Tag: Байгууллагын соёл

  • Ажил сонгохдоо байгууллагын соёлыг чухалчлах нь

    Ажил сонгохдоо байгууллагын соёлыг чухалчлах нь

    Та ажиллах газраа сонгохдоо байгууллагын соёлыг нь хэр чухалчилдаг вэ? 

    Ажлын байр сонгоход зөвхөн цалингийн хэмжээ, албан тушаал биш харин тухайн байгууллагын соёл танд хэр тохирох вэ гэдэг нь маш чухал үзүүлэлт болдог. Байгууллагын соёл гэдэг нь зөвхөн дүрэм журам төдий зүйл биш, харин ажлын уур амьсгал, хүмүүс хоорондын харилцаа, удирдлагын хандлага, ажилтнуудаа хэрхэн дэмждэг тухай цогц ойлголт билээ. Тэр утгаараа тухайн байгууллагын орчинд та өөрийгөө хэр тухтайгаар мэдрэх вэ, тэнд удаан хугацаанд аз жаргалтай, үр бүтээлтэй ажиллаж чадах уу гэдгээр соёл тодорхойлогдоно.

    Хэрэв тухайн компанийн үнэт зүйлс таны бодолтой нийцэхгүй байвал, анхнаасаа л ойлголцохгүй байдал үүсэж, ажлын сэтгэл ханамж бага байх магадлалтай. Тиймээс байгууллагын соёлыг судлахдаа тэдний вэбсайт, сошиал хуудсыг үзэх, одоогийн болон өмнө нь ажиллаж байсан хүмүүсийн сэтгэгдлийг унших, магадгүй танд таньдаг хүн байвал сэтгэгдэл, туршлагыг нь асууж олж мэдэх нь зүйтэй.

    Мөн ярилцлагын үеэр та сонгон шалгаруулалт хариуцсан ажилтнаас “Танай багийн уур амьсгал ямар вэ?”, “Шинэ санаа гаргасан хүнийг хэрхэн дэмждэг вэ?” зэрэг асуултуудыг асуувал тухайн байгууллага таны хувьд тохирох эсэхийг мэдэхэд бага ч гэсэн нөлөөлөх юм. Бид ажил дээрээ амьдралынхаа ихэнх цагаа өнгөрүүлдэг учраас өөрийгөө тухтай, хөгжиж чадна гэж мэдрэх тэр орчныг сонгох нь хамгийн чухал юм шүү. Тиймээс энэ нийтлэлээрээ та бүхэнд энэ тухай мэдээллийг хүргэхээр зорьсон юм.

    Байгууллагын соёлын тухай

    Байгууллагын соёл гэдэг нь байгууллагын доторх ажиллах арга барил, үнэт зүйлс, итгэл үнэмшил, хандлага, харилцаа, зан төлөвийн тогтолцоог илэрхийлдэг ойлголт юм. Энэ нь тухайн байгууллагын үйл ажиллагааг хэрхэн явуулах, ажилтнууд хоорондоо болон хэрэглэгчидтэй хэрхэн харилцах, шийдвэр гаргалт болон асуудал шийдвэрлэх арга хэлбэрүүдээр тодорхойлдог байна. Энгийнээр хэлбэл, “энэ байгууллагад ажилладаг хүмүүс хэрхэн сэтгэж, шийдвэрийг хэрхэн гаргаж, яаж ажилладаг вэ?” гэдэг асуултын хариу юм.

    Байгууллагын соёлын үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд:

    Үнэт зүйлс: Байгууллагын эрхэм зорилго, баримтлах зарчим. Жишээ нь: шударга байдал, хариуцлага, багийн ажиллагаа.

    Зан төлөв, хандлага : Ажилтнуудын өдөр тутмын харилцаа, ажиллах хэв маяг.

    Харилцааны хэв маяг: Дээд, дунд, доод шатны менежерүүд болон ажилтнуудын хоорондын харилцаа.

    Удирдлагын хэв маяг : Ерөнхий захирал болон менежментийн багийн манлайлал.

    Ёс зүй ба дүрэм журам: Дотоод журмууд, зан үйлтэй холбоотой хүлээлт.

    Байгууллагын соёл яагаад хэрэгтэй вэ?

    Сайн соёл нь байгууллагын амжилтын суурь болдог. Нэгдүгээрт, ажилтнууд ажлаа утга учиртай, дуртайгаар хийдэг болж, сэтгэл ханамж нэмэгддэг. Хоёрдугаарт, багийн харилцан ойлголцол, итгэлцэл сайжирснаар илүү үр дүнтэй хамтын ажиллагаа бүрддэг. Гуравдугаарт, тогтвортой, бүтээмж өндөртэй хамт олон төлөвшиж, ажилтнууд байгууллагад удаан хугацаагаар үлдэх хандлагатай болдог. Мөн үнэт зүйл, зорилго нэгтэй орчинд шийдвэр гаргалт хурдан, зөв явагддаг нь байгууллагын үр ашигт эерэгээр нөлөөлдөг давуу талтай.

    Сайн байгууллагын соёлтой компани ямар байдаг вэ?

