Tag: Ур чадвар

  • Зайнаас ажиллах боломжийн тухай

    Зайнаас ажиллах боломжийн тухай

    Одоо үед эзэмшсэн чадвар, хуримтлуулсан туршлагаараа гэрээс ажиллах боломжтой ажлууд улам бүр нэмэгдэж, хүмүүс карьерынхаа шинэ хэлбэрээр сонгох боломжтой болсон. Ялангуяа уян хатан цаг, байршлаас үл хамаарах орлого, ажил амьдралын тэнцвэрийг сайжруулах хүсэлтэй хүмүүсийн хувьд энэ нь бодит боломж болж байгаа билэжж. Энэ нийтлэлээр гэрээсээ буюу хаанаас ч ажиллах боломжтой ажлыг зөв сонгож эхлүүлэх, тогтвортой орлого болгох бодит алхмуудын тухай өөрийн бодлоо хүргэж байна.

    Юуны өмнө та өөрийн ур чадвараа бодитоор үнэлэх хэрэгтэй. Гэрээс ажиллах ажлууд ихэвчлэн тодорхой чадварт суурилдаг. Жишээ нь: зураг авах, контент бичих, орчуулга хийх, сошиал медиа идэвхжүүлэлт, график дизайн, хэрэглэгчдэд мэдээлэл өгөх, борлуулалт хийх зэрэг ажлууд түгээмэл байдаг. Хэрэв танд эдгээрээс аль нэг чадвар байгаа бол ажлын платформд бүртгүүлээд эхлээрэй. Харин туршлага багатай бол богино хугацааны сургалт, дадлага хийж чадвараа нэмэгдүүлэх нь хамгийн зөв алхам болох юм. Мөн танилын хүрээ, холбоо харилцаа нь ийм төрлийн ажил хайж олоход бас чухал санагддаг.

    Дараагийн нэгэн чухал зүйл бол өөрийгөө онлайн орчинд зөв танилцуулж, байршуулах юм. Энэ нь таны сайн боловсруулан чанартай CV, ажлын портфолио, LinkedIn профайл, эсвэл тухайн ажлын платформ дээрх танилцуулга байж болно. Мөн сошиал буюу facebook, instagram ч бас нөлөөтэй байдаг. Хүмүүс найз нөхөд болон салбарын хүмүүстээ өөрийн хобби, чадвар, хүсэл мөрөөдөл, дуртай зүйлс, хувь нэмэр оруулж буй чаддаг зүйлсээ сошиал орчин контент болгон хуваалцдаг билээ.

    Зайнаас ажиллах ажлын хамгийн том давуу тал бол дэлхийн зах зээлд нэвтрэх боломж юм. Та зөвхөн Монголд биш, гадаадын компани, стартап, хувь хүмүүстэй хамтран ажиллах ч боломжтой. Үүний тулд англи болон бусад шаардлагатай хэлний суурь мэдлэг, мэргэжлийн чадварууд болон албан харилцааны чадвар зэрэг маш чухал. Ялангуяа имэйл бичих, онлайн уулзалтанд өөрийгөө ойлгомжтой илэрхийлэх чадвар, гүйцэтгэл, хариуцлага гэх мэт нь таныг бусдаас ялгаруулна.

    Мөн түүнчлэн бүх зүйл ярьж, хэлж байгаа шиг тийм хялбар байдаггүй. Эхний орлогоо олох, цалингаа авах хүртэл тууштай байх нь хамгийн том сорилт болдог. Зарим хүмүүс нэг хоёрхон удаа оролдлого хийгээд бууж өгдөг. Гэхдээ ийм төрлийн ажиллах арга барил нь нэг өдөрт бүтдэг зүйл биш юм. Та заримдаа эхний хэдэн ажлаа бага төлбөртэй хийж туршлага хуримтлуулах, review авах, портфолиогоо баяжуулах хэрэгтэй ч болж болно. Энэ бол урт хугацааны хөрөнгө оруулалт гэдгийг ойлгох нь чухал билээ.

    Мөн хувь хүний хөгжил, ажлын сахилга бат, хариуцлага, цаг хугацаанд нь чанартай ажил гүйцэтгэх, өөрийгөө удирдах чадвар зайлшгүй хэрэгтэй. Гэрээс ажиллах үед хэн ч таныг бүрэн хянахгүй учраас цагийн менежмент, анхаарал төвлөрөл, тасралтгүй хөгжих дадал хамгийн чухал болно. Өдөр тутмын ажлын төлөвлөгөө гаргах, анхаарал саринуулах хүчин зүйлсийг багасгах, амралт болон ажлын тэнцвэрийг хадгалах нь таны бүтээмжийг тодорхойлно.

    Lambda платформ нь чадварлаг хүмүүсийг зөв ажлын байртай холбох зорилготой тул та өөрт тохирсон боломжийг илүү хурдан олох боломжтой. Талентын анхаарах зүйл нь зөв мэдээлэл бүхий чанартай профайл, тодорхой шалгарсан ур чадвар мөн идэвхтэй оролцоо юм. Та өөрийгөө зөв байршуулж чадвал сайн ажил таныг олж ирдэг.

    Ерөнхийдөө гэрээс болон зайнаас ажиллах нь өөрийн үнэ цэнийг зах зээлд гаргах шинэ хэлбэр болсоор байна. Та өөрийгөө тасралтгүй хөгжүүлж, бас тууштай байж, зөв стратеги баримталж чадвал гэрээсээ ажиллах нь тогтвортой, өсөлттэй карьер болж чадна. Lambda дээр маш олон төрлийн ai хичээлүүд нэмэгдсээр байгаа тул өдөртөө тодорхой цагийг шинэ зүйлст суралцахад зарцуулахаар төлөвлөөрэй. Хамгийн гол нь ийм чадвар таны үнэт цагийг хэмнэж, бүтээмжийг бас үнэлэмжийг өсгөх ач холбогдолтой юм. 

  • Өөрийн үнэ цэнийг хэрхэн мэдэх вэ?

    Өөрийн үнэ цэнийг хэрхэн мэдэх вэ?

    Өөрийгөө танин мэднэ гэдэг амьдралд маш чухал зүйл. Бид хүүхэд байхаасаа эхлээд нийгмийн амьдралд оролцож, бусадтай харилцаж эхлээд юунд дуртай, юу сонирхлыг татаж байна, юу бидэнд аз жаргал өгч байна, ирээдүйд хэн болох гээд олон зүйлийг анзаарч, эргэцүүлэх шаардлага амьдралд гарч ирсээр байдаг. Энэ бүхэн дунд өөрийгөө хэн болохыг бага багаар танин мэдсээр, суралцсаар.

    Бидний бодол, мэдрэмж, үнэт зүйл, давуу болон сул тал, шийдвэр гаргах хэв маяг гээд дотоод хүнээ ойлгож эхлэх үйл явц бол өөрийгөө танин мэдэх тухай энэхүү ойлголтод хамаарна. Өөрөөр хэлбэл өөрийгөө удирдах чадварын суурийг тавьж байна л гэсэн үг билээ. Тухайлбал баярлах, уурлах, бухимдхаараа ямар хариу үйлдэл гаргадаг, тийм нөхцөлд сэтгэл хөдлөлөө хэрхэн удирдах гэх мэт зүйлст бид суралцах хэрэгтэй болдог.

    Өөрийн үнэ цэнийг зөв ойлгож, зөв газар, зөв байдлаар илэрхийлж сурах нь хувь хүн илүү хурдтай өсөж, эргэн тойрон дахь боломжуудаа анзаарах суурь нь болдог байна. Чадвартай, туршлагатай хүмүүс хүртэл өөрсдийн бодит үнэ цэнийг дутуу үнэлж, буруу орчинд гацах нь элбэг. Тиймээс хаана байвал, юу хийвэл үнэ цэнтэй гэдгээ мэдсэн байхад илүү олон чадварт суралцаж, ажлын амжилт, амьдралын чанар ч сайжрах эерэг нөлөөтэй юм.

