Category: Ур Чадвар

  • Карьерын амжилтын нууц — Сахилга бат

    Карьерын амжилтын нууц — Сахилга бат

    Өнөөдрийн хөдөлмөрийн зах зээлд өндөр боловсрол, туршлага, чадвараас гадна хамгийн их эрэлттэй ур чадваруудын нэг бол сахилга бат юм. Аливаа ажилтны ур чадвар ямар ч өндөр байлаа гэсэн сахилга батгүй бол үр дүн гаргах боломжгүй гэдэг нь олон судалгаагаар батлагджээ.

    Сахилга бат гэж юу вэ?

    Өөрийн хүсэл, сэтгэл хөдлөлөөс хамаарахгүйгээр зөв гэж үзсэн зүйлийг тууштай хийх чадвар юм. Сайн CV, гоё диплом, ухаалаг санаа байлаа ч сахилга батгүй бол амжилтад хүрэх нь юу л бол. Харин сахилга баттай байвал хэн ч, хаана ч, ямар ч нөхцөлд өсөж дэвших боломж нээлттэй хэвээр байна.

    Ажлын байранд сахилга бат яагаад чухал вэ?

    Шинэ ажилд орсон 1000 гаруй хүн оролцсон SHRM (2023)-ийн судалгаагаар ажилд тогтвор суурьшилтай үлддэг хүмүүсийн 87% нь “цаг баримтлах, хариуцлагаа ухамсарлах” зуршилтай байдаг гэжээ. Ийм жижигхэн үйлдлээс л сахилга бат харагддаг гэж хэлж болно. Мөн сахилга баттай ажилтан удирдлага, хамт олныхоо дунд найдвартай, хариуцлагатай, итгэл хүлээлгэх хүнээр үнэлэгддэг. Энэ нь карьер ахих, илүү том үүрэг хүлээх суурь болдог гэнэ шүү.

     Карьерын өсөлтөд сахилга бат

    Harvard Business Review (2022) нийтлэлд дурдсанаар сахилга бат сайтай ажилтнууд удирдах түвшинд дэвших магадлал 52%-иар өндөр байдаг. Тогтмол сургалт, өөрийгөө хөгжүүлэх дадал сахилга баттай хүмүүст илүү тогтвортой тогтдог байна.  Өдөр тутмын төлөвлөгөөтэй, сахилга баттай хүн ажлын хэт ачааллаас сэргийлж, тайван байдлаа хадгалдж чаддаг нь судалгаагаар нотлогдсон. (American Psychological Association, 2023).

     Монголд сахилга бат хэр үнэлэгдэж байна вэ?

    Монголын ажил олгогчдын холбооны 2023 оны судалгаагаар:

    • Байгууллагууд шинэ ажилтан авахдаа “мэргэжлийн ур чадвар”-аас илүү “хувийн сахилга бат, үнэнч шударга байдал”-ыг тэргүүнд тавьдаг гэжээ.
    • Сахилга баттай ажилтан тогтвор суурьшилтай ажиллах, байгууллагын соёлыг дагаж мөрдөх магадлал 2 дахин өндөр гэж 350 гаруй HR мэргэжилтэн үзсэн байна. Итгэмээргүй үр дүн байна шүү.

    Сахилга баттай байх практик 5 зөвлөмжийг танд хүргье. 

    1. Өдөр тутмын зорилгоо бичиж тэмдэглэх

    Тодорхой зорилгогүй өдөр бол хий дэмий өнгөрөх өдөр. “Тодорхой зорилт бичдэг хүмүүс зорилгодоо хүрэх магадлал 42%-иар илүү байдаг” гэж Dominican University-ийн судалгаа баталжээ.Тиймээс өдөр тутамдаа хийх зүйлсээ жагсааж бичиж тэмдэглэхээс эхлээрэй.

    2. Цаг баримтлах

    Уулзалт, ажил эхлэхэд үргэлж цагтаа байх. Ач холбогдол өндөр биш жижиг уулзалт байсан ч та цагаа баримталж очихыг хичээгээрэй.

    3. Бага багаар сурах зуршилтай болох

    Өдөр бүр 20-30 минут шинэ зүйл сурч, хөгжүүлж, хэрэгжүүлэхэд оройтоогүй шүү.

    4. Түр зуурын сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргахаас зайлсхийх

    5. Өдөр бүр өөртөө үнэнч байх

    Амласан бол хий. Хийж дуусгаж бол амар. Өнөөдөр таны сахилга баттай байх эсэх ирээдүйн цалин, тушаал дэвших, амьдралын амжилтад шууд нөлөөлнө. Тиймээс өөртөө үнэнч хандаж, сахилга баттай нэгэн болоорой.

    Өөрийн үнэ цэнэ, ур чадвараа нээж, алсын хараагаа бодит болгох алхмуудыг хийхэд тань гүүр болох https://lambda.global/ платформ дээр  Монголын хамгийн шилдэг, таатай орчин нөхцөлтэй байгууллагууд таныг хайж, хүлээж байгаа шүү.

  • Ажилд орсон л бол болсон гэж бодож болохгүй

    Ажилд орсон л бол болсон гэж бодож болохгүй

    Ажилд орсон л бол бүх зүйл болж өнгөрлөө гэж бодох нь хамгийн түгээмэл бөгөөд хамгийн том эндүүрэл юм. Ажлын байр бол төгсгөл бус  харин таны жинхэнэ хөгжлийн гараа юм. Шинэ орчин, шинэ шаардлага, шинэ ур чадвар шаардсан сорилтууд таныг өдөр бүр угтаж байдаг. Энэ сорилтуудыг давахын тулд ажилд орсон цагаасаа эхлэн суралцахаа хэзээ ч зогсоож болохгүй.

    Ажилд орох бол эцэс биш — эхлэл юм

    Шинэ ажилтнуудын 70% нь эхний 6 сарын дотор “Ажилд орсон, одоо тайван байна” гэж бодож, суралцах эрмэлзлээ алддаг гэж Gallup-ийн 2023 оны судалгаанд дурджээ. Гэтэл ажилд орсны дараах хөгжлийн эхний жил нь ирээдүйн карьерын үндэс, итгэлцэл, дэвших боломжийг шийддэг. Учир нь

    • Байгууллагын соёлд дасан зохицох
    • Хувийн чадвараа байгууллагын хэрэгцээнд нийцүүлэх
    • Шинэ ур чадвар эзэмших
    • Итгэл олж, үүрэг хариуцлага нэмэх гэсэн дараалсан асуудлууд хүлээж байдаг.

