Tag: Ажил хайх

  • Өөрийн үнэ цэнийг хэрхэн мэдэх вэ?

    Өөрийн үнэ цэнийг хэрхэн мэдэх вэ?

    Өөрийгөө танин мэднэ гэдэг амьдралд маш чухал зүйл. Бид хүүхэд байхаасаа эхлээд нийгмийн амьдралд оролцож, бусадтай харилцаж эхлээд юунд дуртай, юу сонирхлыг татаж байна, юу бидэнд аз жаргал өгч байна, ирээдүйд хэн болох гээд олон зүйлийг анзаарч, эргэцүүлэх шаардлага амьдралд гарч ирсээр байдаг. Энэ бүхэн дунд өөрийгөө хэн болохыг бага багаар танин мэдсээр, суралцсаар.

    Бидний бодол, мэдрэмж, үнэт зүйл, давуу болон сул тал, шийдвэр гаргах хэв маяг гээд дотоод хүнээ ойлгож эхлэх үйл явц бол өөрийгөө танин мэдэх тухай энэхүү ойлголтод хамаарна. Өөрөөр хэлбэл өөрийгөө удирдах чадварын суурийг тавьж байна л гэсэн үг билээ. Тухайлбал баярлах, уурлах, бухимдхаараа ямар хариу үйлдэл гаргадаг, тийм нөхцөлд сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдах гэх мэт зүйлст бид суралцах хэрэгтэй болдог.

    Өөрийн үнэ цэнийг зөв ойлгож, зөв газар, зөв байдлаар илэрхийлж сурах нь хувь хүн илүү хурдтай өсөж, эргэн тойрон дахь боломжуудаа анзаарах суурь нь болдог байна. Чадвартай, туршлагатай хүмүүс хүртэл өөрсдийн бодит үнэ цэнийг дутуу үнэлж, буруу орчинд гацах нь элбэг. Тиймээс хаана байвал, юу хийвэл үнэ цэнтэй гэдгээ мэдсэн байхад илүү олон чадварт суралцаж, ажлын амжилт, амьдралын чанар ч сайжрах эерэг нөлөөтэй юм.

    Өөрийгөө танин мэдэх нь амьдралд маш чухал. Учир нь бид өөрийгөө сайн ойлгож байвал ямар ажил, ямар орчинд илүү аз жаргалтай, амжилттай байхаа мэддэг болно. Бас бусдын үг, нөлөөнд амархан автахгүй, өөрийнхөөрөө шийдвэр гаргах итгэлтэй болдог. Ийм үед хүмүүс дотроо илүү тайван, тогтвортой болж эхэлдэг. Харин өөрийгөө сайн мэдэхгүй үед хүмүүс ихэвчлэн бусдыг дагаж урсгалаараа амьдарч байдаг билээ.

    Бодит үнэ цэнэ нь дараах 3 зүйлээс бүрддэг байна.

    Ур чадвар – таны хийж чаддаг зүйл

    Үр дүн – таны авчирдаг бодит нөлөө

    Хандлага – таны ажиллах арга барил, хариуцлага

    “Намайг юу үнэхээр баярлуулдаг вэ?”, “Би юунаас хамгийн их айдаг вэ?”, “Би ямар үед хамгийн их эрч хүчтэй байдаг вэ?” “Ямар хүмүүсийн дэргэд би тухтай өөрөөрөө байж чаддаг вэ” гэх мэт асуултуудыг үнэн сэтгэлээсээ бодож хариулаад, өөрийгөө илүү сайн сонсоод үзээрэй. Өөрийгөө сайн ойлгохын тулд үнэт зүйлсээ тодорхойлох маш чухал. Таны хувьд яг юу хамгийн үнэ цэнтэй вэ? мөнгө үү, эрх чөлөө юу, гэр бүл үү, эсвэл өсөлт үү? Энэ асуултад тодорхой хариулттай байвал шийдвэр гаргахдаа төөрөх нь бага байдаг.

    Мөн түүнчлэн хааяа ганцаараа байх цаг гаргах хэрэгтэй юм. Гадны дуу чимээ, хүмүүсийн нөлөөнөөс түр холдож байж л та дотоод дуу хоолойгоо сонсож чадна. Утасгүй бас сошиал ертөнцөөс хол ердөө 30 минут ч байсан хамаагүй тэр хугацаа бидэнд өөрийгөө илүү тодорхой мэдрэх, бодлоо цэгцлэх боломж өгдөг.

    Миний хувьд бол хааяа кофе шопд суугаад дуртай амттанаа идээд, хөгжим сонсоод эргэцүүлдэг. Мөн өглөө эрт ууланд гарах, цэвэр агаарт алхахдаа тархиа цэгцлэх нь бүр илүү таатай санагддаг.

    Дараах шалтгаануудаас болж бид өөрийгөө дутуу үнэлдэг байна.

    Дассан орчин
    Танил хамт олон, тогтвортой байдал нь хангалттай гэсэн мэдрэмж өгдөг.

    Айдас, түгшүүр
    Илүү өндөр боломж руу алхахад бэлэн эсэхдээ эргэлзэж байдаг.

    Өөрийгөө бусадтай харьцуулах
    Өөрөөсөө илүү хүмүүстэй өөрийгөө үргэлж харьцуулах.

    Үнэ цэнээ өсгөхийн тулд та энгийн жижиг алхмуудаас эхлээрэй. Тухайбал нэг чиглэлд төвлөрч, тэр салбартаа бусдаас ялгарах хэмжээнд хүртэл туршлагажиж хөгжих нь хамгийн эхний алхам юм. Бүх зүйлд дундаж байхаас илүү нэг зүйлд маш сайн байх нь илүү үнэ цэнтэй байдаг. Мөн хийсэн ажлаа болон ямар үр дүн гаргаснаа тоо, өсөлтөөр хэмжиж өөрийг илэрхийлэх CV, портфолио дээрээ бичдэг байх хэрэгтэй. Ингэснээр та өөртөө илүү итгэлтэй болно.

    Үүний зэрэгцээ тохирох орчноо сонгох нь маш чухал бөгөөд зарим газар таны чадварыг анзаарахгүй ч байж болно, харин зөв орчинд та илүү тод гэрэлтэж чадна. Өөрийн үнэ цэнийг мэддэг хүн илүү өндөр нөхцөл шаардахаас айдаггүй, өөрт тохирсон ажлаа сонгож чаддаг, ажил дээрээ илүү итгэлтэй, үлгэр жишээ бас манлайлагч байдаг.

  • Компаниуд чадварлаг талентын төлөө өрсөлдөж байна уу

    Компаниуд чадварлаг талентын төлөө өрсөлдөж байна уу

    Өөрт тохиромжтой ажлын байраа хайж олох, эсвэл тухайн ажлын байранд хамгийн сайн зохицох тогтвортой ажиллах талентыг олж авна гэдэг хамгийн чухал билээ. Хэдэн жилийн өмнө компанийг гуйж, өөрийгөө баталж маш их хичээж ажилд ордог байсан бол одоо эсрэгээрээ компаниуд тухайн шилдэг талентыг шударга өрсөлдөхүйц цалин, бусад давуу талуудаараа өрсөлдөн авдаг болсон байна гэж хүмүүс хоорондоо ярихыг олон сонссон юм.

    Бодит байдал үнэхээр яг ийм байгаа эсэхийг баттай мэдэхгүй ч үүнтэй холбоотой компаниудад анхаарах хэрэгтэй чухал бодлогын асуудлууд байсаар байна. Мэдлэг чадвартай хүмүүсийг ажилд аваад, ажиллах нөхцлийг нь бүрдүүлж, тогтвортой ажиллуулах, үнэ цэнтэй хөрөнгө оруулалт бий болгох нь байгууллага бүрийн чухал зорилгын нэг байх ёстой.

