Tag: цалин болон байгууллагын соёл

  • Удирдлагатайгаа цалингийн талаар хэрхэн зөв ярилцах вэ?

    Удирдлагатайгаа цалингийн талаар хэрхэн зөв ярилцах вэ?

    Цалингийн талаар ярих мөч бол олон хүнд хамгийн эвгүй, зайлсхиймээр санагддаг яриануудын нэг. Та ч бас “яг одоо хэлэх үү, эсвэл дараа нь?” гэж өөрөөсөө асууж байсан байх. Гэхдээ үнэн нь гэвэл хэрэв та өөрийн үнэ цэнийг өөрөө илэрхийлэхгүй бол хэн ч таны өмнөөс үүнийг хийхгүй билээ.

    Цалин нь таны ур чадвар, таны оруулж буй тухайн байгууллагад хувь нэмэр, хамт олны дунд эзлэх байр суурийг илэрхийлдэг. Тиймээс цалингийн талаар ярина гэдэг бол хэн нэгнээс гуйж байгаа хэрэг биш, харин өөрийн ур чадварын үнэлгээний талаар хэлэлцэж байгаа мэргэжлийн харилцаа юм.


    Цалингийн яриа эхлэхээс өмнө: Та өөрөө өөртөө итгэлтэй байна уу?

    Цалин нэмүүлэх ярианы хамгийн эхний алхам бол даргатайгаа биш, өөртэйгөө хийх яриа байдаг. Та үнэхээр илүү их цалин авах үнэ цэнтэй ажилтан мөн үү? Энэ асуултад баримттай, итгэлтэй хариулж чадвал дараагийн алхмууд илүү амар болдог байна.

    Өөрийн хийсэн ажлуудаа эргээд нэг хараарай. Та багтаа ямар нөлөө үзүүлсэн бэ? Ямар асуудлыг шийдсэн бэ? Хэрвээ та компанид орж ирснээс хойш ямар нэг зүйл илүү сайн болсон бол тэр нь таны үнэ цэн юм.

    Энэ үед олон хүн би зүгээр л ажлаа хийж байгаа шүү дээ гэж боддог. Гэтэл яг үнэндээ, сайн гүйцэтгэл өөрөө үнэ цэн байдаг. Түүнийг тоон үзүүлэлт, бодит жишээгээр илэрхийлж сурах нь хамгийн чухал.


    Зөв цагийг мэдрэх нь таны стратеги

    Цалингийн талаар ярилцахад зөв цаг сонгох нь таны амжилтын тал хувь гэж хэлж болно. Та хамгийн их үнэ цэнээ харуулсан, хамгийн хүчтэй байгаа үедээ энэ яриаг эхлүүлэх хэрэгтэй.

    Жишээ нь, том төсөл амжилттай дуусгасан, шинэ харилцагч татсан, эсвэл компанид бодит ашиг авчирсан үед таны үг илүү жинтэй сонсогдоно. Харин эсрэгээрээ, стресс ихтэй, баг дарамттай үед энэ яриа үр дүнгүй болох магадлал өндөр.

    Заримдаа хүмүүс “зориг гаргаад шууд хэлчихье” гэж боддог. Гэхдээ стратегигүй зориг ихэнхдээ буруу цагт илэрдэг. Харин зөв цаг, зөв бэлтгэлт таныг амжилттай хэлэлцээр хийхэд тусална.


    Бэлтгэл бол таны хамгийн хүчтэй зэвсэг

    Цалингийн ярианд орохдоо та өөрийгөө дахин ажлын ярилцлагад орж байгаа гэж төсөөлөөрэй. Ялгаа нь гэвэл энэ удаа та өөрийнхөө үнэ цэнийг хамгаалж байгаа.

    Юуны өмнө, өөрийн гүйцэтгэлийг баримтаар бэлд. “Би их ажилласан” гэдэг хангалтгүй. Харин “би борлуулалтыг 25%-иар өсгөсөн”, “процессийг сайжруулснаар 2 цагийн ажлыг 30 минут болгосон” гэх мэт тодорхой үр дүн хэрэгтэй.

    Мөн зах зээлийн судалгаа маш чухал. Танай салбарт, таны түвшинд хүмүүс дунджаар хэдэн төгрөгийн цалин авч байна вэ? Энэ мэдээлэл таны яриаг илүү бодит, логик болгодог.

    Хамгийн чухал нь та яг хэдийг хүсэж байгаагаа мэддэг байх. Тодорхой бус хүсэлт хэзээ ч тодорхой хариу авчирдаггүй.


    Ярилцлагын үе: Та өөрийгөө хэрхэн илэрхийлэх вэ?

    Яриа эхлэх мөчид таны хоолойн өнгө, биеийн хэлэмж, үг сонголт бүгд чухал. Энэ бол маргаан биш, харин хамтын шийдэл олох яриа гэдгийг санаарай.

    Та тайван, өөртөө итгэлтэй байдлаар “Сүүлийн хугацаанд хийсэн ажлуудаа дүгнээд, цалингийн нөхцлийн талаар ярилцах хүсэлтэй байна” гэж эхэлж болно. Энэ нь энгийн хэрнээ мэргэжлийн эхлэл болдог.

