Tag: Зөвлөгөө

  • Цагийн менежмент гэж юу вэ? Үр ашигтай цаг ашиглалт таны амжилтын үндэс

    Цагийн менежмент гэж юу вэ? Үр ашигтай цаг ашиглалт таны амжилтын үндэс

    Өнөөдөр, өчигдөр болон маргаашийн ялгаа ердөө 24 цагт багтана. Энэ 24 цагийг хэрхэн зарцуулж буйгаас хүний амьдралын чанар, амжилт, сэтгэл ханамж, эрүүл мэнд, харилцаа гээд бүхий л зүйл хамаарна. Цаг бол мөнгө шиг хурдан урсдаг, гэхдээ түүний үнэ цэнэ нөхөгдөшгүй.

    Цагийн менежмент гэж юу вэ?

    Цагийн менежмент гэдэг нь хүн өөрийн өнгөрүүлж буй цаг хугацаагаа зөв төлөвлөж, оновчтой ашиглах чадвар юм. Бид өдөр бүр ижил 24 цагтай ч, энэ цагийг хэрхэн зарцуулж буйгаас хамаарч амжилт, бүтээмж, амьдралын чанар өөр өөр байна.

    Жишээ нь: Хоёр хүн ижил ажил хийдэг гэж бодъё. Нэг нь өглөө босоод ажлаа төлөвлөж, хамгийн чухлаас нь эхэлдэг. Нөгөө нь юу түрүүнд хийхээ мэдэхгүй байсаар өдөржин завгүй хэрнээ бага зүйл амжуулдаг.  Уг жишээнээс үзэхэд ажлын хэмжээ биш, ажлыг хэрхэн зохион байгуулж байгаа нь чухал болох нь харагдана.

    Цагийн менежментгүй амьдралын сөрөг үр дагавар:

    Сүүлийн жилүүдэд дэлхий даяар цагийн менежментгүй байдлаас үүдэлтэй стресс, сэтгэл гутрал, ажлын ядаргаа эрс нэмэгджээ.

    • Statista (2023): Оффисын ажилчдын 60% нь ажил-амьдралын тэнцвэргүй байдлаас болж сэтгэл гутралд өртдөг.

    • Америкийн Сэтгэл судлалын нийгэмлэг (APA): Ажлын стрессийн 41% нь хугацаанд амжихгүй, ачаалал ихтэй холбоотой.

    • Gallup (2022): Менежментийн асуудалтай ажилчид бүтээмжгүй өдрүүдийн улмаас нийт ажлын бүтээмжээ 20%-иар алддаг.

    Цагаа зөв төлөвлөхийн ач тусыг хамтдаа мэдэцгээе.

    Цагийн менежмент нь зөвхөн ажлын үр дүн бус, амьдралын чанарт ч шууд нөлөөлдөг.

    • Harvard Business Review: Өдөр тутмын төлөвлөгөөтэй ажилчид 25-30%-иар илүү бүтээмжтэй байдаг.

    • Brian Tracy: Өдөрт ердөө 15–20 минут төлөвлөх нь 1–2 цаг хэмнэдэг.

    • Dominican University of California: Зорилгоо бичиж тэмдэглэсэн хүмүүсийн 70% нь зорьсон амжилтдаа хүрдэг. Тэгэхээр одооноос цагаа төлөвлөж, амьдралаа хөнгөвчлөх алхмуудад суралцахыг хичээгээрэй. Танд хэрэг болох хэдэн аргыг хуваалцая.

    Цагийг зөв удирдах шилдэг аргууд:

    1. Eisenhower Matrix — Яаралтай болон чухал ажлыг ялгах

    2. Pomodoro техник — 25 минут ажиллаж, 5 минут амрах алдарт зарчим

    3. Төлөвлөгч ашиглах — Google Calendar, Toodis, Notion зэрэг хялбар платформуудыг ашиглаад үзээрэй.

    4. Өдрийн зорилгоо тодорхойлох — Тодорхой, хэмжигдэхүйц, хугацаатай зорилтууд

    Хөдөлмөрийн зах зээл дэх цагийн менежментийн үнэ цэнэ:

    Өнөөдөр хөдөлмөрийн зах зээлд ажил олгогч, ажилтан хоёрын хоорондын харилцаа зөвхөн гүйцэтгэл бус, цаг ашиглалт, бүтээмж, хариуцлага зэрэг хүчин зүйлд тулгуурлаж байна. Цагийг оновчтой удирдаж чаддаг ажилтан нь итгэл төрүүлж, ажлын үнэлгээ нь өсдөг.

    Цаг бол амжилттай амьдралын үндэс

    Цаг хугацаа бол хүний мэдэлд байдаг хамгийн үнэ цэнтэй хөрөнгө юм. Түүнийг удирдаж сурна гэдэг нь зөвхөн ажлын үр дүнг нэмэгдүүлэх бус, амьдралын тэнцвэр, сэтгэл ханамж, зорилгын биелэлд хүрэх түлхүүр юм. Хэрвээ та өнөөдрийг хий дэмий өнгөрөөж байвал, маргааш таны хүссэн үр дүн гарахгүй байх нь гарцаагүй. Тиймээс “Би цагийг үр дүнтэйгээр ашиглаж байна уу, эсвэл цаг намайг удирдаж байна уу?” гэдэг асуултыг өөртөө үргэлж тавиарай.

    Цагаа үр дүнтэйгээр ашиглаж, өөрийн ур чадвар, мэдлэг туршлагаа бодитоор харахад тань Lambda.global-д  танд туслана. Яг одоо нэгдэж  шилмэл талентуудын нэг болон шилдэг төслүүдтэй холбогдоорой.

  • Монгол HR-ууд таны CV-г хэрхэн уншдаг вэ?

    Монгол HR-ууд таны CV-г хэрхэн уншдаг вэ?

    Ажилд орох өргөдөл илгээх гэдэг бол тухайн байгууллагад “өөрийгөө танилцуулах анхны алхам” юм. Гэхдээ энэхүү анхны алхамд тань ердөө 6–10 секунд л зарцуулдгийг Монголын HR мэргэжилтнүүдийн дунд хийсэн судалгаа болон туршлагууд баталж байна.

    Гадаадын хөдөлмөрийн зах зээлтэй харьцуулахад Монголын ажил олгогчид CV-г үнэлэхдээ зарим талаараа өвөрмөц хандлага гаргадаг. Тэд зөвхөн “чанартай боловсруулсан загвар” харахаас илүүтэйгээр тухайн хүний ажиллах хандлага, байгууллагад хэрхэн нийцэхийг анзаарахыг илүүд үздэг. Тиймээс CV-г хэрхэн бичихээс гадна, ажил олгогчид түүнийг хэрхэн уншдаг, дүгнэдэг талаарх ойлголттой байх нь ажил хайлт тань амжилтад хүрэх эхлэл юм.

    Монгол HR-ууд юунд хамгийн их ач холбогдол өгдөг вэ?

    Ажлын туршлага — CV-г уншиж эхлэхдээ HR-уд хамгийн түрүүнд өмнөх ажлын туршлагыг хардаг. Гэхдээ тэд “Юу хийсэн бэ?” гэж биш, “Яаж хийсэн бэ?, ямар үр дүн гаргасан бэ?” гэдгийг онцлон анзаардаг. Жишээлбэл, “маркетингийн ажил хийсэн” гэх ерөнхий тайлбарыг тэд тоохгүй. Харин “Сошиал медиа кампанит ажлууд зохион байгуулж, хандалтыг 45%-аар нэмэгдүүлсэн” гэж бичсэн бол тухайн ажил горилогчийг илүү үр дүнтэй, зорилготой ажилладаг гэж дүгнэнэ.

    Ур чадварын хэсэг дээр ч ялгаагүй. Монгол ажил олгогчид өндөр боловсролоос илүүтэйгээр бодит ажил дээр хэрэгжүүлж болох практик ур чадварыг чухалчилдаг. Жишээ нь, Excel дээр дата боловсруулж чаддаг уу, хэрэглэгчтэй соёлтой харьцаж чаддаг уу, цаг баримталдаг уу гэх мэт. Товчхон бичихээс гадна, тухайн ажлын байртай хэрхэн уялдаж байгааг тайлбарлах нь нэмэлт оноо болно.