    Дижитал шилжилт, хиймэл оюун ухаан, автоматжуулалт хурдацтай хөгжсөн энэ үед технологи өөрөө давуу тал байхаа больсон. Хэн ч ижил төрлийн программ, ижил хэрэгсэл ашиглаж чадна. Харин тэр боломжийг ашиглаж бодит үр дүн гаргах чадварлаг мэргэшсэн ажилтан бол маш ховор нөөц билээ. Тиймээс компаниудын жинхэнэ ялгарал нь бүтээгдэхүүнээсээ илүү түүний ард байгаа хүмүүсээр хэмжигдэх болсон гэхэд хилсдэхгүй.

    Боловсролын зэрэг, мэдлэгээс ч илүү чухал зүйл бол түүнийг зөв ашиглах чадвар гэдгийг ажил олгогчид дүгнэж байна. Нэг асуудлыг өөр өнцгөөс харах, шийдэл олох, хурдан суралцах чадвар гэх мэт нь үнэ цэнтэй болсоор байна.

    Өчигдөр ажиллаж байсан арга маргааш хуучирч болдог болсон технологийн эрин үед суралцах, хөгжих, дасан зохицох чадварууд эзэмшсэн талентууд хамгийн их хэрэгтэй. Иймээс компаниудад өөрчлөлтөд дасан зохицож, шинэ боломж олж хардаг хүмүүсийг илүү үнэлж байна. Бүтээмжтэй ажиллах нь ажлын дийлэнх үр дүнг илэрхийлдэг билээ.

    Нөгөө талаас, компаниудын ажилтнуудаа татах арга барил ч өөрчлөгдөх хэрэгтэй юм. Зөвхөн өндөр цалин санал болгох нь хангалтгүй байдаг. Хүмүүс утга учиртай ажил, өсөх боломж, өөрийгөө хөгжүүлэх орчин, уян хатан нөхцөлийг илүү чухалчилж эхэлсэн. Ажлын орчин, багийн уур амьсгал, удирдлагын хандлага хүртэл шийдвэр гаргахад нөлөөлдөг гол хүчин зүйлсийн нэг болсоор байна.

    Туршилтын хугацаанд ажиллах болон жинхлэх тухайд хэт нэг талыг барьсан ойлголт заримдаа байдаг. Ажил олгогч нь ажлын ярилцлага дээр манай байгууллагад таны ур чадвар, туршлага, ажиллах арга барил тэнцвэл, та өөрийгөө баталж харуулвал бид энэ ажлын байранд таныг жинхлэнэ гэж ярилцлагадаа хэлдэг байдлыг олон сонсож байлаа. Нэг талаас ийм нөхцөл байж болох ч нөгөө талд талентын хувьд ч тухайн байгууллагын соёл, орчин уур амьсгал, хүний үйл ажиллагааны бодлого, цалин хангамж зэрэг олон хүчин зүйлийг анзаарч өөрийн зүгээс үргэлжлүүлэн ажиллах шийдвэрээ баттай гаргах нөхцлийг нээлттэй бас шударга байлгах нь нэн чухал юм. Энэ нь хэн хэнээ хоёр талд сонгох шийдвэр гаргаж байнаа л гэсэн үг билээ.

    Энэ сэдэвт хөндсөн нөхцөл байдал нь ажил хайж буй хүмүүст ч бас зарим давуу талыг авчирч байна. Өмнө нь хүмүүс өөрийгөө ажил горилогч гэж хардаг байсан бол одоо өөрийн ур чадвар, туршлагаа үнэлж, хаана илүү үнэ цэн бүтээж чадах вэ гэдгээ бодох цаг иржээ. Өөрөөр хэлбэл, компани таныг сонгохоос гадна та ч компанийг сонгодог болсон байна.

  • Яагаад Lambda AI сургалтыг сонгох вэ?

    Яагаад Lambda AI сургалтыг сонгох вэ?

    Lambda платформын AI сургалт нь хиймэл оюуныг өдөр тутмын ажил, бизнес, суралцах үйл явцад бодитоор ашиглах боломжийг нээж өгөх цогц шийдэл юм. Өнөөдрийн хурдтай хөгжиж буй орчинд зөвхөн их ажиллах биш, харин ухаалгаар ажиллах нь чухал болсон. Энэхүү сургалтын багц нь анхан шатнаас эхлээд ахисан түвшин хүртэлх мэдлэгийг системтэйгээр хүргэж, таны бүтээмжийг бодитоор нэмэгдүүлэхэд чиглэнэ.

    Эдгээр 150 гаруй хичээлүүдийн гол давуу тал нь онол бус, шууд хэрэгжүүлэх боломжтой практик агуулгад төвлөрсөнд оршино. Та AI ашиглан тайлан бичих, имэйл боловсруулах, маркетингийн контент бүтээх, судалгаа хийх, өгөгдөл боловсруулах, илтгэлийн тайлан бэлдэх зэрэг ажлуудыг илүү хурдан бөгөөд үр дүнтэй гүйцэтгэх чадвартай болно. Ингэснээр давтагддаг ажлуудад зарцуулах цагийг эрс багасгаж, илүү үнэ цэнтэй ажилд төвлөрөх боломж бүрдэнэ.

    Мөн AI ур чадвар эзэмших нь таны карьер болон орлогын боломжийг шинэ түвшинд хүргэнэ. Өнөөдөр хиймэл оюуныг ашиглаж чаддаг хүмүүс хөдөлмөрийн зах зээл дээр илүү өндөр үнэлэгдэж, илүү өргөн боломжуудтай болж байна. Та зөвхөн ажлын байран дээрээ үнэ цэнээ өсгөхөөс гадна freelance ажил хийх, онлайн орлого бий болгох, эсвэл өөрийн бизнесийг илүү ухаалаг удирдах чадвартай болох боломжтой.

    Хэнд тохиромжтой вэ?

    • Оффисын ажилтан (цаг хэмнэх, бүтээмж өсгөх)
    • Маркетер, контент бүтээгч
    • Бизнес эрхлэгч, стартап үүсгэн байгуулагч
    • Оюутан, суралцагч
    • Шинэ ур чадвар эзэмших хүсэлтэй хэн бүхэнд

    Ялангуяа цаг хэмнэх, бүтээмжээ нэмэгдүүлэх, ажлаа илүү системтэй болгохыг хүсэж буй хүмүүст илүү тохиромжтой. Хичээлүүдийг үзэж дууссаны дараа та ажлаа 2–оос 5 дахин хурдан гүйцэтгэх, ажлын урсгалаа автоматжуулах, өөрийн ур чадварыг шинэ түвшинд гаргах бодит үр дүнд хүрэх боломжтой.

    Хамгийн давуу тал нь та энэ бүхнийг шууд эхлэх боломжтой. Lambda платформ нь AI-ийн суурь ойлголтыг үнэгүй суралцах боломжийг олгож байна. Та эхлээд үндсэн хичээлүүдийг үзэж, өөрт тохирох ур чадварыг тодорхойлсны дараа дараагийн шатны сургалтад үргэлжлүүлэн суралцах боломжтой.

    https://lambda.global/ai Энд дарж lambda ai хичээлүүдтэй танилцаарай. Үүнд брошур гарын авлага дизайн бүтээх, тайлан бэлдэх, анализ хийх, бүх төрлийн контент бүтээх гэх мэт маш олон төрлийн цагаа хэмнэх, суралцах боломжууд өргөн бий.

    Харин байгууллагынхаа ажилтнуудыг AI-д сургах хэрэгтэй бол Lambda.Global харилцагч компаниуддаа зориулж үнэ төлбөргүй нэмэлт үйлчилгээ байдлаар санал болгодог.

    📩 Холбоо барих: hello@lambda.global

  • Богино хугацаанд цалингаа хэрхэн өсгөх вэ?

    Богино хугацаанд цалингаа хэрхэн өсгөх вэ?

