Tag: Ажиллах орчин

  • Зайнаас ажиллах боломжийн тухай

    Зайнаас ажиллах боломжийн тухай

    Одоо үед эзэмшсэн чадвар, хуримтлуулсан туршлагаараа гэрээс ажиллах боломжтой ажлууд улам бүр нэмэгдэж, хүмүүс карьерынхаа шинэ хэлбэрээр сонгох боломжтой болсон. Ялангуяа уян хатан цаг, байршлаас үл хамаарах орлого, ажил амьдралын тэнцвэрийг сайжруулах хүсэлтэй хүмүүсийн хувьд энэ нь бодит боломж болж байгаа билэжж. Энэ нийтлэлээр гэрээсээ буюу хаанаас ч ажиллах боломжтой ажлыг зөв сонгож эхлүүлэх, тогтвортой орлого болгох бодит алхмуудын тухай өөрийн бодлоо хүргэж байна.

    Юуны өмнө та өөрийн ур чадвараа бодитоор үнэлэх хэрэгтэй. Гэрээс ажиллах ажлууд ихэвчлэн тодорхой чадварт суурилдаг. Жишээ нь: зураг авах, контент бичих, орчуулга хийх, сошиал медиа идэвхжүүлэлт, график дизайн, хэрэглэгчдэд мэдээлэл өгөх, борлуулалт хийх зэрэг ажлууд түгээмэл байдаг. Хэрэв танд эдгээрээс аль нэг чадвар байгаа бол ажлын платформд бүртгүүлээд эхлээрэй. Харин туршлага багатай бол богино хугацааны сургалт, дадлага хийж чадвараа нэмэгдүүлэх нь хамгийн зөв алхам болох юм. Мөн танилын хүрээ, холбоо харилцаа нь ийм төрлийн ажил хайж олоход бас чухал санагддаг.

    Дараагийн нэгэн чухал зүйл бол өөрийгөө онлайн орчинд зөв танилцуулж, байршуулах юм. Энэ нь таны сайн боловсруулан чанартай CV, ажлын портфолио, LinkedIn профайл, эсвэл тухайн ажлын платформ дээрх танилцуулга байж болно. Мөн сошиал буюу facebook, instagram ч бас нөлөөтэй байдаг. Хүмүүс найз нөхөд болон салбарын хүмүүстээ өөрийн хобби, чадвар, хүсэл мөрөөдөл, дуртай зүйлс, хувь нэмэр оруулж буй чаддаг зүйлсээ сошиал орчин контент болгон хуваалцдаг билээ.

    Зайнаас ажиллах ажлын хамгийн том давуу тал бол дэлхийн зах зээлд нэвтрэх боломж юм. Та зөвхөн Монголд биш, гадаадын компани, стартап, хувь хүмүүстэй хамтран ажиллах ч боломжтой. Үүний тулд англи болон бусад шаардлагатай хэлний суурь мэдлэг, мэргэжлийн чадварууд болон албан харилцааны чадвар зэрэг маш чухал. Ялангуяа имэйл бичих, онлайн уулзалтанд өөрийгөө ойлгомжтой илэрхийлэх чадвар, гүйцэтгэл, хариуцлага гэх мэт нь таныг бусдаас ялгаруулна.

    Мөн түүнчлэн бүх зүйл ярьж, хэлж байгаа шиг тийм хялбар байдаггүй. Эхний орлогоо олох, цалингаа авах хүртэл тууштай байх нь хамгийн том сорилт болдог. Зарим хүмүүс нэг хоёрхон удаа оролдлого хийгээд бууж өгдөг. Гэхдээ ийм төрлийн ажиллах арга барил нь нэг өдөрт бүтдэг зүйл биш юм. Та заримдаа эхний хэдэн ажлаа бага төлбөртэй хийж туршлага хуримтлуулах, review авах, портфолиогоо баяжуулах хэрэгтэй ч болж болно. Энэ бол урт хугацааны хөрөнгө оруулалт гэдгийг ойлгох нь чухал билээ.

    Мөн хувь хүний хөгжил, ажлын сахилга бат, хариуцлага, цаг хугацаанд нь чанартай ажил гүйцэтгэх, өөрийгөө удирдах чадвар зайлшгүй хэрэгтэй. Гэрээс ажиллах үед хэн ч таныг бүрэн хянахгүй учраас цагийн менежмент, анхаарал төвлөрөл, тасралтгүй хөгжих дадал хамгийн чухал болно. Өдөр тутмын ажлын төлөвлөгөө гаргах, анхаарал саринуулах хүчин зүйлсийг багасгах, амралт болон ажлын тэнцвэрийг хадгалах нь таны бүтээмжийг тодорхойлно.

    Lambda платформ нь чадварлаг хүмүүсийг зөв ажлын байртай холбох зорилготой тул та өөрт тохирсон боломжийг илүү хурдан олох боломжтой. Талентын анхаарах зүйл нь зөв мэдээлэл бүхий чанартай профайл, тодорхой шалгарсан ур чадвар мөн идэвхтэй оролцоо юм. Та өөрийгөө зөв байршуулж чадвал сайн ажил таныг олж ирдэг.

    Ерөнхийдөө гэрээс болон зайнаас ажиллах нь өөрийн үнэ цэнийг зах зээлд гаргах шинэ хэлбэр болсоор байна. Та өөрийгөө тасралтгүй хөгжүүлж, бас тууштай байж, зөв стратеги баримталж чадвал гэрээсээ ажиллах нь тогтвортой, өсөлттэй карьер болж чадна. Lambda дээр маш олон төрлийн ai хичээлүүд нэмэгдсээр байгаа тул өдөртөө тодорхой цагийг шинэ зүйлст суралцахад зарцуулахаар төлөвлөөрэй. Хамгийн гол нь ийм чадвар таны үнэт цагийг хэмнэж, бүтээмжийг бас үнэлэмжийг өсгөх ач холбогдолтой юм. 

  • Ажиллах бүтээмжээ хэрхэн нэмэгдүүлэх вэ

    Ажиллах бүтээмжээ хэрхэн нэмэгдүүлэх вэ

    Та өдөртөө хэр бүтээмжтэй ажилладаг талаараа бодож, эргэцүүлж үзсэн үү. Их ажил хүнийг ядраадаггүй, харин эмх замбараагүй байдал ядраадаг гэдэг үг байдаг даа. Төлөвлөгөөтэй, цэгцтэй бас хувь хүн өөрөө сайн зохион байгуулалттай байх нь ажлын үр дүн бүтээмж, амьдралын хэв маяг болон сэтгэл зүйн эрүүл мэндэд нөлөө үзүүлдэг чухал ойлголт юм. Хэт их ачаалалтай, үргэлж завгүй байсны оронд харин бүтээмж өндөртэй илүү ухаалаг ажиллаж чаддаг байх нь бидний сэтгэл санаа, эрүүл мэндэд тустай билээ.

    Миний хувьд бүтэн цагаар ажиллаж байгаа үед хамгийн сайн төвлөрч чаддаг цаг бол үдээс өмнөх үе байдаг. Өдрийг эхлүүлэхдээ өглөөний цайгаа тухлан уугаад, кофегоо хажуудаа тавиад хамгийн чухал ажлуудаа өглөөний цагт амжуулсан нь үр дүнтэй санагддаг. Хэрвээ боломжтой бол уулзалт, хурал, ярилцлага зэрэг бусад ажлуудыг өдрийн болон үдээс хойш хуваарилахад илүү тохиромжтой байдаг юм шиг. Цайны цагиийн дараа цаанаасаа л эрч хүч сулраад анхаарал төвлөрүүлэхэд хэцүү болчихдог.