    Ярианы явцад өөрийгөө биш, өөрийн хийсэн үр дүнгээ ярь. Баримт өөрөө таны өмнөөс ярьж эхлэх үед дарга таны хүсэлтийг илүү нухацтай авч үздэг.

    Мөн нэг чухал зүйл бол чимээгүй байхаас бүү ай. Та хүсэлтээ хэлсний дараа бага зэрэг завсарлага авах нь өөртөө итгэлтэй харагдуулдаг.


    “Үгүй” гэдэг хариулт

    Хэрвээ таны хүсэлтийг шууд зөвшөөрөхгүй бол энэ нь таныг үнэлэхгүй байна гэсэн үг биш. Заримдаа компанийн нөхцөл байдал, төсөв, цаг хугацаа нөлөөлдөг.

    Гэхдээ энэ мөчийг та маш ухаалгаар ашиглаж болно. “Ямар зорилт биелүүлбэл цалин нэмэгдэх боломжтой вэ?” гэж асуух нь таныг өсөлт хүсдэг, стратегитай хүн гэдгийг харуулна.

    Ингэснээр та дараагийн ярианд илүү бэлтгэлтэй орж, тодорхой зорилготой болдог. Энэ нь урт хугацаанд илүү ашигтай.


    Мэргэжлийн хүмүүсийн хэрэглэдэг зарим жижиг аргууд

    Цалингийн ярианд амжилттай хүмүүс нэг нийтлэг зүйлтэй байдаг буюу тэд сэтгэл хөдлөл биш, стратеги ашигладаг юм.

    Жишээ нь, тэд шууд “цалин нэм” гэж хэлдэггүй. Харин “миний үүрэг, гүйцэтгэлд тохирсон compensation structure-ийг дахин харж болох уу?” гэх мэт илүү мэргэжлийн үг хэрэглэдэг.

    Мөн тэд үргэлж яг нэг тоо биш, боломжит хүрээг дотроо тооцоолсон байдаг.

    Хамгийн сонирхолтой нь тэд өөрсдийгөө орлуулшгүй хүн болгох дээр анхаардаг. Учир нь үнэ цэнэтэй хүнтэй байгууллага өөрөө цалин нэмэхийг хүсдэг.


    Энэ бол карьерын өсөлтийн хамгийн чухал алхмуудын нэг.

    Хэрвээ та зөв цагийг сонгож, сайн бэлтгэж, өөрийн үнэ цэнийг баримтаар илэрхийлж чадвал энэ яриа таны амьдралд бодит өөрчлөлт авчирч чадна.

    Хамгийн чухал нь та өөрийгөө хэр үнэлж байна, яг тийм л үнэлгээг бусдаас авдаг.

    Цааш унших: https://shorturl.at/jALh1

  • Цалин ба байгууллагын соёлыг хэрхэн эрэмбэлэх вэ?

    Цалин ба байгууллагын соёлыг хэрхэн эрэмбэлэх вэ?

    Санхүүгийн баталгаа ба сэтгэл ханамжийн тэнцвэр

    Өөрт тохирсон ажлын байраа олох үйл явц нь зөвхөн ирээдүйн амьдралын хэв маяг, сэтгэл ханамжид төдийгүй карьерын өсөлт, хөгжлийг тодорхойлох чухал шийдвэр гаргах үе шат юм. Тиймээс таны хувьд цалин өндөр байхад л бүх зүйл сайхан байх уу? Эсвэл найрсаг, урам зоригтой хамт олон, дэмждэг удирдлага чухал уу? гэдгийг эргэцүүлэх нь зүйтэй. Учир нь ажлын амжилт, сэтгэл ханамж нь зөвхөн орлогоос бус, орчин, хүмүүс хоорондын харилцаанаас ч мөн ихээхэн хамаардаг.

    Амьдралын баталгаа ба санхүүгийн эрх чөлөө

    Цалин орлого бол өдөр тутмын амьдрал, ирээдүйн төлөвлөгөө болон санхүүгийн баталгааг хангахад чухал үүрэгтэй билээ. Тогтмол, тогтвортой орлого нь таны гэр бүл, амьдралын хэв маягт тав тухыг авчирдаг. Мөн боловсрол, аялал зэрэг ирээдүйд хийх хөрөнгө оруулалтыг дэмжиж, түүнчлэн санхүүгийн хүндрэлийг даван туулахад ч тусалдаг.

    Гэвч өндөр цалинтай ч ажлын орчин дарамттай, стресс ихтэй бол тухайн ажилтны сэтгэл ханамж буурч, эрүүл мэнд болон бүтээмжид сөргөөр нөлөөлж болно. Тиймээс зөвхөн цалинг чухалчлахаас гадна ажлын орчны талаар ч анхаарах хэрэгтэй юм.