    Хөдөлмөрийн зах зээлд цалингаа нэмэгдүүлэх боломж нь зөвхөн туршлага чадвараас илүү хувь хүний стратеги, шийдвэр гаргалттай шууд холбоотой юм. Олон хүмүүс жил бүр бага багаар орлогоо тогтмол нэмэгдүүлэхийг хүсдэг ч үнэндээ хамгийн хурдан цалингийн өсөлт нь байршлаа өөрчлөх, ур чадвараа ахиулах, үнэ цэнээ зөв харуулах гэх мэт зүйлсээс шалтгаалдаг. Богино хугацаанд цалингаа одоогийнхоос хоёр дахин өсгөх нь боломжгүй мэт танд санагдаж болох ч зөв төлөвлөгөөтэй бол 3–12 сарын дотор бодит үр дүн гаргах боломжтой.

    Юуны өмнө та өөрийн одоогийн үнэ цэнийг маш бодитоор үнэлэх хэрэгтэй. Таны хэдэн жил ажилласан нь чухал биш, харин тухайн компанид яг ямар үр дүн авчирч байгаа вэ гэдэг хамгийн чухал. Тухайлбал ганц “маркетингийн менежер” гэдэг тодорхойлолт хангалтгүй бөгөөд харин “ 3 сарын дотор борлуулалтыг 25% өсгөсөн” гэдэг бол зах зээл дээр өндөр үнэлэгдэх үнэ цэнэ юм. Иймээс өөрийн хийсэн ажлуудыг тоон үзүүлэлт, үр дүнгээр тодорхойлох нь цалин нэмэх суурь болдог. Энэ алхамыг ихэнх хүмүүс орхигдуулдаг ч үнэндээ negotiation болон шинэ ажилд ороход хамгийн хүчтэй зэвсэг болдог.

    Дараагийн чухал алхам бол өндөр орлого олж болохуйц ур чадваруудад илүү төвлөрөх юм. Зах зээл дээр бүх ур чадвар ялгаатай үнэлгээтэй байдаг. Зарим чадварууд компанийн орлоготой шууд холбоотой байдаг тул өндөр үнэлэгддэг. Жишээ нь борлуулалт хэлцэл хийх чадвар, performance marketing, data analysis, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, project management зэрэг нь богино хугацаанд суралцаад шууд орлого нэмэх боломжтой ур чадварууд юм. Монголд ялангуяа “борлуулалт + дижитал маркетинг” хосолсон чадвартай хүмүүс маш хурдан цалингаа өсгөж чаддаг. Тиймээс олон зүйлд дундаж байх гэж оролдохын оронд нэг чиглэлд маш хүчтэй болох нь илүү үр дүнтэй.

    Мөн ажлын байрны стратегиа өөрчлөх сонголт байж болно. Хэрвээ та одоогийн компанид 1–ээс 2 жил болсон ч цалин тань зах зээлийн дундажаас доогуур хэвээр байвал дотооддоо хүлээх нь цаг алдах эрсдэлтэй. Судалгаагаар job hopping буюу 1.5–2 жил тутамд ажлаа солих хүмүүсийн цалин илүү хурдан өсдөг. Ялангуяа шинэ компанид шилжихдээ цалингаа 30–с дээш хувь нэмэгдүүлэх боломж Монголд түгээмэл байдаг. Тиймээс зарим тохиолдолд энд дассан гэдэг шалтгаанаар боломжоо хязгаарлахгүй байх хэрэгтэй юм.

    Цалингаа нэмэгдүүлэх хамгийн шийдвэрлэх мөч бол цалингийн тухай ярилцлага байдаг. Олон хүн энэ үед өөрийгөө бодит байдлаас доогуур үнэлж, хэрвээ аз болж боломж олдвол гэсэн хандлагатай байдаг нь алдаа болдог. Үнэндээ компаниуд үнэ цэнэ бий болгодог хүмүүсийг илүү өндөр үнээр авахад үргэлж бэлэн байдаг. Та ярилцлагад орохдоо зах зээлийн дундаж цалинг судалж, өөрийн хүргэж чадах үр дүнг тодорхой жишээтэй хэлэх хэрэгтэй. Жишээ нь “би борлуулалтын funnel-ийг сайжруулснаар conversion-ийг өсгөж чадна” гэх мэтээр яривал илүү нөлөөтэй. Мөн анхны санал дээр шууд зөвшөөрөхгүй, заавал хэлэлцэх орон зай үлдээх хэрэгтэй юм.

    Үүний зэрэгцээ зөвхөн нэг цалин дээр найдах бус орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх нь богино хугацаанд орлого өсгөх хамгийн бодит арга юм. Жишээ нь та ажлынхаа хажуугаар freelance маркетинг, дизайн, copywriting хийх, эсвэл онлайн бизнес эхлүүлэх боломжтой. Монголд сүүлийн жилүүдэд жижиг хэмжээний side income-ууд (сошиал хуудас удирдах, зар сурталчилгаа хийх, контент бичих гэх мэт) боломж их болсон. Энэ нь таны нийт орлогыг богино хугацаанд мэдэгдэхүйц нэмэгдүүлэх аргууд юм.

    Мөн өөрийгөө олон нийтэд тодорхой сошиал орон зайд таниулах буюу хувийн брэндээ хөгжүүлэх нь цалин өсгөхөд шууд нөлөөтэй. Өндөр цалинтай ажлын санал ихэвчлэн идэвхтэй, өөрийгөө илэрхийлдэг, мэдлэгээ хуваалцдаг хүмүүст ирдэг. Та LinkedIn болон Facebook дээр өөрийн хийсэн ажлын кейс, туршлага, зөвлөгөө мэдээлэл тогтмол хуваалцаж эхэлбэл боломжууд өөрөө тань дээр ирж эхэлдэг. Энэ нь ялангуяа маркетинг, IT, бизнесийн салбарт маш хүчтэй нөлөөтэй.

    Энэ бүхнийг хэрэгжүүлэх тодорхой хугацаатай төлөвлөгөөтэй байх нь хамгийн чухал. Эхний 30 хоногт зах зээлийн судалгаа хийж, өөрийн CV болон профайлыг шинэчилж, ямар ур чадвар нэмэхээ тодорхойлно. Дараагийн 30 хоногт шинэ чадвараа эрчимтэй сурч, networking хийж, ажлын байранд идэвхтэй өргөдөл илгээж эхэл. Харин сүүлийн 30 хоногт ярилцлагад орж, санал авч, цалингийн яриа хийж, зэрэгцээ орлогын эх үүсвэрээ эхлүүлээрэй. Энэ процессыг тууштай хийж чадвал 3–6 сарын дотор таны орлого мэдэгдэхүйц өсөх бүрэн боломжтой юм.

    Цалингаа бодитоор нэмэгдүүлэх нь өөрийн үнэ цэнийг өсгөж, зөв орчинд ажиллаж, идэвхтэй боломж хайсны үр дүн юм. Хэрвээ та илүү их ажиллах биш, илүү өндөр үнэ цэн бүтээхэд анхаарвал орлого тань дагаад өсөх нь гарцаагүй билээ.

    Lambda.Global платформ дээр Баасан гарагт хагас цагаар ажиллах, эсвэл амралтын өдрөө эрт эхлүүлэх боломжтой ажлын байрны тоо нэмэгдэж эхэлснийг дуулгахад таатай байна.

  • Цалин өндөр ч стресс ихтэй ажлаас татгалзах ёстой юу?

    Цалин өндөр ч стресс ихтэй ажлаас татгалзах ёстой юу?

    Өндөр цалинтай ажил олон хүний хувьд амжилтын илэрхийлэл мэт санагддаг. Гэвч бодит байдал дээр өндөр орлого нь үргэлж аз жаргал, сэтгэл ханамжийг дагуулна гэсэн үг биш юм. Ялангуяа ажлын стресс хэт өндөр үед хүний бие, сэтгэл, амьдралын чанарт ноцтой нөлөө үзүүлж эхэлдэг. Тэгвэл “цалин өндөр ч стресс ихтэй ажлаас татгалзах ёстой юу?” гэсэн асуулт нь зөвхөн санхүүгийн бус, амьдралын хэв маяг, эрүүл мэнд, урт хугацааны зорилготой холбоотой шийдвэр болдог.