    Ажилд орсон даруйд суралцахаа зогсоовол юу болох вэ?

    • LinkedIn-ийн 2023 оны тайланд дурдсанаар ажлын эхний 2 жил тасралтгүй чадвараа хөгжүүлээгүй ажилтнуудын 67% нь 5 жилийн дотор ахих боломжоо алддаг.
    • World Economic Forum–ийн судалгаагаар ирээдүйн 5 жилд дэлхийн ажлын байруудын 44%-д шинэ чадвар шаардагдана. Хэрэв өөрийгөө хөгжүүлэхгүй бол зах зээлээс шахагдах эрсдэлтэй гэжээ. 
    • Шинээр ажилд орсон 60% хүн байгууллагын дотоод соёлыг ойлгоогүйгээс болж ажлаасаа гардаг (SHRM, 2022)

    Хувь хүний ур чадвараа хөгжүүлэх

    Шинэ ажилтны soft skills (харилцаа, асуудал шийдэх, бүтээлч сэтгэлгээ) ажлын эхний 3 жилд хамгийн их анхаарал тавьж хөгжүүлэх боломжтой үе юм. Дотоод сургалт, мэргэжлийн чиглэлээр сертификат авах, мэргэжил дээшлүүлэх зэрэгт идэвхтэй хамрагдаж 

    Үргэлж хөгжиж байх нь ямар үр дүн авчирдаг вэ?

    Ажилд орох бол зөвхөн эхлэл. Хэрэв та хөгжихгүй, суралцахгүй бол зогсонги байдалд орж, карьерын боломжоо алддаг. Харин тасралтгүй суралцаж чадвал шинэ боломж, өндөр цалин, карьерын өсөлт таныг угтах болно. Иймээс та шинэ ажилд орсон бол санаа амрах бус өөрийгөө таньж мэдэх,  ур чадвараа тэлэх, байгууллагадаа үнэ цэн нэмэх талаар бодох хэрэгтэй. Шинэ мэдлэг, шинэ ур чадвар танд цаашдын амжилтын гол түлхүүр байх болно.

    Түүнчлэн тасралтгүй өөрийгөө хөгжүүлдэг хүн л карьертаа амжилт гаргадаг болохыг олон улсын судалгаанууд давтан баталж байна. Жишээлбэл, McKinsey, LinkedIn, Harvard зэрэг байгууллагын судалгаанууд шинэ технологи, шинэ мэдлэг эзэмшихгүй бол ажилтан зах зээлийн хэрэгцээнээс хоцордог гэдгийг онцолжээ. Харин тасралтгүй сурдаг хүмүүс байгууллагын дотоод өсөлт, цалин нэмэгдэлт, удирдах албан тушаалд хүрэх магадлалаар үргэлж өндөр байдаг.

     

     

     

     

  • Шүүмжлэлийг зөвөөр хүлээж авах чадвар — Хувь хүний хөгжлийн шинэ шат

    Шүүмжлэлийг зөвөөр хүлээж авах чадвар — Хувь хүний хөгжлийн шинэ шат

    Өнөөдөр амжилтад хүрсэн хүмүүсийн нэгэн нийтлэг чанар бол шүүмжлэлийг зөвөөр хүлээж авах чадвар гэдэгтэй маргах хүн байхгүй бизээ. Хувь хүн хөгжих, багаар ажиллах, карьер ахих, илүү үр бүтээлтэй байх зэрэгт энэ чадвар үнэлж баршгүй үүрэгтэй. Гэвч Монголд ч, дэлхийд ч шүүмжлэлийг сонсоод гомдох, хамгаалах, эсэргүүцэх үзэгдэл элбэг хэвээр байна. 

    Шүүмжлэлийн утга учир юу вэ?

    Шүүмжлэл гэдэг нь алдаа, сул тал, сайжруулах боломжийг олж харуулж буй зүг чиглүүлэгч дохио юм. Тиймээс шүүмжлэлийг зөвөөр хүлээн авснаар дараах маш олон боломжууд нээгдэнэ. Мөн шүүмжлэлийг эерэгээр хүлээн авдаг хүмүүс хамт олондоо илүү ойлгомжтой, итгэл төрүүлсэн, хамтын ажиллагааны чадвартай гэж үздэг байна. Ингээд хэд хэдэн томоохон судалгаатай танилцая. 

    • Harvard Business Review (2023):
      Шүүмжлэлийг тогтмол хүлээж авдаг ажилтнуудын бүтээмж 39%-иар, багийн оролцоо 22%-иар өсдөг.
    • Gallup (2023):
      Шүүмжлэлийг зөвөөр хүлээж авдаг хүмүүс баг хамт олондоо 36%-иар илүү эерэг сэтгэгдэл төрүүлдэг. Ийм өндөр хувь гэж та бодоогүй байх тийм үү?
    • LinkedIn Learning (2024):
      Бүтээлч шүүмжлэлийг хүлээж авах чадвар нь карьер ахих 35%-ийн магадлалыг нэмэгдүүлдэг.

    Амжилт, кареерийн ахиц дэвшилд ийм хүчтэй нөлөөлдөг шүүмжлэлийг бид хэрхэн зөвөөр хүлээн авах хэрэгтэй юм бол?

    Шүүмжлэлийг зөв хүлээн авах 7 алхам

    1.  Сэтгэл хөдлөлөө хянах 

      Эхлээд сонс. Шууд хариу барих, тайлбарлахгүйгээр чимээгүй байж, бүх мэдээллийг ав. 