    Ажлуудаа ер нь тухайн долоо хоногийн эхэнд нь юуг хийх хэрэгтэй, юу хамгийн түрүүнд хугацаагаараа чухал болохыг дэс дараагаар нь төлөвлөөд явахад цэгцтэй. Мөн миний нэг арга нь тухайн өдөрт гүйцэтгэсэн ажил, уулзалтын тэмдэглэл зэргээ дор бүр нь бичиж, хадгалаад явдаг. Ингэхээр ажлуудыг мартаж, орхигдуулахгүйгээс гадна, дараа нь тайлан хэлбэрээр хувиргахад ч амархан.

    Харин ажлын цагийн хуваарь илүү уян хатан, чөлөөтэй байгаа тохиолдолд бүх зүйл танаас бүрэн хамаарна. Ажлаа бүтэн өдөржин сууж хийнэ үү эсвэл 2-3 цагийн дотор хийнэ үү энэ таны сонголт, таны хариуцлага юм. Өөртөө болон гэр бүлдээ илүү их цаг зарцуулахыг хүсч байвал та ажлаа маш богино хугацаанд, өндөр бүтээмжтэй гүйцэтгэхэд л хангалттай. Би хувьдаа хамгийн хэцүү ажлыг хамгийн эхэнд барьж авдаг. Алхам алхмаар хичээж байхад ард нь гарахгүй зүйл гэж байхгүй билээ. Ингэснээр сэтгэл зүйн байдал ч илүү тайван, тогтвортой болж байгаа юм шиг санагдаад эхлэх болно.

    Мөн ямар ч их ажилтай, ачаалалтай байсан дундуур нь завсарлага авч амарч байгаарай. Тэр үедээ орчноо сольж, цэвэр агаар амьсгалж, дуртай зүйлээ уух, ажлын найзтайгаа ярилцах гэх мэт дэлгэцнээс түр холдох олон хэлбэр байж болно. Энэ нь тархийг цэнэглэж, эрч хүч өгөх ач холбогдолтой юм. Үргэлж олон ажлыг зэрэг амжуулах нь зөв байдаггүй. Энэ дунд өөрийгөө хэт дайчилснаар алдаа гаргах, ядрах стресс үүсэх магадлалтай учраас тухайн үедээ нэн шаардлагатай нэг ажилд л төвлөрч сураарай.

    Эмх цэгцгүй орчинд ажиллахад анхаарал амархан сарниад байдаг. Харин ширээгээ цэвэрхэн байлгаж, компьютер дээрх файлуудаа эмхэлж цэгцлэхэд сэтгэл хүртэл тайван болдог. Тиймээс тодорхой хугацаанд гүн төвлөрч ажиллахдаа утсаа түр унтраах эсвэл notification-оо хаах, сошиал медианаас хол байх, аль болох чимээгүй орчинд суугаад үзээрэй. Ийм байдлаар хамгийн чухал ажлуудаа хийж чадвал ажлын үр дүн мэдэгдэхүйц сайжрах болно.

    Мөн түүнчлэн бүх ажлыг өөр дээрээ авах гэж оролдох нь эцэстээ биеийн болон сэтгэл зүйн ядаргаа, стресс рүү хөтөлдөг. Тиймээс хааяа ч болов үгүй гэж хэлж байх нь таны цаг, эрч хүчийг хамгаалах нэгэн чухал алхам юм. Өөрийн зорилготой нийцэхгүй, үнэ цэнэ багатай ажлуудаас татгалзаж чадвал илүү чухал зүйлдээ төвлөрч, бүтээмжээ хадгалж чадна.

    Хамгийн чухал зүйл нь амралтын өдрүүдийг өөрийгөө цэнэглэх чанартай цаг гэж харах хэрэгтэй юм. Хангалттай чанартай нойр авч, эрүүл хоол хүнс идэж, амралтын өдрөө өөртөө зориулах нь бие махбод, сэтгэл санааг сэргээдэг. Ингэснээр илүү тайван, төвлөрөл сайтай болж, ажлаа илүү үр дүнтэй, чанартай хийх боломжтой болно. Өөрөөр хэлбэл, зөв амарч чаддаг хүн илүү тогтвортой эрч хүчтэй бас бүтээмжтэй ажиллаж чаддаг билээ. Ялангуяа улирал солигдох үед дархлаагаа дэмжиж, дуртай зүйлдээ цаг гаргаарай.

  • Компаниуд чадварлаг талентын төлөө өрсөлдөж байна уу

    Компаниуд чадварлаг талентын төлөө өрсөлдөж байна уу

    Өөрт тохиромжтой ажлын байраа хайж олох, эсвэл тухайн ажлын байранд хамгийн сайн зохицох тогтвортой ажиллах талентыг олж авна гэдэг хамгийн чухал билээ. Хэдэн жилийн өмнө компанийг гуйж, өөрийгөө баталж маш их хичээж ажилд ордог байсан бол одоо эсрэгээрээ компаниуд тухайн шилдэг талентыг шударга өрсөлдөхүйц цалин, бусад давуу талуудаараа өрсөлдөн авдаг болсон байна гэж хүмүүс хоорондоо ярихыг олон сонссон юм.

    Бодит байдал үнэхээр яг ийм байгаа эсэхийг баттай мэдэхгүй ч үүнтэй холбоотой компаниудад анхаарах хэрэгтэй чухал бодлогын асуудлууд байсаар байна. Мэдлэг чадвартай хүмүүсийг ажилд аваад, ажиллах нөхцлийг нь бүрдүүлж, тогтвортой ажиллуулах, үнэ цэнтэй хөрөнгө оруулалт бий болгох нь байгууллага бүрийн чухал зорилгын нэг байх ёстой.

    Дижитал шилжилт, хиймэл оюун ухаан, автоматжуулалт хурдацтай хөгжсөн энэ үед технологи өөрөө давуу тал байхаа больсон. Хэн ч ижил төрлийн программ, ижил хэрэгсэл ашиглаж чадна. Харин тэр боломжийг ашиглаж бодит үр дүн гаргах чадварлаг мэргэшсэн ажилтан бол маш ховор нөөц билээ. Тиймээс компаниудын жинхэнэ ялгарал нь бүтээгдэхүүнээсээ илүү түүний ард байгаа хүмүүсээр хэмжигдэх болсон гэхэд хилсдэхгүй.

    Боловсролын зэрэг, мэдлэгээс ч илүү чухал зүйл бол түүнийг зөв ашиглах чадвар гэдгийг ажил олгогчид дүгнэж байна. Нэг асуудлыг өөр өнцгөөс харах, шийдэл олох, хурдан суралцах чадвар гэх мэт нь үнэ цэнтэй болсоор байна.

    Өчигдөр ажиллаж байсан арга маргааш хуучирч болдог болсон технологийн эрин үед суралцах, хөгжих, дасан зохицох чадварууд эзэмшсэн талентууд хамгийн их хэрэгтэй. Иймээс компаниудад өөрчлөлтөд дасан зохицож, шинэ боломж олж хардаг хүмүүсийг илүү үнэлж байна. Бүтээмжтэй ажиллах нь ажлын дийлэнх үр дүнг илэрхийлдэг билээ.

    Нөгөө талаас, компаниудын ажилтнуудаа татах арга барил ч өөрчлөгдөх хэрэгтэй юм. Зөвхөн өндөр цалин санал болгох нь хангалтгүй байдаг. Хүмүүс утга учиртай ажил, өсөх боломж, өөрийгөө хөгжүүлэх орчин, уян хатан нөхцөлийг илүү чухалчилж эхэлсэн. Ажлын орчин, багийн уур амьсгал, удирдлагын хандлага хүртэл шийдвэр гаргахад нөлөөлдөг гол хүчин зүйлсийн нэг болсоор байна.