    Өөрийгөө танин мэдэх нь амьдралд маш чухал. Учир нь бид өөрийгөө сайн ойлгож байвал ямар ажил, ямар орчинд илүү аз жаргалтай, амжилттай байхаа мэддэг болно. Бас бусдын үг, нөлөөнд амархан автахгүй, өөрийнхөөрөө шийдвэр гаргах итгэлтэй болдог. Ийм үед хүмүүс дотроо илүү тайван, тогтвортой болж эхэлдэг. Харин өөрийгөө сайн мэдэхгүй үед хүмүүс ихэвчлэн бусдыг дагаж урсгалаараа амьдарч байдаг билээ.

    Бодит үнэ цэнэ нь дараах 3 зүйлээс бүрддэг байна.

    Ур чадвар – таны хийж чаддаг зүйл

    Үр дүн – таны авчирдаг бодит нөлөө

    Хандлага – таны ажиллах арга барил, хариуцлага

    “Намайг юу үнэхээр баярлуулдаг вэ?”, “Би юунаас хамгийн их айдаг вэ?”, “Би ямар үед хамгийн их эрч хүчтэй байдаг вэ?” “Ямар хүмүүсийн дэргэд би тухтай өөрөөрөө байж чаддаг вэ” гэх мэт асуултуудыг үнэн сэтгэлээсээ бодож хариулаад, өөрийгөө илүү сайн сонсоод үзээрэй. Өөрийгөө сайн ойлгохын тулд үнэт зүйлсээ тодорхойлох маш чухал. Таны хувьд яг юу хамгийн үнэ цэнтэй вэ? мөнгө үү, эрх чөлөө юу, гэр бүл үү, эсвэл өсөлт үү? Энэ асуултад тодорхой хариулттай байвал шийдвэр гаргахдаа төөрөх нь бага байдаг.

    Мөн түүнчлэн хааяа ганцаараа байх цаг гаргах хэрэгтэй юм. Гадны дуу чимээ, хүмүүсийн нөлөөнөөс түр холдож байж л та дотоод дуу хоолойгоо сонсож чадна. Утасгүй бас сошиал ертөнцөөс хол ердөө 30 минут ч байсан хамаагүй тэр хугацаа бидэнд өөрийгөө илүү тодорхой мэдрэх, бодлоо цэгцлэх боломж өгдөг.

    Миний хувьд бол хааяа кофе шопд суугаад дуртай амттанаа идээд, хөгжим сонсоод эргэцүүлдэг. Мөн өглөө эрт ууланд гарах, цэвэр агаарт алхахдаа тархиа цэгцлэх нь бүр илүү таатай санагддаг.

    Дараах шалтгаануудаас болж бид өөрийгөө дутуу үнэлдэг байна.

    Дассан орчин
    Танил хамт олон, тогтвортой байдал нь хангалттай гэсэн мэдрэмж өгдөг.

    Айдас, түгшүүр
    Илүү өндөр боломж руу алхахад бэлэн эсэхдээ эргэлзэж байдаг.

    Өөрийгөө бусадтай харьцуулах
    Өөрөөсөө илүү хүмүүстэй өөрийгөө үргэлж харьцуулах.

    Үнэ цэнээ өсгөхийн тулд та энгийн жижиг алхмуудаас эхлээрэй. Тухайбал нэг чиглэлд төвлөрч, тэр салбартаа бусдаас ялгарах хэмжээнд хүртэл туршлагажиж хөгжих нь хамгийн эхний алхам юм. Бүх зүйлд дундаж байхаас илүү нэг зүйлд маш сайн байх нь илүү үнэ цэнтэй байдаг. Мөн хийсэн ажлаа болон ямар үр дүн гаргаснаа тоо, өсөлтөөр хэмжиж өөрийг илэрхийлэх CV, портфолио дээрээ бичдэг байх хэрэгтэй. Ингэснээр та өөртөө илүү итгэлтэй болно.

    Үүний зэрэгцээ тохирох орчноо сонгох нь маш чухал бөгөөд зарим газар таны чадварыг анзаарахгүй ч байж болно, харин зөв орчинд та илүү тод гэрэлтэж чадна. Өөрийн үнэ цэнийг мэддэг хүн илүү өндөр нөхцөл шаардахаас айдаггүй, өөрт тохирсон ажлаа сонгож чаддаг, ажил дээрээ илүү итгэлтэй, үлгэр жишээ бас манлайлагч байдаг.

  • Компаниуд чадварлаг талентын төлөө өрсөлдөж байна уу

    Компаниуд чадварлаг талентын төлөө өрсөлдөж байна уу

    Өөрт тохиромжтой ажлын байраа хайж олох, эсвэл тухайн ажлын байранд хамгийн сайн зохицох тогтвортой ажиллах талентыг олж авна гэдэг хамгийн чухал билээ. Хэдэн жилийн өмнө компанийг гуйж, өөрийгөө баталж маш их хичээж ажилд ордог байсан бол одоо эсрэгээрээ компаниуд тухайн шилдэг талентыг шударга өрсөлдөхүйц цалин, бусад давуу талуудаараа өрсөлдөн авдаг болсон байна гэж хүмүүс хоорондоо ярихыг олон сонссон юм.

    Бодит байдал үнэхээр яг ийм байгаа эсэхийг баттай мэдэхгүй ч үүнтэй холбоотой компаниудад анхаарах хэрэгтэй чухал бодлогын асуудлууд байсаар байна. Мэдлэг чадвартай хүмүүсийг ажилд аваад, ажиллах нөхцлийг нь бүрдүүлж, тогтвортой ажиллуулах, үнэ цэнтэй хөрөнгө оруулалт бий болгох нь байгууллага бүрийн чухал зорилгын нэг байх ёстой.

    Дижитал шилжилт, хиймэл оюун ухаан, автоматжуулалт хурдацтай хөгжсөн энэ үед технологи өөрөө давуу тал байхаа больсон. Хэн ч ижил төрлийн программ, ижил хэрэгсэл ашиглаж чадна. Харин тэр боломжийг ашиглаж бодит үр дүн гаргах чадварлаг мэргэшсэн ажилтан бол маш ховор нөөц билээ. Тиймээс компаниудын жинхэнэ ялгарал нь бүтээгдэхүүнээсээ илүү түүний ард байгаа хүмүүсээр хэмжигдэх болсон гэхэд хилсдэхгүй.

    Боловсролын зэрэг, мэдлэгээс ч илүү чухал зүйл бол түүнийг зөв ашиглах чадвар гэдгийг ажил олгогчид дүгнэж байна. Нэг асуудлыг өөр өнцгөөс харах, шийдэл олох, хурдан суралцах чадвар гэх мэт нь үнэ цэнтэй болсоор байна.

    Өчигдөр ажиллаж байсан арга маргааш хуучирч болдог болсон технологийн эрин үед суралцах, хөгжих, дасан зохицох чадварууд эзэмшсэн талентууд хамгийн их хэрэгтэй. Иймээс компаниудад өөрчлөлтөд дасан зохицож, шинэ боломж олж хардаг хүмүүсийг илүү үнэлж байна. Бүтээмжтэй ажиллах нь ажлын дийлэнх үр дүнг илэрхийлдэг билээ.

    Нөгөө талаас, компаниудын ажилтнуудаа татах арга барил ч өөрчлөгдөх хэрэгтэй юм. Зөвхөн өндөр цалин санал болгох нь хангалтгүй байдаг. Хүмүүс утга учиртай ажил, өсөх боломж, өөрийгөө хөгжүүлэх орчин, уян хатан нөхцөлийг илүү чухалчилж эхэлсэн. Ажлын орчин, багийн уур амьсгал, удирдлагын хандлага хүртэл шийдвэр гаргахад нөлөөлдөг гол хүчин зүйлсийн нэг болсоор байна.