    Нэг зорилгын төлөө нэгдсэн — Бүгд компанийн алсын хараа, үнэт зүйлсийг ойлгож, дагаж мөрддөг.

    Итгэлцэлтэй харилцаа — Менежмент болон ажилтнуудын хооронд итгэл, нээлттэй байдал ноёлдог.

    Өсөлт, хөгжлийг дэмждэг — Ажилтнуудын сурч хөгжих боломжийг бүрдүүлдэг.

    Шударга, ил тод удирдлага — Шийдвэрүүд ойлгомжтой, үндэслэлтэй.

    Шинийг эрэлхийлэгч, нээлттэй сэтгэлгээтэй — Бүтээлч санаа, шинэ санаачлагыг дэмждэг.

    Ажил, амьдралын тэнцвэрийг эрхэмлэдэг — Ажилтны сэтгэл зүй, сайн сайхныг анхаардаг.

    Дэлхийд байгууллагын соёлоороо үлгэрлэдэг компаниудыг дурдвал: Google нь ажилтнуудын бүтээлч сэтгэлгээ, чөлөөт орчинг дэмждэг соёлоор алдартай. Netflix  илүү гүйцэтгэлд суурилсан, эрх чөлөө ба хариуцлагыг хослуулсан соёлыг хэрэгжүүлдэг байна. Харин Toyota компани нь “Kaizen” буюу тасралтгүй сайжруулалтад тулгуурласан соёлтой юм.

    Байгууллагын соёлыг төлөвшүүлж, тасралтгүй хөгжүүлэх нь ажилтнуудын сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, багийн уялдаа холбоог сайжруулахад чухал үүрэгтэй юм. Үүний үр дүнд байгууллагын зорилго, стратегийг үр дүнтэй хэрэгжүүлэх боломж нэмэгдэж, шинэ ажилтнууд илүү хурдан уусаж, хүний нөөцийн тогтвортой байдал бий болно. Мөн байгууллагын соёл нь харилцагч, хэрэглэгч үйлчлүүлэгчдэд эерэг сэтгэгдэл төрүүлэх, байгууллагын нэр хүндийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулдаг байна.

    Хэрэв байгууллага өөрийн өвөрмөц соёлыг бүрдүүлэхийг зорьж байгаа бол юуны түрүүнд үнэт зүйлсээ тодорхойлж, эдгээрт нийцсэн ажиллах зарчим, хандлагыг хөгжүүлэхээс эхлэх нь зүйтэй. Харин аль хэдийн төлөвшсөн соёлыг улам боловсронгуй болгохыг зорьж буй үед ажилтнуудынхаа санал бодлыг сонсож, одоогийн байгууллагын соёлыг бодитойгоор үнэлэх нь чухал байдаг. Үүний дараа сайжруулалтын төлөвлөгөөг боловсруулан, шат дараатай хэрэгжүүлэхдээ менежерүүд манлайллын үүргийг илүү хүлээж, өөрсдийн үйл ажиллагаагаараа үлгэр дуурайл үзүүлэх нь үр нөлөөг улам нэмэгдүүлдэг байна.

    Байгууллагын соёлыг үнэлэх асуултууд 

    • Ажилтнууд байгууллагын үнэт зүйлсийг мэддэг үү?

    • Менежментийн баг ажилтнууддаа итгэдэг үү?

    • Ажилтнууд илэн далангүй санал бодлоо хэлж чаддаг уу?

    • Алдааг суралцах боломж гэж үздэг үү?

    • Шинэ санаачилга гаргахад хэр их дэмжлэг үзүүлдэг вэ?

    Ерөнхийдөө байгууллагын соёл нь тухайн байгууллагын цаашдын амжилт, тогтвортой байдал, ажилтнуудын сэтгэл ханамж, бүтээмжид асар их нөлөөтэй  ойлголт юм. Иймд байгууллагын соёлыг зарчимд суурилан зорилготойгоор бүрдүүлэх, үнэт зүйлсээр удирдах, үргэлж сайжруулах нь ажилтнуудын бүтээлч байдал, идэвх оролцоо, тогтвортой ажиллах үндэс суурь болдог.

    Бид өдөр бүр ихэнх цагаа ажлын байрандаа өнгөрүүлдэг тул тухтай, урамтай, өсөж хөгжих боломжтой орчинд ажиллах нь маш чухал. Тиймээс байгууллагын соёлыг тодорхой хэмжээнд урьдчилан судлан зөв шийдвэр гаргаж, ирээдүйд өөртөө итгэлтэй, сэтгэл ханамжтай ажиллах боломжоо нэмэгдүүлээрэй.

    Илүү олон ажилд орох зөвлөгөө, ярилцлагад бэлтгэх арга, карьер хөгжүүлэлтийн мэдээллийг манай LAMBDA платформоос аваарай.  

    Холбоотой нийтлэл унших: Зан төлөвтэйгээ таарах карьерын орчинг хэрхэн сонгох вэ?