    Туршилтын хугацаанд ажиллах болон жинхлэх тухайд хэт нэг талыг барьсан ойлголт заримдаа байдаг. Ажил олгогч нь ажлын ярилцлага дээр манай байгууллагад таны ур чадвар, туршлага, ажиллах арга барил тэнцвэл, та өөрийгөө баталж харуулвал бид энэ ажлын байранд таныг жинхлэнэ гэж ярилцлагадаа хэлдэг байдлыг олон сонсож байлаа. Нэг талаас ийм нөхцөл байж болох ч нөгөө талд талентын хувьд ч тухайн байгууллагын соёл, орчин уур амьсгал, хүний үйл ажиллагааны бодлого, цалин хангамж зэрэг олон хүчин зүйлийг анзаарч өөрийн зүгээс үргэлжлүүлэн ажиллах шийдвэрээ баттай гаргах нөхцлийг нээлттэй бас шударга байлгах нь нэн чухал юм. Энэ нь хэн хэнээ хоёр талд сонгох шийдвэр гаргаж байнаа л гэсэн үг билээ.

    Энэ сэдэвт хөндсөн нөхцөл байдал нь ажил хайж буй хүмүүст ч бас зарим давуу талыг авчирч байна. Өмнө нь хүмүүс өөрийгөө ажил горилогч гэж хардаг байсан бол одоо өөрийн ур чадвар, туршлагаа үнэлж, хаана илүү үнэ цэн бүтээж чадах вэ гэдгээ бодох цаг иржээ. Өөрөөр хэлбэл, компани таныг сонгохоос гадна та ч компанийг сонгодог болсон байна.

  • Ажлаа солих шалтгаан үргэлж цалин байдаггүй

    Ажлаа солих шалтгаан үргэлж цалин байдаггүй

    Орчин үеийн байгууллагын амжилт зөвхөн стратеги, бүтээгдэхүүн, технологиос шалтгаалахгүй. Үүний ард хамгийн чухал хүчин зүйл бол удирдлагын харилцаа болон багийн дотоод уур амьсгал юм. Удирдлагын ажилтнууд ажилчидтайгаа хэрхэн харилцаж, шийдвэр гаргаж, итгэлцэл бий болгож байгаа нь байгууллагын бүтээмж, тогтвортой хөгжилд шууд нөлөөлдөг.

    Удирдлагын харилцаа гэдэг нь зөвхөн тушаал өгөх, хяналт тавих үйл явц биш бөгөөд илүү өргөн хүрээтэй, олон талт харилцааны систем юм. Энэ нь багийн гишүүдтэй ойлгомжтой, нээлттэй байдлаар харилцаж, зорилго болон хүлээлтийг тодорхой хүргэхээс эхэлдэг. Мөн харилцан итгэлцэл бий болгож, ажилтнууд өөрсдийгөө аюулгүй орчинд илэрхийлэх боломжтой соёлыг бүрдүүлдэг.

    Ажлаа солихоос өмнө хамгийн түрүүнд шалгах зүйл: Шууд удирдлага

    Ажил хайж байхдаа хүмүүс ихэвчлэн цалин, байршил, нэр хүндийг хамгийн түрүүнд хардаг. Гэвч урт хугацааны ажлын сэтгэл ханамжийг тодорхойлдог хамгийн чухал хүчин зүйл бол таны өдөр тутмын орчин болон удирдлагын харилцаа байдаг. Удирдлага таныг үнэхээр сонсож чаддаг уу, санал бодлыг чинь үнэлж авч үздэг үү, эсвэл зөвхөн доороос ирсэн мэдээллийг нэг талын байдлаар шийддэг үү гэдэг нь ажлын туршлагад шууд нөлөөлнө. Мөн алдаа гаргах боломж олгож, түүгээр дамжуулан суралцах орон зай бий болгож чаддаг эсэх, шийдвэр гаргалтад ажилтнуудаа оролцуулдаг эсэх нь тухайн байгууллагын соёлын чанарыг илтгэнэ. Зарим удирдлага зөвхөн шүүмжлэл дээр төвлөрдөг бол зарим нь хөгжүүлэлт, өсөлтөд чиглэсэн дэмжлэг үзүүлдэг. Яг энэ ялгаа нь ажилтан тухайн ажлыг удаан хугацаанд хийх үү, эсвэл богино хугацаанд орхих уу гэдгийг шийддэг гол хүчин зүйл болдог. Тиймээс өндөр цалинтай байсан ч удирдлагын харилцаа муу, дэмжлэггүй орчинд хүн урт хугацаанд тогтвортой байж чаддаггүй.

    Хортой удирдагч гэж ямар хүн байдаг вэ?

    Олон хүн токсик ажлын орчныг ойлгодог ч яг юунаас үүсдэгийг анзаардаггүй. Ийм орчинд ажилтнууд “ажлаа хийх” биш алдахгүй байхад төвлөрдөг.

    Токсик удирдлагын шинжүүд:

    • Байнга микроменежмент хийх (micro-management)
    • Алдааг шийтгэл гэж үзэх
    • Санал бодлыг үл тоох
    • Ил тод бус шийдвэр гаргах
    • Багийн дотор айдас бий болгох

    Сайн удирдлага харин таны карьерийг хурдлуулдаг

    Сайн удирдлагын хамгийн том ялгаа нь тэд таныг зөвхөн ажил гүйцэтгүүлэхийн тулд ашигладаггүй, харин ур чадвар, сэтгэлгээ, хандлагыг чинь хөгжүүлэхэд чиглэдэгт оршдог. Ийм орчинд ажиллах үед та зүгээр нэг даалгавар биелүүлэгч биш, харин тасралтгүй өсөж хөгжиж буй мэргэжилтэн болж хувирна. Шинэ ур чадварыг хурдан хугацаанд эзэмших боломж нэмэгдэж, алдаа гаргахаас айх айдас багасч, туршиж сурах соёлд орно. Мөн илүү том хариуцлага үүрч, бодит шийдвэр гаргалтад оролцох боломж нэмэгдэхийн хэрээр таны итгэлцэл, туршлага зэрэгцэн өсдөг.

    Ийм орчин нь зөвхөн тухайн үеийн ажлын гүйцэтгэлд нөлөөлөөд зогсохгүй, таны ирээдүйн карьерын үнэ цэнийг шууд тодорхойлдог. Өөрөөр хэлбэл сайн удирдлага гэдэг нь таны өнөөдрийн ажлыг хөнгөвчлөхөөс илүүтэй, маргаашийн боломжийг нээж өгдөг хамгийн хүчтэй хөрөнгө оруулалт юм.

    Удирдлагын харилцаа сайн байгууллагуудын хувьд дараах үзүүлэлтүүд тогтмол сайжирдаг:

    • Ажилтны бүтээмж нэмэгдэх
    • Алдаа, давхардсан ажлууд буурах
    • Харилцааны зөрчил багасах
    • Хэрэглэгчийн үйлчилгээний чанар сайжрах
    • Багийн хурд ба шийдвэр гаргалт түргэсэх

    Энэ нь эцсийн дүндээ байгууллагын орлого, өрсөлдөх чадварт шууд эерэг нөлөө үзүүлдэг.

    Удирдлагын харилцаа бол багийн уур амьсгалын хамгийн чухал суурь хүчин зүйл бөгөөд байгууллагын соёл, хүний нөөцийн тогтвортой байдал, инноваци, бизнесийн өсөлтийг тодорхойлдог суурь стратегийн систем билээ. Зөв харилцаа нь итгэлцэл, бүтээмж, сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, байгууллагыг тогтвортой амжилт руу хөтөлдөг.

    Иймээс байгууллага бүр удирдлагын харилцааг стратегийн түвшинд хөгжүүлэх шаардлагатай.

    https://lambda.global/blog/ajiltnii-setgel-hanamjiig-nemegduuldeg-zuils

  • Gap year авсан үед хийж болох ажлууд

    Gap year авсан үед хийж болох ажлууд

    Gap Year – н тухай

    Gap year нь сургууль төгсөөд эсвэл их сургуулийн хооронд нэг жилийн хугацаанд амралт авч, өөрийгөө хөгжүүлэх, ажиллах, шинэ ур чадвар эзэмших боломжийг хэлдэг. Монгол залуусын дунд энэ ойлголт сүүлийн жилүүдэд улам түгээмэл болж, зөв ашиглавал карьерын хүчтэй эхлэл болдог. Зарим сурагчид хараахан дуртай ажил, карьераа тодорхой төлөвлөж амжаагүй тохиоолдол цөөнгүй.