    Өндөр цалинтай ажил ихэвчлэн өндөр хариуцлага, шахалт, цагийн дарамт дагуулдаг. Тасралтгүй даалгавар дуусгах хугацаа, удирдлагын дарамт, ажлын ачаалал их байх нь хүнийг сэтгэлзүйн ядаргаанд оруулж, улмаар burnout буюу ажлаас халшрах хам шинжид хүргэдэг. Энэ нь зөвхөн ажилдаа дургүй болохоор зогсохгүй нойргүйдэл, сэтгэл түгшилт, эрүүл мэндийн асуудлуудыг бий болгодог. Ийм нөхцөлд өндөр цалин богино хугацаанд ашигтай мэт боловч урт хугацаанд илүү их өртөг дагуулж болзошгүй.

    Нөгөө талаас, санхүүгийн тогтвортой байдал нь амьдралын чухал хэсэг хэвээр байдаг. Өндөр цалин нь зээл төлөх, хуримтлал үүсгэх, амьдралын чанарыг сайжруулах боломж олгодог. Тиймээс шууд ажлаасаа гарах шийдвэр гаргахын өмнө өөрийн санхүүгийн нөхцөл байдлыг бодитоор үнэлэх шаардлагатай. Хэрэв та санхүүгийн хувьд бүрэн бэлтгэлгүй бол стрессээс зугтах шийдвэр нь дараагийн дарамтыг бий болгож магадгүй.

    Энд хамгийн чухал нь тэнцвэр юм. Тиймээс та өөрөөсөө дараах асуултуудыг асууж үзээрэй:
    Та өглөө ажилдаа явахдаа сэтгэлээр унаж байна уу?
    Ажлын стресс таны хувийн амьдрал, харилцаанд нөлөөлж байна уу?
    Эрүүл мэндэд тань сөрөг өөрчлөлт гарч байна уу?
    Хэрэв эдгээр асуултад “тийм” гэж хариулж байвал энэ нь таны ажлын орчин таныг удаан хугацаанд дэмжихгүй байгаагийн дохио юм.

    Мөн стресс ихтэй ажлаас гарах нь цорын ганц шийдэл биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Зарим тохиолдолд ажлын орчноо өөрчлөх, удирдлагатайгаа нээлттэй ярилцах, ажлын ачааллаа зохицуулах, амралт авах зэрэг алхмууд асуудлыг шийдэж чадна. Хэрэв байгууллага ажилчдынхаа сайн сайхан байдлыг дэмждэг бол нөхцөл байдлыг сайжруулах боломж бий. Харин эсрэгээрээ таны дуу хоолойг үл тоомсорлож, стресс хэвээр үргэлжилж байвал ажлаас гарах нь илүү зөв сонголт болж хувирна.

    Өндөр цалинтай ч стресс ихтэй ажлаас татгалзах эсэх нь хувь хүний үнэт зүйл, зорилгоос шууд хамаарна. Зарим хүмүүс богино хугацаанд өндөр орлого олохыг илүүд үздэг бол зарим нь тогтвортой, тайван амьдралыг илүүд үздэг. Хамгийн зөв шийдвэр бол бусдын хүлээлт биш, өөрийн амьдралын чанар, сэтгэл ханамжид тулгуурласан сонголт юм.

    Эцэст нь хэлэхэд, ажил бол зөвхөн мөнгө олох хэрэгсэл биш харин таны амьдралын томоохон хэсэг билээ. Хэрэв ажил таныг байнга ядрааж, стрессдүүлж, аз жаргалыг тань бууруулж байвал одоогийн ажил танд үнэ цэнтэй юу гэдгийг дахин бодох цаг болсон гэсэн үг. Амьдралын чанар, эрүүл мэнд, сэтгэл ханамж бол урт хугацаанд хамгийн чухал зүйлс гэдгийг мартаж болохгүй юм.

  • Цалингийн ил тод байдлын ач холбогдол

    Цалингийн ил тод байдлын ач холбогдол

    Сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн зах зээл эрс өөрчлөгдөж, ажилтнууд зөвхөн цалингийн хэмжээг бус, харин түүний шударга, ил тод тогтолцоог илүү чухалчилж эхэллээ. Ялангуяа залуу үеийн ажилчид байгууллагын соёл, үнэ цэнийг анхааран сонголтоо хийдэг болсон нь цалингийн ил тод байдлыг орчин үеийн байгууллагуудын зайлшгүй анхаарах сэдэв болгож байна. Энэ өөрчлөлт нь зөвхөн ажилтны хүлээлт биш, харин байгууллагын өрсөлдөх чадварт шууд нөлөөлөх хүчин зүйл болжээ.


    Цалингийн ил тод байдал гэж юу вэ?

    Цалингийн ил тод байдал гэдэг нь байгууллага цалингийн бодлого, бүтэц, тогтоох шалгуураа ажилтнууд болон ажил горилогчдод нээлттэй, ойлгомжтой байдлаар хүргэхийг хэлнэ. Энэ нь зөвхөн ажлын зар дээр цалингийн хүрээ бичихээс гадна, тухайн цалин юунаас хамаарч өөрчлөгддөг, хэрхэн өсдөг, ямар шалгуураар үнэлэгддэг зэрэг мэдээллийг системтэйгээр ил тод болгохыг хамардаг. Өөрөөр хэлбэл, ажилтан өөрийн цалинг ойлгож, шударга үнэлэгдэж байгаа эсэхээ мэдэрч чадах орчныг бүрдүүлэх явдал юм.


    Цалингийн ил тод байдлын ач холбогдол

    Цалингийн ил тод байдал нь байгууллагад хамгийн түрүүнд шударга байдлыг бий болгодог. Нууцлагдсан цалингийн системтэй үед ажилтнуудын дунд таамаглал, эргэлзээ үүсэх нь элбэг байдаг бол ил тод орчинд энэ асуудал арилж, ижил ажлын байр, ижил үнэлгээтэй хүмүүс ижил түвшний цалин авч байгаа гэдэг итгэл бий болдог. Энэ нь байгууллагын дотоод уур амьсгалыг эрүүлжүүлж, ажилтнуудын хоорондын харилцааг илүү итгэлцэлтэй болгодог.

    Мөн цалингийн ил тод байдал нь ажилтны сэтгэл ханамж, тогтвор суурьшилд чухал нөлөө үзүүлдэг. Хаалттай системтэй байгууллагад ажилтнууд өөрсдийгөө дутуу үнэлэгдэж байна гэж мэдрэх хандлагатай байдаг бол ил тод орчинд тэд өөрийн байр суурь, үнэ цэнийг илүү бодитоор ойлгож, ажлаа хийх урам зориг нь нэмэгддэг. Үүний үр дүнд байгууллагаас гарах урсгал багасч, бүтээмж нэмэгдэх хандлагатай.

    Нөгөө талаас, өнөөгийн ажил хайгчид ил тод, шударга мэдээлэлд тулгуурлан шийдвэр гаргахыг илүүд үздэг болсон. Цалингийн мэдээлэл тодорхой, нээлттэй байгууллага нь илүү итгэл төрүүлж, чадварлаг боловсон хүчнийг татах давуу талтай. Энэ нь ялангуяа өрсөлдөөн өндөр салбарт маш чухал хүчин зүйл болж байна.

    Цаашлаад, цалингийн ил тод байдал нь байгууллагын нэр хүнд, employer branding-д хүчтэй нөлөөлдөг. Ил тод, шударга бодлоготой байгууллага нь зах зээлд илүү эерэг имидж бүрдүүлж, зөвхөн ажилтнууд төдийгүй харилцагч, түншүүдийн итгэлийг хүлээдэг. Энэ нь урт хугацаанд бизнесийн тогтвортой өсөлтийг дэмждэг стратегийн давуу тал болдог.