    Туршилтын хугацаанд ажиллах болон жинхлэх тухайд хэт нэг талыг барьсан ойлголт заримдаа байдаг. Ажил олгогч нь ажлын ярилцлага дээр манай байгууллагад таны ур чадвар, туршлага, ажиллах арга барил тэнцвэл, та өөрийгөө баталж харуулвал бид энэ ажлын байранд таныг жинхлэнэ гэж ярилцлагадаа хэлдэг байдлыг олон сонсож байлаа. Нэг талаас ийм нөхцөл байж болох ч нөгөө талд талентын хувьд ч тухайн байгууллагын соёл, орчин уур амьсгал, хүний үйл ажиллагааны бодлого, цалин хангамж зэрэг олон хүчин зүйлийг анзаарч өөрийн зүгээс үргэлжлүүлэн ажиллах шийдвэрээ баттай гаргах нөхцлийг нээлттэй бас шударга байлгах нь нэн чухал юм. Энэ нь хэн хэнээ хоёр талд сонгох шийдвэр гаргаж байнаа л гэсэн үг билээ.

    Энэ сэдэвт хөндсөн нөхцөл байдал нь ажил хайж буй хүмүүст ч бас зарим давуу талыг авчирч байна. Өмнө нь хүмүүс өөрийгөө ажил горилогч гэж хардаг байсан бол одоо өөрийн ур чадвар, туршлагаа үнэлж, хаана илүү үнэ цэн бүтээж чадах вэ гэдгээ бодох цаг иржээ. Өөрөөр хэлбэл, компани таныг сонгохоос гадна та ч компанийг сонгодог болсон байна.

  • People manager гэх ойлголтын тухай

    People manager гэх ойлголтын тухай

    Өнөөдөр linkedn feed гүйлгэж байгаад энэ тухай нэгэн пост анхаарлыг минь татлаа. Ингэхдээ менежер бүр people менежер байх ёстой гэжээ. Саатаж харсан энэ сэдвээр бага зэрэг хайж, мөн бодит байдалд хэрхэн ач холбогдолтой байх тухай бяцхан эргэцүүлэв.

    Та ажлын байранд хэн нэгнийг удирдан ажилладаг уу? Энэ асуултад бараг л хүн бүр тийм гэж хариулах байх. Бүр л шинэ төгсөгч биш л бол тодорхой хэмжээгээр хамгийн багадаа нэгээс хоёр хүнийг бид үүрэг хариуцлагын хувьд чиг үүрэг өгч, тодорхой даалгавар өгөх, тэдэнтэй тогтмол мэдээлэл солилцож, харилцах байдлаар ажиллаж байдаг. Туршлага, чадвар нэмэгдэх тусам таны удирдлагад ажиллах хүний тоо нэмэгддэг билээ. Үүний зэрэгцээ маш олон асуудлууд ч дагаж гарч ирдэг. Тэдэнтэй харилцах, хамтарч ажиллах арга барил, гэнэтийн асуудлууд, үл ойлголцол, хүн хоорондын ялгаа гээд л уртаас урт үргэлжлэнэ.

    Би өмнө нь ажил үүргээс гадна бусдыг ойлгох, сонсох, анхаарах тухай өөр нэг нийтлэлдээ цухас дурдсанаа санав. Ер нь шууд удирдлага, дунд шатны менежерүүд үргэлж үүрэг даалгавар өгч, ажилчдаа ажлаар шахахаас илүүтэй хамтран ажилладаг хүмүүсээ урамшуулах, тэднийг зөв чиглүүлэх, идэвхтэй сонсож ойлгох мөн түүнчлэн итгэлцэл дээр суурилсан бат бөх харилцааг бий болгох замаар тухайн багийн гишүүдийг илүү бүтээмжтэй, үр ашигтай ажиллахыг дэмжих нь маш чухал байдаг байна. Үүний үр дүнд ажилтнууд ч ажилдаа дуртай, сэтгэл хангалуун байх нөхцөл бүрдэх учраас ямар ч байгууллага үүнд анхаарах хэрэгтэй болж байгаа юм.

    Өдөр бүр хуралдах нь тэр бүр үр дүнтэй байдаггүй гэж би боддог. Та ч бас санал нийлж магадгүй. Ажил дээр өнгөрөөж буй цаг хугацаа үнэ цэнтэй бөгөөд түүнийг зөв хуваарилах нь бидэнд чухал байдаг. Ийм байхад үргэлж уулзалтад ороод, хурлууд нь дуусахгүй хамаг цагаа тэдгээрт зарцуулаад байхаар ажилтнуудад төвлөрч суугаад бүтээмжтэй ажиллах боломж хомс болох юм. Нэгэнт л ажлыг ихэнх тохиолдолд үр дүн, чанараар нь хэмждэг учраас тэдэнд бүтээмжтэй ажиллах, асуудлыг шийдэх, судлах цаг гарах нөхцлийг тухайн ажлын байрны орчин, уур амьсгал, өдөр тутмыг проццес нь бүрдүүлдэг байх нь зөв юм.  Мэдээж ажлуудаа урт, дунд болон богино хугацаанд тодорхой болгож төлөвлөх нь зүйн хэрэг. Төлөвлөгөөг хэрэгжүүүлж, аливаа даалгаврыг цаг хугацааг нь хожимдуулалгүй гүйцэтгэх ч ёстой. Гэхдээ тэр дунд хамтын ажиллагаа, уялдаа холбоо, харилцан ойлголцол, нээлттэй мэдээллийн урсгал, багийн нэгдмэл байдал, мэргэжлийн харилцаа гэх зэрэг олон чухал зүйлүүдийг тэнцвэртэй авч явах нь чухал билээ.

    Чадварлаг people менежер байхын тулд зөвхөн мэргэжлийн мэдлэг чадвараас гадна шаардлагатай харилцааны ур чадварууд, сэтгэл зүйн ойлголт мэдлэг, манлайллын чадвар маш чухал байдаг байна. Тиймээс энгийнээс эхэлж, бусдыг ойлгож идэвхтэй сонсох, зөв feedback өгөх, шийдвэр гаргах, багийн уур амьсгалыг эерэг байлгах зэрэг чадваруудыг хөгжүүлэх хэрэгтэй болж байгаа юм.

    Ихэнх ажилчид шууд удирдлагын харилцаа, хандлагаас хамааран сэтгэл зүй нь тогтворгүй болж, хийж гүйцэтгэж буй ажлаасаа урам авахгүй байх, өөртөө итгэлгүй болох, идэвх зүтгэл санаачлага нь буурах тохиолдлууд олон. Хүмүүсийг удирдах чадвар гэдэг маш чухал ойлголт. Ялангуяа тодорхой ойлгомжтой ярьдаг, бусдыг ойлгож чаддаг, бусдын сэтгэл зүйн байдлыг мэдрэх чадвар болон зөв дүгнэлт хийж, тохиромжтой хариу өгдөг байх зэрэг юм.

    Тухайн баг хамт олныг зөв чиглүүлж, нэг зорилго дор нэгтгэн, урам зоригтой ажиллах хүслээр дүүрэн байх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ амжилтыг хуваалцдаг, өсөж хөгжиж, хичээл зүтгэлтэй байгааг анзаарах нь мөн зүйн хэрэг билээ. Мөн түүнчлэн хэт туйлширч аль нэг талыг барилгүйгээр аливаа гарсан асуудал, зөрчлийг зөв шийдэж, асуудлыг даамжирахаас нь өмнө ухаалгаар зохицуулдаг байх хэрэгтэй.

    Хүмүүсийн итгэлийг олно гэдэг юугаар ч зүйрлүүлэшгүй маш үнэ цэнтэй чадвар юм. Сайн people менежер нь ажилтнуудтайгаа итгэлцэлтэй харилцаа үүсгэж, дэмжиж, урамшуулж, тэдний карьер хөгжлийг дэмждэг. Энэ нь компанийн амжилтад шууд нөлөөлж, бүтээмжийг нэмэгдүүлж, ажлаас гарах тохиолдлыг бууруулж, эерэг ажлын орчин бүрдүүлдэг нэн чухал чадвар. Компаниуд менежерүүдээ эдгээр чадварт суралцуулах тал дээр дэмжиж ажиллах, бүр боломжтой бол энэ чиглэлээр мэргэшсэн ажлын байрыг тусгайлан бий болгох нь ирээдүйд анхаарах менежментийн бодлогын нэгэн орхиж болшгүй хэсэг юм.