    Gap Year үед ажил хийхийн давуу тал

    Gap year-ийг зөв төлөвлөж ашиглавал зөвхөн амралтын жил биш, харин ирээдүйн амжилтын суурь болох боломжтой юм. Ажил хийснээр та бодит ажлын туршлага хуримтлуулж, мөнгөний үнэ цэнийг ойлгож, харилцааны ур чадвараа хөгжүүлнэ. Мөн өөрийн сонирхол, давуу талаа таньж, ямар чиглэлээр цааш явахаа тодорхойлох боломж бүрдэнэ.

    Монголд Gap Year үед хийж болох ажлууд

    Цагийн болон үйлчилгээний ажил

    Кофе шоп, ресторан, дэлгүүр зэрэг газруудад цагийн ажил хийх нь хамгийн түгээмэл сонголт. Энэ төрлийн ажил нь харилцааны ур чадвар, хариуцлага, багийн ажиллагааг хөгжүүлдэг.

    • Бариста
    • Зөөгч
    • Худалдааны зөвлөх

    Дижитал болон онлайн ажил

    Сүүлийн жилүүдэд Монголд дижитал ажлын боломж эрс нэмэгдэж байна. Та хаанаас ч ажиллах боломжтой.

    • Social media manager
    • Контент бичих (copywriting)
    • График дизайнер
    • Видео эвлүүлэгч

    Эдгээр нь ирээдүйд өндөр орлоготой ур чадвар болж чадна.

    Сайн дурын ажил (Volunteering)

    Сайн дурын ажил нь орлого бага ч туршлага, сүлжээ (network), хувь хүний хөгжилд маш их нөлөөтэй.

    Та байгаль хамгаалал, боловсрол, нийгмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудтай хамтарч ажиллаж болно. Энэ нь CV-д маш үнэ цэнтэй нэмэлт болдог.

    Стартап болон жижиг бизнес дээр ажиллах

    Монголд стартап экосистем хөгжиж байгаа тул шинэ бизнесүүд дээр ажиллах боломж их байна. Энэ нь олон төрлийн чадвар зэрэг хөгжүүлэх давуу талтай.

    • Маркетингийн туслах
    • Борлуулалтын менежер
    • Project assistant

    Фриланс болон өөрийн жижиг бизнес эхлүүлэх

    Gap year бол эрсдэл багатай туршилт хийх хамгийн тохиромжтой үе.

    Та дараах байдлаар орлого олох боломжтой:

    • Онлайн дэлгүүр
    • Гар урлал, handmade бүтээгдэхүүн
    • Сургалт, зөвлөгөө (хэл, ур чадвар)

    Хөдөө орон нутагт ажиллах, аялж ажиллах

    Монголд аялал жуулчлал, мал аж ахуй, фермийн ажил зэрэг нь өөр орчинд ажиллаж, амьдрах туршлага олгоно.

    • Жуулчны баазад ажиллах
    • Малчны туслах
    • Аяллын хөтөч

    Дадлага хийх

    Хэрэв та тодорхой мэргэжил сонирхож байвал тухайн салбартаа дадлага хийх нь хамгийн зөв сонголт.

    • Маркетинг
    • IT салбар
    • Санхүү
    • Хууль

    Gap Year-ийг үр дүнтэй ашиглах нь

    Gap year-ийг тодорхой зорилготой өнгөрөөх нь чухал. Эхлээд өөрийн зорилгоо тодорхойлж, “би энэ нэг жилд юу сурах вэ, яаж өөрийгөө таньж мэдэх вэ” гэдгээ шийдэх хэрэгтэй. Мөн нэг чиглэлд тууштай ажиллах нь илүү үр дүнтэй байдаг.

    Түүнчлэн орлого, хадгаламж, ур чадвар гэсэн гурван зүйл дээр анхаарч төлөвлөх хэрэгтэй. Ингэснээр gap year таны карьерын бодит давуу тал болж хувирна.

    Gap year бол өөрийгөө олох боломж юм. Монголд gap year үед хийх ажил, туршлага хуримтлуулах боломж маш олон бий. Хамгийн чухал нь та идэвхтэй байж, судалж, өөрийгөө хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй.

    Хэрэв зөв ашиглаж чадвал gap year таны амьдралын хамгийн үнэ цэнтэй жил болж чадна.

    Цааш унших: https://lambda.global/blog/ajil-haihdaa-anhaarah-zuils

    https://lambda.global/ai Энд дарж lambda ai хичээлүүдтэй танилцаарай. Үүнд брошур гарын авлага дизайн бүтээх, тайлан бэлдэх, анализ хийх, бүх төрлийн контент бүтээх гэх мэт маш олон төрлийн боломжууд бий.

  • Богино хугацаанд цалингаа хэрхэн өсгөх вэ?

    Богино хугацаанд цалингаа хэрхэн өсгөх вэ?

    Хөдөлмөрийн зах зээлд цалингаа нэмэгдүүлэх боломж нь зөвхөн туршлага чадвараас илүү хувь хүний стратеги, шийдвэр гаргалттай шууд холбоотой юм. Олон хүмүүс жил бүр бага багаар орлогоо тогтмол нэмэгдүүлэхийг хүсдэг ч үнэндээ хамгийн хурдан цалингийн өсөлт нь байршлаа өөрчлөх, ур чадвараа ахиулах, үнэ цэнээ зөв харуулах гэх мэт зүйлсээс шалтгаалдаг. Богино хугацаанд цалингаа одоогийнхоос хоёр дахин өсгөх нь боломжгүй мэт танд санагдаж болох ч зөв төлөвлөгөөтэй бол 3–12 сарын дотор бодит үр дүн гаргах боломжтой.

    Юуны өмнө та өөрийн одоогийн үнэ цэнийг маш бодитоор үнэлэх хэрэгтэй. Таны хэдэн жил ажилласан нь чухал биш, харин тухайн компанид яг ямар үр дүн авчирч байгаа вэ гэдэг хамгийн чухал. Тухайлбал ганц “маркетингийн менежер” гэдэг тодорхойлолт хангалтгүй бөгөөд харин “ 3 сарын дотор борлуулалтыг 25% өсгөсөн” гэдэг бол зах зээл дээр өндөр үнэлэгдэх үнэ цэнэ юм. Иймээс өөрийн хийсэн ажлуудыг тоон үзүүлэлт, үр дүнгээр тодорхойлох нь цалин нэмэх суурь болдог. Энэ алхамыг ихэнх хүмүүс орхигдуулдаг ч үнэндээ negotiation болон шинэ ажилд ороход хамгийн хүчтэй зэвсэг болдог.

    Дараагийн чухал алхам бол өндөр орлого олж болохуйц ур чадваруудад илүү төвлөрөх юм. Зах зээл дээр бүх ур чадвар ялгаатай үнэлгээтэй байдаг. Зарим чадварууд компанийн орлоготой шууд холбоотой байдаг тул өндөр үнэлэгддэг. Жишээ нь борлуулалт хэлцэл хийх чадвар, performance marketing, data analysis, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, project management зэрэг нь богино хугацаанд суралцаад шууд орлого нэмэх боломжтой ур чадварууд юм. Монголд ялангуяа “борлуулалт + дижитал маркетинг” хосолсон чадвартай хүмүүс маш хурдан цалингаа өсгөж чаддаг. Тиймээс олон зүйлд дундаж байх гэж оролдохын оронд нэг чиглэлд маш хүчтэй болох нь илүү үр дүнтэй.