    2. Шүүмжийн зорилгыг ялгаж ойлгох Хувийн дайралт уу? Эсвэл ажил сайжруулах зөвлөгөө юу? Үүнийг ялгах нь хамгийн чухал алхам. 
    3.  Бүтээлч асуулт асуух“Юу илүү сайжруулах вэ?”, “Яг аль хэсэгт анхаарвал дээр вэ?” гэх мэт асуулт шүүмжлэлийн бодит утгыг олж өгдөг. 
    4. Хүлээн зөвшөөрөх ба залруулах Аливаа алдааг үнэнээр хүлээн зөвшөөрч, дараагийн алхамд ямар өөрчлөлт хийхээ төлөвлө. 
    5. Талархах “Баярлалаа. Үнэтэй санал байна” гэж хэлэх нь энгийн боловч эерэг сэтгэгдэл үлдээнэ. 
    6.  Шинэ арга хэрэгжүүлэх Шүүмжлэлийг хэрэгжүүлж, үр дүнг бусдад харуулах. Энэ нь итгэлийг өсгөдөг. 
    7. Өөрийн үнэлгээг хадгалах Шүүмжлэлийг хүлээн авч байгаа ч өөрийгөө хэт шүүмжилж, өөрийн үнэ цэнийг бууруулахгүй байх нь чухал.  

    Эцэст нь:

    Шүүмжлэлийг хүлээн авч байгаа ч өөрийгөө хэт шүүмжилж, өөрийн үнэ цэнийг бууруулахгүй байх нь чухал гэдгийг битгий мартаарай. Шүүмжлэл бол дайсагнал биш. Энэ бол таныг сайжруулах хамгийн том тусламж юм. Хүлээж авах тусам карьер тань өснө, удирдлага, ажилчдын итгэл, талархалыг хүлээнэ, та ч өөртөө илүү итгэлтэй болно. Өнөөдрөөс эхэл, өөрт тань ирэх шүүмжлэлийг эерэгээр хүлээж аваарай. Тэгвэл ирээдүйд таны боломж, үнэлэмж хэд дахин өснө. 

    Төстэй нийтлэл унших: Эрүүл харилцаа, эерэг хамт олон

    Та Lambda-д талентаар бүртгүүлээд өөрийн ур чадвараа бодитоор үнэлүүлж, карьерын шинэ аяллаа бидэнтэй хамт эхлүүлээрэй. 

  • Зөөлөн ур чадвар яагаад чухал вэ?

    Зөөлөн ур чадвар яагаад чухал вэ?

    Өнөөдрийн хурдтай өөрчлөгдөж буй хөдөлмөрийн зах зээлд зөвхөн мэргэжлийн мэдлэг, техникийн ур чадвар хангалтгүй болж, зөөлөн ур чадвар буюу soft skills нь ажил олгогчдын анхаарлын төвд орж байна. Монголын зах зээлд ч энэ өөрчлөлт улам тодорч, ажил хайж буй болон ажиллаж буй хүмүүст зөөлөн ур чадварыг эзэмших нь амжилтын түлхүүр болж байгаа юм. Тэгвэл зөөлөн ур чадвар гэж юу болох, ач холбогдол болон хөгжүүлэх аргыг нийтлэлээрээ хүргэе.

    Зөөлөн ур чадвар гэж юу вэ?

    Зөөлөн ур чадвар гэдэг нь хүний харилцаа, сэтгэлзүй, сэтгэх арга барил, зан чанар болон ажиллах арга барилтай холбоотой ур чадвар юм. Энэ нь зөвхөн мэргэжлийн чадвараас гадна тухайн ажилтанд өдөр тутмын амьдрал, багийн хамтын ажиллагаа, бүтээмжтэй ажиллахад чухал үүрэгтэй. Харилцааны ур чадвар нь бусадтай ойлголцож, санаа бодлоо илэрхийлэхэд тусалдаг. Асуудал шийдвэрлэх чадвар нь тулгарсан бэрхшээлийг ухаалгаар даван туулахад чиглэдэг. Багийн ажиллах чадвар хамт олонтой уялдаа сайтай ажиллахад чухал үүрэгтэй. Харин цагийн менежмент нь цагийг үр ашигтай зохион байгуулахад тусална.

    Мөн өөрийн сэтгэл хөдлөлөө удирдах, шийдвэр гаргах чадвар, уян хатан байдал, эерэг хандлага, шударга ёс зүй зэрэг ур чадварууд хүнийг чадварлаг, итгэлцэлтэй хамтрагч болгодог. Иймд зөөлөн ур чадвар нь амжилттай ажиллах, харилцааны орчныг сайжруулах, хувийн болон мэргэжлийн амьдралд илүү сайн үр дүн гаргахад шаардлагатай юм.

    Зөөлөн ур чадварын хэрэгцээ, ач холбогдол

    Хөдөлмөрийн зах зээлд ажил олгогчид зөөлөн ур чадварыг түлхүү үнэлж байна. Учир нь харилцаа холбоо нь амжилтын үндэс бөгөөд ажилтан хамт олонтой үр дүнтэй харилцах нь багийн бүтээмжийг нэмэгдүүлдэг. Мөн хурдацтай өөрчлөгдөж буй зах зээлд уян хатан байдал, хурдан дасан зохицох чадвар чухал болдог.

    Шийдвэр гаргах чадвартай ажилтан асуудлыг түргэн шуурхай шийдэж, багийн амжилт, компанийн өсөлтөд ихээхэн нөлөө үзүүлдэг. Түүнчлэн үр дүнтэй багийн ажиллагаа нь байгууллагын уур амьсгалыг сайжруулж, хамт олны эв нэгдлийг бэхжүүлдэг тул зөөлөн ур чадвар нь орчин үеийн ажлын байрны амин чухал элемент болж байна.

    Ажил хайх, ярилцлагад амжилттай оролцох нь зөөлөн ур чадвараас шалтгаална

    Ажил олгогчид зөөлөн ур чадвартай ажилтнуудыг илүү сонирхдог. Ярилцлагад амжилттай оролцохын тулд харилцааны чадвар, өөртөө итгэлтэй байдал, асуудал шийдвэрлэх чадвар чухал юм. Ийм хүн ажлын орчинд хурдан дасан зохицож, хамт олонтой үр бүтээлтэй ажиллах боломжтой байдаг. Шинэ орчинд багийн ажиллагаанд идэвхтэй оролцож, ажлын ачаалал, хариуцлагыг даван туулах нь зөөлөн ур чадварын давуу тал бөгөөд карьер өсөхөд хамгийн их нөлөөлдөг аж.

    Унших: Туршлага багатай хүмүүст тохирох ажлын байр 

    Зөөлөн ур чадвараа хэрхэн хөгжүүлэх вэ?

    Өөрийгөө таньж мэдэх- Давуу болон сул талуудаа ойлгож, сайжруулах шаардлагатай чадвараа тодорхойлох.