  • Таны ур чадвар хаана үнэ цэнтэй вэ?

    Таны ур чадвар хаана үнэ цэнтэй вэ?

    Энэ сэдвээр бичихийн өмнө ур чадвар гэж юу болох тухай тунгаая. Миний хувьд хүн бүрд өөрийн төрөлх давуу талуудаас гадна бусдаас ялгарах тодорхой чадварууд амьдралын туршлагаар хуримтлагдсаар байдаг гэж боддог. Хүүхэд наснаас эхлээд хүн бүр ур чадваруудад суралцаж, хуримтлуулж, нэмж олж авсаар байдаг. Тухайлбал, олон хүмүүстэй харилцах, ойлголцох, өөрийгөө бусдад нээлттэй илэрхийлэх, мэдээллийг зөв дамжуулах, биеэ зөв авч явах, хариуцлагатай байх, хэлсэндээ хүрдэг байх, цагтаа амждаг байх гэх мэт энгийн сонсогдовч нийгмийн амьдралд оролцоход хамгийн хэрэгтэй төрөл бүрийн чадваруудыг янз бүрийн байдлаар эзэмшсээр байдаг юм.

    Ур чадвар гэдгийг тодорхойлохдоо хүн тодорхой ажлыг зөв, оновчтой, үр дүнтэй гүйцэтгэхэд шаардлагатай мэдлэг, дадлага, туршлагын нэгдэл бөгөөд сурсан зүйлээ бодит амьдралд хэрэгжүүлж, аливаа ажил үүргийг чанартай, бүтээмжтэй, хурдан, бас найдвартай хийх бодит чадварыг илэрхийлдэг гэжээ. Бусдын итгэлийг даах, түүнийг дагаад хариуцлагатай байх, нэгнээ идэвхтэй анхааралтай сонсож, аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандах, өөрийн гэсэн үзэл бодолтой байж, шаардлагатай үед байр сууриа хамгаалж, бусдад эерэгээр нөлөөлөх зэрэг чадварууд нь тэр болгон хүн бүрд бүрэн дүүрэн нэг дор оршдоггүй билээ.

    Сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн зах зээлд зөөлөн ур чадвар, хатуу ур чадвар гэдэг ойлголтууд их яригдах болсон. CV бичихдээ хүртэл таныг чадваруудаа ингэж бүлэгт хуваан ялгаж бичсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Хэдийгээр амжилтад хүрч, тушаал дэвшиж, өндөр цалинтай өөрийгөө шударга үнэлүүлж ажиллахад мэргэжлийн ур чадварууд хамгийн түрүүнд хэрэг болдог ч мөн дээрээс нь тухайн хүний төрөлх чанар, хувь хүний онцлог, суурь хүмүүжил, төлөвшсөн байдал зэрэг нь зөөлөн ур чадварыг хөгжүүлэхэд хамгийн ихээр нөлөөлдөг.

    Олон жил ажил хийж, янз бүрийн жижиг, том компаниудад ажиллан, хүмүүстэй харилцахдаа ажигласан зүйлээсээ хуваалцвал мэргэжлийн ур чадваруудаа бүрэн дүүрэн эзэмшиж, тухайн төсөлд үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ хамт олон дундаа нөлөөлөгч, манлайлагч байж сурах нь чухал юм байна лээ. Манлайлах гэдэг ойлголтын нэг хэсэг нь үлгэр жишээ байх буюу үгээрээ, үйлдлээрээ, үр дүнгээрээ бусдыг манлайлах боломж хүн бүрд байдаг. Монголчуудын ярьдаг шиг “зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг” гэдэгтэй адил энэ агуулга ялангуяа ажлын байран дээр үүрэг хариуцлага, гүйцэтгэлтэй шууд холбогддог.

    Өөрийн мэдлэг, сурсан зүйлс, ур чадваруудаа шударга үнэлүүлнэ гэдэг залуучуудын хувьд юунаас ч эрхэм байх ёстой. Зарим газар ажиллахад таны ур чадварууд бүрэн ашиглагдахгүй байгаа мэт мэдрэмж төрдөг. Энэ нь тухайн газар таны өсөж хөгжих, шинэ зүйлст суралцах боломжийг хангалттай өгөхгүй байгаагийн илрэл байж болох юм. Зарим хүмүүс маш сайн ур чадвартай мөртлөө буруу салбар, буруу компанид ажилласнаас болж өөрийгөө дутуу үнэлж эхэлдэг. Харин нөгөө хэсэг нь дундаж чадвартай ч зөв орчинд орсноор хурдан өсөж, амжилтад хүрдэг ч тохиолдол байна.

    Байгууллагын дотоод орчин, соёл, ажил үүргийн бүтэц, баг системийн зохион байгуулалт дутмаг байгаа үед заримдаа бүтээмжгүй ажиллах, сэтгэлээр унах, үнэ цэнгүй мэт санагдаж болно. Харин санал бодлыг тань нээлттэй сонсдог, сурах хөгжихийг дэмждэг, дарамт шахалт бага, мэдээлэл тодорхой ойлгомжтой үед ажиллаж буй хүмүүс илүү өөртөө итгэлтэй, хийсэн бүтээсэн зүйлсээсээ урам зориг авах нь олонтаа.

    Миний хувьд хэт том нүсэр бүтэцтэй, олон хурал хийдэг, маш их төлөвлөдөг мөртлөө төлөвлөгөө нь бодит байдалд хэрэгждэггүй компаниас илүү цөөн хүнтэй, өсөх ирээдүйтэй, эрүүл орчинд бүтээмжтэй ажиллаж чаддаг, нэг зорилготой, чөлөөтэй уур амьсгалтай газар ажиллах нь илүү дээр санагддаг. Үнэ цэнтэй, өөрөөрөө байхад шударга үнэлэгдэж байгаа газарт хүн илүү хөгжиж, сэтгэл хангалуун ажилладаг гэж бодном. Учир нь ур чадвараа ашиглан үр дүн үзүүлэх мөчүүдэд хүн илүү өөртөө итгэлтэй болж, урам зоригоор дүүрэн санаачлагатай ажиллах сэтгэл зүйн нөхцөл бүрддэг.

    Таны одоо ажиллаж байгаа, ажлын 5 өдрөө зарцуулж буй газар дээрх ойлголтуудад хэр нийцэж байгаа вэ, таны өнөөдрийг хүртэл эзэмшсэн, олж авсан чадварууд бүрэн ашиглагдаж байна уу, та урам зориг эрч хүчтэй ажлаа гүйцэтгэж чаддаг уу гэдгийг өөртөө цаг гарган аяга кофе уух зуураа эргэцүүлээд нэг үзээрэй.

    Илүү ихийг: https://lambda.global/feed

  • AI ямар ажлуудыг орлож, ямар ажлууд үлдэх вэ?

    AI ямар ажлуудыг орлож, ямар ажлууд үлдэх вэ?

    Сүүлийн жилүүдэд хиймэл оюун (AI) зөвхөн технологийн салбарт бус, бараг бүх ажлын орчинд нэвтэрч, бидний ажиллах арга барилыг үндсээр нь өөрчилж байгааг бид өдөр тутамдаа мэдэрч байгаа билээ. Өмнө нь олон цаг зарцуулдаг байсан ажлуудыг одоо хэдхэн секундэд гүйцэтгэх боломжтой болсон нь компаниудын хувьд ашигтай ч, ажилч хайгчдын хувьд шинэ сорилтыг бий болгож байна.

    Гэхдээ энэ өөрчлөлтийг зөв ойлговол AI бол ажлыг булаагч биш, харин боломжуудыг нээдэг хэрэгсэл юм. Тиймээс эхлээд AI ямар төрлийн ажлуудыг хамгийн түрүүнд орлож байгааг харцгаая.