    Хэрэв компани доторх цалингийн бүтэц шударга бус байвал мэдээлэл ил болоход хуучин ажилчдын дунд дургүйцэл төрөх эрсдэлтэй. Мөн түүнчлэн өрсөлдөгч компаниуд цалингийн мэдээллийг ашиглан чадварлаг ажилчдыг “урвуулах” эрсдэл бий болдог.


    Монгол дахь нөхцөл байдал

    Монголын хөдөлмөрийн зах зээлд цалингийн ил тод байдал одоогоор төдийлөн түгээмэл биш хэвээр байна. Ихэнх байгууллагууд ажлын зар дээр “тохиролцоно” гэх ерөнхий мэдээлэл өгдөг бөгөөд цалингийн бүтэц, өсөлтийн механизм нь тодорхой бус байх нь элбэг. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд олон улсын стандарт нэвтрүүлж буй компаниуд болон стартапууд ил тод байдлыг чухалчилж эхэлсэн нь зах зээлд эерэг өөрчлөлтийн эхлэл болж байна.


    Хэрхэн хэрэгжүүлэх вэ?

    Цалингийн ил тод байдлыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд байгууллага эхлээд ажлын байр бүрт тохирсон цалингийн хүрээг судалгаанд үндэслэн тодорхойлох шаардлагатай. Үүний дараа цалин юунаас хамаарч өөрчлөгддөгийг туршлага, ур чадвар, гүйцэтгэл зэрэг хүчин зүйлсийг ажилтнуудад ойлгомжтой байдлаар тайлбарлах нь чухал. Мөн ажлын зар дээр тодорхой цалингийн хүрээ оруулах, дотоод харилцаагаа нээлттэй болгох, цалингийн өсөлтийн шатлал, боломжийг ил тод харуулах нь үр дүнтэй алхмууд болдог.


    Цалингийн ил тод байдал нь байгууллагын соёл, үнэт зүйлсийг илэрхийлдэг стратегийн шийдвэр юм. Шударга, ойлгомжтой, ил тод орчинд ажилтнууд илүү сэтгэл ханамжтай, үнэнч, бүтээмжтэй ажилладаг бөгөөд энэ нь эцсийн дүндээ байгууллагын амжилтыг тодорхойлдог. Иймээс цалингийн ил тод байдлыг хэрэгжүүлэх нь өнөөдрийн сонголт биш, харин маргаашийн зайлшгүй стандарт болж байна.

    Холбоотой нийтлэл : https://shorturl.at/vovc2

    Lambda Цалин хэсгээс дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл https://lambda.global/salary энд дараарай.

  • Карьерын амжилтаас хойш татдаг 5 алдаа

    Карьерын амжилтаас хойш татдаг 5 алдаа

    Карьертаа дэвшил гаргахыг хүсэж байгаа ч нэг л ахицгүй мэт санагдаж байна уу?

    Ихэнх залуус боломжгүй нөхцөлд биш, харин анзаарагддаггүй жижиг боловч чухал алдаа дутагдлаас болж бүдэрсэн байх нь олон. Тиймээс юун түрүүнд ямар алдаа гаргаж байгаагаа мэдэх нь карьерын өсөлтөд нөлөөлөх хамгийн зөв алхам болдог.

    Харин тэдгээр алдааг ойлгож, өөртөө шударга хандан, засаж чадвал таны мэргэжлийн амжилтад хүрэх хурд үлэмж нэмэгдэнэ гэдэгт итгээрэй. Залуусын карьер төлөвлөлтийн хувьд гаргадаг түгээмэл алдаанууд болон тэдгээрийн шийдлүүдийг хамтдаа харцгаая.

    1. Зорилгогүй ажил хайх

    Түр зуурын орлого олох хэрэгцээ, өөрийгөө бүрэн таниагүй байх, хүлээлтийн зөрүү, нийгмийн нөхцөл байдал зэрэг нь зорилгогүйгээр ажил хайж, оновчтой бус шийдвэр гаргахад хүргэдэг. Тэр ч утгаараа зорилгогүй эхэлсэн ажлаас амархан уйдаж, таны мэргэжлийн түүх дээр тасралттай, чиглэлгүй зам үлдээнэ.

    2. CV-гээ бүх ажлын байранд ижил илгээх

    Нэг сайн анкет бичээд бүх газар явуулчихъя гэж боддог бол олдох боломжоо өөрөө хааж буй үйлдэл юм. Ажил олгогчид таны CV-г хараад “Энэ хүн яг манай ажлын байрны шаардлагыг уншсан уу?” гэж бодох вий.

    Энд дарж хуучин анкетаа орчин үеийн форматтай мэргэжлийн CV/Resume болгоорой.  

    3. Харилцааны ур чадвартаа анхаардаггүй

    Монголын ихэнх залуус техникийн мэдлэг, сургалтын гэрчилгээ сайтай ч soft skill буюу зөөлөн чадвараа орхигдуулдаг. Ялангуяа багийн ажиллагаа, шүүмж хүлээн авах чадвар, өөрийгөө илэрхийлэх, шийдвэр гаргах, бусадтай хамран ажиллах чадварууд дутмаг байх нь цөөнгүй.

    4. Байгууллагаа цалингаар нь сонгох

    Өндөр цалин санал болгож байгаа байгууллагыг аз мэтээр хүлээж авдаг ч, дотоод соёл, эсвэл удирдлага нь урам хугалахад хүргэж болзошгүй. Ямар ч цалинтай байсан, өдөр бүрийн ажлын орчин таны сэтгэл зүйн тогтвортой байдал төдийгүй ажлын бүтээмжид чухал нөлөөтэй байдаг.

    5. Тууштай биш байдал

    “3 газар анкет явуулсан ч хариу ирэхгүй байна. Ажлын байр олдохгүй юм байна” гэж та бодож байсан уу? Өнөөдрийн хөдөлмөрийн зах зээлд ажил хайгч талентууд  10–20 газар CV илгээх нь хэвийн үзэгдэл болсон байна. Гэхдээ илгээж буй мэдээллээ сайжруулахаа мартаж болохгүй. Та шантрах бүртээ боломжийг өөрт ойртуулж байгаа гэдгээ мартуузай.

    Ажил хайж буй танд өгөх зөвлөгөө

    Зорилгоо тодорхой болгох
    Хаашаа хүрэхээ мэдэхгүй хүн амжилтад хүрэх нь ховор. Тиймээс жилийн дараа та яг ямар ажил эрхэлж, ямар орчинд, хэр орлоготой байхаа тодорхой бичиж, өөртөө төлөвлөлт хийх зуршил бий болгоорой. Тухайн гаргасан зорилгод хүрэхийн тулд ямар ур чадвар, ажлын туршлага хэрэгтэйг жагсаах нь таныг чиглүүлэх зам болох болно.

    CV-гээ ажил бүрд тохируулж боловсруулах
    Нэг загварын CV-гээ бүх байгууллагад илгээх нь үр дүн багатай байдаг. Тиймээс ажлын зар бүрийн шаардлагад нийцүүлэн CV-гээ тохируулж сайжруулаарай. Мөн өмнөх ажлууд дээр гаргасан амжилт, үр дүнг тоон үзүүлэлттэй хамт онцолж бичих нь анхаарал татах том давуу тал болно.

    Soft skill буюу зөөлөн ур чадвараа хөгжүүлэх
    Ажилд ороход зөвхөн мэргэжлийн мэдлэг хангалтгүй байдаг. Харилцааны чадвар, илтгэл тавих чадвар, багаар ажиллах арга барил, хувь хүний хандлага зэрэг нь шийдвэр гаргахад нөлөөлдөг чухал хүчин зүйлс юм.