  • Ажлын орчинд анхаарах ёстой 7 Red flag

    Ажлын орчинд анхаарах ёстой 7 Red flag

    Анхны өдөр гэгээлэг орчин, найрсаг инээмсэглэл дунд угтан авсан шинэ ажил тань хэдхэн долоо хоногийн дараа сэтгэл зовоосон, дарамттай санагдаж эхэлсэн бол яах вэ? Хэрэв та өөрийгөө буруу газар ирчихсэн мэт мэдэрч, саяхан ажилд орсон ч хаа нэг тийш зугтмаар санагдаж байвал — асуудлыг зөвхөн өөрөөсөө бус, харин ажлын орчноосоо нэг сайн харж дүгнэх хэрэгтэй.             

    LinkedIn-ийн 2024 оны “Workplace Trends” судалгаагаар мэргэжилтнүүдийн 63% нь “red flag” буюу анхааруулах дохио мэдрэгдэх үед шинэ ажлын байр хайж эхэлдэг гэжээ.

    Таны ажиллаж буй байгууллагад дараах 7 анхааруулах дохио ажиглагдаж байна уу?

    1.  Ажлын үүрэг тодорхойгүй, байнга өөрчлөгддөг

    Анкет илгээхэд бичсэн ажил үүргээс тэс өөр зүйл хийж байвал, эсвэл өдөр бүр шинэ даалгавар өгч, хариуцлага, чиглэл нь тодорхойгүй байвал энэ нь удирдлагын менежментийн сул тал, ажилтны эрхийг үл хүндэлж буйн хамгийн том илрэл юм.

    2. Илүү цагаар ажиллуулдаг ч нөхөн олговоргүй

    Зарим үед илүү цагаар ажиллах шаардлагатай байж болно. Гэвч энэ нь тогтмол, нөхөн төлбөргүй, зохион байгуулалтгүй бол таны ажил амьдралын тэнцвэр алдагдаж байна гэсэн үг.

    3. Хов жив, дарамт, ялгаварлал давамгайлсан орчин

    Хов жив, ялгаварлал, дарамт шахалт мэдрэгддэг бол энэ нь хортой соёл тогтсоны илрэл. Ийм орчинд бүтээлч байдал, итгэлцэл, хамтын ажиллагаа хөгждөггүй.

    4.  Хүний нөөцийн бодлого сул, ажилтнаа үл ойшоодог

    Гомдол гаргах боломжгүй, санал санаачилга сонсогддоггүй, дүрэм журам ойлгомжгүй бол байгууллага таныг хүн биш “нөөц” гэж үзэж байгаагийн дохио юм.

    5. Шүүмжлэлээр удирдаж “айдас дээр суурилсан” соёл

    Хүн бүр алдаанаасаа суралцаж, илүү сайжирдаг. Алдаанаас суралцах орчин байх ёстой атал ажилтнууд буруудах вий, алдчихвий гэж айж, илүү их стресстэй ажилладаг бол энэ нь урам зориг, бүтээмжид ноцтой сөргөөр нөлөөлдөг.

    6. Байнга шинэ хүмүүс ирж, тогтвортой ажилтан байдаггүй

    Шинэ хүн ирээд удахгүй ажлаа орхидог бол энэ нь байгууллагын соёл, удирдлагын арга барилд ноцтой асуудал байгааг илтгэнэ.

    7.  Таны үнэ цэнийг үгүйсгэж, хөгжих орон зай үгүйсгэдэг

    Хичнээн сайн ажилласан ч үнэлэгддэггүй, итгэл хүлээлгэдэггүй, өсөх боломжгүй бол энэ орчинд таны ирээдүй гэрэлтэй байх магадлал багатай.

    Хэрэв дараах шинжүүдээс 2 буюу түүнээс олон нь танд танил санагдаж байвал та асуудлыг үл тоох бус, өөрийгөө хамгаалах цаг иржээ.

    Тэгвэл одоо би юу хийх хэрэгтэй вэ? 

    • Цалин, туршлагад хууртах бус бодит нөхцөл байдлаа үнэлээрэй.

    • Найдвартай хүний нөөцийн мэргэжилтэн, эсвэл итгэлтэй нэгэнтэй нээлттэй ярилц.

    • Өөрийгөө буруутгах бус, зорилгоо санаж шийдвэр гарга.

    Таныг үнэлдэггүй, байнгын стресс, дарамт үүсгэдэг орчноос холдох зоригтой байгаарай. Та найрсаг, тогтвортой, хөгжих боломжтой орчинд ажиллах боломжтой, үнэ цэнтэй мэргэжилтэн юм шүү.

    Өөрийн үнэ цэнэ, ур чадвараа нээж, алсын хараагаа бодит болгох алхмуудыг хийхэд тань гүүр болох https://lambda.global/ платформ дээр  Монголын хамгийн шилдэг, таатай орчин нөхцөлтэй байгууллагууд таныг хайж, хүлээж байгаа шүү.

     

     

  • Гадаадаас ирээд Монголд хэрхэн карьераа шинээр эхлүүлэх вэ?

    Гадаадаас ирээд Монголд хэрхэн карьераа шинээр эхлүүлэх вэ?