    AI хамгийн түрүүнд орлох магадлалтай ажлууд

    AI ихэвчлэн тодорхой дүрэм, давтамж дээр суурилсан ажлуудыг автоматжуулж байна. Өөрөөр хэлбэл, бодохоос илүү хийх ажлууд хамгийн түрүүнд өөрчлөгдөж байгаа гэсэн үг.

    Жишээлбэл, өгөгдөл оруулах болон боловсруулах ажил өмнө нь олон хүний оролцоог шаарддаг байсан бол одоо AI системүүд асар их хэмжээний мэдээллийг богино хугацаанд, алдаа багатай боловсруулж чаддаг болсон. Үүнтэй адил customer service-ийн анхан шатны ажил ч мөн адил chatbot-уудаар орлогдож эхэлж байна. Эдгээр нь стандарт асуултад шуурхай хариу өгч, 24/7 тасралтгүй ажиллах боломжтой.

    Мөн контент үйлдвэрлэл тухайлбал сошиал caption бичих, анхан түвшний орчуулга хийх зэрэг ажлууд AI-ийн тусламжтайгаар илүү хурдан, бага зардлаар хийгдэх болсон. Санхүүгийн салбарт ч ялгаагүй, invoice боловсруулах, суурь тайлан гаргах зэрэг ажлууд автоматжиж байна.

    Үйлдвэрлэлийн салбарт бол энэ өөрчлөлт бүр ч тод харагдаж байгаа. Давтагддаг гар ажиллагааг робот, автомат системүүд орлож, илүү тогтвортой, зардал багатай үйлдвэрлэл бий болгож байна.

    AI орлохгүй (эсвэл удаан орлох) ажлууд

    Гэхдээ бүх зүйл автоматжина гэсэн үг биш. AI хэдий хүчирхэг ч хүний зарим чадварыг орлох боломжгүй хэвээр байна.

    Юуны өмнө, бүтээлч сэтгэлгээ шаардсан ажлууд болох маркетингийн стратеги боловсруулах, брэндийн ялгарал бий болгох, storytelling хийх зэрэг нь хүний мэдрэмж, соёлын ойлголт дээр тулгуурладаг. AI санаа өгч чадна, харин утга, мэдрэмжийг амилуулдаг нь хүн өөрөө байдаг.

    Үүнээс гадна, харилцаа болон сэтгэл зүй дээр суурилсан ажлууд ч мөн адил өндөр үнэ цэнтэй хэвээр байна. HR, борлуулалт, менежмент зэрэг салбарт итгэлцэл, ойлголцол, negotiation маш чухал үүрэгтэй байдаг бөгөөд эдгээрийг AI бүрэн орлох боломжгүй.

    Мөн удирдлагын түвшний шийдвэр гаргалт, хариуцлага үүрэх, эрсдэл тооцоолох зэрэг нь зөвхөн дата дээр суурилдаггүй, харин туршлага, зөн совин, нөхцөл байдлын мэдрэмж шаарддаг. Энэ нь хүний давуу тал хэвээр үлдэнэ.

    Ирээдүйд хамгийн эрэлттэй ур чадварууд

    Энэ бүх өөрчлөлтөөс харахад нэг зүйл тодорхой байна: ирээдүйд ажил биш, харин ур чадвар хамгийн чухал болно.

    AI-ийг ашиглаж чаддаг хүмүүс илүү үнэ цэнтэй болж байгаа. Жишээлбэл, зөв prompt бичих, AI tools ашиглан ажлаа хурдасгах чадвар нь бараг бүх салбарт давуу тал болно. Гэхдээ зөвхөн AI ашиглах чадвар хангалтгүй critical thinking буюу мэдээллийг шүүж, зөв дүгнэлт гаргах чадвар зайлшгүй хэрэгтэй.

    Нөгөө талаас, communication болон creative thinking ур чадварууд улам үнэ цэнтэй болж байна. Хүмүүстэй ойлголцох, санаагаа ойлгомжтой илэрхийлэх, шинэ шийдэл гаргах чадвар нь AI-аас ялгарах хамгийн том давуу тал болно.

    Эцэст нь, хамгийн чухал чадвар бол тасралтгүй суралцах сэтгэлгээ юм. Технологи маш хурдтай өөрчлөгдөж байгаа энэ үед нэг сурсан зүйлээрээ удаан хугацаанд амжилт гаргана гэж найдах боломжгүй болсон.

    Хөдөлмөрийн зах зээлд гарах өөрчлөлт

    Монголын хувьд AI нэвтрэлт дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад бага зэрэг удаан ч, чиг хандлага нь адилхан байна.

    Ойрын жилүүдэд customer service болон нягтлан бодох анхан шатны ажлууд автоматжих хандлагатай байна. Харин маркетингийн салбар илүү сонирхолтой болж, AI болон бүтээлч сэтгэлгээг хослуулсан hybrid ур чадвар шаарддаг болно.

    Мөн e-commerce салбар эрчимтэй хөгжиж, хэрэглэгчийн зан төлөвт суурилсан AI шийдлүүд илүү өргөн ашиглагдана. Энэ нь data ойлгодог, хэрэглэгчийн сэтгэлзүйг мэдэрдэг хүмүүсийн эрэлтийг нэмэгдүүлнэ.

    Ажил хайж буй хүмүүст өгөх зөвлөгөө

    Энэ нөхцөлд хамгийн чухал нь зөв хандлага юм. AI-ийг айх биш, ашиглаж сурах хэрэгтэй.

    Юуны өмнө, өөрийгөө орлогдохгүй хүн болгох гэж оролдохын оронд AI-тай хамт ажиллаж чаддаг хүн болох нь илүү бодит стратеги юм. Компаниуд ч ийм хүмүүсийг илүү үнэлж байна.

    Мөн нэг чиглэлийн биш, хосолсон ур чадвартай болох нь чухал. Жишээлбэл, маркетингийн мэдлэг дээрээ AI нэмэх, эсвэл борлуулалтын туршлага дээрээ data analysis нэмэх зэрэг нь таны үнэ цэнийг хэд дахин өсгөнө.

    CV дээрээ AI ашигласан туршлагаа тодорхой бичих нь ч бас чухал. Зөвхөн “AI ашигладаг” гэж бичихээс илүү “AI ашиглан ажлын бүтээмжийг 2 дахин өсгөсөн” гэх мэт бодит үр дүн харуулах нь илүү нөлөөтэй.

    AI ажлыг устгаж байгаа биш, харин ажлын утга, үнэ цэнийг өөрчилж байна. Давтагддаг ажлууд багасч, харин сэтгэдэг, бүтээдэг, хүмүүстэй холбогддог хүмүүсийн эрэлт нэмэгдэж байна.

    Тиймээс ирээдүйд амжилттай байх хүмүүс бол технологийг ойлгодог, өөрчлөлтөнд хурдан дасан зохицдог, мөн өөрийн үнэ цэнийг байнга хөгжүүлдэг хүмүүс байх болно.

    https://lambda.global/ai Энд дарж lambda ai хичээлүүдтэй танилцаарай. Үүнд брошур гарын авлага дизайн бүтээх, тайлан бэлдэх, анализ хийх, бүх төрлийн контент бүтээх гэх мэт маш олон төрлийн цагаа хэмнэх, суралцах боломжууд өргөн бий.

    Харин байгууллагынхаа ажилтнуудыг AI-д сургах хэрэгтэй бол Lambda.Global харилцагч компаниуддаа зориулж үнэ төлбөргүй нэмэлт үйлчилгээ байдлаар санал болгодог.

    📩 Холбоо барих: hello@lambda.global

  • Gap year авсан үед хийж болох ажлууд

    Gap year авсан үед хийж болох ажлууд

    Gap Year – н тухай

    Gap year нь сургууль төгсөөд эсвэл их сургуулийн хооронд нэг жилийн хугацаанд амралт авч, өөрийгөө хөгжүүлэх, ажиллах, шинэ ур чадвар эзэмших боломжийг хэлдэг. Монгол залуусын дунд энэ ойлголт сүүлийн жилүүдэд улам түгээмэл болж, зөв ашиглавал карьерын хүчтэй эхлэл болдог. Зарим сурагчид хараахан дуртай ажил, карьераа тодорхой төлөвлөж амжаагүй тохиоолдол цөөнгүй.