    Тогтмол суралцах- Харилцаа холбоо, багийн ажил, удирдлага зэрэг чиглэлийн сургалт, онлайн курсд оролцох.

    Практик дадлага хийх- Орчиндоо идэвхтэй харилцаж, багийн ажилд оролцож, санаачилга гаргах.

    Эерэг зан төлөвшүүлэх- Сөрөг сэтгэл хөдлөлөөс зайлсхийж, уян хатан, эерэг байх.

    Санал хүсэлт авах- Удирдлага, хамт олноос үнэлгээ авч, дүгнэлт хийх.

    Зөөлөн ур чадвар нь өнөөгийн нийгэмд амжилттай ажиллах, урт хугацаанд тогтвортой өсөж хөгжих гол чадваруудын нэг билээ. Зөөлөн ур чадвартай байснаар ажилтан харилцаа холбоо сайжирч, багийн хамтын ажиллагаа үр дүнтэй болж, ажлын орчинд итгэлцэл, уур амьсгал дээшилдэг. Мөн өөрчлөлтөд хурдан дасан зохицож, аливаа асуудлыг хурдан, оновчтой шийдвэрлэснээр компанийн бүтээмж, амжилтыг дэмжих чадамж нэмэгддэг. Ингэснээр ажилтан өөрийн хувь хүний болон мэргэжлийн өсөлтөд хувь нэмэр оруулж, байгууллагын хөгжлийг түргэсгэдэг юм.

    Ажил шинээр хайж буй хүн бүр эдгээр чадварыг эзэмшиж, карьертаа амжилт бүтээх боломжтой. Танд өөрт тохирох ажлаа олоход тань lambda тусална.

    CV-гээ lambda -гын AI-р шинэчилж, талентаар бүртгүүлээрэй.

    Холбоотой нийтлэл унших: CV-гээрээ ялгарч, ажилд орох боломжоо нэмэгдүүл 

  • Тууштай ажиллахын үр нөлөө

    Тууштай ажиллахын үр нөлөө

    Олон хүн шинэ боломж, өндөр цалин, уян хатан нөхцөл хайж ажлаа ойр ойрхон сольдог. Гэхдээ нэг салбар, нэг байгууллагад тууштай ажиллах нь хувь хүнд болон байгууллагад маш олон эерэг үр дагавартай юм. Ингээд тууштай ажиллахын үр нөлөөг хамтдаа мэдэж авъя. 

     Хувь хүнд үзүүлэх давуу тал

    1. Мэргэжлийн ур чадвар гүнзгийрнэ

    Нэг салбарт урт хугацаанд ажилласнаар тухайн чиглэлд гүн мэдлэг, баялаг туршлага хуримтлуулдаг. Ингэснээр таны үнэ цэнэ хөдөлмөрийн зах зээлд өсдөг.

    Судалгаагаар Америкийн Gallup судалгааны байгууллагын 2023 оны тайланд дурдсанаар 5-аас дээш жил нэг салбарт ажилласан хүмүүсийн 78% нь “ажлын гүн мэдлэг, туршлагатай” гэж үнэлсэн байна.

    2. Албан тушаал ахих, цалин нэмэгдэх боломж 

    Тууштай ажилласнаар байгууллагын соёл, дотоод бүтэц, бодлогыг бүрэн ойлгож, удирдлагын итгэлийг олж авдаг. Энэ нь албан тушаал дэвших, илүү хариуцлагатай ажил хүлээх, улмаар цалин өсөх үндэс болноLinkedIn-ийн 2022 оны судалгаагаар нэг байгууллагад 3-5 жил тогтвортой ажилласан хүмүүсийн 45% нь албан тушаал ахисан байна.

    3. Сэтгэл ханамж, ажилдаа дурлах мэдрэмж нэмэгдэнэ

    Тууштай ажилласан хүмүүсийн хувьд ажлын байр нь аюулгүй, итгэл төрүүлсэн орчин болдог. Үүнээс үүдэн сэтгэлзүйн тогтвортой байдал, ажлын амжилт ч өсдөг.  McKinsey & Company-ийн судалгаагаар тогтвор суурьшилтай ажилтнуудын 63% нь “ажилдаа дуртай” гэж хариулжээ. 

    Байгууллагад үзүүлэх нөлөө:

    1. Хүний нөөцийн тогтвортой байдал нэмэгдэнэ

    Тууштай ажилтнуудын ачаар сургалт, ажилтны эргэлтийн зардал буурч, туршлагатай багийн бүтээмж нэмэгддэг.

    2. Байгууллагын нэр хүнд өсдөг

    Тогтвортой ажиллах орчин бүрдүүлсэн байгууллагууд ажил хайгчдын сонирхлыг татаж, хамтрагч талуудад найдвартай байдлаа харуулдаг итгэмээргүй давуу тал ч бий.

    3. Инноваци, сайжруулалт эрчимждэг

    Удаан ажилласан ажилтнууд байгууллагын сул болон давуу талыг илүү сайн мэддэг тул бүтээлч санал, үр ашигтай шийдлүүд гаргах магадлал өндөр байдаг.

    Анхаарах зүйлс:

    Тууштай ажиллахын зэрэгцээ дараах зүйлсийг байнга анхаараарай:

    • Хувийн хөгжил, ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх
    • Өөр салбар, шинэ орчинд ажиллах боломжийг нээлттэй хүлээж авах
    • Байгууллагын соёл, бодлого хэт сөрөг болсон тохиолдолд дахин үнэлгээ хийх

    Эцэст нь:

    Нэг салбар, нэг байгууллагад тууштай ажиллах нь зөвхөн хувь хүний биш, байгууллагын хөгжилд чухал хувь нэмэр оруулдаг. Амжилттай, үнэ цэнтэй карьерт хүрэхийн тулд тасралтгүй суралцаж, шинэ сорилтод бэлэн байх хэрэгтэй. Өнөө цагийн хөдөлмөрийн зах зээлд тууштай байдал бол сул тал биш, харин таны хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт юмшүү.

    Илүү олон танд хэрэгтэй зөвлөгөө мэдээллийг манай LAMBDA платформоос аваарай.   

  • Амжилтанд хүрэхэд амбиц хэр чухал чухал вэ?

    Амжилтанд хүрэхэд амбиц хэр чухал чухал вэ?