    CV-г унших “МОНГОЛ” арга

    Монголын HR-уудын CV унших хандлага нь зөвхөн баримтад суурилсан байдаггүй. Зарим тохиолдолд тэд тухайн хүний CV-гийн бүтэц, өнгө аяс, хандлагыг мэдрэхийг эрмэлздэг. Товчхон хэлбэл:

    • Хэт урт CV = Хэт ярьдаг хүн
    • Хэт товч CV = Хэт бэлэн биш хүн
    • Ажлын туршлагын хооронд завсар байгаа бол = Эмх замбараагүй карьер
    • Үг, үсгийн алдаатай бол = Хариуцлагагүй

    Мэдээж, энэ бол нийтлэг дүрэм биш. Гэвч олон хүний нөөцийн мэргэжилтнүүд цаг хэмнэж, хурдан шийдвэр гаргахын тулд ийм байдлаар дүгнэлт хийдэг нь үнэн. Иймээс ажил горилогч бүр өөрийн CV-г нэг төрлийн “сэтгэл зүйн мессеж” мэт ойлгож, ямар утга илэрхийлж байгааг харж засварлах нь зүйтэй.

    Мэргэжлийн зөвлөмжүүд: Яаж бэлдэх вэ?

    1. CV-г “өөрчлөх” биш “зурах”
      Монгол ажил олгогчид таны CV-г нэг л ажлын байранд биш, тухайн байгууллагын соёлтой хэр нийцэх вэ гэдгийг бас хардаг. Тиймээс нэгэн хэвийн, хуулбар мэт CV биш, тухайн байгууллагын онцлогт нийцүүлсэн агуулгатай, зорилготой бичигдсэн CV илүү хүлээж авдаг.
    2. Багаар ажилласан туршлагыг дутуу үнэлдэггүй
      Монголын олон байгууллагад хамтын ажиллагаа маш чухал. Багт хэрхэн дасан зохицсон, хэрхэн манлайлан ажилласан гэх мэт туршлагыг онцлон бичвэл HR-уудын анхаарлыг татах боломжтой.
    3. Visual буюу “харагдах байдал” чухал
      Уншихад хялбар, цэгцтэй, цэвэрхэн layout-тэй CV HR-уудын хараанд илүү түрүүлж тусдаг. Монголд заримдаа формал шаардлагууд харьцангуй сул байдаг ч, CV бол өөрийгөө хэр мэргэжлийн хүн бэ гэдгээ илтгэх “үнэмлэх” тул дизайн дээр анхаарах нь зүйтэй.

    Эцэст нь: CV бол таны талаарх биечлэн уулзахын өмнөх “сэтгэгдэл”

    CV-г ганц удаа боловсруулаад бүх ажилд явуулдаг үе өнгөрсөн. Монголын хөдөлмөрийн зах зээл ч улам нарийн, сонголттой болж байна. HR мэргэжилтнүүд нэг л хүчин зүйл дээр суурилж шийдвэр гаргахаа больж, таны ажилдаа хандах хандлага, үг хэллэг, бүтээсэн үнэ цэнийг илүү чухалчилдаг болсон.

    Тиймээс CV бол зүгээр нэг жагсаалт бус — таны мэргэжлийн түүхийг ярьж буй бичгээр илэрхийлсэн яриа юм. Энэ яриаг хэр ойлгомжтой, мэргэжлийн, ухаалаг байдлаар илэрхийлж чадах нь таныг ярилцлагад урих эсэхийг шийднэ.

     

    Танд зориулсан асуулт:
    Та сүүлд CV-гээ хэзээ шинэчилсэн бэ? Тэр CV таны ажиллах хэв маяг, давуу талуудыг үнэхээр илэрхийлж чадаж байна уу?

    Хэрэв та CV-гээ мэргэжлийн түвшинд сайжруулах эсвэл олон улсын загварт нийцүүлэх талаар тусламж хүсвэл, Lambda Global танд зориулж хиймэл оюун ухаанд суурилсан CV хөрвүүлэгч санал болгож байна.

    Lambda Global blog -оос унших:

  • Ээлжийн амралтаа хэзээ авах нь оновчтой вэ? Зун vs Өвөл – Амралтаа зөв төлөвлөх нь

    Ээлжийн амралтаа хэзээ авах нь оновчтой вэ? Зун vs Өвөл – Амралтаа зөв төлөвлөх нь

    Ажил, амьдралын эрчтэй хэмнэл дунд зөвхөн тайлан, төсөв, бүтээмжтэй байх бус, өөрийн бие махбод, сэтгэл санаагаа сэргээх цаг хугацааг ухаалгаар сонгох нь чухал болсон. Монгол орны улирлын онцлогийг харгалзан үзэхэд, “Хэзээ амрах вэ?” гэхээс илүү “Амралтаа хэрхэн зөв төлөвлөж, илүү үр дүнтэй ашиглах вэ?” гэдэг асуулт илүү чухал болдог.

    Lambda Global-ийн хувьд бид амралтыг зөв төлөвлөж чадвал ажлын бүтээмж эргэн сэргэж, илүү тогтвортой амжилт руу хөтөлдөг гэж үздэг. Ингээд зуны болон өвлийн амралт тус бүр ямар үр нөлөөтэй байж болохыг хамтдаа авч үзье.

    ЗУНЫ АМРАЛТ: Эрч хүчээ нөхөх, шинэ санаа олох үе

    Зуны богинохон хугацаа нь монголчуудын хувьд байгальд ойр байж, хотын стрессээс хэсэг хугацаанд холдох хамгийн таатай боломж юм. Нарны гэрэл, ногоон байгаль хүний сэтгэл зүйд эергээр нөлөөлж, бүтээлч сэтгэлгээ сэргэдэг.

    Хамт олонтойгоо цэвэр агаарт арга хэмжээ зохион байгуулах, харилцаагаа бэхжүүлэх, мөн байгалийн үзэсгэлэнт газарт дижитал амьдралаас түр холдох нь таныг амралтын дараа илүү эрч хүчтэйгээр ажлаа эхлүүлэхэд тусална.

    Харин нэг зүйлийг анхаарах хэрэгтэй – зуны улиралд аялал жуулчлалын оргил үе учраас үнэ ханш өсөж, зарим газруудад захиалга дүүрсэн байх нь элбэг. Иймээс хэрвээ зун амрах төлөвлөгөөтэй бол 3-4 сарын өмнө захиалгаа хийж, ажлынхаа хуваарийг сайн тохиролцох нь зүйтэй.

    ӨВЛИЙН АМРАЛТ: Тайвшрах, эргэцүүлэх боломж

    Өвөл бол гадагшаа гарах боломж харьцангуй бага байдаг ч, дотоод сэтгэлдээ төвлөрч, өөрийгөө хөгжүүлэхэд тохиромжтой үе юм. Хөдөлгөөн бага, аниргүй орчинд шинэ мэдлэг авах, төлөвлөгөө боловсруулах, ирэх жилийн зорилгоо тодорхойлох зэрэг оюуны төвлөрөл шаардсан зүйлсийг хийхэд хамгийн тохиромжтой.

    Мөн энэ үед аяллын зардал харьцангуй хямд байдаг бөгөөд агаарын бохирдол ихэсдэгтэй холбогдуулан, түр хугацаанд цэвэр агаартай бүс рүү явах, эсвэл эрүүл мэндийн амралтын хөтөлбөрт хамрагдах нь эрүүл мэнддээ анхаарал хандуулах сайн арга юм.

    Ээлжийн амралтаа хэрхэн зөв төлөвлөх вэ?

