Tag: Ажил хайх

  • Компаниуд яагаад амлалтдаа хүрдэггүй вэ?

    Компаниуд яагаад амлалтдаа хүрдэггүй вэ?

    Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажил хайж эхэлсэн залуу мэргэжилтний анхаарлыг ажлын зар дээр тавигдсан “Цалин өндөр, ажлын орчин таатай, өсөн дэвжих боломжтой” гэсэн мэдээлэл илүүтэй татжээ. Танилцуулгаа илгээн улмаар ярилцлага ч амжилттай болж, хүний нөөцийн ажилтан нь: “Манайд залуу хүмүүсийн карьер хурдан өсдөг,  уян хатан цагийн хуваарьтай. Бид 6 сарын дараа цалинг чинь нэмнэ” гэж анх хэлжээ. Гэвч гурван сар хүрэхэд л урам хугарч, сэтгэлээр унаж эхэлсэн бөгөөд хагас жил болоод цалин нэмэгдээгүйгээр барахгүй илүү цагаар ажиллах нь хэвийн зүйл мэт байв. Мөн ажлын орчин нь мөн хэл ам, дарамт ихтэй байлаа. Ажилд орох үед амласан бүхэн алга болчихсон мэт л. Танил дүр зураг биш гэж үү? 

    Ажил горилогчийн хувьд найдвартай байдал, шударга харилцаа, бодит боломж хамгийн чухал байдаг. Гэвч амлалтад нь итгээд ажилд орсон олон хүн үүний дараа бодит байдалтай тулгарч, сэтгэл гонсгор үлддэг нь нууц биш. Ер нь “Анх бол тэгж амлаагүй дээ…” гэж хэлдэг газрууд цөөнгүй. Энэ мэтчилэн зарим байгууллагууд ажилтан татахын тулд амлалт өгдөг ч, түүнийгээ бодит байдалд хэрэгжүүлэхэд бэлэн биш байдгийн учир юу вэ?

    Амлалт өгсөн ч хэрэгжүүлдэггүй зарим шалтгаанууд: 

    1. Хэт гоё сурталчилгаатай зар 

    Ажлын байрны зар заримдаа “хөөрөгдөж” бичигддэг. “Уян хатан цагийн хуваарь, найрсаг хамт олон, карьер өсөлт” гэх мэт уриа үгс үнэнд нийцэхгүй байж болно.

    2. Дунд шатны удирдлагын үл ойлголцол

    Хүний нөөцийн амлалт бодит амьдралд хэрэгжихгүй байх нь олонтоо. Шууд удирдлага амлалтыг дэмжихгүй тохиолдол байдаг учраас ажилтнууд сэтгэл дундуур болдог.

    3. Тодорхой бус ажлын зар

    “Идэвхтэй хүн хайж байна” гэхээс илүүтэй, тодорхой ажлын цар хүрээ, нарийн шаардлагууд, зорилго, KPI зэрэг мэдээлэлтэй зар илүү шударга, ойлгомжтой байдаг.

    4. Түр зуурын хэрэгцээ, тогтворгүй бодлого

    Зарим байгууллага яаралтай ажилтан авах шаардлага үүссэн үедээ сайхан амлалт өгч, дараа нь мартдаг. “Түр л ингэж ажиллаарай” гэдэг үгс цаашдаа тогтмол ачаалал болоход хүргэнэ.

    5. Ажил горилогчийн зүгээс хэт өндөр хүлээлт

    Хувь хүний хүлээлт хэтэрхий өөдрөг байх тохиолдол ч бий. Заримдаа “карьер өснө” гэдэг нь шууд өсөж дэвшинэ гэсэн үг биш. Ярилцлагын үеийн үгсийг бодитоор ойлгох хэрэгтэй болдог.

    Та дараах асуултуудыг юун түрүүнд байгууллагаас асуугаарай

    • Амласан зүйлс бичгээр баталгаажих уу?

    • Цалин, урамшуулал ямар шалгуураар, хэдийд нэмэгддэг вэ?

    • Тухайн албан тушаалд өмнө нь ажиллаж байсан хүн яагаад гарсан бэ?

    • KPI болон амжилтыг хэрхэн хэмждэг вэ?

    Мэдээлэлтэй бай

    Google, Facebook, LinkedIn зэрэг платформ дээр тухайн байгууллагын талаарх мэдээлэл үнэлгээ, сэтгэгдлийг унших буюу аль болох ажлын орчин, хамт олны хандлага, бодит байдлыг урьдчилан олж мэдэхийг хичээгээрэй. Хэрвээ бүр боломжтой бол тухайн байгууллагад ажиллаж буй хүнээс сэтгэгдэл, туршлагыг нь сонс.

    Цалин, урамшуулал, карьерийн өсөлтийн талаар бичгээр баталгаажуулах нь таны эрх бөгөөд компанийг төлөөлсөн ажилтны хэлж буй үгнээс илүү хэрэгжүүлж буй үйлдэл нь бодит үнэлгээ болно. Ажлын байраа сонгохдоо сэтгэл хөдлөл, сайхан амлалтад бус, бодит мэдээлэлд тулгуурлаж шийдвэр гаргах нь хамгийн ухаалаг алхам юм.

    Тиймээс LAMBDA танд бодит мэдээлэлтэй, итгэл даах байгууллагын ажлын заруудыг нэг дороос санал болгож, өөрийн эрх ашгаа хамгаалж, үнэ цэнтэй сонголт хийхэд тань тусална.

  • Их сургуулиа төгсөөд юу хийх вэ: Монголдоо ажиллах уу, гадаадад сурах уу?

    Их сургуулиа төгсөөд юу хийх вэ: Монголдоо ажиллах уу, гадаадад сурах уу?

    Их сургуулиа төгсөх мөч бол баяр баясгалантай атлаа бага зэрэг айдастай цаг үе. “Цаашдаа яг юу хийх вэ?” гэдэг асуулт хэний ч толгойд орж ирдэг. Нэг хэсэг нь ажил хийхээр шийдэж байхад, нөгөө хэсэг нь гадаадад сурахаар төлөвлөж эхэлдэг. Аль аль нь зөв зам. Гагцхүү таны зорилго, хүсэл, боломж бололцоотой хэр нийцэж байгааг л бодолцох хэрэгтэй.

    Монголдоо ажлын гараагаа эхлэх нь

    Хэрэв та хурдан бие даасан амьдрал эхлүүлж, практик туршлага олж авахыг хүсэж байгаа бол эх орондоо ажлын гараагаа эхлэх нь маш ухаалаг алхам юм. Энэ сонголт танд зөвхөн орлого авчирахаас гадна нийгмийн амьдралд идэвхтэй оролцох, өөрийн мэргэжлийн чиглэлээ бодитоор ойлгох боломжийг олгодог.

    1. Монголын хөдөлмөрийн зах зээлийн бодит байдал

    2025 онд Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд 83,700 гаруй ажиллах хүчний эрэлт байгаа нь боловсон хүчний хэрэгцээ нэмэгдсээр байгааг харуулж байна. Энэ нь таны хувьд сайн мэдээ. Зөв стратегитай хандвал Монголд том боломжууд нээлттэй хэвээр байна.

    Одоогийн хамгийн эрэлттэй салбарууд бол уул уурхай, барилга, мэдээллийн технологи, дижитал маркетинг, боловсрол, төрийн үйлчилгээ, мөн олон улсын төсөл хөтөлбөрүүд юм. Та Lambda Global платформыг идэвхтэй ашиглаж, өөрийн сонирхсон салбараа судлаарай.

    2. Эхний ажилд хэт их хүлээлт бүү тавь

    21-23 насандаа төгссөн залуучуудын хувьд ажил амьдрал дөнгөж эхэлж байгаа гэдгийг санаарай. Эхний ажил тань заавал мөрөөдлийн ажил байх албагүй. Гэхдээ ямар ч ажил таныг өөр түвшинд гаргаж, ирээдүйн карьерын суурийг тавьдаг. Гол нь туршлага хуримтлуулж, ур чадвараа хөгжүүлж байх явдал юм.