    Мөн ажлын байрны стратегиа өөрчлөх сонголт байж болно. Хэрвээ та одоогийн компанид 1–ээс 2 жил болсон ч цалин тань зах зээлийн дундажаас доогуур хэвээр байвал дотооддоо хүлээх нь цаг алдах эрсдэлтэй. Судалгаагаар job hopping буюу 1.5–2 жил тутамд ажлаа солих хүмүүсийн цалин илүү хурдан өсдөг. Ялангуяа шинэ компанид шилжихдээ цалингаа 30–с дээш хувь нэмэгдүүлэх боломж Монголд түгээмэл байдаг. Тиймээс зарим тохиолдолд энд дассан гэдэг шалтгаанаар боломжоо хязгаарлахгүй байх хэрэгтэй юм.

    Цалингаа нэмэгдүүлэх хамгийн шийдвэрлэх мөч бол цалингийн тухай ярилцлага байдаг. Олон хүн энэ үед өөрийгөө бодит байдлаас доогуур үнэлж, хэрвээ аз болж боломж олдвол гэсэн хандлагатай байдаг нь алдаа болдог. Үнэндээ компаниуд үнэ цэнэ бий болгодог хүмүүсийг илүү өндөр үнээр авахад үргэлж бэлэн байдаг. Та ярилцлагад орохдоо зах зээлийн дундаж цалинг судалж, өөрийн хүргэж чадах үр дүнг тодорхой жишээтэй хэлэх хэрэгтэй. Жишээ нь “би борлуулалтын funnel-ийг сайжруулснаар conversion-ийг өсгөж чадна” гэх мэтээр яривал илүү нөлөөтэй. Мөн анхны санал дээр шууд зөвшөөрөхгүй, заавал хэлэлцэх орон зай үлдээх хэрэгтэй юм.

    Үүний зэрэгцээ зөвхөн нэг цалин дээр найдах бус орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх нь богино хугацаанд орлого өсгөх хамгийн бодит арга юм. Жишээ нь та ажлынхаа хажуугаар freelance маркетинг, дизайн, copywriting хийх, эсвэл онлайн бизнес эхлүүлэх боломжтой. Монголд сүүлийн жилүүдэд жижиг хэмжээний side income-ууд (сошиал хуудас удирдах, зар сурталчилгаа хийх, контент бичих гэх мэт) боломж их болсон. Энэ нь таны нийт орлогыг богино хугацаанд мэдэгдэхүйц нэмэгдүүлэх аргууд юм.

    Мөн өөрийгөө олон нийтэд тодорхой сошиал орон зайд таниулах буюу хувийн брэндээ хөгжүүлэх нь цалин өсгөхөд шууд нөлөөтэй. Өндөр цалинтай ажлын санал ихэвчлэн идэвхтэй, өөрийгөө илэрхийлдэг, мэдлэгээ хуваалцдаг хүмүүст ирдэг. Та LinkedIn болон Facebook дээр өөрийн хийсэн ажлын кейс, туршлага, зөвлөгөө мэдээлэл тогтмол хуваалцаж эхэлбэл боломжууд өөрөө тань дээр ирж эхэлдэг. Энэ нь ялангуяа маркетинг, IT, бизнесийн салбарт маш хүчтэй нөлөөтэй.

    Энэ бүхнийг хэрэгжүүлэх тодорхой хугацаатай төлөвлөгөөтэй байх нь хамгийн чухал. Эхний 30 хоногт зах зээлийн судалгаа хийж, өөрийн CV болон профайлыг шинэчилж, ямар ур чадвар нэмэхээ тодорхойлно. Дараагийн 30 хоногт шинэ чадвараа эрчимтэй сурч, networking хийж, ажлын байранд идэвхтэй өргөдөл илгээж эхэл. Харин сүүлийн 30 хоногт ярилцлагад орж, санал авч, цалингийн яриа хийж, зэрэгцээ орлогын эх үүсвэрээ эхлүүлээрэй. Энэ процессыг тууштай хийж чадвал 3–6 сарын дотор таны орлого мэдэгдэхүйц өсөх бүрэн боломжтой юм.

    Цалингаа бодитоор нэмэгдүүлэх нь өөрийн үнэ цэнийг өсгөж, зөв орчинд ажиллаж, идэвхтэй боломж хайсны үр дүн юм. Хэрвээ та илүү их ажиллах биш, илүү өндөр үнэ цэн бүтээхэд анхаарвал орлого тань дагаад өсөх нь гарцаагүй билээ.

    Lambda.Global платформ дээр Баасан гарагт хагас цагаар ажиллах, эсвэл амралтын өдрөө эрт эхлүүлэх боломжтой ажлын байрны тоо нэмэгдэж эхэлснийг дуулгахад таатай байна.

  • Хөдөлмөрийн хууль: Таны эрхийг хамгаалах мэдлэгийн үндэс

    Хөдөлмөрийн хууль: Таны эрхийг хамгаалах мэдлэгийн үндэс

    Өнөөдөр хөдөлмөрийн зах зээлд ажил олгогч, ажилтан хоёрын хоорондын харилцаа улам бүр олон талтай, төвөгтэй болж байна. Энэ орчинд хувь хүн өөрийн эрх ашгаа хамгаалж, шударгаар ажиллахын тулд хөдөлмөрийн хуулийг зайлшгүй мэддэг байх шаардлагатай. Хөдөлмөрийн тухай хууль бол ажилтны эрхийг хамгаалах, хөдөлмөрийн шударга харилцааг хангах үндсэн суурь баримт бичиг юм.

    Яагаад хөдөлмөрийн хуулийг унших зайлшгүй хэрэгтэй вэ?

    1. Эрхээ мэдэх нь хамгаалах эхлэл

    Ажилтан бүр дараах эрхтэй байдгийг мэдэх үү?

    • Ажлын байрны аюулгүй, эрүүл орчинд ажиллах
    • Цалин хөлсөө хугацаанд нь бүрэн авах
    • Илүү цагаар ажилласан бол зохих нөхөн олговор авах
    • Амралт, тэтгэвэрт гарах эрхээ эдлэх

    Хэрэв та эдгээр эрхүүдийн аль нэгийг нь мэдэхгүй байвал, ажил олгогч хууль зөрчиж байгааг ч анзаарахгүй өнгөрөх эрсдэлтэй.
    Хөдөлмөрийн гэрээ байгуулах, цалингийн нөхцөл тохирох, ажлаас чөлөөлөх гэх мэт бүх процесс хуульд үндэслэн явах ёстой. Ажил олгогч хууль зөрчиж, таныг үндэслэлгүй ажлаас халсан тохиолдолд та өөрийгөө хамгаалах мэдлэгтэй байх хэрэгтэй.

    2. Ажилд орохоос эхлээд гарах хүртэл хууль хэрэгтэй

    Хөдөлмөрийн гэрээ байгуулах, цалинг тохирох, ажлаас чөлөөлөх зэрэг бүхий л үйл явц хуулийн дагуу явагдах ёстой. Хэрэв ажил олгогч үндэслэлгүйгээр таныг ажлаас халсан бол та өөрийгөө хамгаалах мэдлэгтэй байх хэрэгтэй.

    3. Хууль мэдэхгүйгээс болж хохирох эрсдэл өндөр

    Хөдөлмөрийн маргааны олонх нь ажилтнуудын хууль мэдэхгүйгээс үүдэлтэй байдаг. Жишээлбэл, халагдах үедээ нөхөн олговор авах эрхтэй гэдгээ мэдэхгүй өнгөрөх, амралтын мөнгө бодитоор бодогдсон эсэхийг нэхэмжлэхгүй байх зэрэг тохиолдол цөөнгүй.

    4. Эрхээ мэддэг ажилтан бол итгэлтэй, үнэ цэнтэй ажилтан

    Та хөдөлмөрийн хууль мэддэг бол ажил олгогч тань таныг илүү хүндэтгэх, хууль зөрчихгүй байхыг анхаардаг. Мөн та өөрийн эрхийг эвдүүлэхгүйгээр ажиллах ухаалаг, ухамсартай нэгэн гэдгээ харуулна.