    Зуныг сонговол тохиромжтой шалтгаанууд:

    • Та шинэ санаа, урам зориг авах хэрэгцээтэй байгаа бол
    • Хамт олонтойгоо харилцаагаа сайжруулах шаардлагатай бол
    • Өвлийн улиралд ажил ихтэй байдаг бол

    Өвлийг сонговол тохиромжтой шалтгаанууд:

    • Та төлөвлөгөө, сургалт зэрэг дотоод төвлөрөл шаардсан ажил эрхэлдэг бол
    • Зардлаа хянахыг хүсэж байвал
    • Агаарын бохирдлоос түр хугацаанд холдохыг хүсэж байвал

    Хосолсон хувилбар (туршлагатай хүмүүст):
    Зарим хүмүүс өвөл богино хугацаанд тайван орчинд амарч, зуныг илүү идэвхтэй аяллаар өнгөрөөж хоёр өөр төрлийн амралтыг уялдуулан хэрэглэдэг. Энэ нь жилийн турш эрч хүчээ тэнцвэртэй хадгалах боломжийг бүрдүүлдэг.

    Хэзээ, яаж амрахаа хэрхэн сонгох вэ?

    1. Өөрийн байдалд үнэлгээ хий: Сүүлийн үед танд юу дутагдаж байна вэ – эрч хүч үү, төвлөрөл үү?
    2. Ажлын хуваариа хар: Ямар үед ажил бага, ачаалал бага байдаг вэ?
    3. Амралтаас юу хүлээж байгаагаа тодорхойл: Тухайн хугацааны дараа таныг юугаар сэргэж, шинэчлэгдсэн байлгахыг хүсэж байна вэ?

    Амралт бол зүгээр нэг завсарлага биш

    Ээлжийн амралтаа зөв төлөвлөж, өөрийн амьдралын хэмнэлд уялдуулан ашиглах нь урт хугацааны амжилт, бүтээмж, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх чухал түлхүүр болдог. Монгол орны улирлын онцлогийг өөрийн хэрэгцээнд нийцүүлэн ухаалгаар ашиглах нь л гол нь юм.

    Lambda Global нь танд зөвхөн ажлын бүтээмжээ сайжруулах төдийгүй амьдрал, ажил хоёрыг уялдуулах илүү ухаалаг шийдлүүдийг санал болгодог. Хэрэв та өөрт тохирсон амралтын стратеги, урт хугацааны бүтээмжээ дэмжих арга зам хайж байгаа бол — бидэнтэй цуг байгаарай.

     

  • Ажилдаа очихоос өмнө ходоод зангирах мэдрэмж: Энэ хэвийн үү?

    Ажилдаа очихоос өмнө ходоод зангирах мэдрэмж: Энэ хэвийн үү?

    Та өглөө сэрээд ажилдаа явах тухай бодох төдийд ходоод тань базалж, амьсгаа давчдаж, зүрх чинь хурдан цохилдог уу? 
    Гэсэн ч  та энэ мэдрэмжийг тоохгүйгээр, “тэвч тэвч” гээд өөрийгөө хүчээр ажил руугаа чирч яваа юм биш биз?  Ихэнх хүмүүс ийм мэдрэмжийг “ажлын стресс”, “залхуурал” эсвэл “ядарсандаа болоод мэдрэмтгий болчихлоо” гэж ойлгодог. Гэвч үнэндээ энэ бол таны бие болон сэтгэл зүй хамтдаа “Туслаач” гэж дотроос тань дуудлага өгч байгаа дохио юм. Энгийнээр хэлбэл, та ажлаас халшрах хам шинжид өртжээ.
    Энэ нь сэтгэл зүйгээр биш, бие махбодоор түрүүлж илэрдэг үе ч бий. Тэгэхээр өнөөдөр бид танд ийм мэдрэмж хаанаас үүдэлтэй вэ, хэрхэн таних вэ гэдгийг хуваалцъя.

    Ажилдаа дургүй болох нь “залхуурал” огтхон ч биш.

    Ажлаа хийх хүсэлгүй болох нь сахилга бат муу, сэтгэлгээ сул гэсэн үг огтхон ч биш. Сэтгэл зүйчдийн тайлбарласнаар, ажлаас халшрах хам шинж (job aversion syndrome) нь зөвхөн сэтгэл зүйд бус, бие махбодод ч шууд илэрдэг хариу урвал гэжээ.  Хүмүүс ихэнхдээ тухайн нөхцөл байдалд сэтгэлзүйн хувьд дасан зохицохоос өмнө бие махбод аль хэдийн хариу үзүүлчихсэн байдаг гэдгийг анзаардаггүй.

     Таны биед илэрч болох түгээмэл шинж тэмдгүүд:

    • Ходоод базлах
    • Амьсгал давчдах
    • Толгой хөндүүрлэх
    • Бие сулрах, хүнд мэдрэгдэх
    • Сэрсэн ч амраагүй мэт өдөржин ядрах

    Эдгээр нь бүгд таны биеийн зүгээс ирж буй нэг төрлийн дохио юм.
    Товчхондоо: “Би энэ орчинд дахин ормооргүй байна” гэж хэлж байна гэсэн үг.

    Хүнд чулууг удаан тээгээд байвал?

    Сэтгэлдээ дарамт, зовуурийг удаан тээж явах нь хүнд чулуу тээж яваатай адил. Эхэндээ даах мэт санагдавч, нэг мэдэхэд хүч хүрэхээ больж, ядаргаа, туйлдалт, гүн уналтад хүргэдэг.

    Сэтгэл зүйн аливаа асуудлыг “жижиг зүйл” гээд үл тоомсорлох нь хожим илүү том, шийдвэрлэхэд төвөгтэй сөрөг үр дагавар авчрах магадлалтай байдаг шүүдээ.

    Яагаад эдгээр дохиог зайлшгүй анхаарах хэрэгтэй вэ?

    Халшралын анхны шинж тэмдгийг анзааралгүй удах нь дараах эрсдэлүүдийг дагуулж болзошгүй. Үүнд:

    • Сэтгэл гутрал
    • Хамт олон, гэр бүлийн харилцаанд сэв суух
    • Ажлын бүтээмж эрс буурах
    • Burnout буюу сэтгэл зүйн туйлдлын хам шинжид хүрэх

    Хэрвээ та ийм нөхцөлд орвол зөвхөн ажилдаа дургүй байхаас гадна, амьдралд ч дургүй мэт мэдрэмж төрж эхэлдэг аюултай.

     Юу хийх хэрэгтэй вэ?

    Хэрвээ таны бие ийм дохиог өгч эхэлсэн бол, дараах алхмуудыг туршиж үзэхийг танд зөвлөж байна.

    • Мэдрэмжээ хүлээн зөвшөөр
      “Би сул дорой байна” гэж өөрийгөө буруутгахын оронд, энэ бол миний биеийн хариу үйлдэл гэж ойлгож арга хэмжээ авах хэрэгтэй.
    • Шалтгааныг тунгаан бод
      Таныг энэ мэдрэмж рүү түлхэж буй хамгийн том хүчин зүйл юу вэ? Ажлын ачаалал уу, дотоод зөрчил үү, эсвэл ажлын орчин уу?
    • Өөртөө амьсгаа авч амсхийх хугацаа олго
      Жижигхэн завсарлага, өдөр тутмын өөрийгөө дэмжих дадал зуршлаас эхлээд өөрийгөө жаахан ч гэсэн амрааж, уртаар цээж дүүрэн амьсгал аваад үзээрэй.
    • Хэн нэгэнтэй мэдрэмжээ хуваалц
      Боломжтой бол сэтгэлзүйч, найз, эсвэл найдвартай хүнтэй энэ тухайгаа ярилцаж, мэдрэмжээ гадагшлуулах нь танд төсөөлөөгүй өөрчлөлтийг авчрах болно.

    Хэрвээ та сүүлийн үед ядраад, бүх зүйлээс залхаж, ажил руугаа явах тухай бодоход л бие чинь эсэргүүцээд байгаа бол…
    Санаа зоволтгүй — та ганцаараа биш юмшүү. Burnout эсвэл ажлаас халшрах мэдрэмж гэдэг олон хүнд тохиолддог зүйл. Гэхдээ хамгийн чухал нь  та үүнийг анзаарч, өөртөө анхаарал хандуулах хэрэгтэй юмшүү. Хэрвээ “надад яг юу болоод байна вэ?” гэж өөрөөсөө асууж байгаа бол Lambda танд зориулж BURN OUT  тестийн булантай болсон шүү. Танд тус болно гэдэгт бид итгэлтэй байна.