    Ажлын байрны амбиц гэж юу вэ?

    Ажлын байрны амбиц нь ажилтнуудын карьерийн зорилго, хүсэл эрмэлзэл, өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй холбоотой сэтгэл зүйн хүчин зүйл юм. Энэ нь зөвхөн хувь хүний амжилт төдийгүй, байгууллагын бүтээмж, тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

    Судалгаагаар ажлын байрны амбиц нь ажилтнуудын гүйцэтгэл, байгууллагын үнэнч байдал, сэтгэл ханамжтай холбоотой гэдгийг харуулж байна.

    Амбиц ба гүйцэтгэл

    Амбицтай ажилтнууд илүү идэвхтэй, бүтээлч байдаг. Тэд зорилгодоо хүрэхийн тулд илүү их хүчин чармайлт гаргадаг. Шинэ санаа, шийдэл гаргах, өөрчлөлтөд дасан зохицох зэрэг чадваруудаа хөгжүүлдэг байна. Жишээлбэл: Бельгийн Брюссель хотод хийсэн судалгаагаар, амбицтай ажилтнуудын гүйцэтгэл нь удирдлагуудад өндөр үнэлэгддэг болохыг тогтоосон байна.

    Амбиц ба байгууллагын үнэнч байдал

    Амбиц нь байгууллагын үнэнч байдалтай холбоотой. Амбицтай ажилтнууд өөрийн карьерийн боломжийг байгууллагатай холбож үздэг. Энэ нь тэдний байгууллагад үлдэх, урт хугацаанд хамтран ажиллах хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлдэг.Тэд байгууллагын үнэт зүйлсийг хүндэтгэж, зорилго, үнэт зүйлстэй нь нийцэхийг эрмэлздэг байна.  Сонирхолтой биш гэж үү?

    Амбиц ба сэтгэл ханамж

    Амбиц нь ажилтнуудын сэтгэл ханамжтай холбоотой. Ажлын зорилго, амжилт, карьерийн хөгжил нь ажилтнуудын сэтгэл санааг сайжруулж, тэдний ажилдаа сэтгэл ханамжтай байх нөхцөлийг бүрдүүлдэг.Амбицтай ажилтнууд өөрийн амжилтаа үнэлж, өөртөө итгэлтэй байж, ажлын орчинд эерэг хандлагатай байдаг.

    Амбиц ба ажлын орчны нөлөө

    Ажлын орчин нь амбицтай ажилтнуудын хөгжлийг дэмжих ёстой. Удирдлагууд ажилтнуудын амбицыг ойлгож, тэдэнд карьерийн хөгжлийн боломжийг олгох хэрэгтэй.

    • Урамшуулал
    • Хүлээн зөвшөөрөлт
    • Дэмжлэг үзүүлэх

    Судалгаагаар, эерэг ажлын орчин нь ажилтнуудын амбицыг нэмэгдүүлж, бүтээмжийг сайжруулдаг байна.

    Амбицын эрсдэл ба тогтвортой байдал

    Амбиц нь зөвхөн эерэг нөлөөтэй биш. Зарим тохиолдолд хэт өндөр амбиц нь дараах эрсдлийг дагуулж болзошгүйг анхаараарай. 

    • Ажлын хэт ачаалал
    • Стресс
    • Шаталт (burnout)

    Тиймээс амбицын түвшинг зохистой хэмжээнд хадгалах, түүний илрэлтийг зөв удирдах нь чухал юм.

    Ажлын байрны амбиц нь хувь хүний амжилт, байгууллагын бүтээмж, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх чухал хүчин зүйл юм. Гэвч энэ нь зарим эрсдлийг дагуулж болох тул түүнийг зохистой удирдах шаардлагатай. Удирдлагууд ажилтнуудын амбицыг ойлгож, карьерийн хөгжлийн боломжийг олгож, урамшуулал, хүлээн зөвшөөрөлт үзүүлэх замаар тэднийг дэмжих хэрэгтэй. Ингэснээр байгууллага амжилттай, бүтээмжтэй, сэтгэл ханамжтай хамт олныг бүрдүүлэх боломжтой болно.

    Өөрийн үнэ цэнэ, ур чадвараа нээж, алсын хараагаа бодит болгох алхмуудыг хийхэд тань гүүр болох https://lambda.global/feed платформ дээр  Монголын хамгийн шилдэг, таатай орчин нөхцөлтэй байгууллагууд таныг хайж, хүлээж байгаа шүү.

     

  • Цалингийн хүрэлцээ ба санхүүгийн эрх чөлөөний нууц

    Цалингийн хүрэлцээ ба санхүүгийн эрх чөлөөний нууц

    Санхүүгийн мэдлэг нь зөвхөн бизнес эрхлэгчид, удирдлагууд эзэмших ёстой мэдлэг биш юм. Өнөө үед санхүүгийн мэдлэг нь хувь хүний амьдралд төдийгүй бүх нийгэмд чухал ач холбогдолтой болж байна. Хүний амьдралд санхүүгийн мэдлэг хэрэгтэй хэд хэдэн шалтгаан бий. Ингээд энэхүү нийтлэлд танд тус болохуйц санхүүгийн мэдлэгийн талаарх баримтуудыг бэлтгэлээ. 

    Санхүүгийн мэдлэг гэж юу вэ?

     Орлогоо ухаалагаар зарцуулах, санхүүгийн шийдвэр гаргах чадвар юм. Жишээлбэл, төсөв бүрдүүлэх, зээл, хадгаламж, хөрөнгө оруулалт, даатгал болон татвар зэрэг санхүүгийн ойлголтуудыг ойлгож, өдөр тутмын амьдралд амжилттай хэрэгжүүлэх ур чадварыг хэлдэг. Энэ мэдлэг нь мөнгийг зөв удирдах, ирээдүйн санхүүгийн зорилгод хүрэх үндэс болдог. Энгийн дадлаас ирээдүй рүү гэдэг үг санхүүгийн мэдлэгт бодитоор оршдог байхнээ.