    5.Цахим нөөц, гарын авлага олширсон тул сурахад амархан болсон

    Өнөө үед хөдөлмөрийн хуулийн тайлбар, гарын авлага, сургалтын бичлэгүүд цахим орчинд олноор бий. Мэргэжлийн байгууллагууд үнэгүй сургалт, зөвлөгөө өгөх нь ч бий. Хуулийг ойлгох нь одоо тийм ч хэцүү зүйл биш боллоо.

    Мэдлэг бол хамгаалалт

    Хөдөлмөрийн харилцаанд та өөрийн мэдлэг, эрх мэдэл дээрээ тулгуурлан оролцох ёстой. Ажил олгогчийн хэлсэн бүхнийг дагаж мөрдөх биш, харин хуульд нийцэж байгаа эсэхийг мэддэг байх нь танд хүч өгнө. Иймээс өнөөдрөөс эхлэн хөдөлмөрийн хуулийг уншиж эхлэх нь таны ирээдүйн амьдралд том хөрөнгө оруулалт болох юм.
    Хөдөлмөрийн хуулийг мэдэхгүй байх нь ажилчдын эрх зөрчигдөх, хөдөлмөрийн нөхцөл муудах, хууль бус үйлдлүүдийг тэвчих зэрэг олон сөрөг үр дагавартай байдаг. Дэлхий дахинд болон Монгол Улсад энэ асуудал хэрхэн илэрч байгааг дараах судалгаа, баримтуудаар харуулж болно.

    Судалгаа, баримтаар нотлогдсон үр дагавар

    Монгол Улс дахь нөхцөл байдал

    Монголд:

    • Хөдөлмөрийн гэрээгүй ажиллах
    • Цалинг хугацаанд нь авахгүй байх
    • Илүү цагийн нөхөн олговоргүй байх зэрэг зөрчил олонтаа. Энэ нь хөдөлмөрийн хуулийн талаарх мэдлэг дутмагтай холбоотой.

    Олон улсын жишээ:

    • Бангладеш: Ажилчдын эрхийн мэдлэг дутмагаас болж хөдөлмөрийн хуулийн зөрчил 70%-д хүрдэг. (Advocacy Unified Network)

    • Япон: Хөдөлмөрийн хууль сайн мэддэг оюутнууд ажлын нөхцөлөө сайжруулах чадвартай байдаг.

    • АНУ: 2019 онд хөдөлмөрийн яам 8,500 ажил олгогчийн 287 сая ам.долларын цалин хулгай илрүүлсэн.

    • Олон улсын хөдөлмөрийн байгууллага: Жил бүр 2.78 сая хүн хөдөлмөрийн осол, өвчлөлөөс болж нас бардаг нь аюулгүй ажиллагааны мэдлэг дутмаг байгааг харуулдаг.

    Дүгнээд харахад: 

    Хөдөлмөрийн хуулийг мэддэг байх нь таны амьдралын баталгаа, эрхийн хамгаалалт юм. Ажил олгогч таны эрхийг зөрчихөөс сэргийлэхийн тулд:

    • Хуулиа унших
    •  Сургалтад хамрагдах
    • Эрхээ хэрэгжүүлэх
    • Мэдлэгээр өөрийгөө хамгаалах хэрэгтэй шүү. 

     

  • Сайн менежмент ба тогтвортой ажлын байр

    Сайн менежмент ба тогтвортой ажлын байр

    Сүүлийн үед хөдөлмөрийн зах зээл дээр ажил идэвхтэй хайж буй залуучууд зөвхөн цалин, албан тушаалаар бус, тухайн байгууллагын ажиллах орчин, карьерийн өсөлтийн боломж, удирдлагын хандлага зэрэгт илүү их анхаарал хандуулдаг болжээ. Энэхүү өөрчлөлт нь ажил олгогчдод өөрсдийн компанийн ажлын орчны чанарыг дахин нэг удаа эргэцүүлэн харж, сайжруулах шаардлагыг бий болгож байна. Учир нь эдгээр хүчин зүйлс нь ажилтан тухайн байгууллагад удаан хугацаанд тогтвортой ажиллах эсэхэд хамгийн гол нөлөө үзүүлдэг болсон юм.

    Ажлын орчны уур амьсгал яагаад чухал вэ?

    Ажил хайж эхлэх үед “Ямар ажлын байр вэ?”, “Цалин нь хэд бол?” гэж асуудаг ч бүгд л тухтай уур амьсгал, харилцан ойлголцол, өсөж хөгжих боломжийг чухалчилдаг билээ. Энэ нь зөвхөн ажилтны хичээл зүтгэлээр бус, компанийн удирдлага, менежментийн соёлоос шууд хамаардаг.

    Шинэ ажилд ороход хамгийн түрүүнд мэдрэгддэг зүйл бол шууд удирдлагын хандлага байдаг. Таны удирдлага танд итгэдэг үү? Алдаа гаргавал уурлахын оронд чиглүүлж чадаж байна уу? Сайн ажилласныг тань сэтгэлээсээ үнэлж хэлдэг үү? Хэрэв эдгээр асуултын хариулт “тийм” бол та сэтгэл хангалуун ажиллах орчинд байна гэсэн үг. Харин “үгүй” бол яаж ч хичээгээд нэг л дутуу, сэтгэл дундуур мэдрэмж авсаар яваандаа урам зориггүй болдог.

    Сайн менежментийн гол шинжүүд

    Сайн менежмент гэдэг нь зөвхөн ажлыг төлөвлөх чадвар төдий биш харин итгэлцэл бий болгож, тухайн хүнээ ойлгож, хүндэтгэх ур чадвар юм. Ил тод, шударга байдал, ойлгомжтой үүрэг даалгавар өгөх, асуудал тулгарвал буруутгах бус хамтдаа шийдвэрлэх, ажилтныг “ажилтан” гэхээс илүү хүн талаас нь хүндэтгэх хандлага зэрэг нь сайн менежментийн үндэс суурь болдог. Ийм орчинд ажиллаж байгаа хүн өглөө сэрээд “Өнөөдөр бас л ажил…” гэж бухимдах бус, “Өнөөдөр нэг шинэ зүйл сурна даа” хэмээн урам зоригтойгоор өдрийг эхлүүлдэг байна.

    Ажлын уур амьсгал ч бас чухал

    Зарим хүн өндөр цалинтай ч ажлаа дургүй, стресстэй хийдэг бол, зарим нь арай бага цалинтай ч сэтгэл хангалуун, урам зоригтой бүтээмжтэй ажилладаг. Үүний үндсэн шалтгаан нь ажлын орчны уур амьсгалтай шууд холбоотой юм. Та ажил дээрээ санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаг уу? Алдаа гаргавал буруутгах бус, хамтдаа засч залруулдаг уу? Өөрийнхөөрөө байж, тайван тогтвортой сэтгэл зүйтэйгээр ажиллах боломж танд бий юу? Иймээс ажлын уур амьсгал хамгийн үнэ цэнтэй зүйл байж мэднэ.

    Ажилтны тогтвортой байдалд дараах зүйлс нөлөөлдөг 

    Сайн менежменттэй байгууллага
    Ажилтнууд удирдлагын хандлагыг хамгийн их үнэлдэг. Ил тод, шударга, дэмждэг удирдлага нь ажилтанд өөрийгөө үнэлэгдэж байна гэж мэдрүүлдэг. Энэ мэдрэмж нь ажлаа удаан хугацаанд хийхэд чухал нөлөөтэй.

    Карьер хөгжлийн бодит боломж
    Хүмүүс урт хугацаанд ажиллахдаа ур чадвараа хөгжүүлж, тушаал дэвшихийг хүсдэг. Энэ нь зөвхөн сургалт семинартай хязгаарлагдахгүй. Дотоод шат ахих боломж, менторшип, дасан зохицох хөтөлбөр гэх мэт олон хэлбэртэй байж болно.