  • Ээлжийн амралтын мөнгөө хэрхэн бодуулах вэ?

    Ээлжийн амралтын мөнгөө хэрхэн бодуулах вэ?

    Амралт гэдэг бол зөвхөн амсхийх цаг биш, та бүтэн жилийн турш цаг наргүй хөдөлмөрлөсөн хөдөлмөрийнхөө үр шимийг бодитоор мэдрэх өдрүүд юм. Тиймээс та хөдөлмөрийн гэрээгээр баталгаажсан ээлжийн амралтын мөнгөө хэрхэн зөв тооцуулах, гарт авах ёстой дүнгээ хэрхэн зөв тооцоолж, авах талаар дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү нийтлэлээс  уншаарай.

    Ээлжийн амралтын эрх үүсэх нөхцөлөөс эхэлье.

    Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлд зааснаар:

    • Ажилд орсноос хойш 6 сарын дараа ээлжийн амралт авах эрх үүснэ
    • Үндсэн амралтын хугацаа: Ажлын 15 өдөр
    • 18 нас хүрээгүй болон хөгжлийн бэрхшээлтэй ажилтанд: Ажлын 20 өдөр ажилласан бол ээжлийн амралт авах эрх үүснэ гэж заасан байдаг.

     Ээлжийн амралтын мөнгийг хэрхэн тооцох вэ?

    Ээлжийн амралтын цалинг тооцохдоо өмнө эдэлсэн ээлжийн амралтаас хойш ажилласан саруудын цалин хөлсний нийлбэрийг, тухайн саруудад ажилласан ажлын өдрийн нийлбэр тоонд хуваан ажлын нэг өдрийн дундаж цалин хөлсийг гаргаж, ээлжийн амралтын өдрөөр үржүүлж бодно. Ингээд бяцхаан тооцоолол хийцгээе. 

    Та сард 2,100,000 мянган төгрөгийн цалин авдаг гэж бодъё. Өмнөх ээлжийн амралтаас хойш 6 сарын дараа дараагийн ээлжийн амралтаа авах гэж байгаа бол:

    • Нийт цалин хөлс: 12,600,000 төгрөг (6 сар)
    • Ажилласан ажлын өдрийн тоо: 132 өдөр
    • Нэг өдрийн дундаж цалин хөлс: 12,125,000 ÷ 132 = 92,454 төгрөг
    • Ээлжийн амралтын өдрийн тоо: 15 өдөр
    • Ээлжийн амралтын мөнгө: 92,454 × 15 = 1,431,800 төгрөг

    Товчхон хэлбэл:
    Ажилласан өдрүүдийн тоо, цалингаа мэддэг байхад амралтын мөнгөө гаргахад амархан. Өдрийн дундаж цалингаа амралтын өдөртэй үржүүлэхэд л хангалттай.

    Татвар, шимтгэлүүдийн суутгал:

    Ээлжийн амралтын мөнгөнөөс дараах суутгалууд хийгдэнэ. Үүнд:

    • Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ)
    • Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)

    Гарт олгох мөнгөн дүн: Ээлжийн амралтын мөнгө- (НДШ+ХХОАТ)

    Ингээд танд хэрэгтэй ерөнхий  мэдээллээс гадна хэрэг болохуйц нэмэлт мэдээллийг багцлан хүргэж байна.

    Ээлжийн амралтын нэмэгдэл:

    Ажилласан жилээс хамаарч дараах нэмэгдлийг амралтад нэмж олгодог гэдгийг та мэдэх үү?

    Ажилласан жил Хэвийн нөхцөл (өдөр) Хүнд нөхцөл (өдөр)
    6–10 жил +3 +5
    11–15 жил +5 +7
    16–20 жил +7 +9
    21–25 жил +9 +12
    26–31 жил +11 +15
    32-с дээш +14 +18

    Хэсэгчлэн амрах боломж ч бий.

    • Амралтаа хэсэгчлэн эдлэх боломжтой буюу та ээлжийн амралтын 15 хоногийг 2 хувааж амарч болно гэсэн үг.
    • Гэхдээ нэг удаагийн амралт нь ажлын 10 өдрөөс багагүй байх ёстойг битгий мартаарай.

    Ажил олгогч амралтын мөнгийг хэзээ олгох вэ?

    Ажилтан амралтад гарахаас өмнө, амралтын мөнгийг бүрэн олгох үүрэгтэй. Хэрэв олгоогүй бол та Хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллагад гомдол гаргах эрхтэй.

    Дүгнэлт

    • Ээлжийн амралтын мөнгө нь ажилтны хууль ёсны эрх бөгөөд тухайн ажилтны ажилласан хугацаа, цалин хөлс, амралтын өдрийн тоог үндэслэн тооцогдоно.
    • Татвар, шимтгэлүүдийг суутгасны дараа ажилтанд олгогдох гарт олгох дүн тодорхойлогдоно.
    • Ээлжийн амралтын мөнгийг амралтад гарахаас өмнө олгох ёстой бөгөөд хэрэв олгоогүй тохиолдолд холбогдох байгууллагад хандах эрхтэй.

    Ээлжийн амралтаа урьдчилан төлөвлөх нь таны болон багийн ажлыг хүндрэлгүй явуулахад тустай гэдгийг бүү мартаарай. Илүү олон сонирхолтой, танд хэрэгтэй нийтлэлийг https://lambda.global/blog  -оос уншаарай.

  • Их сургуулиа төгсөөд юу хийх вэ: Монголдоо ажиллах уу, гадаадад сурах уу?

    Их сургуулиа төгсөөд юу хийх вэ: Монголдоо ажиллах уу, гадаадад сурах уу?

    Их сургуулиа төгсөх мөч бол баяр баясгалантай атлаа бага зэрэг айдастай цаг үе. “Цаашдаа яг юу хийх вэ?” гэдэг асуулт хэний ч толгойд орж ирдэг. Нэг хэсэг нь ажил хийхээр шийдэж байхад, нөгөө хэсэг нь гадаадад сурахаар төлөвлөж эхэлдэг. Аль аль нь зөв зам. Гагцхүү таны зорилго, хүсэл, боломж бололцоотой хэр нийцэж байгааг л бодолцох хэрэгтэй.

    Монголдоо ажлын гараагаа эхлэх нь

    Хэрэв та хурдан бие даасан амьдрал эхлүүлж, практик туршлага олж авахыг хүсэж байгаа бол эх орондоо ажлын гараагаа эхлэх нь маш ухаалаг алхам юм. Энэ сонголт танд зөвхөн орлого авчирахаас гадна нийгмийн амьдралд идэвхтэй оролцох, өөрийн мэргэжлийн чиглэлээ бодитоор ойлгох боломжийг олгодог.

    1. Монголын хөдөлмөрийн зах зээлийн бодит байдал

    2025 онд Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд 83,700 гаруй ажиллах хүчний эрэлт байгаа нь боловсон хүчний хэрэгцээ нэмэгдсээр байгааг харуулж байна. Энэ нь таны хувьд сайн мэдээ. Зөв стратегитай хандвал Монголд том боломжууд нээлттэй хэвээр байна.

    Одоогийн хамгийн эрэлттэй салбарууд бол уул уурхай, барилга, мэдээллийн технологи, дижитал маркетинг, боловсрол, төрийн үйлчилгээ, мөн олон улсын төсөл хөтөлбөрүүд юм. Та Lambda Global платформыг идэвхтэй ашиглаж, өөрийн сонирхсон салбараа судлаарай.