    Гадаадад олон жил ажиллаж, сурч, амьдарч байгаад Монголдоо буцаж ирэхэд олон төрлийн мэдрэмж төрдөг. Зарим зүйлс танил санагдах ч, хөдөлмөрийн зах зээл, мэргэжлийн орчин тийм ч их тодорхой, ойлгомжтой санагдахгүй байж мэднэ.

    Гадаадад хуримтлуулсан мэдлэг, туршлагаа эх орондоо хэрэгжүүлнэ гэсэн хүсэлтэй эргэн ирж буй хүмүүс олон бий. Гэвч Монголын өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд хэрхэн дахин нэвтрэх вэ гэдэг нь тодорхой бус байдаг. Хэрэв та яг одоо ийм асуудалтай тулсан байгаа бол дараах хэрэгцээт, бодит зөвлөмжүүд танд тус болно.

     1. Боловсрол, туршлагаа зөв “илэрхийлж” ойлгуулах 

    Гадаадад сурсан, ажилласан туршлагынхаа үнэ цэнийг харуулахын тулд тэдгээрийг Монголын нөхцөлд тохируулан тайлбарлах хэрэгтэй.

    🎓 Хэрэв та гадаадад сурсан бол:

    Мэргэжлээ Монголын ямар салбаруудад хэрхэн ашиглаж болохыг товч тодорхой тайлбарла. Дипломын ажил, судалгаа, төслүүдээс практик жишээ оруул. Сурсан программ, ур чадваруудаа тодорхой бичиж болно.

    💼 Хэрэв та гадаадад ажилласан бол:

    Албан тушаал, үүргээ Монголын байгууллагуудад ойлгомжтой хэлбэрээр тайлбарла. Үр дүнгээ тодорхой  илэрхийл (ж. “Хэрэглэгчийн гомдлыг 40%-ар бууруулсан”). Ажилласан аргачлал, системүүдээ (CRM, Agile, Notion гэх мэт) дурдаад, хэт их гадаад үг хэллэг ашиглахаас зайлсхийх хэрэгтэй.

    Зөвлөмж: Гадаадад байсан гэж өөрийгөө хэт үнэлэхээс илүү, ямар асуудлыг хэрхэн шийдсэнээ ойлгомжтойгоор илэрхийлж чадвал таны туршлага илүү үнэлэгдэнэ.

    2. Одоогийн хөдөлмөрийн зах зээлийг судал

    Магадгүй, та сүүлд Монголд ажилласнаас хойш олон зүйл өөрчлөгдсөн байж мэднэ. Старт-ап орчин илүү идэвхтэй хөгжиж, гадаадын компаниуд илүү олон Монгол ажилтантай болж, олон улсын жишгийг даган дижитал ур чадвар эрэлттэй болсон. Гэвч ажил олох нь одоог хүртэл танил талаараа шийдэгддэг байдал хэвээр байх магадлал өндөр гэдгийг ойлгох нь чухал.

    Зөвлөмж: Lambda Global, Zangia,Worki, LinkedIn зэрэг платформоос ажлын зар харахтай зэрэгцэн тухайн салбарт ажиллаж байгаа хүмүүстэй холбогдоорой. Найз нөхөд, хуучин хамтран ажиллагсадтайгаа холбогдох нь мөн чухал.

     3. Танилын хүрээгээ дахин босгох(networking)

    Хэрэв та олон жил гадаадад байсан бол таны хуучин танилууд өөр салбар луу орсон, эсвэл бүр холбоо тасарсан байх магадлалтай. Тэглээ гээд та санаа зовох хэрэггүй. Жаахан цаг орох ч, шинээр танилын хүрээгээ бий болгоход л болно. Арван жил, их сургуулийн ангийнхан, хамтран ажиллаж байсан хүмүүс, багш нар зэрэг ойрын хүрээллээсээ эхлээрэй. Тухайн салбарын арга хэмжээнд оролцож, сургалт, сайн дурын ажилд нэгдэх боломжуудыг ашиглаарай.

    Зөвлөмж: Танил талаараа ажил хайхыг буруугаар бодох хэрэггүй. Монгол гэлтгүй, дэлхийн хаана ч “networking”- хийнгээ ажил хайх нь хэвийн зүйл байдаг. Танилын хүрээгээ тэлж, олон нийтийн дунд байж чадвал боломж өөрөө ирэх магадлалтай.

     4. “Reserve Culture Shock” -д орох магадлалтайг санах

    Мэргэжлийн орчны Монгол соёлд дахин дасан зохицох хэрэгтэйг та сайн ойлгож байсан ч, сэтгэлзүйн хувьд хүнд сорилтуудтай тулгарч мэднэ. Удирдлагын хэв маяг, удаан шийдвэр гаргалт, эсвэл хэт илэн далангүй шүүмжлэл гэх мэт зүйлс танд бухимдал төрүүлэхээр санагдаж болох талтай. Эхэндээ танд эх орондоо эргэн ирсэн ч гадны хүн мэт мэдрэмж төрөх болно. 

    Зөвлөмж: Монголд эргэн ирэх энэ үеэ шинэ соёлд дасан зохицох үйл явц мэтээр хүлээж аваарай. Монголын бодит нөхцөл байдлыг хэт их шүүмжлэлтэй хүлээн авалгүй, өөртөө дасан зохицох хугацааг харамгүй өгөөрэй. 