    Ажлын байр, байгууллагын орчныг урьдчилан судлах
    Сонгох гэж буй ажлын байр танд сайхан санагдсан ч тухайн байгууллагын соёл, үнэт зүйлс танд тохирохгүй байж болно. Тиймээс боломжтой бол танилын сүлжээгээр дамжуулан тухайн байгууллагын орчны талаар мэдээлэл аваарай. Мөн ярилцлагын үеэр байгууллагын хөгжил, сургах бодлогын талаар асууж, зөвхөн та сонгогдох бус, та ч бас байгууллагыг сонгож буйгаа мэдрүүлэх нь чухал.

    Тууштай бай, итгэлээ бүү алд
    CV илгээсэн байгууллагуудаа тэмдэглэж, хяналттай хандаарай. Хэрвээ татгалзсан бол юуг илүү сайн болгох ёстойг дүгнэж, дараагийн боломждоо илүү бэлтгэлтэй байх нь чухал. Тууштай, зорилготой хүн карьерынхаа хамгийн чухал хөрөнгө оруулагч нь байдаг юм.

    Карьерын зам бол туулж өнгөрүүлэх нэгэн аялал юм. Энэхүү аялалд гарахын өмнө эхний алхмуудаа зөв хийснээр та зөвхөн сайн ажил олох бус, өөртөө итгэх итгэлээ олж авч, зорилгодоо тууштай хүрэхэд бэлэн болно.

    Та өөрт тохирох ажлаа хайж байна уу?

    https://lambda.global/ хаягаар зочлон, платформ дээр өөрийн мэдээллийг оруулж, бүртгүүлээрэй. Lambda таны цагийг хэмнэж, амжилтад хөтөлнө. Мөн энд дарж Lambda-гаар карьер замналаа тодорхойлуулах боломжтой.

  • Lambda-гийн AI туслахыг танилцуулж байна

    Lambda-гийн AI туслахыг танилцуулж байна

    LAMBDA.global нь хиймэл оюун ухаанд суурилсан дэвшилтэт технологиор дамжуулан дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг талентуудыг элсүүлж, ажил олгогчид болон төсөл хөтөлбөрүүдтэй холбох зорилготой платформ юм. Өндөр ур чадвартай, туршлагатай талентуудыг зөвхөн LAMBDA платформоос олох боломжтой бөгөөд ажил хайж буй хүмүүст зориулан дараах үр дүнтэй, ухаалаг шийдлүүдийг бид санал болгож байна. Үүнд:

    • Өөрийн ур чадвар, туршлагад нийцсэн ажлын саналуудыг и-мэйл болон push notification хэлбэрээр цаг алдалгүй хүлээн авах.

    • Хиймэл оюун ухаанд суурилсан AI туслах-аар дамжуулан ажил хайх процессыг хялбарчлах, зөвлөгөө авах.

    • Карьерын өсөлт, өөрийгөө хөгжүүлэхэд чиглэсэн нийтлэл, зөвлөгөө бүхий контентуудыг унших.

    Ажил хайх үйл явц танд хэтэрхий цаг хугацаа, эрч хүч шаардсан, стресстэй санагдаж байна уу? Тэгвэл бидний бүтээсэн AI туслах таны ухаалаг зөвлөгч, үнэнч хамтрагч байх болно.

    Lambda-гийн AI туслах

    Та манай платформд талентаар бүртгүүлээд, цаг хэмнэсэн ухаалаг технологийн үйлчилгээг нэг дороос аваарай.

    AI ЦАЛИН ТООЦООЛОГЧ

    Таны одоогийн авч буй цалин хэр шударга вэ?

    Бид таны ур чадвар, боловсрол, ажлын туршлага болон амжилт ололтын үндсэн дээр тооцоолол хийж, ямар мэргэжлээр ямар дүнтэй цалин авах боломжтойг тодорхойлж өгнө.

    AI КАРЬЕР ТӨЛӨВЛӨГЧ

    Өөрийн карьерын замнал, ирээдүйн төлөвлөгөөг тодорхойлоорой. Таны бодож, төлөвлөж байгаатай хэр нийцэх бол?
    Хиймэл оюун ухаан таны анкетыг нарийвчлан судалж, мэргэжлийн өсөлт, хөгжлийн хувьд тохиромжтой чиглэлүүдийг санал болгоно. Мөн тэдгээрт хүрэхийн тулд шаардлагатай ажлын туршлага, мэргэжлийн болон хувь хүний ур чадвар, боловсролыг хэрхэн хөгжүүлэх талаар зөвлөмж өгнө.

    AI CV ХӨРВҮҮЛЭГЧ

    Хуучин CV-гээ оруулаад 10 секундын дотор орчин үеийн, мэргэжлийн форматын CV-гээ хүлээн аваарай.
    Бид таны CV-г шүүмжилж, хөгжилтэй, эерэг хошигнолтой зөвлөгөө өгч, таныг илүү сайн танилцуулахад тусална.

    CV-гээ мэргэжлийн түвшинд үнэлүүлж, сайжруулахад бэлэн үү?
    Бид таны CV-г шүүмжилж, хөгжилтэй бөгөөд хошигнол хосолсон зөвлөгөө өгнө. Үүний дараа та карьерын төлөвлөгөөндаа анализ хийгээрэй.

    AI АЖЛААС ХАЛШРАХ ТЕСТ

    Ажлаас халшрах шинж тэмдгийн түвшинг тодорхойлох сорил.
    Энэхүү тест нь таны сэтгэл хөдлөл, ажлын стрессийн түвшинг ойлгоход тусална. Гэхдээ албан ёсны сэтгэлзүйн оношилгоо биш болохыг анхаарна уу.

    AI АЖЛААС ГАРАХ ӨРГӨДӨЛ

    Та ажлаасаа гарахаар шийдсэн бол 30 хоногийн өмнөөс захирал эсвэл холбогдох менежертээ албан ёсоор бичгээр мэдэгдэх үүрэгтэй байдаг. Энэхүү AI туслахыг ашиглаад захиагаа бичүүлэх боломжтой. Бид танд мэргэжлийн хэллэгээр, найрсаг, талархал агуулсан ажлаас гарах өргөдлийг одоогийн ажил олгогчид зориулан CV дээр чинь суурилан гаргаж өгөх болно.

    Монголын шилмэл талентуудын цуглардаг #1 платформ LAMBDA

    LAMBDA нь ажил олгогч болон ажил хайгчдын үнэт цаг хугацаа болон зардлыг 2–оос 3 дахин хэмнэж, үр ашигтай шийдлүүдийг санал болгож байна. Өнөөдрийн байдлаарбидэнтэй 30,000+ шилдэг монгол талент нэгдэж, улмаар бид ажлын байруудыг 95% оновчтой тохирох ажил горилогчдод автоматаар хүргэх боломжийг бүрдүүлжээ. Мөн ирүүлсэн CV бүрийг 20 гаруй шалгуур үзүүлэлтээр нарийвчлан шүүж, баталгаажуулдаг болсноор чанартай сонгон шалгаруулалтын нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Өдөр бүр 5,000+ идэвхтэй талент платформд оролцож буй нь Монголын хүний нөөцийн салбарт шинэ шатны үр дүнг авчирч байна.

    Хөдөлмөрийн зах зээлд хиймэл оюун ухааныг бүх түвшинд амжилттай нэвтрүүлж, таны карьерын дараагийн алхмыг илүү ухаалгаар төлөвлөхөд LAMBDA үргэлж таны дэргэд байх байж, тохирсон ажлын байраа олоход тусална. Өөртөө итгээд, эхний алхмаа яг одоо хийгээрэй.