    Ажил олгогчид зөвхөн дипломыг бус, бодит ур чадварыг чухалчилдаг болсон. Англи хэл, дижитал мэдлэг(Digital Literacy), багаар ажиллах чадвар, харилцааны ур чадвар, цагийн менежмент зэрэг нь таны том давуу тал болно.

    3. Хүрээлэлтэй бол

    Монголын зах зээл харьцангуй жижиг тул зөв хүмүүстэй холбогдож чадвал карьерынхаа эхний алхамд асар их давуу тал олж авна. Семинар, уулзалт, ажил олгогчдын арга хэмжээнд оролцож, өөрийгөө танилцуулах, мэргэжлийн холбоо тогтоох боломжийг бүү алдаарай. Онлайнаар ч зөвлөгөө авах, туршлагатай хүмүүстэй холбогдох нь карьерын тань эхний жилүүдэд маш их үр нөлөөтэй.

    4. Орчин үеийн ажлын хэлбэрүүдийг туршиж үз

    Монголд ажиллана гэдэг нь зөвхөн дотоодын байгууллагуудад ажиллах ёстой гэсэн үг биш. Олон залуус өнөөдөр гадаадын компаниудад зайнаас ажиллаж, гадаад валютаар орлого олж, олон улсын туршлага хуримтлуулж байна. Upwork, Fiverr, LinkedIn зэрэг платформуудыг судалж, фрийланс ажлын боломжуудыг эрэлхийлээрэй.

    Гадаадад суралцах нь

    Хэрвээ та өөрийгөө илүү сорьж, шинэ орчинд орж, мэргэжил дээшлүүлж, судалгаа шинжилгээ хийх дуртай, мөн олон улсын түвшинд ажиллах зорилготой бол гадаадад магистрт суралцах нь хамгийн зөв сонголт байж болно.

    1. Гадаадад сурахын үнэ цэнэ

    Гадаадад сурах нь олон давуу талтай үнэ цэнтэй шийдвэр юм. Нэгдүгээрт, дэлхийн хэмжээний боловсрол эзэмших боломжтой бөгөөд энэ нь ирээдүйн ажил мэргэжлийн амжилтад томоохон нөлөө үзүүлдэг. Мөн хэлний чадвараа сайжруулж, олон улсын орчинд харилцах чадвар нэмэгдэнэ. Үүнээс гадна олон улсын ажил, тэтгэлэг, визний төрөл бүрийн боломжууд нээгдэж, карьераа олон улсын төвшинд хөгжүүлэх нөхцөл бүрдэнэ. Гадаадад суралцсанаар шинэ найз нөхөдтэй болж, мэргэжлийн өргөн хүрээний сүлжээ үүсгэх нь ч бас чухал давуу тал юм.

    2. Монголчуудад тохиромжтой орнууд

    • Өмнөд Солонгос – Тэтгэлэг элбэг, соёл ойр, сурангаа ажиллах боломж
    • Япон – Инженер, бизнес, технологийн чиглэлээр хүчтэй
    • Герман – Үнэгүй, чанартай боловсрол, өөр соёлд суралцах боломж
    • АНУ, Канад, Их Британи – Шилдэг боловсрол, төгсөөд ажиллах боломж
    • Австрали – Оюутнуудад ээлтэй, ажлын боломж их

    3. Ирээдүйн зорилгоо тодорхой болго

    Гадаадад суралцах нь өөртөө болон боловсролдоо хийж буй чухал хөрөнгө оруулалт. Гэвч төгссөний дараа дахин нэг том шийдвэртэй тулгарна — үлдэх үү, буцах уу?

    Урт хугацаанд гадаадад амьдарсны дараа таны үзэл бодол, амьдралын хэв маяг өөрчлөгдсөн байдаг. Хэрэв зорилгоо тодорхойлоогүй бол үлдэх, буцах хоёрын хооронд эргэлзэж, сэтгэлзүйн хувьд гацсан мэдрэмж төрж болзошгүй.

    Аль ч сонголт нь зөв байж болно. Гол нь зорилгоо тодорхой болгосноор та илүү тайван, сэтгэл хангалуун амьдарч цаг хугацаа хэмнэх боломжтой.

    Хосолсон стратеги: Хоёр замыг нэгтгэх боломж

    Хэрэв та аль замыг нь сонгохоо мэдэхгүй байгаа бол, заавал яарах хэрэггүй. Та залуу, цаг хугацаа танд бий. Эхлээд 1-2 жил Монголдоо ажиллаж, практик туршлага олж авч, санхүүгийн боломжоо бэлтгэсний дараа гадаадад суралцах замыг сонгож болно. Эсвэл гадаадад суралцах хугацаандаа ажиллан туршлагаа давхар олж авах ч боломжтой. Амжилттай хүмүүс ихэвчлэн нэг шулуун замаар явдаггүй. Тэд нөхцөл байдалдаа тохируулан уян хатан, алсыг харсан шийдвэр гаргасаар зорилгодоо хүрдэг. Гол нь өөрийн зорилго, үнэт зүйлдээ үнэнч байж, боломжуудыг эрэлхийлэх явдал.

     Эцэст нь

    Шинэ төгсөгч бүрийн зам өөр. Монголдоо үлдэх үү, гадаадад сурах уу гэдэг нь зөв буруу сонголтын асуудал биш — таны зорилго, нөхцөл байдал, үнэт зүйлээс л хамаарна.

    Хаана ч амьдрах боломж бий. Улс орнууд хөгжлөөрөө ялгаатай байж болох ч гадаадад байлаа гээд илүү жаргалтай байна гэсэн баталгаа байхгүй. Сэтгэл хангалуун байх эсэх нь таны зан чанар, ертөнцийг үзэх үзэл, тухайн орчинтой хэр нийцэхээс шалтгаална.

    Тиймээс аль ч замыг “зөв” эсвэл “буруу” гэж хэт шүүх хэрэггүй. Энэ бол таны л аялал.

    🎯 Дараагийн алхмаа тодорхойлоход тусламж хэрэгтэй байна уу?
    Lambda Global -оос та хамгийн орчин үеийн өндөр цалинтай ажлыг олох боломжтой.

  • Хэрхэн өөрт тохирсон утга учиртай ажлыг олох вэ?

    Хэрхэн өөрт тохирсон утга учиртай ажлыг олох вэ?

    Өндөр цалин, тогтвортой ажлын байр чухал ч, ихэнх хүмүүс өөрт тохирсон,  зөв зүйл хийж байгаа мэт мэдрэмжийг өгөх, утга учир, хүсэл тэмүүллийг нь өдөөх ажлыг  илүүд үздэг. Гэхдээ яг яаж өөрт тохирсон, утга учиртай санагдах ажил олох вэ?

    Юуны түрүүнд дотоод дуудлага, үнэт зүйл, хүсэл тэмүүллээ ойлгох нь чухал бас түүндээ тулгуурлан ур чадвараа хөгжүүлэх хэрэгтэй. Ихэнх хүмүүс өөрийн хүсэл тэмүүллээ тодорхой хэмжээнд анзаардаг боловч бодит байдал дээр нөхцөл байдал, цалин хөлс, цаг үеийн тренд зэрэг гадаад хүчин зүйлсээс хамаарч ажлаа сонгодог тул утга учир, хүсэл тэмүүллийг ажлаасаа мэдэрдэггүй. Тэгэхээр өөрт тохирсон, утга учиртай санагдах ажлыг олохын тулд доорх энгийн хэдэн асуултуудын хариултыг өөрөөсөө асууж мэдээд- тухайн хариултуудтай  нийцэх ажил, байгууллагыг хайж олоорой. 