    2. Эхний ажилд хэт их хүлээлт бүү тавь

    21-23 насандаа төгссөн залуучуудын хувьд ажил амьдрал дөнгөж эхэлж байгаа гэдгийг санаарай. Эхний ажил тань заавал мөрөөдлийн ажил байх албагүй. Гэхдээ ямар ч ажил таныг өөр түвшинд гаргаж, ирээдүйн карьерын суурийг тавьдаг. Гол нь туршлага хуримтлуулж, ур чадвараа хөгжүүлж байх явдал юм.

    Ажил олгогчид зөвхөн дипломыг бус, бодит ур чадварыг чухалчилдаг болсон. Англи хэл, дижитал мэдлэг(Digital Literacy), багаар ажиллах чадвар, харилцааны ур чадвар, цагийн менежмент зэрэг нь таны том давуу тал болно.

    3. Хүрээлэлтэй бол

    Монголын зах зээл харьцангуй жижиг тул зөв хүмүүстэй холбогдож чадвал карьерынхаа эхний алхамд асар их давуу тал олж авна. Семинар, уулзалт, ажил олгогчдын арга хэмжээнд оролцож, өөрийгөө танилцуулах, мэргэжлийн холбоо тогтоох боломжийг бүү алдаарай. Онлайнаар ч зөвлөгөө авах, туршлагатай хүмүүстэй холбогдох нь карьерын тань эхний жилүүдэд маш их үр нөлөөтэй.

    4. Орчин үеийн ажлын хэлбэрүүдийг туршиж үз

    Монголд ажиллана гэдэг нь зөвхөн дотоодын байгууллагуудад ажиллах ёстой гэсэн үг биш. Олон залуус өнөөдөр гадаадын компаниудад зайнаас ажиллаж, гадаад валютаар орлого олж, олон улсын туршлага хуримтлуулж байна. Upwork, Fiverr, LinkedIn зэрэг платформуудыг судалж, фрийланс ажлын боломжуудыг эрэлхийлээрэй.

    Гадаадад суралцах нь

    Хэрвээ та өөрийгөө илүү сорьж, шинэ орчинд орж, мэргэжил дээшлүүлж, судалгаа шинжилгээ хийх дуртай, мөн олон улсын түвшинд ажиллах зорилготой бол гадаадад магистрт суралцах нь хамгийн зөв сонголт байж болно.

    1. Гадаадад сурахын үнэ цэнэ

    Гадаадад сурах нь олон давуу талтай үнэ цэнтэй шийдвэр юм. Нэгдүгээрт, дэлхийн хэмжээний боловсрол эзэмших боломжтой бөгөөд энэ нь ирээдүйн ажил мэргэжлийн амжилтад томоохон нөлөө үзүүлдэг. Мөн хэлний чадвараа сайжруулж, олон улсын орчинд харилцах чадвар нэмэгдэнэ. Үүнээс гадна олон улсын ажил, тэтгэлэг, визний төрөл бүрийн боломжууд нээгдэж, карьераа олон улсын төвшинд хөгжүүлэх нөхцөл бүрдэнэ. Гадаадад суралцсанаар шинэ найз нөхөдтэй болж, мэргэжлийн өргөн хүрээний сүлжээ үүсгэх нь ч бас чухал давуу тал юм.

    2. Монголчуудад тохиромжтой орнууд

    • Өмнөд Солонгос – Тэтгэлэг элбэг, соёл ойр, сурангаа ажиллах боломж
    • Япон – Инженер, бизнес, технологийн чиглэлээр хүчтэй
    • Герман – Үнэгүй, чанартай боловсрол, өөр соёлд суралцах боломж
    • АНУ, Канад, Их Британи – Шилдэг боловсрол, төгсөөд ажиллах боломж
    • Австрали – Оюутнуудад ээлтэй, ажлын боломж их

    3. Ирээдүйн зорилгоо тодорхой болго

    Гадаадад суралцах нь өөртөө болон боловсролдоо хийж буй чухал хөрөнгө оруулалт. Гэвч төгссөний дараа дахин нэг том шийдвэртэй тулгарна — үлдэх үү, буцах уу?

    Урт хугацаанд гадаадад амьдарсны дараа таны үзэл бодол, амьдралын хэв маяг өөрчлөгдсөн байдаг. Хэрэв зорилгоо тодорхойлоогүй бол үлдэх, буцах хоёрын хооронд эргэлзэж, сэтгэлзүйн хувьд гацсан мэдрэмж төрж болзошгүй.

    Аль ч сонголт нь зөв байж болно. Гол нь зорилгоо тодорхой болгосноор та илүү тайван, сэтгэл хангалуун амьдарч цаг хугацаа хэмнэх боломжтой.

    Хосолсон стратеги: Хоёр замыг нэгтгэх боломж

    Хэрэв та аль замыг нь сонгохоо мэдэхгүй байгаа бол, заавал яарах хэрэггүй. Та залуу, цаг хугацаа танд бий. Эхлээд 1-2 жил Монголдоо ажиллаж, практик туршлага олж авч, санхүүгийн боломжоо бэлтгэсний дараа гадаадад суралцах замыг сонгож болно. Эсвэл гадаадад суралцах хугацаандаа ажиллан туршлагаа давхар олж авах ч боломжтой. Амжилттай хүмүүс ихэвчлэн нэг шулуун замаар явдаггүй. Тэд нөхцөл байдалдаа тохируулан уян хатан, алсыг харсан шийдвэр гаргасаар зорилгодоо хүрдэг. Гол нь өөрийн зорилго, үнэт зүйлдээ үнэнч байж, боломжуудыг эрэлхийлэх явдал.

     Эцэст нь

    Шинэ төгсөгч бүрийн зам өөр. Монголдоо үлдэх үү, гадаадад сурах уу гэдэг нь зөв буруу сонголтын асуудал биш — таны зорилго, нөхцөл байдал, үнэт зүйлээс л хамаарна.

    Хаана ч амьдрах боломж бий. Улс орнууд хөгжлөөрөө ялгаатай байж болох ч гадаадад байлаа гээд илүү жаргалтай байна гэсэн баталгаа байхгүй. Сэтгэл хангалуун байх эсэх нь таны зан чанар, ертөнцийг үзэх үзэл, тухайн орчинтой хэр нийцэхээс шалтгаална.

    Тиймээс аль ч замыг “зөв” эсвэл “буруу” гэж хэт шүүх хэрэггүй. Энэ бол таны л аялал.

    🎯 Дараагийн алхмаа тодорхойлоход тусламж хэрэгтэй байна уу?
    Lambda Global -оос та хамгийн орчин үеийн өндөр цалинтай ажлыг олох боломжтой.

  • Зан төлөвтэйгээ таарах карьерын орчинг хэрхэн сонгох вэ?

    Зан төлөвтэйгээ таарах карьерын орчинг хэрхэн сонгох вэ?

    Зан төлөвтэйгээ таарах карьерын орчинг сонгох нь амжилтын эхлэл

    Ажиллах арга барилаа таньж, өөрт тохирсон ажлыг сонгох нь урт хугацаанд сэтгэл ханамжтай, амжилттай байх үндэс болдог. Өнөөдөр олон хүн цалин, албан тушаал, байгууллагын нэр хүндийг гол шалгуураа болгодог ч хамгийн чухал зүйл бол өөрийн зан төлөвт нийцэх орчин, ажиллах хэв маягтай ажлын байрыг сонгох явдал юм. Эцсийн эцэст бид ажлын орчиндоо амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрүүлдэг шүү дээ.

    Тохирсон ажил гэдэг нь бусдад таалагдах сонголт биш, харин өөрийн зан төлөв, үнэт зүйлстэй нийцэх эсэхийг бодолцох тухай чухал ойлголт бөгөөд тэгж чадвал тэрхүү сонголт таныг урт хугацаанд амжилтад хүргэж, сэтгэл ханамжтай байх эхлэл байх болно.

    MBTI гэж юу вэ?

    Myers-Briggs Type Indicator (MBTI) нь хүмүүсийн сэтгэлзүй, зан төлөв, шийдвэр гаргах хэв маягийг тодорхойлдог 16 төрлийн хувь хүний хэв шинжийн загвар. 