    5. Гадаадын туршлагаа даруугаар ашиглах

    Та зөвхөн гадаадад эзэмшсэн боловсрол, туршлагаасаа гадна, гадаад хэлний өндөр мэдлэг, олон улсын орчинд ажиллах арга барил, асуудлыг шийдвэрлэх уян хатан байдал, ёс зүйн арай өөр ойлголтыг ч авч ирж буй юм. Энэ бол асар их давуу тал. Гэхдээ эдгээр давуу талаа зөв цагт, зөв байдлаар хуваалцах хэрэгтэй.

    Дотоодын байгууллагын хэв маягийг хэт их шүүмжилж, “гадаадад ингэдэг” гэж яривал бусдын эсэргүүцэлтэй тулгарах магадлалтай. Харин “Бид ийм асуудалтай тулгарч байхад тэгж шийдэж байсан, Монголд ингэж туршиж үзэж болох болов уу?” гэх байдлаар хандвал илүү үр дүнтэй.

    Эцэст нь:

    Эх орондоо эргэн ирж байгааг “бүхнийг тэгээс эхэлж байна” гэж хэт хүндээр хүлээн авах хэрэггүй. Та амьдралынхаа нэлээд том бэрхшээл, дамжлагыг туулж, өөрийгөө хөгжүүлээд ирж байгаа. Хамгийн чухал нь энэхүү туршлагаа Монголын нөхцөлд ухаалгаар, уян хатан байдлаар хэрэгжүүлэх явдал юм.

    Lambda Global таныг дэмжихэд бэлэн байна. Бид гадаадад амьдарч, ажиллаж байгаад эх орондоо ирсэн олон залуустай хамтарч ажилладаг. Хэрвээ та одоо энэ замыг туулж яваа бол ганцаараа биш гэдгээ санаарай. Монголд таны туршлага, таны дуу хоолой, таны хувь нэмэр хамгийн их хэрэгтэй.

  • Ажилтай ч, ажилдаа сэтгэл хангалуун биш байна яах вэ?

    Ажилтай ч, ажилдаа сэтгэл хангалуун биш байна яах вэ?

    Өглөө бүр өнөөх л нэгэн хэвийн уйтгартай, залхсан янзаар ажилдаа арай гэж очиж, өдрийг ямар ч үр бүтээмжгүй өнгөрүүлж байгаа юм биш биз? Бүтэн цагийн ажилтай, орлоготой ч нэг л зүйл болж өгөхгүй, цаанаасаа л ядраад, урам зориг үгүйлэгдээд сэтгэл дундуур байна уу?  

    Хэрвээ та энэ мэдрэмжтэй өдөр бүр нүүр тулж байгаа бол дараах нийтлэлийг анхааралтай уншаарай. Танд хэрэгтэй үнэт зөвлөгөөнүүд энд байна.

    Gallup-ийн 2023 оны олон улсын судалгаагаар дэлхийн хэмжээнд ажилтнуудын зөвхөн 23% нь ажлын байрандаа бүрэн сэтгэл хангалуун байдаг гэж хариулжээ. Харин үлдсэн 77% нь “зүгээр л цалингаа аваад ажиллаж байна” эсвэл бүр “сөрөг сэтгэлтэй ажиллаж байна” гэжээ. 

    ❓ Яагаад ажилдаа сэтгэл ханамжгүй болдог вэ?

    1. Өсөлтгүй орчин

    Нэгэн хэвийн, давтагддаг ажил нь таны бүтээлч сэтгэлгээг бууруулж, улмаар өсөн дэвших боломжгүй мэт мэдрэмж төрүүлдэг.

    2. Удирдлагын арга барил

    Таны гаргасан шинэ санаа, шийдлийг байнга үгүйсгэх, хийж бүтээж байгаа ажлыг тань үнэлдэггүй удирдлагатай бол сэтгэл ханамж буурдаг байна.

    3. Ажлын ачаалал ба цалин

    Хэт их үүрэг хариуцлагатай, олон цаг ажиллаж байгаа ч цалингийн үнэлгээ бага бол сэтгэл ханамжийг үгүй хийдэг.

    4. Зорилгын зөрүү

    Та өөрийн хүсэл, үнэт зүйл, чадварт нийцэхгүй ажил хийж яваа бол ажилдаа ямар ч сэтгэл ханамжгүй, гацсан мэдрэмжтэй, эрч хүчгүй болдог.

    Энэ байдлаас хэрхэн гарах вэ?

    1.  Өөрөөсөө асуу

    • Энэ ажлын юу нь надад таалагддаггүй вэ?
    • Юуг өөрчилбөл илүү сэтгэл ханамжтай байж чадах вэ?

    2. Ажлын орчноо анхааралтай ажигла

    Асуудал ганц танд биш байж мэднэ. Багийн уур амьсгал, удирдлагын хандлага, ажлын зохион байгуулалтыг нэг сайн ажигла.

    3.  Бага багаар өөрчлөлт хий

    Шинэ ур чадвар эзэмших, өөр салбарт судалгаа хийх, эсвэл дотоод шилжилтэд оролцох зэрэг алхамууд таны урам зоригийг сэргээж чадна.