    Юу танд хамгийн чухал вэ гэдгийг мэдэх

    Өөрийн үнэт зүйлсийг ойлгохын тулд  дараах асуултыг өөрөөсөө асуугаарай:

       Би ажил, амьдралдаа юунд хамгийн их үнэ цэн өгдөг вэ?

    Жишээ нь:

    • Эрх чөлөө ба уян хатан байдал
    • Бүтээлч байдал ба өсөн дэвших боломж
    • Тогтвортой байдал, аюулгүй байдал
    • Бусдад туслах, нийгэмд  хувь нэмэр оруулах

    Өөрт хамгийн чухал хүчин зүйлсээ тодорхой мэдэж авснаар цаашид  тохирох ажлаа олох таны “чиглүүлэгч”  болно.

    Хүсэл тэмүүлэл, дотоод дуудлагаа ойлгох

    Хүсэл тэмүүлэл(Passion)-ээ дагах гэдэг нь  үргэлж догдлолтой, амар зүйлийг хийх биш байдаг. Заримдаа, зөвхөн таны хувьд л гүн утга учиртай зүйлийг хэцүү байсан ч хамаагүй хийхийг хэлдэг. 

    Өөрөөсөө дараах асуултуудыг  асуугаарай:

    • Би ямар төрлийн асуудлыг шийдэх дуртай вэ?
    • Ямар ажлыг хийхэд цаг хугацаа нисэн одох мэт санагддаг вэ?
    • Хүүхэд байхдаа хэн ч зааж, зөвлөөгүй байхад юу хийх дуртай байсан бэ?

    Таны хүсэл тэмүүлэл тань анир чимээгүйн дунд өөрийн дотоод хүнээ сонсох үед ирэх болно. Та юуг сайн хийж чаддаг, юунд амжилт гаргаж байгаагаас тань ирэхгүй байж болно. Мэдээж таны чадвар маш чухал ч энэ нь таны хүсэл тэмүүллийг бий болгож ч болно, үгүй ч байж болно. Мөн хүсэл тэмүүлэл гэдэг заавал “нэр үгээр” тодорхойлогдох ажил, зорилго байх ёсгүй ба таны амьдрал, ажилдаа хандах “хандлага” эсвэл “утга учир” өгдөг өдөр тутмын жижиг “үйлдэл” ч байж болно. 

    Байгууллага, ажлын байрыг үнэт зүйл, хүсэлт тэмүүлэлтэй холбох

    Дотоод хүсэл тэмүүллээ ойлгож байгаа бол та ажил хайхдаа өөрөөсөө дараах зүйлсийг асуугаарай:

    •    Энэ байгууллага миний үнэт зүйлсийг дэмжих үү?
    •    Энэ ажил намайг урам зоригтой байлгаж чадах уу?

    Ажил хайж байхдаа, зөвхөн ажлын байрны тодорхойлолтыг бүү хараарай. Тухайн байгууллагын соёл, дотоод уур амьсгал зэргийг ярилцлагын үеэр болон тухайн газарт ажилладаг хүмүүсээс асууж судал. Зөвхөн өндөр цалинд хөтлөгдөлгүй, өөрийн дотоод “хөдөлгөгч хүч”-ийг сонсоорой. 

    Өөрийгөө үнэн бодитоор илэрхийлэх

    Өөрийн түүхийг үнэн бодитоор илэрхийлсэн CV , Сover Letter-тэй байх. Яагаад тэр ажлыг хийхийг хүсэж байгаагаа чинь үнэнээр нь өөрийн үгээр өгүүлэх хэрэгтэй. 

    • Юу таны хөдөлгөх хүч болдог талаар
    • Ямар төрлийн ажил танд амьдарч байгаа мэт мэдрэмж өгдөг талаар
    • Яагаад тухайн байгууллага, ажлын байр танд утга учиртай санагдаж буй талаар

    Ажил олгогчид жинхэнэ “хүсэл тэмүүлэл”-ийг таньж үнэлж чаддаг.

    Эцэст нь:

    Зөв ажил олоход бүх зүйлийг бүрэн ойлгосон байх шаардлагагүй.Өөрийгөө таньж мэдэх, дотоод дуудлагаа сонсох нь цахим ертөнцөөс хэт хамааралтай өнөө үед амаргүй  тул хичээл зүтгэл, цаг хугацаа шаарддаг.

    Олон төрлийн ажлыг туршиж үзэн, өөрийгөө бага багаар таньж мэд. Бүх зүйл тодорхой байх албагүй — гол нь энгийнээр бодож, сэтгэл зүйн хувьд бэлэн, нээлттэй байх нь л чухал.

  • Гадаадаас ирээд Монголд хэрхэн карьераа шинээр эхлүүлэх вэ?

    Гадаадаас ирээд Монголд хэрхэн карьераа шинээр эхлүүлэх вэ?

    Гадаадад олон жил ажиллаж, сурч, амьдарч байгаад Монголдоо буцаж ирэхэд олон төрлийн мэдрэмж төрдөг. Зарим зүйлс танил санагдах ч, хөдөлмөрийн зах зээл, мэргэжлийн орчин тийм ч их тодорхой, ойлгомжтой санагдахгүй байж мэднэ.

    Гадаадад хуримтлуулсан мэдлэг, туршлагаа эх орондоо хэрэгжүүлнэ гэсэн хүсэлтэй эргэн ирж буй хүмүүс олон бий. Гэвч Монголын өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд хэрхэн дахин нэвтрэх вэ гэдэг нь тодорхой бус байдаг. Хэрэв та яг одоо ийм асуудалтай тулсан байгаа бол дараах хэрэгцээт, бодит зөвлөмжүүд танд тус болно.

     1. Боловсрол, туршлагаа зөв “илэрхийлж” ойлгуулах 

    Гадаадад сурсан, ажилласан туршлагынхаа үнэ цэнийг харуулахын тулд тэдгээрийг Монголын нөхцөлд тохируулан тайлбарлах хэрэгтэй.

    🎓 Хэрэв та гадаадад сурсан бол:

    Мэргэжлээ Монголын ямар салбаруудад хэрхэн ашиглаж болохыг товч тодорхой тайлбарла. Дипломын ажил, судалгаа, төслүүдээс практик жишээ оруул. Сурсан программ, ур чадваруудаа тодорхой бичиж болно.

    💼 Хэрэв та гадаадад ажилласан бол:

    Албан тушаал, үүргээ Монголын байгууллагуудад ойлгомжтой хэлбэрээр тайлбарла. Үр дүнгээ тодорхой  илэрхийл (ж. “Хэрэглэгчийн гомдлыг 40%-ар бууруулсан”). Ажилласан аргачлал, системүүдээ (CRM, Agile, Notion гэх мэт) дурдаад, хэт их гадаад үг хэллэг ашиглахаас зайлсхийх хэрэгтэй.

    Зөвлөмж: Гадаадад байсан гэж өөрийгөө хэт үнэлэхээс илүү, ямар асуудлыг хэрхэн шийдсэнээ ойлгомжтойгоор илэрхийлж чадвал таны туршлага илүү үнэлэгдэнэ.

    2. Одоогийн хөдөлмөрийн зах зээлийг судал

    Магадгүй, та сүүлд Монголд ажилласнаас хойш олон зүйл өөрчлөгдсөн байж мэднэ. Старт-ап орчин илүү идэвхтэй хөгжиж, гадаадын компаниуд илүү олон Монгол ажилтантай болж, олон улсын жишгийг даган дижитал ур чадвар эрэлттэй болсон. Гэвч ажил олох нь одоог хүртэл танил талаараа шийдэгддэг байдал хэвээр байх магадлал өндөр гэдгийг ойлгох нь чухал.

    Зөвлөмж: Lambda Global, Zangia,Worki, LinkedIn зэрэг платформоос ажлын зар харахтай зэрэгцэн тухайн салбарт ажиллаж байгаа хүмүүстэй холбогдоорой. Найз нөхөд, хуучин хамтран ажиллагсадтайгаа холбогдох нь мөн чухал.