    Gap Year үед ажил хийхийн давуу тал

    Gap year-ийг зөв төлөвлөж ашиглавал зөвхөн амралтын жил биш, харин ирээдүйн амжилтын суурь болох боломжтой юм. Ажил хийснээр та бодит ажлын туршлага хуримтлуулж, мөнгөний үнэ цэнийг ойлгож, харилцааны ур чадвараа хөгжүүлнэ. Мөн өөрийн сонирхол, давуу талаа таньж, ямар чиглэлээр цааш явахаа тодорхойлох боломж бүрдэнэ.

    Монголд Gap Year үед хийж болох ажлууд

    Цагийн болон үйлчилгээний ажил

    Кофе шоп, ресторан, дэлгүүр зэрэг газруудад цагийн ажил хийх нь хамгийн түгээмэл сонголт. Энэ төрлийн ажил нь харилцааны ур чадвар, хариуцлага, багийн ажиллагааг хөгжүүлдэг.

    • Бариста
    • Зөөгч
    • Худалдааны зөвлөх

    Дижитал болон онлайн ажил

    Сүүлийн жилүүдэд Монголд дижитал ажлын боломж эрс нэмэгдэж байна. Та хаанаас ч ажиллах боломжтой.

    • Social media manager
    • Контент бичих (copywriting)
    • График дизайнер
    • Видео эвлүүлэгч

    Эдгээр нь ирээдүйд өндөр орлоготой ур чадвар болж чадна.

    Сайн дурын ажил (Volunteering)

    Сайн дурын ажил нь орлого бага ч туршлага, сүлжээ (network), хувь хүний хөгжилд маш их нөлөөтэй.

    Та байгаль хамгаалал, боловсрол, нийгмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудтай хамтарч ажиллаж болно. Энэ нь CV-д маш үнэ цэнтэй нэмэлт болдог.

    Стартап болон жижиг бизнес дээр ажиллах

    Монголд стартап экосистем хөгжиж байгаа тул шинэ бизнесүүд дээр ажиллах боломж их байна. Энэ нь олон төрлийн чадвар зэрэг хөгжүүлэх давуу талтай.

    • Маркетингийн туслах
    • Борлуулалтын менежер
    • Project assistant

    Фриланс болон өөрийн жижиг бизнес эхлүүлэх

    Gap year бол эрсдэл багатай туршилт хийх хамгийн тохиромжтой үе.

    Та дараах байдлаар орлого олох боломжтой:

    • Онлайн дэлгүүр
    • Гар урлал, handmade бүтээгдэхүүн
    • Сургалт, зөвлөгөө (хэл, ур чадвар)

    Хөдөө орон нутагт ажиллах, аялж ажиллах

    Монголд аялал жуулчлал, мал аж ахуй, фермийн ажил зэрэг нь өөр орчинд ажиллаж, амьдрах туршлага олгоно.

    • Жуулчны баазад ажиллах
    • Малчны туслах
    • Аяллын хөтөч

    Дадлага хийх

    Хэрэв та тодорхой мэргэжил сонирхож байвал тухайн салбартаа дадлага хийх нь хамгийн зөв сонголт.

    • Маркетинг
    • IT салбар
    • Санхүү
    • Хууль

    Gap Year-ийг үр дүнтэй ашиглах нь

    Gap year-ийг тодорхой зорилготой өнгөрөөх нь чухал. Эхлээд өөрийн зорилгоо тодорхойлж, “би энэ нэг жилд юу сурах вэ, яаж өөрийгөө таньж мэдэх вэ” гэдгээ шийдэх хэрэгтэй. Мөн нэг чиглэлд тууштай ажиллах нь илүү үр дүнтэй байдаг.

    Түүнчлэн орлого, хадгаламж, ур чадвар гэсэн гурван зүйл дээр анхаарч төлөвлөх хэрэгтэй. Ингэснээр gap year таны карьерын бодит давуу тал болж хувирна.

    Gap year бол өөрийгөө олох боломж юм. Монголд gap year үед хийх ажил, туршлага хуримтлуулах боломж маш олон бий. Хамгийн чухал нь та идэвхтэй байж, судалж, өөрийгөө хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй.

    Хэрэв зөв ашиглаж чадвал gap year таны амьдралын хамгийн үнэ цэнтэй жил болж чадна.

    Цааш унших: https://lambda.global/blog/ajil-haihdaa-anhaarah-zuils

    https://lambda.global/ai Энд дарж lambda ai хичээлүүдтэй танилцаарай. Үүнд брошур гарын авлага дизайн бүтээх, тайлан бэлдэх, анализ хийх, бүх төрлийн контент бүтээх гэх мэт маш олон төрлийн боломжууд бий.

  • Яагаад Lambda AI сургалтыг сонгох вэ?

    Яагаад Lambda AI сургалтыг сонгох вэ?

    Lambda платформын AI сургалт нь хиймэл оюуныг өдөр тутмын ажил, бизнес, суралцах үйл явцад бодитоор ашиглах боломжийг нээж өгөх цогц шийдэл юм. Өнөөдрийн хурдтай хөгжиж буй орчинд зөвхөн их ажиллах биш, харин ухаалгаар ажиллах нь чухал болсон. Энэхүү сургалтын багц нь анхан шатнаас эхлээд ахисан түвшин хүртэлх мэдлэгийг системтэйгээр хүргэж, таны бүтээмжийг бодитоор нэмэгдүүлэхэд чиглэнэ.

    Эдгээр 150 гаруй хичээлүүдийн гол давуу тал нь онол бус, шууд хэрэгжүүлэх боломжтой практик агуулгад төвлөрсөнд оршино. Та AI ашиглан тайлан бичих, имэйл боловсруулах, маркетингийн контент бүтээх, судалгаа хийх, өгөгдөл боловсруулах, илтгэлийн тайлан бэлдэх зэрэг ажлуудыг илүү хурдан бөгөөд үр дүнтэй гүйцэтгэх чадвартай болно. Ингэснээр давтагддаг ажлуудад зарцуулах цагийг эрс багасгаж, илүү үнэ цэнтэй ажилд төвлөрөх боломж бүрдэнэ.

    Мөн AI ур чадвар эзэмших нь таны карьер болон орлогын боломжийг шинэ түвшинд хүргэнэ. Өнөөдөр хиймэл оюуныг ашиглаж чаддаг хүмүүс хөдөлмөрийн зах зээл дээр илүү өндөр үнэлэгдэж, илүү өргөн боломжуудтай болж байна. Та зөвхөн ажлын байран дээрээ үнэ цэнээ өсгөхөөс гадна freelance ажил хийх, онлайн орлого бий болгох, эсвэл өөрийн бизнесийг илүү ухаалаг удирдах чадвартай болох боломжтой.

    Хэнд тохиромжтой вэ?

    • Оффисын ажилтан (цаг хэмнэх, бүтээмж өсгөх)
    • Маркетер, контент бүтээгч
    • Бизнес эрхлэгч, стартап үүсгэн байгуулагч
    • Оюутан, суралцагч
    • Шинэ ур чадвар эзэмших хүсэлтэй хэн бүхэнд

    Ялангуяа цаг хэмнэх, бүтээмжээ нэмэгдүүлэх, ажлаа илүү системтэй болгохыг хүсэж буй хүмүүст илүү тохиромжтой. Хичээлүүдийг үзэж дууссаны дараа та ажлаа 2–оос 5 дахин хурдан гүйцэтгэх, ажлын урсгалаа автоматжуулах, өөрийн ур чадварыг шинэ түвшинд гаргах бодит үр дүнд хүрэх боломжтой.