    Байгууллагын соёл ба ажлын сэтгэл ханамж

    Байгууллагын соёл гэдэг нь тухайн компанийн үнэт зүйлс, хамт олны харилцаа, дотоод уур амьсгал, удирдлагын хандлагаас бүрддэг ойлголт юм. Сайн соёлтой байгууллагад ажиллах нь таныг өглөө бүр урам зоригтой, аз жаргалтай ажилдаа очих нөхцлийг бүрдүүлнэ.

    Мөн ийм орчинд та өөрийгөө хөгжүүлэх, шинэ зүйл сурах боломжтой. Итгэлцэлтэй баг хамт олон, эерэг уур амьсгал нь урт хугацааны тогтвортой амжилтыг бий болгодог. Гэхдээ заримдаа найрсаг уур амьсгалтай ч цалин бага, карьерын боломж хязгаарлагдмал байх магадлалтайг анхаараарай.

    Ямар үед хэрхэн эрэмбэлэх вэ?

    Дээрх ойлголтуудын тэнцвэрийг хадгалахад тухайн хүний амьдралын нөхцөл байдал, зорилго, урт болон богино хугацааны төлөвлөгөө зэрэг нь нөлөөлдөг.

    Хэрэв таныг санхүүгийн дарамт нухалж байвал хамгийн түрүүнд тогтмол өндөр цалин, урамшуулал, эрүүл мэндийн даатгал зэрэг эдийн засгийн баталгааг хангасан ажлыг сонгох нь зүйтэй. Харин таны ажил мэргэжилтэй холбоотой стресс өндөр байвал хамт олны уур амьсгал, байгууллагын соёл, сэтгэлзүйн дэмжлэг чухал болдог. Мөн хэрвээ та ур чадвараа хөгжүүлж, шат ахих хүсэлтэй бол сургалт, менторшип, дэвших боломжийг санал болгодог байгууллагыг эрэлхийлэх хэрэгтэй. Түүнчлэн гэр бүлийн нөхцөл байдал, хүүхэд асрах шаардлагатай бол уян хатан ажлын цаг, алсын зайн ажил, ойлгомжтой, дэмжигч удирдлага бүхий орчинг сонгох нь ухаалаг алхам болно.

    Ийм учраас та яг одоо юунд хамгийн их ач холбогдол өгч байгаагаа тодорхойлж, “Надад одоохондоо тогтмол орлого чухал уу, эсвэл мэргэжлийн өсөлт үү?” гэж өөрөөсөө асуугаад хариултад нь үндэслэн сонголтоо хийх хэрэгтэй. Гэхдээ хувийн болон ажил мэргэжлийн амьдралынхаа тэнцвэрийг олохын тулд энэхүү эрэмбэ байнга өөрчлөгдөж болохыг анхаараарай. Нөхцөл байдал өөрчлөгдөхийн хэрээр таны хэрэгцээ, зорилго, эрэмбэлэлт ч мөн адил шинэчлэгдэх нь хэвийн зүйл юм.

    Ажлын байр сонгохдоо анхаарах зөвлөмжүүд

    • Өөрийн үнэт зүйл, зорилгоо тодорхойлоорой

    • Одоогийн хамгийн чухал шаардлага тань цалин уу, тайван орчин уу, эсвэл карьер уу?

    • Компанийн талаар сошиал сувгууд дээрх сэтгэгдэл, өмнөх эсвэл одоо байгаа ажилчдаас мэдээлэл цуглуулах

    • Ярилцлагын үеэр “Танай байгууллагын багийн уур амьсгал ямар вэ?”, “Ажлын өдөр хэрхэн өрнөдөг вэ?”, “Карьерын өсөлтийн боломжууд юу вэ?” гэж асуугаарай.

    Өөрийн үнэ цэнэ, амьдралын зорилгод нийцсэн цалин, байгууллагын соёлын тэнцвэрийг олох нь хамгийн зөв шийдвэр болно.

    Таны шийдвэр ирээдүйг тодорхойлно

    Цалин ба байгууллагын соёл хоёулаа чухал хэдий ч таны амьдралын үе шат, зорилгоос хамааран аль нэгийг илүү чухалчлах шаардлагатай болж магадгүй юм. Хэрэв санхүүгийн баталгаа илүү чухал байвал цалин дээр төвлөрч, харин хувь хүний өсөлт, сэтгэл ханамжийг эрхэмлэх үед байгууллагын соёлыг илүү анхаараарай.

    Өөрийн үнэт зүйлс, зорилгоо тодорхой ойлгож, түр зуурын ашиг сонирхол бус урт хугацааны тогтвортой өсөлт, урам зоригтой ажиллах тэр аз жаргалыг эрхэмлэх нь амжилтын эхлэл болох юм.

    Таны одоогийн авч буй цалин хэр шударга вэ?

    LAMBDA AI цалин тооцоологч Бид таны ур чадвар, боловсрол, ажлын туршлага, амжилт ололт дээр суурилан тооцоолол хийж ямар мэргэжлээр, хэдэн төгрөгний цалинтай ажиллавал зохимжтойг тооцоолно.

    Унших нийтлэл: Карьераа хөгжүүлэх 5 чухал алхам