, давуу тал, чадвараа харуулах боломжийг олгох төдийгүй, бодитоор ажиллах замаар өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, эргэлзээг багасгадаг. Мөн шинэ салбарын хүрээлэлд орж, тухайн салбарын мэргэжилтнүүд, байгууллагатай харилцаа холбоо тогтоосноор цаашдын ажилд орох гарцыг нээдэг тул карьерын шилжилтийг амжилттай хийхэд чухал түлхэц болох юм.

    Хэрхэн эхлэх вэ?

    • Lambda дээр өөрийн талент профайлаа үүсгэж, боломжит ажлын байрны мэдээллийг и-мэйл болон notification-р тогтмол авах.

    • Сошиал группүүдэд нэгдэх – Жишээ нь: “Зайнаас ажиллах ажлын байр”, “Маркетинг сонирхогчид” зэрэг холбогдох бүлгэмүүдээс шинэ боломж, мэдээлэл авах

    Туршлага хуримтлуулах жижиг алхмууд нь цаашдын томоохон өөрчлөлтийн үндэс болдог гэдгийг санаарай. Бүтээлч сэтгэлгээгээ ашиглаж, өөртөө итгээрэй.

    Өөрийгөө онцолж, CV-гээ сайжруулах

    Карьерын шилжилт хийх гэж байгаа бол өмнөх CV-гээ шинэ салбарт тохируулан шинэчлэн бичих нь маш чухал алхам. Таны өмнөх туршлага шинэ чиглэлд шууд хамааралгүй байж болох ч одоогийн эзэмшсэн ур чадварууд, шинэ мэдлэг, зорилго зэрэг нь таны давуу тал болж чадна.

    Дараах зүйлсийг CV-нд заавал тусгаарай:

    Зорилго хэсэг
    Тухайн чиглэлд хэрхэн өсөж хөгжих хүсэлтэй байгаагаа тодорхой, урам зоригтой байдлаар илэрхийлээрэй.

    Богино хугацааны сертификатууд, сургалтууд
    Coursera, Udemy, LinkedIn Learning гэх мэт платформоос авсан сургалтын гэрчилгээ, бусад танхимын сургалтууд ч CV-д үнэ цэнтэй.

    Энд дарж хуучин анкетаа орчин үеийн форматтай мэргэжлийн CV/Resume болгоорой. 

    Төслүүд, фрийланс ажлын жишээ
    Албан ёсны ажлын туршлагагүй байсан ч, хийгдсэн фрийланс ажил, дадлагын төсөл, сайн дурын оролцоогоо богино тайлбартайгаар жагсаа.

    CV шинэчлэхдээ тухайн чиглэлд чиглэлд хамаарах нэр томьёо, түлхүүр үгсийг ашиглан товч тодорхой, нэг хуудаст багтаах төдийгүй бүтээлч, итгэл төрүүлэхээр өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлээрэй.

    Сэтгэл зүйгээ бэлэн байлгах

    Өөрчлөлт бол өсөлт учраас бага багаар урагшлаарай. Эхэндээ эргэлзээ, айдас байж болох ч жижиг амжилтууд, өөрийгөө даван туулах сэтгэлийн тэнхээ таныг шинэ түвшинд аваачна. Карьерын шилжилт нь өөрийн хүсэл сонирхол, ур чадвар, үнэ цэнийг таньж, илүү утга учиртай, сэтгэл ханамжтай амьдрал руу дөхөх чухал мөч юм. Хүсэл мөрөөдөл, дотоод зөн совин, бодол эргэцүүллийн цаана таны жинхэнэ зөв зам байдаг.

    Алхам бүр таныг илүү өөртөө ойртуулж, илүү хүчирхэг нэгэн болгоно. Харин өөрийгөө бусадтай харьцуулах хэрэггүй. Хүн бүрд хоёр дахь эхлэл гэж бий. Гагцхүү зоригтой эхлэх л чухал билээ.

    LAMBDA танд тохирсон ажлын байраа олоход тусална. Өөртөө итгээд, эхний алхмаа яг одоо хийгээрэй.

    Энд дарж Lambda-гаар карьер замналаа тодорхойлуулаарай.

    Төстэй нийтлэл унших: Та ажил хайж байна уу? Тэгвэл өөртөө итгэхээс эхлээрэй