    Санхүүгийн мэдлэгтэй хүмүүсийн давуу талууд:

    Судалгаанаас үзэхэд, санхүүгийн мэдлэгтэй хүмүүс орлогоо зохицуулах чадвартай, мөн тэд санхүүгийн асуудлыг хурдан шийдэх боломжтой байдаг. Энэ нь эргээд ирээдүйн эрсдэлээс хамгаалах, шаардлагатай хуримтлал үүсгэх, зардлаа хянах зэрэгт тусалдаг. Хүний амьдралд санхүүгийн мэдлэг хэрэгтэй хэд хэдэн шалтгаан бий: 

    Баримт судалгаа: 

    • 2018 оны OECD-ийн тайланд дурдсанаар, санхүүгийн мэдлэгтэй хүмүүс өндөр үр ашигтай санхүүгийн шийдвэрүүдийг гаргадаг. Түүнчлэн, тэдний сэтгэл зүй нь тогтвортой, стресс багатай байдаг. 
    • 2021 оны Finra Foundation судалгаагаар, санхүүгийн мэдлэгтэй хүмүүс 1.7 дахин илүү хуримтлал үүсгэдэг бөгөөд зээлээ эрсдэл багатайгаар зохицуулж, амьдралынхаа хэв маягийг хянах нь тэдэнд илүү хялбар байдаг гэж үзжээ. 
    • Global Financial Literacy Survey (2018)-ийн дүгнэлтээр, дэлхийн 140 орноос зөвхөн 33%-иас нь илүү хүмүүс санхүүгийн мэдлэгтэй байгаагийн улмаас амьдралынхаа зардал, орлогоо зөв зохицуулж чадаж байна гэж үзжээ. 

    Цалингийн хүрэлцээ нь хувь хүний амьдралын чанар, сэтгэл зүйд шууд нөлөөлдөг. Хэрвээ цалин хангалтгүй бол, энэ нь санхүүгийн стресс, сэтгэл зүйн дарамт, эрүүл мэндийн асуудал үүсгэдэг. Тиймээс орлогоо зохицуулах, илүү өндөр цалинтай ажилд орох, зардлаа хянах нь цалингийн хүрэлцээг сайжруулах хамгийн чухал алхмуудын нэг юм. 

    Цалингийн хүрэлцээг сайжруулах практик аргуудаас: 

    Мэргэжлийн ур чадварыг сайжруулах: Цалингийн хүрэлцээг сайжруулах гол арга нь хөдөлмөрийн зах зээл дээр өндөр үнэлэгдэх ур чадваруудыг эзэмших юм. Техникийн ур чадвар, гадаад хэл сурах, менежментийн ур чадварууд нь илүү өндөр цалинтай ажлын байртай болгох боломжийг олгодог. 

    Өөр боломжийг бүтээх: Хэрэв таны цалин хангалтгүй байгаа бол, тодорхой цаг хугацааны дараа ажил хийн гадаадад амьдрах, фриланс хийх гэх мэт олон хувилбараар орлогыг нэмэгдүүлэх боломжтой. 

    Санхүүгийн мэдлэг ба цалингийн хүрэлцээ нь хувь хүний амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал Санхүүгийн мэдлэгтэй хүмүүс амьдралынхаа мөнгөн хэрэгцээг зөв зохицуулж, зардлаа хянаж, хуримтлал үүсгэх чадвартай байдаг. Цалингийн хүрэлцээ нь сэтгэл зүйн амар тайван байдал, эрүүл мэндэд шууд нөлөөлдөг. Мөн санхүүгийн мэдлэгийг эзэмших нь санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн эхлэл ч байж  болох юм 

    https://lambda.global/feed таны ур чадварт нийцсэн, итгэл даах байгууллагуудын ажлын заруудыг нэгтгэн хүргэж, хөдөлмөрийн үнэлэмжээ хамгаалж, үнэ цэнтэй шийдвэр гаргахад тань тусалдаг шүү.

  • Алсаас ажиллахад хэрхэн өөрийгөө бэлтгэх вэ? Шинэ эрин дэх карьер төлөвлөлт

    Алсаас ажиллахад хэрхэн өөрийгөө бэлтгэх вэ? Шинэ эрин дэх карьер төлөвлөлт

    Сүүлийн хэдэн жилийн дотор бидний ажиллах, суралцах хэв маяг үндсээрээ өөрчлөгдсөн. COVID-19 цар тахлын үеэр олон улсын их, дээд сургууль, байгууллагууд алсаас буюу онлайн горимоор ажиллах, суралцах шинэ хэлбэрт шилжиж, бид бүгд цахим орчинд “ажиллах”-ыг суралцсан. Тэр үед Zoom, Google Meet, Classroom зэрэг платформууд бидний өдөр тутмын хэрэглээ болж, өөрийгөө удирдах, цагийн менежмент, онлайн орчинд харилцах чадваруудыг бага багаар эзэмшиж эхэлсэн билээ. Энэ бол remote ажлын эхний туршлага байсан гэж хэлж болно.

    Одоо, бид өмнөхөөсөө илүү чөлөөтэй, газар хамаарахгүйгээр ажиллах боломжтой болсон. Гэхдээ алсаас ажиллана гэдэг нь зүгээр л “гэрээсээ ажиллана” гэсэн үг биш. Энэ бол шинэ ур чадвар, хандлага, төлөвшлийг шаарддаг ажиллах хэв маяг юм. Тэгвэл яг ямар бэлтгэл хэрэгтэй вэ?

    1. Ажил хайх платформ, чиглэлээ тодорхой болго

    Remote ажил хайж эхлэхийн тулд эхлээд ямар чиглэлээр ажиллахыг хүсэж байна вэ? гэдгээ тодорхойл.
    Техник, хэлний мэдлэг, сонирхолдоо үндэслээд өөртөө тохирох ажлын чиглэлийг сонгох нь чухал.

    Дараа нь Upwork, Lambda.Global, Freelancer, RemoteOK, We Work Remotely, LinkedIn зэрэг платформууд дээр идэвхтэй хайлт хийгээрэй.

    2. CV болон профайлаа remote хэлбэрт тохируул

    Алсаас ажиллах бол бие даан шийдвэр гаргах, харилцах, цаг барих, англи хэлний чадвар шаарддаг.
    Иймээс CV-дээ дараах зүйлсийг тусгахыг зөвлөе:

    •  Өмнө хийж байсан онлайн/цагаас хамааралгүй ажил
    •  Бие дааж хариуцсан төслүүд
    • Англи эсвэл олон улсын орчинд харилцсан туршлага
    • Харилцааны програмууд ашиглах чадвар (Zoom, Slack, Trello гэх мэт)

    LinkedIn профайлаа шинэчилж, “Open to remote work” гэдгээ тодорхой илэрхийлэхээ битгий мартаарай.