  • Карьераа хөгжүүлэх 5 чухал алхам

    Карьераа хөгжүүлэх 5 чухал алхам

    Карьер төлөвлөлт нь амжилтын замыг тодорхойлдог чухал зүйл юм. Өнөөгийн хөдөлмөрийн зах зээл дээр бусад талентаас онцгойрон харагдахын тулд шинэ ур чадвар эзэмших зайлшгүй шаардлагатай болсон. Ажлын байрны өрсөлдөөн нэмэгдэж, ажил олгогчдын тавьж буй шаардлага улам нарийсч буй энэ үед хувь хүний хөгжлийг орхигдуулах нь дэргэдэх боломжоо алдахтай адил билээ. Та шинэ ажил хайж байна уу? Эсвэл одоо байгаа карьераа шат ахиулахыг хүсэж байна уу? Хэрэв тийм бол яг одооноос өөртэйгөө тулж ажиллаж, өөрчлөлтийг эхлүүлээрэй.

    Зорилгоо тодорхойлно гэдэг нь карьерын луужин юм

    Юу хүсэж байгаагаа мэдэхгүй үед амжилт гэдэг зүйл хүрэхэд амаргүй санагддаг. Үнэхээр ч зорилгогүйгээр зөв замаа олох хэцүү шүү дээ. Өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд хамгийн их эрэлттэй байгаа ур чадварууд тухайлбал дижитал маркетинг, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт, удирдах арга барил, хэлэлцээр харилцааны ур чадвар гэх зэрэг чиглэл рүү тодорхой зорилготойгоор тэмүүлэх нь таныг өрсөлдөөнд илүү тод ялгаруулах стратеги юм. Мөн түүнчлэн Жилийн дараа өөрийгөө ямар ажил эрхэлж байгаагаар төсөөлж байна вэ? Хэр хэмжээний орлого олохыг хүсэж байгаа вэ? Ямар байгууллагад ажилламаар байна вэ? гэсэн эдгээр асуултад өөртөө итгэлтэй, зоримог хариулт өгч, зорилгоо тодорхойлж бичихийг танд зөвлөж байна. Ингэснээр урам зориг, чиглэлээ алдахгүй байхад тань дэм болох юм.

    Тасралтгүй суралцах нь өөрийгөө үнэлүүлэх хамгийн хүчтэй арга

    Мэдээж хэрэг хөдөлмөрийн зах зээлд ур чадвар сул, шинэ зүйл сурах сонирхолгүй хүмүүсийг эерэгээр хүлээж авахгүй. Тиймээс яг одоо та өөрөөсөө дараах зорилготой асуултуудыг асуугаарай.

    • Би салбарынхаа сүүлийн үеийн чиг хандлагаас хоцорчихоогүй биз?

    • Миний анкет бусдаас ялгарах онцлогтой юу?

    • Ямар ур чадварыг нэмээд эзэмшвэл дараагийн түвшинд хүрч чадах вэ?

    Өнөө үед мэргэжлийн чиглэлээс үл хамааран дижитал эрин зуунд амжилттай өрсөлдөхийн тулд мэдлэг, ур чадвараа тасралтгүй шинэчилж байх шаардлагатай. Үүнийг хэрэгжүүлэхэд Google, HubSpot, Udemy, Coursera, LinkedIn Learning зэрэг олон улсын үнэгүй болон төлбөртэй сургалтын платформууд нь хувь хүний хөгжилд хийх хамгийн үр дүнтэй хөрөнгө оруулалт болж чадна.

    Өнөөдрөөс эхлэн өөртөө хөрөнгө оруулалт хийж, ирээдүйнхээ төлөө мэдлэг, чадвараа тэлэх шийдвэр гаргаарай.

    Цагаа зөв удирдах буюу зорилгоо хэрэгжүүлэх

    Залуусын дунд “завгүй байна, цаг хүрэлцэхгүй байна” гэх нийтлэг хандлага түгээмэл ажиглагддаг. Гэвч үнэндээ асуудал нь цаг хугацаанд бус, харин үр дүнтэй төлөвлөлт, зөв дадал зуршилд оршдог. Карьерын өсөлтийг хурдасгах гол түлхүүр нь ухаалаг төлөвлөлт, тогтмол, зорилготой дадал юм.

    Өдөрт 30–40 минутыг CV, resume-ээ сайжруулж бичих эсвэл ажил хайх сайтуудыг шалгахад зориулахад л та нэг алхмаар урагшилж чадна. Facebook, Instagram reels, TikTok зэрэгт өнгөрөөдөг 2 цагийг 1 цаг болгон багасгаж, үлдсэн хугацааг өөрийн ур чадвар, карьерын хөгжилд зориулах бүрэн боломж танд бий.

    Өөрийн ирээдүйн боломжийг хойш нь тавилгүй, яг одооноос шийдэл хайж сурах, зорилгодоо хүрэх алхмуудаа бодитоор эхлүүлэх цаг иржээ. Та өөрийн ирээдүйн хамгийн чухал хөрөнгө оруулагч юм.

    Өөртэйгөө шударгаар харьцах

    Хэрэв та шинэ ажилд орж чадахгүй, эсвэл тушаал дэвшихгүй эсвэл нэг байрандаа удаан хугацаанд гацсан мэт мэдрэгдэж байвал нэг алхам ухарч, нөхцөл байдлаа шударгаар дүгнэх хэрэгтэй. Магадгүй танд шаардлагатай мэдлэг, ур чадвар эсвэл хамт олонтойгоо зөв, ухаалаг харилцах харилцааны чадвар, аливаад хариуцлагатай, тууштай хандах зарчим дутуу байж мэднэ. Эдгээрийг өөртөө үнэнчээр хүлээн зөвшөөрч, бодитоор дүгнэж чадвал карьерын дараагийн шат руу ахих бодит боломж үүсэх юм.

    Түүнчлэн шүүмжлэлийг эерэгээр хүлээж авах чадвар нь өөрийгөө хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай. Гэвч энэ чадвар залуусын дунд хамгийн их дутагдаж буй ур чадваруудын нэг хэвээр байна. Шүүмжлэлийг сайжрах боломж хэмээн хүлээн зөвшөөрч чадсан хүн л бусдаас нэг алхам түрүүлж, хүссэн амжилтдаа илүү хурдан хүрч чаддаг.

    Боломжийн төлөө тууштай бай

    Ихэнх хүмүүс ердөө хоёр, гуравхан ажилд CV-гээ илгээсний дараа хариу ирэхгүй бол “надад тохирсон ажил алга” хэмээн бууж өгөх хандлагатай байдаг. Гэвч өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд 10, бүр түүнээс олон байгууллагад материалаа илгээх нь хэвийн төдийгүй, шаардлагатай алхам болсон байна.

    Ажил хайна гэдэг нь зорилготой, төлөвлөгөөтэй хандвал амжилтад хөтлөх чухал процесс юм. Энэхүү үйл явцад таны хичээл зүтгэл, тэвчээрийн нийлбэр эцэстээ эерэг үр дүн авчрахыг мартаж болохгүй. Сайн чадвартай, англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй залуус ч хэдэн сарын турш тууштай ажил хайсны эцэст хүссэн байгууллагадаа амжилттай орсон жишээ олон бий. Тиймээс та ч мөн өөртөө итгэж, тууштай байж чадвал таныг үнэлэх тэр боломж заавал ирнэ. Харин тэр боломжийн өмнө өөрийгөө бэлэн байлгах нь хамгийн чухал юм.

    Хувь хүний хөгжил, карьерын өсөлт бол нэг өдрийн дотор үр дүн нь гарах зүйл биш бөгөөд зорилго, мэдлэг, цагийн зөв менежмент, өөрийгөө бодитоор үнэлэх чадвар, тууштай байдлын үндсэн дээр тогтдог урт хугацааны замнал билээ. Хэрэв та өнөөдрөөс эхэлбэл хагас жилийн дараа гэхэд мэдэгдэхүйц өсөлт, эерэг өөрчлөлтөд хүрэх боломжтой.

    LAMBDA танд тохирсон ажлын байраа олоход тусална. Өөртөө итгээд, эхний алхмаа яг одоо хийгээрэй.

    Энд дарж Lambda-гаар карьер замналаа тодорхойлуулаарай.