    Тав тухтай, уян хатан ажлын нөхцөл
    Орчин үеийн ажилтнууд уян хатан цагийн хуваарь, алсын зайнаас ажиллах боломж, эрүүл аюулгүй орчин зэрэгт илүү ач холбогдол өгдөг болсон. Энэ нь ажил, амьдралын тэнцвэрийг хадгалахад чухал нөлөөтэй.

    Карьер хөгжил бол тухайн ажилтны үндсэн хэрэгцээ

    Илүү ихийг хийж чадна гэсэн дуу хоолой хүн бүрийн дотор бий. Байгууллага энэ дотоод итгэлд итгэж, хөгжих боломж олговол Би энд үнэлэгдэж байна, өсөж дэвшинэ гэж бодогддог. Харин тийм мэдрэмж төрүүлэхгүй бол ямар ч өндөр цалинтай байлаа ч хүн удаан тогтохгүй байх магадлалтай.

    Ажил хайгчдад зориулсан зөвлөмж: Ажлаа зөв сонгох асуултууд

    Ажил хайж байх үед та дараах асуултыг өөрөөсөө асууж үзээрэй. – Шууд удирдлага ямар хүн бэ? Ажлын уур амьсгал таалагдаж байна уу? Өөрийгөө хөгжүүлэх, ур чадвараа нэмэгдүүлэх боломжтой юу? мөн энэ байгууллагад ажиллахдаа өөрийгөө үнэ цэнтэй, үнэлэгдэж буй мэт мэдэрч чадах уу?.  Эдгээр асуултын хариулт бол таны ажлын сэтгэл ханамж, урт хугацаанд тогтвортой ажиллах шийдвэрт шууд нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйлс юм. Цалин хангамж бол түр хугацааны урамшуулал байж болох ч, тухайн орчинд өөрийгөө хөгжүүлж, үнэлэгдэж, итгэлтэйгээр ажиллах мэдрэмж нь илүү удаан хугацааны үнэ цэнэ бий болгодог.

    Ажилтнууд яагаад ажлаасаа гардаг вэ?

    Хүнийн нөөцийн зарим судалгаанаас харахад, ажилтнуудын 70%-иас дээш хувь нь удирдлагатай холбоотой асуудлаас болж ажлаасаа гарах шийдвэр гаргадаг байна. Хэт их ачаалал, тодорхойгүй үүрэг даалгавар, байнгын дарамт, хувь хүний хөгжлийг үл тоомсорлох, харилцааны доголдол зэрэг нь ажилтны сэтгэл зүйд хүчтэй нөлөөлдөг. Харин эсрэгээрээ, сайн менежменттэй байгууллагууд ил тод, шударга харилцаж, ажлыг зөв хуваарилж, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэхээс гадна амжилтыг хамтдаа тэмдэглэж, алдааг шийтгэх бус, хамтдаа засах хандлагатай байдаг. Ийм орчинд ажиллаж буй хүн өөрийгөө үнэлэгдэж, ойлгогдож байгаа мэт мэдэрч, ажлын байрандаа сэтгэл ханамжтайгаар, урт хугацаанд үлдэх хүсэл төрдөг. Ажлын орчны уур амьсгал зөвхөн ажлын бүтээмжид биш, хүний сэтгэл зүй, өдөр тутмын амьдралд хүртэл эерэг нөлөө үзүүлдэг гэдгийг ойлгох нь чухал юм.

    Төгсгөлд нь хэлэхэд сайн менежмент гэдэг нь хамтдаа шийдэл хайдаг, амжилтыг хамтдаа хуваалцдаг хандлага юм. Ийм орчинд ажиллаж байгаа хүмүүс өглөө бүрийг урамтай эхлүүлдэг. Ажил бол бидний амьдралын ихэнх цагаа өнгөрүүлдэг газар. Тиймээс зөвхөн байгууллагын нэр хүнд, цалин хангамжаас гадна “Би энэ газар урам зоригтой ажиллаж чадах уу?” гэж өөрөөсөө асуух хэрэгтэй.

    Хэрвээ та ажил хайж байгаа бол өөрийн үнэ цэнийг мэдэрч, таныг дэмжих менежменттэй байгууллагыг олох болно гэдэгт итгэж байна. Өөрт тохирсон ажлаа эндээс сонгоорой.

    Харин та ажил олгогч бол сайн ажилтныг тогтоон барих хамгийн том нууц бол сайн менежмент гэдгийг санаарай.

    Илүү олон ажилд орох зөвлөгөө, ярилцлагад бэлтгэх арга, карьер хөгжүүлэлтийн мэдээллийг манай LAMBDA платформоос аваарай. 

  • Ажилдаа очихоос өмнө ходоод зангирах мэдрэмж: Энэ хэвийн үү?

    Ажилдаа очихоос өмнө ходоод зангирах мэдрэмж: Энэ хэвийн үү?

    Та өглөө сэрээд ажилдаа явах тухай бодох төдийд ходоод тань базалж, амьсгаа давчдаж, зүрх чинь хурдан цохилдог уу? 
    Гэсэн ч  та энэ мэдрэмжийг тоохгүйгээр, “тэвч тэвч” гээд өөрийгөө хүчээр ажил руугаа чирч яваа юм биш биз?  Ихэнх хүмүүс ийм мэдрэмжийг “ажлын стресс”, “залхуурал” эсвэл “ядарсандаа болоод мэдрэмтгий болчихлоо” гэж ойлгодог. Гэвч үнэндээ энэ бол таны бие болон сэтгэл зүй хамтдаа “Туслаач” гэж дотроос тань дуудлага өгч байгаа дохио юм. Энгийнээр хэлбэл, та ажлаас халшрах хам шинжид өртжээ.
    Энэ нь сэтгэл зүйгээр биш, бие махбодоор түрүүлж илэрдэг үе ч бий. Тэгэхээр өнөөдөр бид танд ийм мэдрэмж хаанаас үүдэлтэй вэ, хэрхэн таних вэ гэдгийг хуваалцъя.

    Ажилдаа дургүй болох нь “залхуурал” огтхон ч биш.

    Ажлаа хийх хүсэлгүй болох нь сахилга бат муу, сэтгэлгээ сул гэсэн үг огтхон ч биш. Сэтгэл зүйчдийн тайлбарласнаар, ажлаас халшрах хам шинж (job aversion syndrome) нь зөвхөн сэтгэл зүйд бус, бие махбодод ч шууд илэрдэг хариу урвал гэжээ.  Хүмүүс ихэнхдээ тухайн нөхцөл байдалд сэтгэлзүйн хувьд дасан зохицохоос өмнө бие махбод аль хэдийн хариу үзүүлчихсэн байдаг гэдгийг анзаардаггүй.

     Таны биед илэрч болох түгээмэл шинж тэмдгүүд:

    • Ходоод базлах
    • Амьсгал давчдах
    • Толгой хөндүүрлэх
    • Бие сулрах, хүнд мэдрэгдэх
    • Сэрсэн ч амраагүй мэт өдөржин ядрах

    Эдгээр нь бүгд таны биеийн зүгээс ирж буй нэг төрлийн дохио юм.
    Товчхондоо: “Би энэ орчинд дахин ормооргүй байна” гэж хэлж байна гэсэн үг.

    Хүнд чулууг удаан тээгээд байвал?

    Сэтгэлдээ дарамт, зовуурийг удаан тээж явах нь хүнд чулуу тээж яваатай адил. Эхэндээ даах мэт санагдавч, нэг мэдэхэд хүч хүрэхээ больж, ядаргаа, туйлдалт, гүн уналтад хүргэдэг.

    Сэтгэл зүйн аливаа асуудлыг “жижиг зүйл” гээд үл тоомсорлох нь хожим илүү том, шийдвэрлэхэд төвөгтэй сөрөг үр дагавар авчрах магадлалтай байдаг шүүдээ.

    Яагаад эдгээр дохиог зайлшгүй анхаарах хэрэгтэй вэ?