    3. Цагийн менежмент, ажлын зохион байгуулалт

    Remote ажил хамгийн чөлөөтэй мэт харагддаг ч, өөрийгөө удирдах чадваргүй бол амархан замхардаг.
    Цагийн менежментдээ:

    • Pomodoro техникийг ашиглах (25/5 цикл)
    • Todo list хөтлөх, goal tracking хийх
    • “off” цагтай байх (амралттай хугацаа)

    Цаашлаад гэртээ ажлын орчин (нууцлалтай, тайван, интернет сайтай, эргэх сандал г.м) бүрдүүлэх хэрэгтэй.

    4. Харилцааны чадвар, англи хэлний ил тод байдал

    Remote орчинд хэн ч чамайг “шалгаж” харахгүй учир, ямар үед, ямар байдлаар харилцах вэ гэдэг маш чухал болдог.
    Зөв мессеж бичих, товч бөгөөд ойлгомжтой хариу өгөх, хэл амаа ойлголцох чадвар. Эдгээр нь багийн гишүүн болох суурь болдог. Remote ажил бол зөвхөн гэрээсээ ажиллах биш, өөрийгөө удирдаж, дэлхийд өрсөлдөх шинэ хэв маяг юм. Гэхдээ анхаарах зүйл нэг байна, ихэнх remote ажлууд англи эсвэл бусад гадаад хэлийг шаарддаг.
    Тиймээс харилцааны чадвараа нэмэгдүүлэх, бичгийн илэрхийллээ сайжруулах нь remote ажилд орох гол түлхүүрүүдийн нэг билээ.

    FlexJobs-ийн 2023 оны судалгаагаар, дэлхий даяар ажил эрхэлж буй хүмүүсийн 62% нь алсаас ажиллах боломжтой ажлыг илүүд үздэг гэж хариулжээ. Мөн АНУ-ын хөдөлмөрийн статистикийн газрын мэдээлснээр 2020 оноос хойш remote ажлын байр 3 дахин нэмэгдсэн нь цар тахлын дараах ажлын хэв маягийн өөрчлөлтийг баталж байна. Түүнчлэн LinkedIn дээр нийт ажлын зарын 15–25% орчим нь remote эсвэл hybrid (холимог) байдлаар ажиллах болзолтой байгаа нь энэ чиглэлд эрэлт буураагүйг харуулж буй.

    Хэрэв та энэ замыг сонгохоор бодож байгаа бол эхний алхамаа lambda.global -тай хамт төлөвлөж, CV болон чадвараа шинэчилж, алсаас хийх боломжтой ажлууд, чиглэлүүд, ажил олгогчдын хэрэгцээ зэрэг бодит мэдээллүүдийг хянаж үзэхийг санал болгож байна. Өөрийгөө зөв таньж, ухаалаг дэмжлэгтэйгээр замналаа төлөвлөвөл remote орчинд ч, дэлхийтэй зэрэгцэх боломж танд нээлттэй байна.

  • Карьерийн өсөлтөд networking (сүлжээ) ямар чухал нөлөөтэй вэ?

    Карьерийн өсөлтөд networking (сүлжээ) ямар чухал нөлөөтэй вэ?

    Карьерын замнал гэдэг дан ганц диплом, туршлагаар хэмжигдэхээ больсон цаг. Орчин үеийн хөдөлмөрийн зах зээлд хүмүүстэй хэрхэн харилцаж, сүлжээ үүсгэж, өөрийгөө хэрхэн зөвөөр илэрхийлж байна вэ гэдэг нь карьерын хөгжилд онцгой нөлөө үзүүлдэг болсон.

    Үүнтэй уялдан мэргэжлийн хүрээнд түгээмэл хэрэглэгддэг нэг арга бол “coffee chat” буюу албан бус уулзалт юм.
    Энэ нь танилтайгаа кофе уухтай адил биш, харин мэргэжлийн түвшинд шинэ харилцаа үүсгэж, ойлголт, боломжоо тэлэх зорилготой уулзалт юм. Зөв зохион байгуулж чадвал coffee chat нь таны карьерын замд шинэ хаалга нээж, ирээдүйд эргэлт гаргах ч хүчин зүйл болж чадна.

    Coffee chat гэж юу вэ?

    Coffee chat гэдэг нь ихэвчлэн 1:1 уулзалт хэлбэртэй, албан ёсны ярилцлага гэхээсээ илүү чөлөөтэй, найрсаг уур амьсгалд явагддаг мэргэжлийн уулзалт юм. Энэ нь тухайн хүний ажилладаг салбар, байгууллагын соёл, карьерын туршлагын талаар бодит мэдээлэл авч, танилын хүрээгээ тэлэх зорилготой байдаг.

    Жишээлбэл, та тодорхой нэг компанийн сонирхсон албан тушаалд өргөдөл өгөхөөр зэхэж байгаа бол, тус байгууллагад ажилладаг хүнийг coffee chat-д урих замаар дотоод соёл, ажлын орчин, багийн уур амьсгал, карьер өсөлтийн чиг хандлага зэрэг мэдээллийг илүү шууд, амьд байдлаар олж мэдэх боломжтой.

    Яагаад карьерт тань чухал нөлөөтэй вэ?

    Өнөө үед ажил олгогчид зөвхөн CV дээрх бичигдсэн туршлагаас гадна тухайн хүний харилцааны чадвар, салбарын ойлголт, сүлжээний чанар-ыг ч хардаг болсон.

    Иймд coffee chat хийх нь:
    1. Шинэ сүлжээ бий болгоно- Тухайн салбарын туршлагатай хүмүүсээс шууд мэдлэг, зөвлөгөө авах боломж
    2. Карьерын боломж тэлнэ-  Зарим ажлын байр албан ёсоор бидний мэдэх ажлын байр зарладаг сайтууд дээр зарлагддаггүй (hidden job market) — харин сүлжээгээр дамжуулан мэдэх боломжтой
    3. Бодит мэдээлэл авна- Компанийн бодит орчин, зах зээлийн чиг хандлага, ямар ур чадвар өндөр үнэлэгдэж байгаа талаар ойлголттой болно
    4. Өөрийгөө танилцуулах боломж- Таныг албан бус нөхцөлд харах, ирээдүйн хамтын ажиллагаанд тань сонирхол үүсгэх суурь тавигдана

    Тэгвэл яаж үр дүнтэй coffee chat хийх вэ?