     3. Танилын хүрээгээ дахин босгох(networking)

    Хэрэв та олон жил гадаадад байсан бол таны хуучин танилууд өөр салбар луу орсон, эсвэл бүр холбоо тасарсан байх магадлалтай. Тэглээ гээд та санаа зовох хэрэггүй. Жаахан цаг орох ч, шинээр танилын хүрээгээ бий болгоход л болно. Арван жил, их сургуулийн ангийнхан, хамтран ажиллаж байсан хүмүүс, багш нар зэрэг ойрын хүрээллээсээ эхлээрэй. Тухайн салбарын арга хэмжээнд оролцож, сургалт, сайн дурын ажилд нэгдэх боломжуудыг ашиглаарай.

    Зөвлөмж: Танил талаараа ажил хайхыг буруугаар бодох хэрэггүй. Монгол гэлтгүй, дэлхийн хаана ч “networking”- хийнгээ ажил хайх нь хэвийн зүйл байдаг. Танилын хүрээгээ тэлж, олон нийтийн дунд байж чадвал боломж өөрөө ирэх магадлалтай.

     4. “Reserve Culture Shock” -д орох магадлалтайг санах

    Мэргэжлийн орчны Монгол соёлд дахин дасан зохицох хэрэгтэйг та сайн ойлгож байсан ч, сэтгэлзүйн хувьд хүнд сорилтуудтай тулгарч мэднэ. Удирдлагын хэв маяг, удаан шийдвэр гаргалт, эсвэл хэт илэн далангүй шүүмжлэл гэх мэт зүйлс танд бухимдал төрүүлэхээр санагдаж болох талтай. Эхэндээ танд эх орондоо эргэн ирсэн ч гадны хүн мэт мэдрэмж төрөх болно. 

    Зөвлөмж: Монголд эргэн ирэх энэ үеэ шинэ соёлд дасан зохицох үйл явц мэтээр хүлээж аваарай. Монголын бодит нөхцөл байдлыг хэт их шүүмжлэлтэй хүлээн авалгүй, өөртөө дасан зохицох хугацааг харамгүй өгөөрэй. 

    5. Гадаадын туршлагаа даруугаар ашиглах

    Та зөвхөн гадаадад эзэмшсэн боловсрол, туршлагаасаа гадна, гадаад хэлний өндөр мэдлэг, олон улсын орчинд ажиллах арга барил, асуудлыг шийдвэрлэх уян хатан байдал, ёс зүйн арай өөр ойлголтыг ч авч ирж буй юм. Энэ бол асар их давуу тал. Гэхдээ эдгээр давуу талаа зөв цагт, зөв байдлаар хуваалцах хэрэгтэй.

    Дотоодын байгууллагын хэв маягийг хэт их шүүмжилж, “гадаадад ингэдэг” гэж яривал бусдын эсэргүүцэлтэй тулгарах магадлалтай. Харин “Бид ийм асуудалтай тулгарч байхад тэгж шийдэж байсан, Монголд ингэж туршиж үзэж болох болов уу?” гэх байдлаар хандвал илүү үр дүнтэй.

    Эцэст нь:

    Эх орондоо эргэн ирж байгааг “бүхнийг тэгээс эхэлж байна” гэж хэт хүндээр хүлээн авах хэрэггүй. Та амьдралынхаа нэлээд том бэрхшээл, дамжлагыг туулж, өөрийгөө хөгжүүлээд ирж байгаа. Хамгийн чухал нь энэхүү туршлагаа Монголын нөхцөлд ухаалгаар, уян хатан байдлаар хэрэгжүүлэх явдал юм.

    Lambda Global таныг дэмжихэд бэлэн байна. Бид гадаадад амьдарч, ажиллаж байгаад эх орондоо ирсэн олон залуустай хамтарч ажилладаг. Хэрвээ та одоо энэ замыг туулж яваа бол ганцаараа биш гэдгээ санаарай. Монголд таны туршлага, таны дуу хоолой, таны хувь нэмэр хамгийн их хэрэгтэй.

  • Хүчирхэг CV хэрхэн бичих вэ? (+CV хөрвүүлэгч AI)

    Хүчирхэг CV хэрхэн бичих вэ? (+CV хөрвүүлэгч AI)

    Таны хувьд шинэ ажилд орох, шинэ боломжуудыг өөртөө нээх эсвэл карьерынхаа алхамыг ахиулахын тулд хамгийн түрүүнд анхаархал зүйл бол таны CV /Curriculum Vitae/ юм. Таны CV нь таны амжилт, туршлага, чадварыг зөв, оновчтой, бөгөөд тодорхой байдлаар харуулах ёстой. Хүчирхэг CV нь таныг тухайн ажлын байранд хамгийн тохиромжтой хүн гэдгийг ажил олгогчид маш хурдан, ойлгомжтой, илэрхийлнэ. Энэ нийтлэлд хүчирхэг CV хэрхэн бичих талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

    ЭНД ДАРЖ CV-ээ ганц товшилтоор мэргэжлийн түвшинд болгоорой.

    CV гэж юу вэ?

    CV /Curriculum Vitae/ нь таны туршлага, ур чадвар, амжилт зэргийг оновчтой, товч бөгөөд тодорхой байдлаар илэрхийлж, таныг ажил олгогчид анхаарал татахуйц хүн болгон хувиргадаг бичиг баримт юм. Учир нь ажил олгогч өдөр тутамдаа маш олон CV-тэй танилцдаг тул ажил олгогч эсвэл мэргэжилтэн таны CV-г дунджаар 15-20 секундэд гүйлгэн харахад эмх цэгцтэй, тодорхой харагдаж байвал таны мэдээлэл илүү анхаарал татаж, дэлгэрэнгүйгээр унших боломжийг нэмэгдүүлнэ. Мэдээж CV-ээ бэлтгэхдээ ажил мэргэжлийн онцлог бүрт зориуланөөрчлөх шаардлагатай байдаг хэдий ч бүх төрлийн CV-д дараах шинж чанаруудыг заавал агуулсан байх ёстой байдаг. Үүнд:

    • CV нь таны карьерийн зорилго, мэдлэг, ур чадварыг тодорхой, нарийвчилсан байдлаар харуулдаг.

    • CV нь зөвхөн тухайн ажилд шаардлагатай мэдээллийг агуулдаг. Хэт олон мэдээлэл оруулах нь уншихад хүндрэлтэй болдог. Тиймээс:

      • Мэдээллээ товчхон, цэгцтэй жагсааж, bullet point ашиглах
      • Бараан өнгийн, уншигдахуйц жигд үсгийн фонт сонгох

      • Албаны өнгө аястай байж, мэргэжлийн хэллэг ашиглах

      • Зураг оруулах шаардлагагүй

      • CV-ээ нэг хуудас дээр багтаах (шаардлагагүй мэдээлэл оруулахгүй байх)

      • PDF форматд оруулах
    • CV нь таны ажил үүрэг, туршлага амжилт, ур чадварын үр дүнг ажил олгогчид ойлгомжтой байдлаар хүргэх зорилготой байх ёстой.

    2. CV-нд заавал оруулах зүйлс

    2.1. Хувийн мэдээлэл

    CV-ийн эхэнд таны үндсэн хувийн мэдээллийг оруулах хэрэгтэй:

    • Нэр: Өөрийн бүрэн нэрийг, том үсгээр бичихээс зайлсхийж, зөв, алдаагүй бичнэ.

    • Холбоо барих мэдээлэл: Утасны дугаар, имэйл хаяг, таны ажил мэргэжлийн профайл буюу LinkedIn эсвэл өөрийн вэбсайтын холбоос зэргийг оруулна. Таны хувийн цахим шуудангийн хаяг нь ажилд тавигдах шаардлагыг хангаж байх ёстой. Жишээ нь, john.smith@gmail.com илүү мэргэжлийн харагдана, харин funnyguy123@yahoo.com гэх мэт хаягууд ашиглах нь тохиромжгүй.