    Энэ тестээр:

    • Та хэрхэн сэтгэдэг

    • Хэрхэн шийдвэр гаргадаг

    • Бусадтай яаж харилцдаг

    • Ямар орчинд үр дүнтэй ажилладаг гэсэн чухал мэдээллүүдийг олж авах боломжтой.

    MBTI үр дүнг ашиглах хэрэгтэй 4 шалтгаан

    1. Өөрийгөө таних тухай

    • Давуу тал

    • Ажилд хандах хандлага

    • Харилцааны хэв маяг

    Эдгээрийг ойлгосноор өөрт тохирсон ажлын орчин, хамт олон, чиглэлийг сонгох боломжтой.

    2. Зохицох мэргэжил

    Төрөл тус бүр таны хандлага ямар төрлийн ажилд илүү тохирохыг хэлж өгдөг.

    Жишээ:

    • INTJ – Стратегич зохион байгуулагч
      Логиктой, хараат бус, зорилготой
      Тохирох ажил: Програм хангамж хөгжүүлэгч, аналитик, судлаач
      Орчин: Бие даасан, бүтэцтэй орчин

    • ENFJ – Удирдагч урам өгөгч
      Харилцааны өндөр мэдрэмжтэй, алсын хараатай
      Тохирох ажил: Удирдах ажилтан, сургалтын зохион байгуулагч
      Орчин: Хамтын ажиллагаа, дэмжлэгтэй орчин

    3. Багаар ажиллах чадвар

    • Стрессийг хэрхэн даван туулдаг

    • Багийн үүрэг хариуцлага

    • Бие даах эсвэл хамтран ажиллах хэв маяг

    MBTI таны багийн тоглогч уу, эсвэл бие даагч уу гэдгийг тодорхойлно.

    4. Хувийн хөгжил ба карьерын төлөвлөгөө

    MBTI нь зөвхөн ажил олоход бус, дараах зүйлсэд ч тусална:

    • Сул талаа тодорхойлж хөгжүүлэх

    • Шинэ ур чадвар эзэмших арга

    • Шинэ орчинд дасан зохицох хэв маяг

    • Удирдах түвшинд хүрэх стратеги боловсруулах


    Тэгвэл MBTI-г ажил хайхад хэрхэн ашиглах вэ?

    CV ба Cover Letter-д ашиглах
    Та өөрийн танилцуулгадаа ашиглахдаа: “Би бол INFP төрлийн ажил горилогч бөгөөд бүтээлч, хүний мэдрэмжийг ойлгодог, шинэ санаачилгад идэвхтэй оролцдог нэгэн.” гэх мэтээр давуу талаа илэрхийлж болно.

    Ярилцлагад өөрийгөө тайлбарлахад
    Тухайлбал: “Би ESTJ төрлийн хүн тул тогтсон бүтэцтэй орчинд, үр дүн төвтэй багтай хамтран ажиллахдаа хамгийн өндөр бүтээмжтэй байдаг.”  гэж өөрийнхөө тухай илүү тодорхой танилцуулах.

    Ажлын байр сонгоход ашиглах
    MBTI-ийн үр дүнг ашиглан тухайн байгууллагын ажлын орчин танд тохирч байгаа эсэхийг харьцуулж болно. Хэрвээ та ажил хайж байгаа бол Lambda сайтын ажлын байр хэсгээс өөрт тохирох ажлын байрны мэдээллийг хараарай.

    Ирээдүйн карьерын төлөвлөгөө гаргах, ур чадвараа хөгжүүлэх, шинэ орчинд дасан зохицох чадвараа тодорхойлох, мөн хувь хүний онцлогоо зөв танин ойлгох нь амжилтад хүрэхэд хамгийн чухал алхмуудын нэг.

    Үүний тулд та дараах чухал үзүүлэлтүүдээ илүү сайн мэдэж аваарай:
    – Удирдах түвшинд хүрэх арга барил
    – Суралцах, хөгжих хэв маяг
    – Өөрчлөлтөд дасан зохицох чадвар

    Өөрийгөө хэн бэ гэдгээ танин мэдэх нь зөв ажил олох, амжилттай карьер бүтээх эхлэл болдог. Монголын хөдөлмөрийн зах зээлд ажлын байр олон байгаа ч өөрийн зан төлөвт нийцсэн, сэтгэлд хүрсэн ажлыг олох нь бодит сорилт хэвээр байна. Тиймээс өөрийгөө ойлгож, илүү ухаалгаар сонголт хийх нь таны карьерын амжилтын гол түлхүүр болох юм.

    Та CV-гээ lambda -гын AI-р шинэчилж, талентаар яг одоо бүртгүүлээрэй. Дараагийн ажлаа амжилттай олоход тань бид тусална.

    Мөн асуултад хариулаад MBTI үр дүнгээ олж мэдээрэй. Монгол хэл дээр байгаа нь бүр ч таатай.

    Холбоотой нийтлэл: Та ажил хайж байна уу? Тэгвэл өөртөө итгэхээс эхлээрэй 

  • Ажлын анкет илгээхээс өмнө өөрөөсөө асуух чухал 10 асуулт

    Ажлын анкет илгээхээс өмнө өөрөөсөө асуух чухал 10 асуулт

    Ажлын зар харангуутаа “За, ийшээ шууд анкет илгээе” гэж боддог уу? Гэхдээ түр азнаарай… доорх чухал 10 асуултуудыг өөрөөсөө асуусны дараа анкет илгээвэл  илүү оновчтой, өөрт тохирсон урт хугацааны зөв сонголт хийж чадах болно шүү.

    1. Би энэ ажилд үнэхээр дуртай юу?

    • Та энэ ажлыг хийхдээ сэтгэл ханамжтай байж чадах уу?
    • Эсвэл зүгээр л орлогын хэрэгцээнээс үүдэн анкетаа илгээж байна уу? гэдгийг заавал өөрөөсөө асуугаарай.

    Судалгаагаар  дуртай ажлаа хийдэг хүмүүсийн бүтээмж 33%-иар өндөр, ажлын байрандаа тогтвор суурьшилтай байх нь 2 дахин илүү байдаг.

    2. Ажлын байрны шаардлага миний ур чадвар хэр нийцэж байна вэ?

    • Ажлын байранд дурдсан шаардлагуудтай та нийцэж байна уу?
    • Ур чадварынхаа түвшинг бодитоор дүгнэж чадсан уу?

              Санамж: Таарахгүй ажлын байранд анкет илгээх нь таны өөртөө итгэх итгэлд сөргөөр нөлөөлж болзошгүй байдаг.

    3. Байгууллагын эрхэм зорилго, үнэт зүйлтэй би нийцэж чадах уу?

    • Ямар байгууллагад анкетаа илгээж байгаагаа судалж үзсэн үү?
    • Тухайн байгууллагын соёл, үнэт зүйлс таатай санагдаж байна уу?

    Жишээ: Та бүтээлч, уян хатан орчинд ажиллах дуртай бол, хэт их шат дамжлага бүхий байгууллагад дасан зохицох хэцүү байж мэднэ.

    4. Энэхүү ажлын байр ирээдүйд карьерын өсөлт хийх боломжтой юу?

    “Ямар ч ажил байхад болно” гэж яарах биш, “энэ ажилд орсноор ирээдүйд карьерын хувьд өсөн дэвших боломжтой юу?” гэж өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Зүгээр л ажилтай болохоос илүү, энэ сонголт таны кареерийн замд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг тунгаах хэрэгтэй.

    5. Миний CV тухайн ажлын шаардлагад нийцэж байна уу?

    Хэт ерөнхий, эсвэл нэг загварын хэдэн жилийн турш ашиглаж байгаа CV нь HR-ийн анхаарлыг татах магадлалыг бууруулдаг. Тухайн зарын шаардлагад нийцүүлэн CV-гээ өөрчилсөн үү? ЭНД ДАРЖ тухайн ажлын байранд таны CV хэдэн хувь тохирч байгааг ганц товшилтоор мэдээрэй.

    6. Би яагаад энэ ажилд орохыг хүсэж байна вэ?