    • Зорилгоо тодорхой болгох– Зүгээр л “уулзъя” гэхээс илүү ямар мэдээлэл авахыг хүсэж байна вэ гэдгээ урьдчилан тодорхойлох. Буруу арга ашигласнаас болоод нөгөө хүндээ таагүй сэтгэгдэл  төрүүлэх вий.
    • Бэлтгэлтэй очих– Уулзах хүнийхээ суурь боловсрол, ажлын туршлагыг (background) -ийг судалж, асуух асуултаа цэгцтэй бэлдэж очих
    • Харилцааны соёлыг баримтлах– Уулзалтын цагтаа хоцрохгүй байж цагт нь дуусгах, талархал илэрхийлэх, дараа нь follow-up мэйл илгээх
    • Үргэлжлүүлэн эргэх холбоотой байх– Зөвхөн нэг удаагийн уулзалтаар зогсолгүй, холбоогоо хадгалж, сонирхсон салбартаа идэвхтэй networking хийх

    Төгсгөлд нь coffee chat бол өдгөө хөдөлмөрийн зах зээлд карьерын өсөлт, хөгжлийн салшгүй хэсэг болсон тул зөв хандаж үр шимийг нь хүртэж чадвал та зөвхөн шинэ танилуудтай болохоос гадна бодит карьерын боломжууд-ыг нээх, өөрийгөө илүү сайн танилцуулах маш том давуу тал болж өгдөг.

    Хэрэв та одооноос карьериййн холбооныхоо (career network)  дараагийн алхмыг төлөвлөж эхэлмээр байвал lambda.global-ийн Career Path хуудас-аар орж, өөрт тохирсон чиглэлээ тодорхойлоод, networking-ээ төлөвлөж эхэлээрэй.

  • Ажилдаа чин сэтгэлээсээ хандах нь

    Ажилдаа чин сэтгэлээсээ хандах нь

    Өглөө бүр ажилдаа явахдаа бид зөвхөн цалин авах гэж явдаг уу? Эсвэл илүү гүн утга агуулгатай зүйл хайж явдаг уу?Аливаа ажилд чин сэтгэлээсээ хандах гэдэг нь тухайн ажил ямар ч байсан хамаагүй, түүнийг хариуцлагатай, сэтгэл гарган, бүтээлчээр хийх гэсэн ёс зүйн хандлага юм.

    Чин сэтгэл гэж юу вэ?

    Чин сэтгэл гэдэг нь зөвхөн ажлыг гүйцэтгэх буюу хийх биш өөрийн үүргээ ухамсарлан биелүүлэх, үр дүнд нь бусдад нөлөөлж, өөрийгөө хөгжүүлэх сэтгэл зүрхнээс гарсан эерэг хандлага юм.“Энэ миний хийх ажил мөн үү?” гэхээс илүүтэй “Энэ ажлыг яаж хамгийн сайн хийж болох вэ?” гэж асуухаас чин сэтгэл эхэлдэг гэж хэлж болно. 

    Судалгаа, баримтуудаас үзэхэд: 

    • Harvard Business Review (2022)
      Ажилтнуудын 85% нь ажлаасаа сэтгэл ханамж авах гол шалтгаан нь утга учир мэдрэх, сэтгэлээсээ хандахтай холбоотой гэжээ.
    • Gallup Global Workplace Report (2023)
      Ажилдаа сэтгэлээсээ ханддаг ажилтнуудын бүтээмж 23%-аар илүү байдаг байна.
    • HR Mongolia (2023)
      Монголын ажил олгогчдын 72% нь “ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг хүнтэй хамтарч ажиллах нь ур чадвар өндөртэй хүнтэй ажиллахаас илүү чухал” гэж үздэг байна.

    Чин сэтгэлийн нөлөөний талаар хамтдаа мэдэж авцгаая. 

    Ажилтан талаас:

    • Өөрийн ажлаараа бахархах мэдрэмж төрж, урам зоригтой ажилладаг. 
    • Шинэ санаа, бүтээлч хандлага бий болдог.
    • Карьерийн өсөлт хурдан явагддаг.

    Байгууллага талаас:

    • Харилцагчийн сэтгэл ханамж нэмэгддэг.
    • Хариуцлага, хүндлэл бүхий ажлын орчин бүрддэг.
    • Бүтээмж, ашиг орлого өсдөг.

    Хэрхэн ажилдаа чин сэтгэлээсээ хандах вэ?

    1. Өөрийн ажлын үнэ цэнийг ойлгох
      “Би хийж буй ажлаараа хэнд, юунд тусалж байна вэ?” гэж өөрөөсөө асуугаад үзээрэй. 
    2. Хэрэглэгч, хамт олноо анзаарах
      Хийж буй зүйлс бусдад хэрхэн нөлөөлж байгааг ойлгох нь урам өгдөг.
    3. Суралцсаар байх
      Ажлыг сайн хийж, улам сайжруулахын тулд шинэ зүйл турших, өөрийгөө хөгжүүлэх нь чухал.
    4. Байнга өөрийгөө үнэлэх
      “Би өнөөдөр хамгийн сайн байдлаараа ажилласан уу?” гэж өөрөөсөө асуух нь энгийн боловч итгэмээргүй үр дүнг авчрах болно.

    Дүгнээд хэлэхэд:

    “Чин сэтгэлтэй ажиллана” гэдэг нь зөвхөн ажлын байрны асуудал биш, амьдралдаа хандах хандлагын илэрхийлэл юм.Өнөөдөр чи ямар ажил хийж байгаагаас үл хамааран, ажлаа хэрхэн хийж байгаа нь таны үнэт чанарыг тодорхойлж чадна. Ажилдаа чин сэтгэлээсээ хандах нь хувь хүний урт хугацааны карьерын өсөлт, өөрийгөө нээх, хөгжих гол үндэс болдог. LAMBDA танд ур чадвар, мэдлэгээ бодитоор үнэлүүлэн, хамгийн тохирсон ажлыг олох боломжийг олгодог шүү.