    • Оршин суугаа хаяг: Хэрэв тухайн ажилд байрлах газар, нутаг дэвсгэр зайлшгүй шаардлагатай бол хаягаа оруулах нь зүйтэй. Таны оршин суугаа газартай холбоотой байр суурийг ажил олгогч судлах тохиолдолд энэ мэдээлэл хэрэг болно.

    2.2. Товч танилцуулга

    Товч танилцуулга нь таны карьерийн зорилго, амжилт, ур чадварыг 2-3 өгүүлбэрт илэрхийлсэн хэсэг юм. Энэ хэсэг нь анхаарал татах хамгийн чухал хэсэг бөгөөд таны CV-ийн эхний хэсэгт байрлаж, ажил олгогчид хамгийн түрүүнд анхаарал хандуулах болно. Товч танилцуулга нь таны карьерийн зорилго, өөрийн давуу талуудыг харуулж, ямар ур чадвартай болохыг илэрхийлэх боломжтой.

    Жишээ:

    “Худалдааны салбарт 7 жил ажилласан туршлагатай маркетингийн мэргэжилтэн, сүүлийн 5 жилд олон улсын брэндийн маркетингийн кампанит ажлуудыг удирдан явуулж, борлуулалтын өсөлтийг 30%-иар нэмэгдүүлсэн. Хэрэглэгчийн зан төлөвийг судалж, оновчтой стратеги боловсруулахдаа мэргэшсэн.”

    2.3. Ажлын туршлага

    Таны ажлын туршлагаа оруулахдаа хамгийн сүүлд хийсэн ажлаас эхлэн оруулах нь хамгийн зөв арга юм. Энд та тухайн ажлын байрны зард хамааралтай өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын туршлага, үүрэг, үр дүн, амжилтуудыг оруулах хэрэгтэй.

    • Ажлын байрны нэр, байгууллагын нэр: Та өөрийн ажиллаж байсан бүх байгууллагуудыг нэрлэж, тухайн байгууллагад хамаарах мэдээллийг дурдах нь чухал.

    • Гүйцэтгэсэн ажил, үүрэг: Тухайн ажилдаа ямар үүрэг гүйцэтгэж байсан талаар товч, тодорхой бичнэ. Та өөрийн хийсэн ажлаа тоон үзүүлэлтүүдээр батлах нь хамгийн сайн арга юм. Жишээ нь: “Борлуулалт 25%-иар өсгөсөн”, “Төслийн багийн ажлыг удирдаж, хугацаанд нь дуусгасан” гэх мэт.

    • Амжилт, онцлог үр дүн: Ажлынхаа хүрээнд гаргасан амжилт, байгууллагад оруулсан хувь нэмрээ тодорхой зааж бичнэ.

    Жишээ:

    • “Маркетингийн ахлах менежер, ABC Брэнд” (2019-2023)

    • “Харилцагчын үйлчилгээг сайжруулсаны үр дүнд, борлуулалт 30%-иар нэмэгдсэн”

    • “Цахим маркетингийн стратегийг боловсруулж, 1 жилийн дотор брэндийн танигдалт 40%-иар өсгөсөн.”

    2.4. Боловсрол

    Боловсролын хэсэгт, өөрийн эзэмшсэн боловсролын зэрэг, цолыг бичнэ. Суралцсан хугацаа, сургуулийн нэрийг оруулна. Боловсролын хэсэг нь таны мэргэжлийн ур чадварын хувьд чухал байр суурь эзэлдэг байх ёстой.

    Жишээ:

    • “Бакалавр, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль, 2015-2019”

    • “Мастер, Санхүүгийн Удирдлага, Монгол Улсын Их Сургууль, 2020-2022”

    2.5. Ур чадвар

    Ажлын байранд шаардлагатай өөрийн эзэмшсэн гол ур чадваруудыг энэ хэсэгт оруулна. Мэргэжлийн ур чадваруудаа жагсааж, тухайн чадвар таны гүйцэтгэсэн ажлын байранд хэрхэн ашиглагдсан тухай товчхон бичих нь илүү үр дүнтэй.

    Жишээ:

    • Программчлал (Python, Java, SQL)

    • Баг удирдах (Agile, Scrum)

    • Харилцаа, олон нийтийн удирдлага

    2.6. Сертификат, сургалт

    Мэргэжлийн курс, сургалт, эсвэл таны карьерын хувьд чухал сертификатуудыг оруулж болно. Энэ нь таны мэргэжлийн ур чадварыг баталгаажуулж, таны мэргэжлийн салбарт эзэмшиж буй шинэ мэдлэг, ур чадврыг илэрхийлнэ.

    Жишээ:

    • “Google Analytics Сертификат, 2022”

    • “Project Management Professional (PMP), 2021”

    2.7. Ололт, амжилт

    Таны карьерийн хугацаанд гаргасан онцлох амжилтууд, хэрэгжүүлсэн төсөл, ажил олгогчид болон багийн амжилттай холбоотой мэдээллийг оруулна.

    3. CV-нд оруулах шаардлагагүй зүйлс

    3.1. Хувийн мэдээлэл

    Төрсөн огноо, хүйс, гэр бүлийн байдал, арьсны өнгө, банкны данс, шашин шүтлэг зэрэг хувийн мэдээллийг CV-д оруулах шаардлагагүй. Энэ нь хараат бус байдлаар таныг үнэлэхэд саад болох боломжтой.

    3.2. Өөрийн зургийг оруулах

    Зураг оруулах шаардлагагүй бөгөөд зарим улс орон болон мэргэжлийн салбаруудад бүр хориглосон байдаг.

    3.3. Хамааралгүй мэдээлэл оруулах

    Хэрэв таны илгээж буй ажлын байранд хамааралтай ямар нэгэн ажил мэргэжлийн ур чадвар эсвэл туршалага байвал тэдгээрийг аль болох оруулах хэрэгтэй, харин хамааралгүй мэдээллийг оруулахгүй байх хэрэгтэй.

    3.4. Цалин, хөлс

    Цалин, хөлс зэрэг мэдээллийг зөвхөн ярилцлагын үеэр ажил олгогч асуусан тохиолдолд эсвэл ажил олгогчтой тохиролцсон тохиолдолд хуваалцах нь зүйтэй.

    ЭНД ДАРЖ CV-ээ ганц товшилтоор мэргэжлийн түвшинд болгоорой.

    4. Хүчирхэг CV бичих зөвлөмжүүд

    Хүчирхэг CV нь таны мэргэжлийн туршлага, ур чадвар, амжилтуудыг оновчтой, нөлөөтэй байдлаар илэрхийлэх боломжийг олгоно. Хамгийн гол нь мэдээллийг бүрэн дүүрэн, зөв оруулах нь чухал төдийгүй, хэрхэн оновчтой илэрхийлэх, мэдээллийг зөв зохион байгуулах ч бас өндөр ач холбогдолтой. Таны CV нь таныг ажил олгогчид хамгийн тохиромжтой байдлаар харуулах хэрэгтэй, үүний тулд дараах зөвлөмжүүдийг дагах нь чухал.

    Унших: Хэрхэн мэргэжлийн CV-тэй болох вэ? Юуг оруулах бас юуг оруулахгүй байх хэрэгтэй вэ?

    4.1 Товч, тодорхой бай

    Хүчирхэг CV нь ихэнхдээ нэг хуудас байдаг. Учир нь олон ажлын байрны зарны ард, ажил олгогчид таны CV-ийг дэлгэрэнгүй уншихад маш бага хугацаа зарцуулах хандлагатай байдаг. Тиймээс, таны CV нь хэрэгцээтэй бүх мэдээллийг нэг хуудаснаас багтаах ёстой. Хэрэв хоёр хуудас шаардлагатай бол үнэхээр чухал, дэлгэрэнгүй, хэрэгцээтэй мэдээллийг агуулсан байх ёстой.