    Хамгийн давуу тал нь та энэ бүхнийг шууд эхлэх боломжтой. Lambda платформ нь AI-ийн суурь ойлголтыг үнэгүй суралцах боломжийг олгож байна. Та эхлээд үндсэн хичээлүүдийг үзэж, өөрт тохирох ур чадварыг тодорхойлсны дараа дараагийн шатны сургалтад үргэлжлүүлэн суралцах боломжтой.

    https://lambda.global/ai Энд дарж lambda ai хичээлүүдтэй танилцаарай. Үүнд брошур гарын авлага дизайн бүтээх, тайлан бэлдэх, анализ хийх, бүх төрлийн контент бүтээх гэх мэт маш олон төрлийн цагаа хэмнэх, суралцах боломжууд өргөн бий.

    Харин байгууллагынхаа ажилтнуудыг AI-д сургах хэрэгтэй бол Lambda.Global харилцагч компаниуддаа зориулж үнэ төлбөргүй нэмэлт үйлчилгээ байдлаар санал болгодог.

    📩 Холбоо барих: hello@lambda.global

  • Шинэ ажилд амжилттай дасан зохицох зөвлөмж

    Шинэ ажилд амжилттай дасан зохицох зөвлөмж

    Та идэвхтэй ажил хайж, улмаар сонгон шалгаруулалтад тэнцэн, өөрт тохирох ажлаа амжилттай олсон бол одоо анхаарлаа нааш хандуулаарай.

    Шинэ ажил эхлэнэ гэдэг бол таны өмнө шинэ боломжууд нээгдэж буй маш чухал үе юм. Гэхдээ шинэ орчин, танил биш хамт олон, үл мэдэх дүрэм журам дунд хурдан дасан зохицоно гэдэг амар байдаггүй. Тэр дундаа ажилтны сэтгэл ханамж, бүтээмжид шууд нөлөөлдөг чухал хүчин зүйл бол ажлын уур амьсгал бөгөөд түүнд хэрхэн дасан зохицох нь таны ирээдүйн амжилтад шийдвэрлэх үүрэгтэй юм.

    Ажлын уур амьсгалын тухай

    Ажлын уур амьсгал гэдэг нь тухайн байгууллагын харилцааны хэв маяг, ажилтнуудын хоорондын итгэлцэл, удирдлагын хандлага, хамтын ажиллагааны соёл зэрэг сэтгэлзүйн орчныг хэлнэ. Үүнийг өөрөөр тухайн байгууллагын нүдэнд харагдахгүй дүрэм ч гэж ойлгож болно. Тиймээс шинэ ажилд ороход зөвхөн ажил үүргээ сайн гүйцэтгэхээс гадна тухайн уур амьсгалд ухаалгаар дасан зохицох нь амжилтын үндэс болдог.

    Шинэ орчинд дасан зохицох зөвлөмжүүд

    1. Ажиглаж сурах нь дасан зохицох эхний алхам

    Эхний өдрүүдэд илүүтэйгээр сонсож, ажиглаарай. Хамт олон хэрхэн харилцдаг, шийдвэрүүдийг хэрхэн гаргадаг, удирдлагын хандлага ямар байдаг, албан бус дүрмүүд юу болохыг анзаарах нь чухал. Энэ нь танай байгууллагын соёлыг таних эхний арга юм.

    2. Нээлттэй, эерэг харилцааг санаачлах

    Шинэ хүн бүрд танил биш гэдэг мэдрэмж төрдөг. Гэхдээ үүнийг эвдэх хамгийн үр дүнтэй арга бол нээлттэй, эелдэг харилцаа. “Сайн байна уу?”, “Баярлалаа”, “Тусалсанд баярлалаа” гэх энгийн үгсээр харилцаагаа эхлүүлснээр хамт олны итгэлийг аажмаар олж авах болно.

    3. Асуухаас бүү санаа зов

    Шинэ ажилтан байх үед бүх зүйлийг төгс ойлгох албагүй. Хэрвээ та эргэлзээтэй зүйл байвал, шууд асууж сурах нь зөв. Энэ нь таныг ажлын уур амьсгалд хурдан дасан зохицох, алдаа гаргах магадлалыг бууруулахад тусална.

    4. Өөрийгөө танилцуулж, харилцаа тогтоох

    Зарим байгууллагад шинэ ажилтанг албан ёсоор танилцуулах цаг гардаг ч заримд нь харин үгүй. Тиймээс өөрөө санаачлагатай байж, хамт олондоо өөрийгөө танилцуулж, бусдад хүндэтгэлтэйгээр хандах нь таныг хурдан хүлээн зөвшөөрүүлэх алхам юм.

    5. Байгууллагын үнэт зүйлс, зорилгыг ойлгох

    Таны ажиллаж буй байгууллага ямар үнэт зүйлд итгэдэг, ямар зорилготой вэ гэдгийг ойлгох нь таны ажилдаа хандах хандлагыг зөв байлгахад тустай. Энэ ойлголт нь таныг зөв харилцаа, зөв орчинд байршихад тусална.

    Ажлын орчинд хамтран ажиллагсдыг хүндэтгэх, харилцаанд мэргэжлийн байж итгэлцэл үүсгэх, нүүр тулсан нээлттэй харилцаа зэрэг нь чухалд тооцогддог. Зарим тохиолдолд албан бус дүрэм, дотоод харилцааны соёл илүү давамгайлдаг тул зөн совинтой байх нь мөн чухал юм. Өөрөөр хэлбэл, аливаа зүйлийг ил хэлэхээс илүү уур амьсгалыг унших хэрэгцээ танд гарна.

    Дасан зохицох нь цаг хугацаа шаарддаг

    Үргэлж санаж байх нэг зүйл бол өөрийгөө шууд төгс уур амьсгалд оруулна гэж хэт хүчлэх хэрэггүй. Зарим хүмүүс нэгээс 2 долоо хоногт дасан зохицдог бол, заримд нь 3 сар шаардлагатай байдаг. Гэхдээ та өөрийн зүгээс чин сэтгэл, эелдэг хандлага, мэдрэмж, хичээл зүтгэл, соёлд нийцэх хүсэл зэргийг зөв үеүүдэд гаргаж чадвал цаг хугацаа өнгөрөх тусам та тухайн орчны нэгэн үнэт гишүүн болно гэдэгт итгээрэй.

    Шинэ ажил эхлүүлэх нь танд сорилт төдийгүй өсөлтийн боломж юм. Та зөв хандлагатай байж, ажлын уур амьсгалыг ойлгож, хүндлэл дээр суурилсан харилцааг бүтээж чадвал энэ сорилтыг амжилтаар даван туулж чадна.

    Унших: Карьерийн өсөлтөд networking (сүлжээ) ямар чухал нөлөөтэй вэ?

    Талент та илүү олон карьер төлөвлөлтийн зөвлөгөө, туршлагыг LAMBDA BLOG -оос уншаарай.

    Төстэй нийтлэл унших: Та ажил хайж байна уу? Тэгвэл өөртөө итгэхээс эхлээрэй 

  • Хэрхэн Монголд амьдрангаа дэлхийн түвшний мэргэжилтэн болох вэ?

    Хэрхэн Монголд амьдрангаа дэлхийн түвшний мэргэжилтэн болох вэ?

    Өнөөдөр дэлхийн хэмжээнд ажиллах боломж заавал гадаадад амьдрах, гадаадад боловсрол эзэмшихтэй  холбоотой байх албагүй. Та Монголдоо суугаа ч дэлхийн томоохон компанид ажиллаж, олон улсын төсөл дээр туршлага хуримтлуулж, дэлхийтэй холбогдсон мэргэжилтэн болж чадна. Гол нь зөв чиглэл, тууштай чадвар хөгжүүлэлт, зөв платформыг ашиглах л юм.

    Монголд амьдарч буй олон залуус зайнаас ажиллах боломжийг ашиглан гадаад зах зээлд өөрийгөө таниулж, өндөр цалин, уян хатан ажлын орчин, олон улсын багт хамтран ажиллаж байна. Энэ бол боломж төдийгүй шинэ үеийн мэргэжилтнүүдийн сонголт болжээ.

    Монголдоо байнгаа  дэлхийн хэмжээнд ЯМАР АЖИЛ хийж болох вэ?