    Унших нийтлэл: Карьер төлөвлөлтийн зөвлөгөө: Маркетингийн салбар 

  • Туршлага багатай хүмүүст тохирох ажлын байр

    Туршлага багатай хүмүүст тохирох ажлын байр

    Өнөөдөр ажил хайж буй залуус, ялангуяа их сургуулиа төгсөөд удаагүй байгаа шинэ төгсөгчид, гадаадад амьдарч байгаад ирсэн хүмүүс, хэсэг хугацаанд албан ажлаас завсарлага авсан залуус, эсвэл хүүхдээ асраад карьер төлөвлөлтөө түр хойшлуулсан эмэгтэйчүүдийн хувьд хамгийн түгээмэл тулгардаг асуудал бол ажлын туршлага дутмаг байх явдал байдаг. Ажил олгогчид туршлагатай хүн хайж байхад өөрийгөө хангалттай биш мэт мэдрэх буюу “Би яг юу хийж чадах вэ?”, “Надад боломж байгаа юу?” гэсэн эргэлзээ, түгшүүр олон хүний сэтгэл дотор төрөх нь бий.

    Гэвч энэ бүхэн таныг зогсоох ёсгүй бөгөөд туршлагагүй байлаа гээд ажилтай болж чадахгүй гэсэн үг огтхон ч биш юм. Харин ч эсрэгээрээ өөрийгөө хөгжүүлж, суралцаж, ажлын ертөнцөд хөл тавих, боломжоо нээх хэрэгтэй билээ. Хамгийн гол нь өөрт тохирсон түвшний ажлын байрыг олж харах, түүнийгээ зоригтойгоор сонгож, өөрийгөө сорих урам зоригтой байх нь чухал.

    Ажил гэдэг бол зөвхөн туршлага дээр тулгуурладаг зүйл биш. Тэр ч утгаараа хувь хүний хандлага, хичээл зүтгэл, сурах хүсэл зэрэг нь ажил олгогчдын хамгийн үнэлдэг чанаруудын нэг болсоор байна. Тиймээс өөртөө итгэж, ажлын байраа олоход чинь туслах боломжуудыг эрэлхийлэх нь таны карьерын зөв зам байж чадна. Туршлага тэр бүр шаарддаггүй зарим боломжит ажлын байруудыг та бүхэнд танилцуулъя:

    Туршлага шаарддаггүй ажлын байрнууд

    1. Худалдааны зөвлөх (касс, дэлгүүрийн ажилтан гэх мэт)

    Энэ төрлийн ажлууд нь хүнтэй харьцах чадвар, хариуцлага, түргэн сэтгэх чадвар шаардах бөгөөд өмнөх ажлын туршлага заавал шаарддаггүй. Ихэнх дэлгүүр, супермаркет, барааны дэлгүүрүүд анхан шатны сургалт чиглүүлэг өгдөг тул оюутан, шинэ төгсөгчдөд ч мөн тохиромжтой. Мөн цаг нь уян хатан, ээлжээр ч ажиллах боломжууд зарим газар олгодог.

    2. Оффисын туслах ажилтан

    Зарим байгууллагууд баримт бүрдүүлэх, бичиг цаасны ажил хийх туслах ажилтнуудыг ажилд авахдаа ажлын туршлага шаардахгүй, зөвхөн бага зэргийн компьютерийн мэдлэгтэй, хурдан шуурхай байхыг хүсдэг. Энэ бол оффисын орчинд дадлагажих маш сайн боломж юм.

    3. Харилцагчийн үйлчилгээний ажилтан (call center)

    Утас, мессеж, и-мэйлээр хэрэглэгчдэд мэдээлэл өгөх, гомдол хүлээн авах зэрэг ажлууд туршлагагүй хүмүүст зориулсан анхан шатны түвшний ажилд ордог. Сайн сонсох чадвар, эелдэг харилцаа, сэргэлэн бөгөөд идэвхтэй байх зэрэг нь энэ төрлийн ажлын гол шалгуур билээ.

    4. Жолооч, хүргэлтийн ажилтан

    Хэрвээ та жолооны үнэмлэхтэй бол хүргэлтийн үйлчилгээ, таксины жолооч, бараа тээвэрлэгч зэрэг ажлууд руу орж болно. Туршлагагүй байсан ч жолооны ур чадварт тулгуурлан орлоготой болж чадна. Үүнд замаа сайн мэддэг, харилцааны чадвартай, машин техникийн суурь мэдлэгтэй байх нь бүтээмжийг илүү нэмэгдүүлэх юм.

    5. Үйлчлэгч, цэвэрлэгээний ажилтан

    Энэ бол тогтмол орлоготой, тогтвортой ажлуудын нэг. Гэр цэвэрлэх, оффис цэвэрлэх, зочид буудал, үйлчилгээний байгууллагад үйлчлэгчээр ажиллахад ихэнх тохиолдолд ажлын туршлага шаардахгүй.

    6. Хэвлэл мэдээлэл, сошиал медиа туслах

    Тренд мэдэрдэг, контент бүтээх дуртай хүмүүс Facebook, TikTok, Instagram хуудсуудад контент бэлтгэх, сториг зохиох зэрэг ажлыг албан байгууллагууд танд фриланс хэлбэрээр санал болгож болно. Туршлагагүй байсан ч сонирхолд тулгуурлах учир өөрийн сошиал хуудсаараа дамжуулан ажлаа харуулах боломжтой.

    7. Бариста, кофе шоп-н ажилтан

    Богино хугацааны сургалтад хамрагдаж, заавар чиглүүлэг авахад энэ ажлыг хэрвээ та сонирхож байвал заавал удаан хугацааны туршлагыг танаас шаардахгүй. Ингэхдээ харин харилцааны чадвартай, хариуцлагатай байх нь чухал юм.

    8. Цэцэг, бэлэг дурсгалын дэлгүүрт ажиллах

    Мөн энэ төрлийн ажил нь сонирхолтой бөгөөд та хэрэглэгчдэдээ өдөр тутам аз жаргалыг бэлэглэж, баярын дурсамжийг нь хуваалцах гэгээлэг ажил юм. Та төрөл бүрийн бэлэг боох, савлах, цэцгийн баглаа бэлдэхэд тодорхой хэмжээний заавар зөвлөгөөг бусдаас авч болно эсвэл интернэт орчноос дүрс бичлэг үзээд дуурайгаад сурах ч боломжтой.

    CV-гээ lambda -гын AI-р шинэчилж, талентаар бүртгүүлээрэй. Дараагийн ажлаа амжилттай олоход тань бид тусална. 

    Ажлын ярилцлагад бэлдэхэд анхаарах зүйлс

    • CV/анкет сайн бичих: Хэдийгээр туршлагагүй ч хичээл сурлагын амжилт, сайн дурын ажил, хувь хүний зөөлөн ур чадвар болон хандлагаа тодорхой бичих.

    • Ур чадвараа онцлох: Компьютер дээр ажиллах чадвар, хэлний мэдлэг, зохион байгуулах чадвар зэрэг нь давуу тал болно.

    • Идэвхтэй, суралцах хүсэлтэй гэдгээ харуулах: Туршлагаас илүүтэйгээр ажилд эзэмших эрмэлзэл чухал.

    Ажилд орохын тулд заавал олон жилийн туршлагатай байх шаардлагагүй. Хамгийн чухал нь зорилготой, тууштай, суралцах хүсэлтэй байх явдал юм. Монголын хөдөлмөрийн зах зээлд туршлагагүй болон туршлага багатай хүмүүст тохирох олон боломжууд нээлттэй байдаг тул өөрт тохирсон ажлыг хайж, эхний алхмаа зоригтой хийгээрэй.

    Илүү олон ажилд орох зөвлөгөө, ярилцлагад бэлтгэх арга, карьер хөгжүүлэлтийн мэдээллийг манай LAMBDA платформоос аваарай.  

    Холбоотой нийтлэл унших: Төгсөгчдөд зориулсан анхны ажлаа олох зөвлөгөө