    Зөвлөмж:

    • Хэтэрхий олон зүйлс нэмэхээс зайлсхий. Хэдхэн секундийн анхаарал татах хугацаанд хамгийн чухал зүйлсийг илэрхийлэх хэрэгтэй.

    • Цэгцтэй, товчхон байлгах нь хамгийн сайн үр дүнг өгнө.

    4.2 Өөрийн туршлага, амжилтаа тоон үзүүлэлтээр баталгаажуул

    Ажил олгогчид таны амжилт болон гүйцэтгэлийг тодорхой үнэлэхийг хүсдэг. Хэрэв та өөрийн ажилласан байгууллагадаа ямар үр дүнд гаргасан тухай тоон мэдээлэл оруулбал, таны CV илүү хүчтэй болно. Тоон үзүүлэлт нь таны амжилтыг илүү тодорхой, баталгаатай байдлаар харуулж, таныг илүү итгэлтэй, чадвартай гэж үзүүлэхэд тусална.

    Зөвлөмж:

    • “Борлуулалтыг 15%-иар нэмэгдүүлсэн” гэж бичихийн оронд, “Нийт борлуулалт 15%-иар өссөн, 6 сарын хугацаанд 2 сая ам.долларыг нэмсэн” гэж нарийвчлан тусгаарай.

    • Хэрэв боломжтой бол бүтээгдэхүүн хөгжүүлэлт, гүйцэтгэсэн төслийн тоо, зардал хэмнэлт, эдийн засгийн өгөөж гэх мэт амжилтаа тоон үзүүлэлтээр илэрхийлэх хэрэгтэй.

    4.3 Өөрийн ур чадварыг хамгийн чухал зүйлсээр харуул

    Таны ур чадвар бол CV-ийн хамгийн чухал хэсгүүдийн нэг. Таны ур чадварыг зөв ангилж, чадвар бүрийг тодорхой жишээгээр харуулж байвал илүү сайн үр дүнд хүрнэ. Тухайлбал, таны техникийн ур чадвараа хэрхэн ашигладагаа илэрхийлж, гүйцэтгэсэн төслийн амжилтыг онцолж, удирдлагын ур чадвараа хэрхэн ашигласан тухай илэрхийлэх нь чухал.

    Зөвлөмж:

    • Өөрийн боловсруулсан болон амжилттай гүйцэтгэсэн томоохон төслүүдийг танилцуул.

    • Хатуу болон зөөлөн ур чадваруудыг аль алиныг нь илэрхийлж, энэ чадваруудын тусламжтай гаргасан амжилтаа дурдах хэрэгтэй.

    Жишээ ур чадвар:

    • Программчлал: “Python, Java, SQL, HTML/CSS”

    • Харилцагчын үйлчилгээ: “Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг 90%-иас дээш байлгасан”

    • Удирдлагын менежмент: “Баг удирдаж, нийт 20 гаруй төсөл амжилттай хэрэгжүүлсэн”

    4.4 Тохирсон түлхүүр үгсийг ашиглах

    Өнөө үед олон байгууллагуудын HR мэргэжилтнүүд CV-г онлайнаар шүүлтүүрдэж, түлхүүр үгсийн тусламжтайгаар таны ур чадварыг тодорхойлох нь ихээхэн түгээмэл болсон. Тиймээс, таны CV нь тухайн ажлын байрны шаардлагад нийцэж байгаа түлхүүр үгсийг агуулж байх нь чухал.

    Зөвлөмж:

    • Ажлын байрны зар, шаардлагын дагуу түлхүүр үгсийг CV-д оруулна. Жишээ нь, хэрэв ажилтнаас “харилцагчын үйлчилгээ”, “баг удирдах” гэсэн ур чадваруудыг шаардаж байгаа бол тэдгээрийг оруулсан байх хэрэгтэй.

    • CV-гээ бичихдээ тухайн компанийн шаардлагатай ур чадвар, мэргэжлийн нэр томьёо, техник хэллэгийг ашиглах нь зөв.

    Унших: Applicant Tracking System(ATS)-д нийцтэй CV загвар гэж юу вэ?

    4.5 Төгсгөлийн хэсэгт амжилт, ололтоо оруулах

    Таны ажиллаж байсан байгууллагад гаргасан ахиц дэвшил, таны ур чадварын өсөлт, шагнал урамшууллыг онцлох нь таны CV-г улам хүчирхэг болгодог. Мөн, ажлын байрны өөрчлөлтүүд, нэмэлт хариуцлага, шинэ байр сууринд шилжсэн амжилт нь таны мэдлэг, ур чадварыг баталдаг.

    Зөвлөмж:

    • Хэрэв та ямар нэгэн багийг удирдаж байсан, шинэ төсөл эхлүүлсэн, зах зээлд амжилттай нэвтэрсэн бол эдгээрийг нарийвчлан бичиж өгнө.

    • Шагнал, урамшуулал, түгээмэл хүлээн зөвшөөрөгдсөн хэрэгслүүдийн тухай мэдээллийг оруулж, түүнд хэрхэн хүрсэн талаар тайлбарлана.

    Жишээ:

    • “Шилдэг ажилтан” шагнал, 2022 оны 12 сард авсан.

    • “Оны шилдэг бүтээгдэхүүн шагнал”, 2021 онд багийнхаа хамт хамгийн том төсөл зах зээл дээр амжилттай хэрэгжүүлсэнд олгогдсон.

    4.6 Энгийн, ойлгомжтой, цэгцтэй CV дизайн ашиглах

    CV-ийн дизайн нь илүү мэргэжлийн, боловсронгуй байх шаардлагатай. Гэхдээ, дизайн нь зөвхөн харагдах байдлаас илүүтэйгээр мэдээллийг уншихад амар байлгахад анхаарах хэрэгтэй. Таны CV нь хэтэрхий их өнгө будаг ашигласан, олон төрлийн хэмжээтэй үсэгтэй байх хэрэггүй.

    Зөвлөмж:

    • Цэвэрхэн, энгийн: Ажил олгогч таны CV-г уншихад хялбар байх ёстой. Үсгийн хэмжээг уншигдахуйц болгож, зай завсар болон өнгөний зохицлыг зөв ашиглана.

    • Зохион байгуулалттай бай: Мэдээллүүдээ дэд хэсгүүдэд хувааж, товч танилцуулга, туршлага, ур чадваруудыг хэсэгчлэн гаргах нь хялбар уншихад тусална.

    • Хэрэв зургийг оруулах бол, мэргэжлийн зураг байх ёстой: Зураг оруулах гэж байгаа бол мэргэжлийн дурангаар авсан зураг байх ёстой.

    4.7 CV-гээ анхааралтай шалгах

    Эцэст нь өөрийн CV-ийг бичихдээ анхаарах ёстой хамгийн чухал зүйл бол анхааралтай шалгаж, анхаарал хандуулах явдал юм. Тохиромжгүй үг хэллэг, алдаатай үгс, дүрмийн алдаа таны мэргэжлийн байдалд сөргөөр нөлөөлөх боломжтой.

    ЭНД ДАРЖ CV-ээ ганц товшилтоор мэргэжлийн түвшинд болгоорой.

    Зөвлөмж:

    • CV-ээ хэд хэдэн удаа уншиж, шалгах хэрэгтэй.

    • Хэрэв шаардлагатай бол найз нөхөд болон мэргэжилтнээс зөвлөгөө аваарай.

    Хүчирхэг CV нь таны мэргэжлийн талаар дэлгэрэнгүй, оновчтой мэдээллийг өгч, таныг ажил олгогчид хамгийн тохиромжтой байдлаар харуулах зорилготой юм. Та CV-дээ хамгийн чухал мэдээллүүдийг багтааж, хүчирхэг CV-тэ болсноор ажил олгогчид таныг анхаарал авч та ажлын байрны сонгон шалгаруулалтын дараагийн шат руу амжилттай шилжих болно.