    Оршин сууж буй газар тань биш, харин ур чадвар, харилцааны соёл, зохион байгуулалт, дижитал хэрэгсэл ашиглах чадамж тань гадаад, дотоодын ажил олгогчдын хувьд хамгийн чухал шалгуур болжээ. Зайнаас ажиллахын тулд заавал IT мэргэжилтэн байх шаардлагагүй бөгөөд таны англи хэлний мэдлэг, оффисын үндсэн программ ашиглах чадвар байхад хангалттай ажлын чиглэл олон байна.

    Тухайлбал, харилцагчийн үйлчилгээний ажилтан (Customer Support) нь хэрэглэгчийн асуултад онлайн орчинд шуурхай, мэргэжлийн түвшинд хариу өгөх чадвартай байхыг л шаарддаг. Орчуулга болон бичгийн редактор нь хэлний мэдлэгээ ашиглан чанартай бичвэр, албан бичиг боловсруулахад чиглэдэг бол виртуал туслах буюу Virtual Assistant нь уулзалт товлох, e-mail хариулах, тайлан гаргах гэх мэт өдөр тутмын менежментийн ажлуудыг хариуцдаг. Эдгээр ажлуудыг та ч бас Монголдоо байнгаа хийж болно.

    Мөн график дизайны чадвараа сайжруулж визуал контент бүтээх, сошиал медиа менежерээр ажиллан бизнесүүдийн цахим орчинд харагдах байдлыг хариуцах, судалгаа болон дата оруулалтын ажилд оролцох, дижитал маркетинг, e-mail кампанит ажлыг удирдах, SEO стратеги боловсруулах зэрэг карьерын чиглэлүүд танд нээлттэй байна.

    Эдгээрийн ихэнх нь англи хэлтэй, интернэттэй, үндсэн оффисын хэрэгсэл, дижитал платформуудыг ашиглаж чаддаг хэн бүхэнд боломжийн хаалгыг нээж өгдөг. Тиймээс таныг дэлхийтэй холбох дараагийн шат хаанаас ч эхэлж болно.

    Дижитал чадвараа шат ахиул

    Интернэт холболттой хэн бүхэн дэлхийтэй холбогдож чаддаг болсон энэ үед дижитал ур чадвар бол суурь хэрэгцээ. Excel, Google Docs, Notion зэрэг оффисын хэрэгслүүдээс эхлээд, Canva, ChatGPT болон бусад бүх AI сайт, Trello, Slack зэрэг ажлын хэрэгслүүдийг эзэмшсэн байхад та хаана ч ажлын орчинд бэлэн байна гэсэн үг.

    Суралцахад туслах эх сурвалжууд:

    Зайнаас ажиллах боломжуудыг хаанаас олох вэ?

    Англи хэлтэй, үндсэн дижитал чадвартай хэн бүхэн дараах сайтуудаас олон улсын болон зайнаас ажиллах боломжуудыг олох боломжтой:

    Зайнаас ажил олгодог гол платформууд:

    • LinkedIn Jobs – Remote гэсэн шүүлтүүрээр олон ажлын байр гардаг.
    • We Work Remotely – Бүх ажлууд нь зайнаас хийх боломжтой.
    • Remote OK – Remote ангилал бүхий tech болон non-tech ажлууд.
    • Upwork, Fiverr – Жижиг, том төслөөр ажиллах фриланс платформууд.
    • Jobspresso – Хөгжүүлэгч, маркетер, бичгийн мэргэжилтнүүдэд зориулсан.
    • AngelList Talent – Startup болон remote ажилд төвлөрсөн платформ.

    Lambda Global зөвлөмж: хайлтаа хийхдээ “remote”, “freelance”, “work from home”, “virtual assistant” гэх мэт түлхүүр үгсийг ашиглаарай.

    Интернэт орчинд ӨӨРИЙГӨӨ ТАНИУЛАХ

    Та интернэтэд өөрийгөө “харагдахуйц”, “олдохуйц” байлгавал танд ажлын санал аяндаа орж ирэх өндөр магадлалтай. Ажил олгогчид таныг Google хайлт хийж шалгах нь энгийн үзэгдэл болсон тул өөрийгөө оновчтой, итгэл төрүүлэх байдлаар танилцуулах хэрэгтэй.

    LinkedIn бол таны хамгийн гол суурийн нэг. Зураг, товч танилцуулга, туршлага, ур чадварууд англи хэл дээр, мэргэжлийн түвшинд бүрэн бөглөгдсөн байх нь ажил хайх болон олон улсын зах зээлд хандахад онцгой чухал.

    Portfolio эсвэл Notion танилцуулга нь таны хийж байсан ажлууд, төслүүдийг хялбар, ойлгомжтой байдлаар харуулах хэрэгсэл. Ялангуяа дизайнер, орчуулагч, зохиолч,  Web хөгжүүлэгчдэд хэрэгтэй.

    Бичвэр ба контент ч мөн хүчтэй хэрэгсэл. WordPress, Medium, LinkedIn дээр өөрийн салбарын тухай хуваалцах, санал бодлоо илэрхийлэх нь таныг бодлоготой, мэргэжлийн хандлагатай хүн гэдгийг илтгэнэ.

    Харин уран бүтээлч, visual контент бүтээгч талдаа хүн бол Instagram, YouTube, TikTok зэрэг платформ дээр өөрийн ур чадвар, процесс, бүтээлийг хуваалцах нь ихээхэн анхаарал татах боломжийг олгодог. Контент бүтээх нь зөвхөн дагагч нэмэх биш, ажил олгогчдод бодитоор өөрийгөө “харуулах” хэрэгсэл болдог.

    Мэдлэгээ тогтмол шинэчил, СУРАЛЦ

    Та онлайн сургалтуудаар дамжуулан мэдлэгээ тогтмол шинэчилж чадна. Жишээлбэл YoutubeLinkedIn Learning, Google Career Certificates, HubSpot Academy зэрэг платформууд олон улсын чанартай, үнэ төлбөргүй эсвэл боломжийн үнэтэй сургалтууд санал болгодог.

    Мөн олон улсын webinar, workshop-т оролцох, өөрийн салбарын Discord болон Slack community-д гишүүнчлэлтэй байх нь шинэ чиг хандлага, технологи, сэтгэлгээтэй танилцах сайхан боломж болно. Glassdoor, Indeed зэрэг сайтаар дамжуулан гадаадын компаниудын соёл, ажлын байрны нөхцөл, цалингийн мэдээллийг судалж, өөрт тохирох орчныг илүү мэдрэх боломжтой.

    Сүүлийн үед Google, Meta, IBM зэрэг технологийн аварга компаниуд олон улсын чанартай онлайн сургалтуудыг гаргаж, төгсөгчдөдөө албан ёсны сертификат олгож эхэлсэн. EdX, Coursera, Udemy зэрэг платформууд дээрээс та “Google IT Support”, “Meta Social Media Marketing”, “UX Design” зэрэг хөтөлбөрүүдийг авч болно.

    Эцэст нь хэлэхэд хаана амьдарч, ямар гарал үүсэлтэй байх чинь биш, хэрхэн ажиллаж, хөгжиж байгаа чинь дэлхийн түвшний мэргэжилтэн болохыг тодорхойлдог. Олон улсын орчинд ажиллах хүсэлтэй бол, хаанаас ч, хэзээ ч эхэлж болно. Гол нь амбиц, суралцах хүсэл, нээлттэй сэтгэлгээ, хэлний чадвар хэрэгтэй.

    Монголдоо ажиллах нь ч олон үнэ цэнтэй чадварыг хөгжүүлдэг. Үндэсний соёлдоо суурилсан давуу тал, уян хатан байдал, шийдэл олох ур чадвар гээд гадаадад ч хэрэгтэй чанарууд ч Монголд их бий. Үүний тулд та Lambda Global -тай үргэлж цуг байгаарай. 

    Гадаад валютаар цалинжих, олон улсын туршлага хүсэж байвал, тасралтгүй суралцаж, өөрийгөө хөгжүүлсээр байх нь чухал. Монголд байнгаа ч дэлхийн түвшинд ажиллах боломж бий — гол нь зөв хандлага, зөв бэлтгэл юм.