    4. Мэргэжлийн зөвлөгөө аваарай

    Карьер коуч эсвэл HR мэргэжилтэнтэй ярилц. Тэд танд шинэ өнцөг, гарц харуулж чадна.

    5. Гарах шийдвэрийг айдсаар биш, зорилгоор удирдуулах

    Заримдаа ажил солих нь таны эрүүл мэнд, урам зориг, цаашдын амьдралын чанарт хамгийн зөв шийдвэр байх тохиолдол бий.

    Ажилдаа сэтгэл хангалуун байх гэдэг нь цалин, албан тушаалын тухай биш. Энэ нь:

    • Хувь хүний хөгжил
    • Үнэлэмж
    • Харилцаа
    • Орчин
    • Зорилготой ажиллах мэдрэмж гэсэн олон хүчин зүйлтэй гүн холбоотой.

    Хэрэв та  ажилдаа сэтгэл хангалуун бус байвал энэ бол таны сул тал биш харин өөрчлөлтийн цаг ирснийг илтгэх дохио байж мэднэ. Ирээдүйнхээ төлөө хийж чадах хамгийн чухал хөрөнгө оруулалт болох өөрийгөө нээж, өөрчлөлт хийх чухал аяллаа  lambda.global-тай хамт эхлүүлээрэй.

  • Шинэ ажилд ороход хамгийн түрүүнд тавих шаардлага: Байгууллагын соёл

    Шинэ ажилд ороход хамгийн түрүүнд тавих шаардлага: Байгууллагын соёл

    Бид ажил дээрээ хоногийн 24 цагийнхаа дор хаяж 8 цаг, хамгийн ихдээ 12 цагийг зарцуулдаг. Ийм ч учраас хэнтэй ажиллаж байгаа, удирдагч нь ямар хүн болох гээд эдгээр зүйлсүүд хамгийн их ажил сонголтод нөлөөлдөг. Таны шинэ ажил сонгохдоо хамгийн түрүүнд тавьдаг шаардлага юу вэ?
    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2022 оны судалгаагаар, ажилтнуудын 64% нь ажлын байраа солих шийдвэр гаргахдаа цалингаас илүүгээр удирдлагын харилцаабайгууллагын соёл зэрэг орчны хүчин зүйлсийг илүү чухалчилдаг хандлага илэрсэн байна.

    Соёлтой байгууллага ямар байдаг вэ?

    • Итгэлцэлтэй удирдлага: Асуулт асуухад дарамт биш, боломж мэт хүлээж авдаг
    • Урам өгдөг хамт олон: Алдааг шүүмжлэх биш, сурч хөгжих боломж болгодог
    • Зорилгоо хамтдаа ойлгодог баг: “Чиний үүрэг” биш, “Бидний зорилго” гэсэн хандлагатай

    Харин эсрэгээрээ:

    • Хэт захиран тушаах удирдлага
    • Өрсөлдөөнт, эрс шүүмжлэлтэй орчин
    • Харилцаа дутмаг, багийн дэмжлэггүй орчин

    Эдгээр нь ажилтны бие сэтгэлд стресс үүсгэж, ажлын үр дүн буурахад болон цаашлаад ажлаас халшрах хам шинжид хүрэхэд нөлөөлдөг

    Ажил сонгохдоо өөрөөсөө асуух 3 асуулт:

    1. Энэ орчинд би санаа зовохгүйгээр өөрийгөө илэрхийлж чадах уу?
    2. Би зөвхөн ажлаа гүйцэтгэгч биш, багийн нэгэн гишүүн мэт мэдрэмж авах уу?
    3. Энд би зөвхөн ажиллах биш, хөгжих боломжтой юу?

    Одоо харин дээрх асуултууд таны компаний хараа зорилго, хувь хүний үнэ цэнтэй таарч байна уу шалгаад үзэцгээе.

    Байгууллагын соёлоо хэрхэн сайжруулах вэ?

    1. Үнэ цэн, зорилгоо тодорхой болго
    “Манай байгууллага юуны төлөө оршдог вэ?” гэдэг асуултанд ажилтан бүр нэг ижил хариулт өгч чадах уу?

    • Компанийн үнэт зүйл, эрхэм зорилго ханан дээр биш өдөр тутмын шийдвэрт тусгагдсан байх хэрэгтэй.
    • Үнэт зүйлсийг ажилтан бүртэй хуваалцдаг 15–30 минутын шинэ ажилтныг чиглүүлэх хөтөлбөр (onboiarding) хийх.

    2. Удирдлагын харилцаа соёлыг тодорхойлдог
    Удирдлагын ганц удаагийн “сайн ажиллалаа” гэдэг үг бүх багийн уур амьсгалыг өөрчилдөг.

    • Ажилтнуудын ажилд хэт хяналт тавихгүйгээр (micromanage) итгэл үзүүлэх
    • Шүүмжлэхээсээ өмнө сонсдог байдалыг тогтоох.