    • Яагаад энэ байгууллага?
    • Яагаад энэ албан тушаал?

    Энгийн мэт боловч энэ асуултад хариулахдаа өөртөө үнэнч хандаж, өөрийн зорилго, сонирхлыг тодорхойлж чадвал та бусдаас ялгарч чадах болно.

    7. Миний давуу ба сул тал энэ ажилд хэрхэн нөлөөлөх вэ?

    • Аль чадвараа бүрэн ашиглаж чадах вэ?
    • Ямар сул тал дээрээ анхаарах хэрэгтэй вэ?                                                                                                                                                                                                                                                                  Бие даан, бодитоор өөрийгөө дүгнэх цаг иржээ. Аль давуу талаа илүү ашиглаж, ямар сул талаа сайжруулах шаардлагатай вэ гэдгээ ойлгож байж анкет илгээх нь ажилд орох дараа дараагийн алхмуудыг илүү хөнгөвчилж өгнө.

    8. Өмнөх ажлын туршлагаасаа ямар ур чадварыг энэ ажилд ашиглаж чадах вэ?

    • Сургалт, клуб, сайн дурын ажил — бүгдийг тооцоорой.
    • Ямар чадваруудыг шууд ашиглаж болох вэ?

    Жишээ: Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан бол бичгийн болон судалгааны чадвараа тодотгох дасгал ажлуудыг хийж үзээрэй.

    9. Би энэ байгууллагад ямар хувь нэмэр оруулж чадах вэ?

    Таныг ажилд авах хамгийн том шалтгааныг өөрөөсөө асуугаарай: “Би юу хийж чадах вэ?”

    10. Анкет илгээсний дараа би юу хийх вэ?

    • Хариу хүлээгээд суух уу, эсвэл өөр ажил судлах уу ?
    • Тухайн ажлын байртай холбогдох дугаар луу залгаад өөрийгөө танилцуулж, анкет илгээснээ мэдэгдэхэд буруудах зүйл байхгүй шүү.

    Анкет бол зүгээр нэг файл биш. Энэ бол таныг танилцуулах, үнэлүүлэх, мөрөөдлийн ажилд хүрэх гүүр юм. Тиймээс анкет илгээх бүрдээ өөрөөсөө эдгээр 10 асуултыг асууж, үнэхээр таны хүсэн хүлээж буй, үнэ цэнийг тань ойлгож үнэлэх газар мөн эсэхийг шалгаарай.

    Дараагийн алхам: Та эдгээр асуултад хариулж дууссан бол, одоо CV болон анкетынхаа чанарыг ЭНД ДАРЖ сайжруулаарай.

  • Хэрхэн өөрт тохирсон утга учиртай ажлыг олох вэ?

    Хэрхэн өөрт тохирсон утга учиртай ажлыг олох вэ?

    Өндөр цалин, тогтвортой ажлын байр чухал ч, ихэнх хүмүүс өөрт тохирсон,  зөв зүйл хийж байгаа мэт мэдрэмжийг өгөх, утга учир, хүсэл тэмүүллийг нь өдөөх ажлыг  илүүд үздэг. Гэхдээ яг яаж өөрт тохирсон, утга учиртай санагдах ажил олох вэ?

    Юуны түрүүнд дотоод дуудлага, үнэт зүйл, хүсэл тэмүүллээ ойлгох нь чухал бас түүндээ тулгуурлан ур чадвараа хөгжүүлэх хэрэгтэй. Ихэнх хүмүүс өөрийн хүсэл тэмүүллээ тодорхой хэмжээнд анзаардаг боловч бодит байдал дээр нөхцөл байдал, цалин хөлс, цаг үеийн тренд зэрэг гадаад хүчин зүйлсээс хамаарч ажлаа сонгодог тул утга учир, хүсэл тэмүүллийг ажлаасаа мэдэрдэггүй. Тэгэхээр өөрт тохирсон, утга учиртай санагдах ажлыг олохын тулд доорх энгийн хэдэн асуултуудын хариултыг өөрөөсөө асууж мэдээд- тухайн хариултуудтай  нийцэх ажил, байгууллагыг хайж олоорой. 

    Юу танд хамгийн чухал вэ гэдгийг мэдэх

    Өөрийн үнэт зүйлсийг ойлгохын тулд  дараах асуултыг өөрөөсөө асуугаарай:

       Би ажил, амьдралдаа юунд хамгийн их үнэ цэн өгдөг вэ?

    Жишээ нь:

    • Эрх чөлөө ба уян хатан байдал
    • Бүтээлч байдал ба өсөн дэвших боломж
    • Тогтвортой байдал, аюулгүй байдал
    • Бусдад туслах, нийгэмд  хувь нэмэр оруулах

    Өөрт хамгийн чухал хүчин зүйлсээ тодорхой мэдэж авснаар цаашид  тохирох ажлаа олох таны “чиглүүлэгч”  болно.

    Хүсэл тэмүүлэл, дотоод дуудлагаа ойлгох

    Хүсэл тэмүүлэл(Passion)-ээ дагах гэдэг нь  үргэлж догдлолтой, амар зүйлийг хийх биш байдаг. Заримдаа, зөвхөн таны хувьд л гүн утга учиртай зүйлийг хэцүү байсан ч хамаагүй хийхийг хэлдэг. 

    Өөрөөсөө дараах асуултуудыг  асуугаарай:

    • Би ямар төрлийн асуудлыг шийдэх дуртай вэ?
    • Ямар ажлыг хийхэд цаг хугацаа нисэн одох мэт санагддаг вэ?
    • Хүүхэд байхдаа хэн ч зааж, зөвлөөгүй байхад юу хийх дуртай байсан бэ?

    Таны хүсэл тэмүүлэл тань анир чимээгүйн дунд өөрийн дотоод хүнээ сонсох үед ирэх болно. Та юуг сайн хийж чаддаг, юунд амжилт гаргаж байгаагаас тань ирэхгүй байж болно. Мэдээж таны чадвар маш чухал ч энэ нь таны хүсэл тэмүүллийг бий болгож ч болно, үгүй ч байж болно. Мөн хүсэл тэмүүлэл гэдэг заавал “нэр үгээр” тодорхойлогдох ажил, зорилго байх ёсгүй ба таны амьдрал, ажилдаа хандах “хандлага” эсвэл “утга учир” өгдөг өдөр тутмын жижиг “үйлдэл” ч байж болно. 

    Байгууллага, ажлын байрыг үнэт зүйл, хүсэлт тэмүүлэлтэй холбох

    Дотоод хүсэл тэмүүллээ ойлгож байгаа бол та ажил хайхдаа өөрөөсөө дараах зүйлсийг асуугаарай:

    •    Энэ байгууллага миний үнэт зүйлсийг дэмжих үү?
    •    Энэ ажил намайг урам зоригтой байлгаж чадах уу?

    Ажил хайж байхдаа, зөвхөн ажлын байрны тодорхойлолтыг бүү хараарай. Тухайн байгууллагын соёл, дотоод уур амьсгал зэргийг ярилцлагын үеэр болон тухайн газарт ажилладаг хүмүүсээс асууж судал. Зөвхөн өндөр цалинд хөтлөгдөлгүй, өөрийн дотоод “хөдөлгөгч хүч”-ийг сонсоорой. 

    Өөрийгөө үнэн бодитоор илэрхийлэх

    Өөрийн түүхийг үнэн бодитоор илэрхийлсэн CV , Сover Letter-тэй байх. Яагаад тэр ажлыг хийхийг хүсэж байгаагаа чинь үнэнээр нь өөрийн үгээр өгүүлэх хэрэгтэй. 

    • Юу таны хөдөлгөх хүч болдог талаар
    • Ямар төрлийн ажил танд амьдарч байгаа мэт мэдрэмж өгдөг талаар
    • Яагаад тухайн байгууллага, ажлын байр танд утга учиртай санагдаж буй талаар

    Ажил олгогчид жинхэнэ “хүсэл тэмүүлэл”-ийг таньж үнэлж чаддаг.