    Унших: CV-ээ оновчтой бичих нь: Шинэ төгсөгч ба туршлагатай ажилтны онцлог

  • Сонгон шалгаруулалтын процесс ба хэрхэн амжилттай давах вэ?

    Сонгон шалгаруулалтын процесс ба хэрхэн амжилттай давах вэ?

    Сонгон шалгаруулалт нь ажилд орох өргөдөл гаргагчид болон ажил олгогчдын хоорондох гол харилцааны нэг хэсэг бөгөөд энэ нь хүн бүрийн карьерийн замыг тодорхойлох чухал үе шат юм. Сонгон шалгаруулалт зөвхөн ажлын байрны шаардлагыг хангахаас гадна, ажилтны ур чадвар, туршлага, бие даан ажиллах чадвар, багтай ажиллах чадвар, сэтгэлзүй, үнэт зүйлс болон байгууллагын соёлыг хэрхэн тохирох зэрэг олон хүчин зүйлийг шалгадаг. Тиймээс энэ процессыг амжилттай давахын тулд сайн бэлтгэх, өөрийгөө зөвөөр илэрхийлэх, багаар ажиллах, мэдлэг, ур чадвараа хамгийн сайн түвшинд хүргэх шаардлагатай байдаг.

    1. Сонгон шалгаруулалтын процесс

    Сонгон шалгаруулалт гэдэг нь ажил олгогч, байгууллагуудын өргөдөл хүлээн авч, түүнийгээ шүүн тунгаан, хамгийн тохиромжтой ажилтныг сонгон шалгаруулах үйл явц юм. Энэ процесс нь дараах үе шатуудтай байж болно:

    1. Өргөдөл хүлээн авах – Өргөдөл гаргасан хүмүүсийг судалж, анкет, резюмэг шалгах.
    2. Урьдчилсан ярилцлага – Хамгийн тохиромжтой хүмүүстэй онлайн эсвэл утсаар ярилцлага хийж, тэдний ур чадвар, туршлага, сонирхлыг шалгана.
    3. Албан ёсны ярилцлага – Байгууллагын удирдлага эсвэл HR-ийн төлөөлөлтэй биечлэн ярилцлага хийж, хүнээ тодорхойлон шалгана.
    4. Шалгалт, үнэлгээ – Зарим тохиолдолд ажилтанд зарим даалгавар өгөх буюу сэтгэл зүйн эсвэл ур чадварыг үнэлэх тестүүдийг ашигладаг.
    5. Сонгон шалгаруулалт дуусгах – Хамгийн тохиромжтой хүнээ сонгон шалгаруулан ажилд авна.

    2. Сонгон шалгаруулалтад амжилттай оролцох зөвлөмжүүд

    1. Өргөдөл, CV-ээ сайжруулж, тодорхой болгох

    Сонгон шалгаруулалтын анхны шатанд таны өргөдөл болон CV чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс эдгээр бичиг баримтаа тодорхой, цэгцтэй, мэргэжлийн хандах хэрэгтэй.

    • Өргөдөл – Хөдөлмөрийн зах зээлийн шаардлагад нийцсэн, шинэлэг, тодорхой үгсээр өргөдлөө бичих.
    • CV – Та өөрийн туршлага, ур чадвараа бүх заруудад нэг ижил биш, эсрэгээрээ тухайн ажлын байрны тодорхой шаардлагад нийцүүлэн, онцолж тавьж бичих хэрэгтэй. Үүний тулд зарим тохиолдолд CV-ээ тухайн ажлын байрны нөхцөлд тохируулан засварлах нь ашигтай.

    Унших: Хүчирхэг CV хэрхэн бичих вэ? (+CV хөрвүүлэгч AI)

    2. Сайн бэлтгэлтэй ярилцлага хийх

    Ярилцлагад оролцохын өмнө тухайн компанийн түүх, үйл ажиллагаа, соёл, зах зээл дээрх байр суурийг сайн судалж, хэрхэн ажиллах хүсэлтэй байгаагаа ойлгуулах шаардлагатай.

    • Өөрийгөө танилцуулах – Ярилцлагад тухайн компанид тохирох ур чадвар, туршлагыг яаж хэрэглэж, үр дүнд хүргэхээ ойлгуулах нь чухал.
    • Тодорхой жишээ ашиглах – Өмнөх ажлын туршлага, амжилт, асуудал шийдвэрлэх чадвараа тодорхой жишээтэйгээр хуваалцаж ярь.

    3. Эерэг хандлага болон итгэлцлийг харуулах

    Ярилцлага болон харилцаа бүхэнд эерэг хандлага, итгэлцэл чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь таны өөртөө болон ажлын орчны талаар таны санаа бодлыг илтгэнэ.

    • Өөртөө итгэх – Өөрийн чадвар, туршлагад итгэлтэй байж, чөлөөтэй ярилцах нь чухал.
    • Эерэг хандлага – Таны биеэ авч явах байдал, харилцааны хэмнэл нь эерэг хандлагыг илтгэнэ. Байгууллагад үнэнч, сэтгэл гаргаж ажиллах чадвар чухал.

    4. Ажлын байрны шаардлагад нийцсэн ур чадвар хөгжүүлэх

    Тухайн ажлын байрны ур чадваруудын жагсаалтыг сайн ойлгох нь амжилттай сонгон шалгаруулах үйл явцад чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс шаардлагатай ур чадварыг сайтар эзэмших, сургалтууд болон нэмэлт мэдлэг олж авах нь танд нэмэлт давуу тал болох болно.

    5. Сэтгэл зүйгээ бэлдэж, өөрийгөө сорих

    Сонгон шалгаруулалт процесс нь зарим тохиолдолд олон төрлийн шаардлагаас үүдэлтэйгээр таньд ихээхэн стресстэй нөхцөл байдлыг үүсгэж магадгүй. Тиймээс сэтгэл зүйгээ зөв байлгаж, эрсдэлтэй нөхцөлд ч тайван байх нь чухал.

    • Сэтгэл зүйгээ бэлдэж – Сайн бэлтгэх нь танд сэтгэл зүйн бэлэн байдлыг нэмэгдүүлнэ.
    • Гэрийн даалгавраа хийх – Өөрийгөө илэрхийлэх, ярилцлаганд амжилттай оролцох боломжийг нэмэгдүүлэхийн тулд өөрийнхөө болон компанийн талаарх судалгаа хийх хэрэгтэй.

    3. Амжилттай сонгон шалгаруулалтаас хойш

    Таныг сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд, цаашдын алхмууд чухал үүрэгтэй. Энэ нь таны ирээдүйн амжилтын үндсийг тавьж өгнө. Та ажилд орсон эхний өдрөөсөө эхлэн бүрэн хариуцлагатай, эерэг хандлагатай байж, баг хамт олонтойгоо хамтран ажиллах нь амжилттай үр дүнгээ өгөх болно.

    Сонгон шалгаруулалтын процесс нь зөвхөн тухайн ажлын байрны шаардлагад нийцсэн хүнийг олохоос гадна байгууллагын соёл, зорилго, амжилтад хүрэх замыг ч тодорхойлох үйл явц юм. Тиймээс энэ процессыг зөв ойлгож, ур чадвар, мэдлэг, сэтгэл зүйгээ зөв түншлэх нь таны карьерийн амжилттай холбоотой чухал хүчин зүйлс юм.

  • Ажлын байрны ярилцлагын төрлүүд

    Ажлын байрны ярилцлагын төрлүүд

    Унших: Ажлын ярилцлагад хэрхэн оновчтой хариулах вэ? STAR, CAR, PAR, SOAR Аргачлалуудын тухай

    Унших: Ажлын ярилцлагад түгээмэл ирдэг асуултууд болон тэдгээрт хэрхэн оновчтой хариулах вэ?