    3. Сонсоод өнгөрөх бус — сонсоод хэрэгжүүлдэг байх
    Ажилтнуудын саналын хайрцагтай ч хэн ч уншдаггүй бол соёлд сөрөг нөлөө үзүүлдэг.

    • Ажилтны санал асуулгын хариу арга хэмжээг нийтэд ил тод хуваалцах
    • “Саналын дагуу хийсэн өөрчлөлтүүд” гэх булан бий болгох

    4. Зөв хүн — Зөв орчин
    Соёл гэдэг бол зөв хүнээс эхэлдэг. Чадвараас гадна зан төлөв, багт тохирох байдал маш чухал.

    • Шинэ ажилтны сонгон шалгаруулалтанд зөөлөн чадвар-т (soft skill) суурилсан зан төлөвт суурилсан ярилцлага нэмэх. Энэ нь ажилтны өмнөх туршлагуудлыг таньж мэдэх болон танай байгууллагын соёлд хэр нийцтэйг шалгах зорилготой.

    5. Баяр хөөртэй амьд уур амьсгал
    Соёл гэдэг бол зөвхөн дүрэм, процесс биш. Хүмүүсийн баяр баясал, хоорондын холбоо юм.

    • Тэмдэглэлт өдрүүдийг албан ёсны байдлаар биш, багаар тэмдэглэх боломж олго
    • Ажилтныг таньж хүлээн зөвшөөрдөг дотоод “талархлын соёл” бий болго

    Эцэст нь..
    Байгууллагын соёл бол бичигдсэн уриа биш, өдөр бүр ажилтнуудын мэдэрдэг орчин юм. Итгэлцэл, харилцаа, дэмжлэгтэй уур амьсгал нь хүмүүсийг үлдээж, хөгжүүлдэг. Харин захиран тушаах, үл ойшоох хандлага нь байгууллагын үнэ цэнийг бууруулдаг.
    Соёлыг сайжруулахын тулд том өөрчлөлт биш — жижиг бөгөөд бодит алхмууд тогтмол шаардлагатай.

    Lambda.Global бол зөв хүн, зөв орчин, зөв соёлыг холбох гүүр юм.

    Зөв орчин — илүү бүтээмж — илүү тогтвортой хамт олон бий болдог.

    .

  • Хүний нөөцийн бодлого гэж юу вэ?

    Хүний нөөцийн бодлого гэж юу вэ?

    Хүний нөөцийн бодлого нь байгууллагын хүний нөөцийн удирдлагыг зохион байгуулах, хянах, хөгжүүлэх, хамгаалах болон ажлын орчны таатай нөхцөл бүрдүүлэх үйл явцын үндэс юм. Энэхүү бодлого нь тухайн байгууллагын амжилтад хүрэхэд чиглэсэн, ур чадвартай, үр бүтээмж өндөртэй ажилтнуудыг сонгох, хөгжүүлэх, удирдах болон тэдний хүслийг хангах олон хүчин зүйлийг багтаадаг.

    ЭНД ДАРЖ Шилмэл талентуудаар багаа бүрдүүлээрэй.

    Хүний нөөцийн бодлого нь зөвхөн ажилтан сонгох, цалин хөлс тооцохтой холбоотой асуудал биш, харин байгууллагын стратегийн бүрдэл хэсэг, түүний уур амьсгал, байгууллагын соёл, үр дүн, хүчин чармайлттай холбоотой бүх үйл ажиллагааг зохицуулдаг. Энэ бодлогын гол зорилго нь байгууллагын зорилго, алсын хараа, үнэт зүйлсийг ажилтнуудаас бүрдүүлж, тэдний хөгжлийг дэмжихэд оршино.