    Эцэст нь:

    Зөв ажил олоход бүх зүйлийг бүрэн ойлгосон байх шаардлагагүй.Өөрийгөө таньж мэдэх, дотоод дуудлагаа сонсох нь цахим ертөнцөөс хэт хамааралтай өнөө үед амаргүй  тул хичээл зүтгэл, цаг хугацаа шаарддаг.

    Олон төрлийн ажлыг туршиж үзэн, өөрийгөө бага багаар таньж мэд. Бүх зүйл тодорхой байх албагүй — гол нь энгийнээр бодож, сэтгэл зүйн хувьд бэлэн, нээлттэй байх нь л чухал.

  • Гадаадаас ирээд Монголд хэрхэн карьераа шинээр эхлүүлэх вэ?

    Гадаадаас ирээд Монголд хэрхэн карьераа шинээр эхлүүлэх вэ?

    Гадаадад олон жил ажиллаж, сурч, амьдарч байгаад Монголдоо буцаж ирэхэд олон төрлийн мэдрэмж төрдөг. Зарим зүйлс танил санагдах ч, хөдөлмөрийн зах зээл, мэргэжлийн орчин тийм ч их тодорхой, ойлгомжтой санагдахгүй байж мэднэ.

    Гадаадад хуримтлуулсан мэдлэг, туршлагаа эх орондоо хэрэгжүүлнэ гэсэн хүсэлтэй эргэн ирж буй хүмүүс олон бий. Гэвч Монголын өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд хэрхэн дахин нэвтрэх вэ гэдэг нь тодорхой бус байдаг. Хэрэв та яг одоо ийм асуудалтай тулсан байгаа бол дараах хэрэгцээт, бодит зөвлөмжүүд танд тус болно.

     1. Боловсрол, туршлагаа зөв “илэрхийлж” ойлгуулах 

    Гадаадад сурсан, ажилласан туршлагынхаа үнэ цэнийг харуулахын тулд тэдгээрийг Монголын нөхцөлд тохируулан тайлбарлах хэрэгтэй.

    🎓 Хэрэв та гадаадад сурсан бол:

    Мэргэжлээ Монголын ямар салбаруудад хэрхэн ашиглаж болохыг товч тодорхой тайлбарла. Дипломын ажил, судалгаа, төслүүдээс практик жишээ оруул. Сурсан программ, ур чадваруудаа тодорхой бичиж болно.

    💼 Хэрэв та гадаадад ажилласан бол:

    Албан тушаал, үүргээ Монголын байгууллагуудад ойлгомжтой хэлбэрээр тайлбарла. Үр дүнгээ тодорхой  илэрхийл (ж. “Хэрэглэгчийн гомдлыг 40%-ар бууруулсан”). Ажилласан аргачлал, системүүдээ (CRM, Agile, Notion гэх мэт) дурдаад, хэт их гадаад үг хэллэг ашиглахаас зайлсхийх хэрэгтэй.

    Зөвлөмж: Гадаадад байсан гэж өөрийгөө хэт үнэлэхээс илүү, ямар асуудлыг хэрхэн шийдсэнээ ойлгомжтойгоор илэрхийлж чадвал таны туршлага илүү үнэлэгдэнэ.

    2. Одоогийн хөдөлмөрийн зах зээлийг судал

    Магадгүй, та сүүлд Монголд ажилласнаас хойш олон зүйл өөрчлөгдсөн байж мэднэ. Старт-ап орчин илүү идэвхтэй хөгжиж, гадаадын компаниуд илүү олон Монгол ажилтантай болж, олон улсын жишгийг даган дижитал ур чадвар эрэлттэй болсон. Гэвч ажил олох нь одоог хүртэл танил талаараа шийдэгддэг байдал хэвээр байх магадлал өндөр гэдгийг ойлгох нь чухал.

    Зөвлөмж: Lambda Global, Zangia,Worki, LinkedIn зэрэг платформоос ажлын зар харахтай зэрэгцэн тухайн салбарт ажиллаж байгаа хүмүүстэй холбогдоорой. Найз нөхөд, хуучин хамтран ажиллагсадтайгаа холбогдох нь мөн чухал.

     3. Танилын хүрээгээ дахин босгох(networking)

    Хэрэв та олон жил гадаадад байсан бол таны хуучин танилууд өөр салбар луу орсон, эсвэл бүр холбоо тасарсан байх магадлалтай. Тэглээ гээд та санаа зовох хэрэггүй. Жаахан цаг орох ч, шинээр танилын хүрээгээ бий болгоход л болно. Арван жил, их сургуулийн ангийнхан, хамтран ажиллаж байсан хүмүүс, багш нар зэрэг ойрын хүрээллээсээ эхлээрэй. Тухайн салбарын арга хэмжээнд оролцож, сургалт, сайн дурын ажилд нэгдэх боломжуудыг ашиглаарай.

    Зөвлөмж: Танил талаараа ажил хайхыг буруугаар бодох хэрэггүй. Монгол гэлтгүй, дэлхийн хаана ч “networking”- хийнгээ ажил хайх нь хэвийн зүйл байдаг. Танилын хүрээгээ тэлж, олон нийтийн дунд байж чадвал боломж өөрөө ирэх магадлалтай.

     4. “Reserve Culture Shock” -д орох магадлалтайг санах

    Мэргэжлийн орчны Монгол соёлд дахин дасан зохицох хэрэгтэйг та сайн ойлгож байсан ч, сэтгэлзүйн хувьд хүнд сорилтуудтай тулгарч мэднэ. Удирдлагын хэв маяг, удаан шийдвэр гаргалт, эсвэл хэт илэн далангүй шүүмжлэл гэх мэт зүйлс танд бухимдал төрүүлэхээр санагдаж болох талтай. Эхэндээ танд эх орондоо эргэн ирсэн ч гадны хүн мэт мэдрэмж төрөх болно. 

    Зөвлөмж: Монголд эргэн ирэх энэ үеэ шинэ соёлд дасан зохицох үйл явц мэтээр хүлээж аваарай. Монголын бодит нөхцөл байдлыг хэт их шүүмжлэлтэй хүлээн авалгүй, өөртөө дасан зохицох хугацааг харамгүй өгөөрэй. 

    5. Гадаадын туршлагаа даруугаар ашиглах

    Та зөвхөн гадаадад эзэмшсэн боловсрол, туршлагаасаа гадна, гадаад хэлний өндөр мэдлэг, олон улсын орчинд ажиллах арга барил, асуудлыг шийдвэрлэх уян хатан байдал, ёс зүйн арай өөр ойлголтыг ч авч ирж буй юм. Энэ бол асар их давуу тал. Гэхдээ эдгээр давуу талаа зөв цагт, зөв байдлаар хуваалцах хэрэгтэй.

    Дотоодын байгууллагын хэв маягийг хэт их шүүмжилж, “гадаадад ингэдэг” гэж яривал бусдын эсэргүүцэлтэй тулгарах магадлалтай. Харин “Бид ийм асуудалтай тулгарч байхад тэгж шийдэж байсан, Монголд ингэж туршиж үзэж болох болов уу?” гэх байдлаар хандвал илүү үр дүнтэй.

    Эцэст нь:

    Эх орондоо эргэн ирж байгааг “бүхнийг тэгээс эхэлж байна” гэж хэт хүндээр хүлээн авах хэрэггүй. Та амьдралынхаа нэлээд том бэрхшээл, дамжлагыг туулж, өөрийгөө хөгжүүлээд ирж байгаа. Хамгийн чухал нь энэхүү туршлагаа Монголын нөхцөлд ухаалгаар, уян хатан байдлаар хэрэгжүүлэх явдал юм.

    Lambda Global таныг дэмжихэд бэлэн байна. Бид гадаадад амьдарч, ажиллаж байгаад эх орондоо ирсэн олон залуустай хамтарч ажилладаг. Хэрвээ та одоо энэ замыг туулж яваа бол ганцаараа биш гэдгээ санаарай. Монголд таны туршлага, таны дуу хоолой, таны хувь нэмэр хамгийн их хэрэгтэй.