    Хэрвээ та өөрийн хүссэн ажилдаа амжилттай орохыг хүсэж байвал ажлын ярилцлагын үеэр тухайн ярилцлага хийх арга барил болон асуух асуултны төрөл тус бүрт  бүрэн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хэрвээ та аливаа ямар нэг төрлийн асуулт, ярилцлагаас анхаарах зүйлсийг мэдэж, суралцвал амжилттай ярилцлагад орж, хүссэн ажлаа олох боломж тань илүү их өсөх болно. Учир нь ажлын ярилцлага нь ажил олгогчид болон ажил горилогчдын харилцан ойлголцлыг бий болгож, ажилд тохиромжтой хүнийг сонгоход чухал үүрэгтэй алхам юм. Гэхдээ ярилцлага бүр өөр өөрийн онцлог, тодорхой зорилго бүхий арга барилыг ашигладаг. Хэрэв та ажлын ярилцлагад орж байгаа бол эдгээр төрлийн ярилцлагуудын талаар мэдэх нь таны бэлтгэлтэй байх, ярилцлагаа амжилттай даван туулахад туслах болно.

    1. Утсан ярилцлага (Phone Interview / Phone Screen)

    Утсаар ярилцлага хийх нь ихэвчлэн анхны шатны ярилцлагын шүүлтүүрийн шатанд хэрэглэгддэг. Ажил олгогчид таны талаарх тодорхой мэдээлэл авахын тулд таны ур чадвар, туршлагын талаар ярилцаж, таны сонирхсон ажлын байрны талаар дэлгэрэнгүй мэдээллийг ихэвчлэн өгдөг. Утсаар ярилцлага хийхдээ дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй:

    • Орчны чимээ шуугианаас зайлсхийх
    • Тайлбарлаж байгаа зүйлсийг анхааралтай сонсож, ойлгож, тодруулах асуулт асуух
    • Өөрийгөө бэлэн байлгах, аливаад сатаарахгүй ажил олгогчид гүн сэтгэгдэл төрүүлэхэд анхаарах

    2. Уламжлалт ярилцлага (Traditional Interview)

    Уламжлалт ярилцлага нь хамгийн түгээмэл хэлбэр бөгөөд таныг ажилд авахаар хүсэж буй байгууллагыг төлөөлсөн сонгон шалгаруулалтын менежер эсвэл таны ажиллах хэлтэс, албаны менежертэй ганцаарчилан уулзалт хэлбэрээр нэг нэгээрээ ярилцдаг ярилцдлага юм. Энэ ярилцлага нь тухайн компанийн соёл, ажлын байрны шаардлагад нийцэу буй эсэхийг тодорхойлоход тусалдаг. Зарим тохиолдолд ялангуяа орчин үед энэ ярилцлагын үеэр виртуал платформ ашиглан уулзалт хийх нь түгээмэл болсон. Энэ ярилцлагын үеэр:

    • Хувцаслалт болон ярилцлагын бэлтгэлд анхаарах
    • Таны ур чадвар, туршлагын талаар асуулт асуухад оновчтой, жишээтэй хариулах
    • Биеийн хэлэмж болон өөртөө итгэлтэй байхад анхаарах

    3. Стресс хэмжих ярилцлага (Stress Interview)

    Стрессийн ярилцлага нь таныг хурцадмал нөхцөлд ажиллах чадварыг шалгах зорилготой. Тухайлбал, та бүх асуултанд түргэн шуурхай хариулах, эсвэл өөрийн сэтгэл санааг удирдах чадварыг үзүүлэх шаардлагатай байдаг. Асуултууд нь таныг сандаргах, сэтгэл түгшүүлэх чиглэлтэй байдаг бөгөөд хэдийгээр стрессийн ярилцлага нь орчин үеийн сонгон шалгаруулалтад ховор хэрэглэгддэг ч, хэрэв ийм төрлийн ярилцлага таарвал:

    • Сэтгэл санаагаа тайван байлгаж, хариултууддаа итгэлтэй байх
    • Нарийвчилсан хариулт шаарддаггүй асуулт асуувал, тайван хариулт өгөх

    4. Цуврал ярилцлага (Serial Interview)

    Цуврал ярилцлага нь хэд хэдэн шаттай, удаан хугацаанд үргэлжлэх ярилцлагын процесс юм. Тухайлбал, эхлээд таныг удирдлагын багийн гишүүдтэй ярилцдаг бол дараа нь тухайн багийн менежертэй болон бусад хамтран ажиллах хүмүүстэй ярилцаж болно. Энэ төрлийн ярилцлага нь ихэвчлэн менежментийн түвшний ажилд орхоор сонирхож буй хүмүүстэй хийгдэхэд тохиромжтой байдаг. Хэрэв та цуврал ярилцлагад орж байгаа бол:

    • Өөрийнхөө давуу болон сул талыг нээлттэй илэрхийлэх
    • Бусад ярилцлагаас олж авсан туршлагуудаа ашиглах
    • Анхааралтай байж, үе шат бүрт бэлтгэлтэй уялдаатай хариулт өгөхөд анхаарах

    5. Өдрийн хоолны үеэрх ярилцлага (Lunch Interview)

    Өдрийн хоолны үеийн ярилцлага нь тухайн компанийн соёлыг илүү сайн танин мэдэх, таны харилцааны ур чадварыг шалгах зорилготой байдаг. Энэ төрлийн ярилцлага нь илүү чөлөөтэй, албан бус байдлаар явагддаг бөгөөд олон хүний өмнө сэтгэл санаа, бие авч яваа байдал зэргээр хандлагыг тодорхойлох зорилготой байдаг. Энэ үед:

    • Зөв, хүндэтгэсэн зан чанар илэрхийлэх
    • Хоол сонгохдоо хэт үнэтэй хоол захиалахгүй байх
    • Ажлын байртай холбоотой асуултуудыг асууж, байгууллагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах

    6. Панел ярилцлага (Panel Interview)

    Панел ярилцлага нь ажил олгогч талаас та хэд хэдэн хүнтэй хамт ярилцлага орох ярилцлагын хэлбэр юм. Энэ төрлийн ярилцлагад нэгээс олон хүн таныг сорьж, асуулт асуух бөгөөд та хамгийн сайн хариултыг өгөхөд анхаарах хэрэгтэй. Панел ярилцлагад орж байгаа бол:

    • Өөртөө итгэлтэй байх
    • Ярилцлагын үеэр аль нэг гишүүнийг онцгойлохгүйгээр бүх асуултад дэлгэрэнгүй хариулах
    • Бүх гишүүдийн асуултад тэнцвэртэй хариулт өгөх

    7. Нөхцөл байдлын ярилцлага (Situational Interview)

    Нөхцөл байдлын ярилцлага нь таны шийдвэр гаргах чадварыг шалгах зорилгоор бодит амьдрал дээр тохиолдож болох нөхцөл байдлыг танилцуулж, таниас тухайн нөхцөл байдал хэрхэн хариу үйлдэл үзүүлэх байсан талаарх хариултыг хүсдэг. Эдгээр асуултууд нь таны ур чадвар, туршлагаас хамаарч шийдвэр гаргах чадварыг шалгадаг. Энэ төрлийн ярилцлагад:

    • Туршлага дээр суурилсан хариулт өгөх
    • Бодит жишээн дээр төвлөрч, хэрхэн шийдвэр гаргах вэ гэдгээ харуулах
    • Ийм төрлийн нөхцөл байдлыг хэрхэн удирдах талаар танилцуулж байх

    Ажлын ярилцлагын төрлүүд нь таныг ажил олгогчын зүгээс хамгийн сайнаараа таних боломжыг олгоно. Ажлын ярилцлагын төрлүүдэд тохируулан өөрийн туршлага, ур чадварыг тодорхойлох, өөрийгөө амжилттай илэрхийлэх нь амжилттай ярилцлага хийх түлхүүр юм. Тиймээс, эдгээр төрлийн ярилцлагуудад бэлтгэлтэй байж, өөрийн мэдлэг, ур чадвараа оновчтой, бүрэн илэрхийлэхэд анхаарах хэрэгтэй.