    Хүний нөөцийн бодлого байгуулахад анхаарах чухал элементүүд

    1. Ажилтнуудын сонгон шалгаруулалт, бүрдүүлэлт
      Хүний нөөцийн бодлогын хамгийн чухал хэсэг нь ажилтнуудыг сонгох үйл явц юм. Байгууллага зөв хүнээ сонгохын тулд тухайн албан тушаалд тохирох мэдлэг, ур чадвар, туршлагатай хүмүүсийг тодорхойлж, тэднийг сонгон шалгаруулах шаардлагатай. Энэ нь зөвхөн ажилтны хувьд чухал биш, байгууллагын бүтээмж, ирээдүйн хөгжлийг тодорхойлдог.
      Хүний нөөцийн менежерүүдийн хувьд ажилтнуудад зориулсан шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлох, тэдний ур чадвар, мэдлэг, хувь хүний зан чанарыг үнэлэх, өөрийн хүссэн ажилтны профайлыг зохиох нь хамгийн эхний алхам юм. Түүнчлэн, ажлын орчинд олон янзын соёл, үзэл бодол, хандлага бүхий ажилтнуудаас бүрдсэн багийг бий болгох нь байгууллагын бүтээмжид эерэг нөлөө үзүүлдэг.
    2. Сургалт, хөгжлийн боломжууд
      Ажилтнуудын сургалт, хөгжлийн стратеги нь байгууллагын нөөцийн удирдлагын гол хэсэг юм. Ажилтнуудад тогтмол сургалт хийх, ур чадварыг шинэчлэх, техник технологийн хөгжлийг даган сайжруулан суралцах нь байгууллагын хөгжлийн үндэс болдог. Энэ нь тухайн ажилтанд ч хэрэгтэй бөгөөд хамт олны нийт бүтээмжийг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй.
      Байгууллагууд нь ажилтнуудын ур чадварыг хөгжүүлэх зорилгоор янз бүрийн сургалт, семинар, ажлын туршлага солилцох хөтөлбөрүүдийг санал болгодог. Мөн энэ нь ажилтнуудыг илүү ур чадвартай болгох төдийгүй байгууллагын дотоод орчин, хамтын ажиллагааг сайжруулахад ч тусалдаг.
    3. Цалин хөлс, урамшуулал, шагнал
      Ажилтнуудад санал болгож буй цалин хөлс болон урамшуулал нь байгууллагын хүний нөөцийн бодлогын чухал хэсэг юм. Цалин хөлс нь зөвхөн эргэлдэж буй мөнгөний хэмжээ биш, харин тухайн ажилтны мэргэшлийн түвшин, бүтээмж, байгууллагын үнэт зүйлсэд нийцэхүйц үнэлгээ байх ёстой.
      Түүнчлэн, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай байх нь байгууллагын хувьд чухал. Ажилтнуудыг шилжүүлэн, шинэ ажилтан татах болон одоогийн ажилтнуудыг хадгалахын тулд сайн цалин, урамшуулал, төрөл бүрийн хөнгөлөлт болон сургалтын хөтөлбөрүүдийг санал болгох нь зүйтэй. Энэ нь ажилтнуудын сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, олон жил тогтвортой ажиллах хүсэлтийг бий болгодог.
    4. Ажилтнуудын сэтгэл ханамж, эрүүл мэндийн бодлого
      Ажилтнуудын сэтгэл ханамж нь байгууллагын хүний нөөцийн бодлогын хамгийн чухал хэсэг юм. Сэтгэл ханамж нь тухайн ажилтны бүтээмжид нөлөөлж, байгууллагад ажиллах хүсэл, эрч хүчийг нэмэгдүүлдэг. Эдгээрийг тодорхойлохын тулд байгууллагын захиргаанаас сэтгэл ханамжийн судалгаа явуулж, хэрхэн ажилтнуудын санал хүсэлтийг авч, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэгт анхаарах хэрэгтэй.
      Ажилтнуудын эрүүл мэндийг дэмжих нь бас чухал. Байгууллага эрүүл ажлын орчин бүрдүүлж, ажилтнуудын сэтгэл санааг дэмжих, бие махбодийн эрүүл мэндийг сайжруулах олон төрлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ёстой. Хэрэглэгчийн сайн орчин нь бүтээмжтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлж, урт хугацаанд тогтвортой үр дүнг бий болгодог.
    5. Тогтвортой байдал, ёс зүй
      Байгууллагын хүний нөөцийн бодлогын зайлшгүй нэг хэсэг нь ёс зүй, шударга байдлыг хангах асуудал юм. Ажилтнуудын ёс зүйг дэмжих, харилцан хүндэтгэлийг бий болгох нь амжилттай хүний нөөцийн удирдлагын нэг чухал элементийг бүрдүүлдэг. Тиймээс байгууллагууд хүний нөөцийн бодлогоо ил тод, шударга байлгах хэрэгтэй.
      Ёс зүйтэй байх нь байгууллагын дотоод соёл, гадаад харилцаанд ч чухал нөлөөтэй. Мөн эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн хүйсийн тэгш эрхийг хангах, олон улсын нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн сайн туршлагуудыг хэрэгжүүлэх нь байгууллагын нэр хүндийг нэмэгдүүлдэг.
    6. Бүтцийн оновчлол
      Ажилтнуудыг зөв сонгосны дараа, тэднийг байгууллагын бүтэц болон багийн ажиллагаанд нөлөөлөхүйц байдлаар байрлуулж, уялдаа холбоог бий болгох нь чухал юм. Байгууллага нь багийн гишүүдийн ур чадвар, туршлагыг зөв хослуулан ажилладаг командуудыг бүрдүүлэх хэрэгтэй. Багийн гишүүдийн хоорондын харилцан хүндлэл, итгэлцэл, харилцан ойлголцол нь багийн үйл ажиллагааг эрчимжүүлдэг.

    Дүгнэлт

    Хүний нөөцийн бодлого нь байгууллагын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, үйл ажиллагааны үр дүнг сайжруулах үндэс болдог. Ажилтнуудыг зөв сонгох, хөгжүүлэх, ажилтнуудын сэтгэл ханамжийг дээшлүүлэх, тэдний бүтээмжийг нэмэгдүүлэх болон байгууллагын үнэт зүйлсийг хэрэгжүүлэх нь хүний нөөцийн бодлогын гол зорилт юм. Байгууллагын стратегийн хүрээнд тогтвортой, шударга, бүтээмжтэй ажиллах орчинг бүрдүүлэх нь амжилттай хүний нөөцийн бодлогын үндэс болно.

    ЭНД ДАРЖ Шилмэл талентуудаар багаа бүрдүүлээрэй.