    Халшралын анхны шинж тэмдгийг анзааралгүй удах нь дараах эрсдэлүүдийг дагуулж болзошгүй. Үүнд:

    • Сэтгэл гутрал
    • Хамт олон, гэр бүлийн харилцаанд сэв суух
    • Ажлын бүтээмж эрс буурах
    • Burnout буюу сэтгэл зүйн туйлдлын хам шинжид хүрэх

    Хэрвээ та ийм нөхцөлд орвол зөвхөн ажилдаа дургүй байхаас гадна, амьдралд ч дургүй мэт мэдрэмж төрж эхэлдэг аюултай.

     Юу хийх хэрэгтэй вэ?

    Хэрвээ таны бие ийм дохиог өгч эхэлсэн бол, дараах алхмуудыг туршиж үзэхийг танд зөвлөж байна.

    • Мэдрэмжээ хүлээн зөвшөөр
      “Би сул дорой байна” гэж өөрийгөө буруутгахын оронд, энэ бол миний биеийн хариу үйлдэл гэж ойлгож арга хэмжээ авах хэрэгтэй.
    • Шалтгааныг тунгаан бод
      Таныг энэ мэдрэмж рүү түлхэж буй хамгийн том хүчин зүйл юу вэ? Ажлын ачаалал уу, дотоод зөрчил үү, эсвэл ажлын орчин уу?
    • Өөртөө амьсгаа авч амсхийх хугацаа олго
      Жижигхэн завсарлага, өдөр тутмын өөрийгөө дэмжих дадал зуршлаас эхлээд өөрийгөө жаахан ч гэсэн амрааж, уртаар цээж дүүрэн амьсгал аваад үзээрэй.
    • Хэн нэгэнтэй мэдрэмжээ хуваалц
      Боломжтой бол сэтгэлзүйч, найз, эсвэл найдвартай хүнтэй энэ тухайгаа ярилцаж, мэдрэмжээ гадагшлуулах нь танд төсөөлөөгүй өөрчлөлтийг авчрах болно.

    Хэрвээ та сүүлийн үед ядраад, бүх зүйлээс залхаж, ажил руугаа явах тухай бодоход л бие чинь эсэргүүцээд байгаа бол…
    Санаа зоволтгүй — та ганцаараа биш юмшүү. Burnout эсвэл ажлаас халшрах мэдрэмж гэдэг олон хүнд тохиолддог зүйл. Гэхдээ хамгийн чухал нь  та үүнийг анзаарч, өөртөө анхаарал хандуулах хэрэгтэй юмшүү. Хэрвээ “надад яг юу болоод байна вэ?” гэж өөрөөсөө асууж байгаа бол Lambda танд зориулж BURN OUT  тестийн булантай болсон шүү. Танд тус болно гэдэгт бид итгэлтэй байна.

  • Ээлжийн амралтын мөнгөө хэрхэн бодуулах вэ?

    Ээлжийн амралтын мөнгөө хэрхэн бодуулах вэ?

    Амралт гэдэг бол зөвхөн амсхийх цаг биш, та бүтэн жилийн турш цаг наргүй хөдөлмөрлөсөн хөдөлмөрийнхөө үр шимийг бодитоор мэдрэх өдрүүд юм. Тиймээс та хөдөлмөрийн гэрээгээр баталгаажсан ээлжийн амралтын мөнгөө хэрхэн зөв тооцуулах, гарт авах ёстой дүнгээ хэрхэн зөв тооцоолж, авах талаар дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү нийтлэлээс  уншаарай.

    Ээлжийн амралтын эрх үүсэх нөхцөлөөс эхэлье.

    Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлд зааснаар:

    • Ажилд орсноос хойш 6 сарын дараа ээлжийн амралт авах эрх үүснэ
    • Үндсэн амралтын хугацаа: Ажлын 15 өдөр
    • 18 нас хүрээгүй болон хөгжлийн бэрхшээлтэй ажилтанд: Ажлын 20 өдөр ажилласан бол ээжлийн амралт авах эрх үүснэ гэж заасан байдаг.

     Ээлжийн амралтын мөнгийг хэрхэн тооцох вэ?

    Ээлжийн амралтын цалинг тооцохдоо өмнө эдэлсэн ээлжийн амралтаас хойш ажилласан саруудын цалин хөлсний нийлбэрийг, тухайн саруудад ажилласан ажлын өдрийн нийлбэр тоонд хуваан ажлын нэг өдрийн дундаж цалин хөлсийг гаргаж, ээлжийн амралтын өдрөөр үржүүлж бодно. Ингээд бяцхаан тооцоолол хийцгээе. 

    Та сард 2,100,000 мянган төгрөгийн цалин авдаг гэж бодъё. Өмнөх ээлжийн амралтаас хойш 6 сарын дараа дараагийн ээлжийн амралтаа авах гэж байгаа бол:

    • Нийт цалин хөлс: 12,600,000 төгрөг (6 сар)
    • Ажилласан ажлын өдрийн тоо: 132 өдөр
    • Нэг өдрийн дундаж цалин хөлс: 12,125,000 ÷ 132 = 92,454 төгрөг
    • Ээлжийн амралтын өдрийн тоо: 15 өдөр
    • Ээлжийн амралтын мөнгө: 92,454 × 15 = 1,431,800 төгрөг

    Товчхон хэлбэл:
    Ажилласан өдрүүдийн тоо, цалингаа мэддэг байхад амралтын мөнгөө гаргахад амархан. Өдрийн дундаж цалингаа амралтын өдөртэй үржүүлэхэд л хангалттай.

    Татвар, шимтгэлүүдийн суутгал:

    Ээлжийн амралтын мөнгөнөөс дараах суутгалууд хийгдэнэ. Үүнд:

    • Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ)
    • Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)

    Гарт олгох мөнгөн дүн: Ээлжийн амралтын мөнгө- (НДШ+ХХОАТ)

    Ингээд танд хэрэгтэй ерөнхий  мэдээллээс гадна хэрэг болохуйц нэмэлт мэдээллийг багцлан хүргэж байна.

    Ээлжийн амралтын нэмэгдэл:

    Ажилласан жилээс хамаарч дараах нэмэгдлийг амралтад нэмж олгодог гэдгийг та мэдэх үү?

    Ажилласан жил Хэвийн нөхцөл (өдөр) Хүнд нөхцөл (өдөр)
    6–10 жил +3 +5
    11–15 жил +5 +7
    16–20 жил +7 +9
    21–25 жил +9 +12
    26–31 жил +11 +15
    32-с дээш +14 +18

    Хэсэгчлэн амрах боломж ч бий.

    • Амралтаа хэсэгчлэн эдлэх боломжтой буюу та ээлжийн амралтын 15 хоногийг 2 хувааж амарч болно гэсэн үг.
    • Гэхдээ нэг удаагийн амралт нь ажлын 10 өдрөөс багагүй байх ёстойг битгий мартаарай.

    Ажил олгогч амралтын мөнгийг хэзээ олгох вэ?

    Ажилтан амралтад гарахаас өмнө, амралтын мөнгийг бүрэн олгох үүрэгтэй. Хэрэв олгоогүй бол та Хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллагад гомдол гаргах эрхтэй.

    Дүгнэлт

    • Ээлжийн амралтын мөнгө нь ажилтны хууль ёсны эрх бөгөөд тухайн ажилтны ажилласан хугацаа, цалин хөлс, амралтын өдрийн тоог үндэслэн тооцогдоно.
    • Татвар, шимтгэлүүдийг суутгасны дараа ажилтанд олгогдох гарт олгох дүн тодорхойлогдоно.
    • Ээлжийн амралтын мөнгийг амралтад гарахаас өмнө олгох ёстой бөгөөд хэрэв олгоогүй тохиолдолд холбогдох байгууллагад хандах эрхтэй.

    Ээлжийн амралтаа урьдчилан төлөвлөх нь таны болон багийн ажлыг хүндрэлгүй явуулахад тустай гэдгийг бүү мартаарай. Илүү олон сонирхолтой, танд хэрэгтэй нийтлэлийг https://lambda.global/blog  -оос уншаарай.